Гэм

images-of-love-couple-4

Ердөө ч онцгой зүйл байгаагүй. Огтхон ч онцгой юм байгаагүй гэж бодохоос Билгүүний зүрх бачуурлаар дүүрэн чихэрт хууртсан хүүхэд шиг дөнгүүлсэндээ шаралхан гомдоно. Үүр гэгээрэх яагаа ч үгүй, тэнгэрт харанхуй ноёлон сэтгэл нь тэр шөнө шиг түнэр харанхуйд дарлагджээ. Хэргийн учгийг сэтгэлдээ хөөж явтал найзуудынх нь яриа зурсхийв.



Шар айрганд халамцсан эрчүүдийн дуу зоогийн газрын шуугианыг давах гэж чангаран өөрсдөө ч мэдэлгүй хашгичацгаана.

– Билгүүнээ андаа, эр хүний жаргал эхнэрээсээ нууцаар гэж чи мэдэх үү? Мэдэхгүй бол мэдэж ав.

Харваас үүнийг мэдэхгүй нь илт Билгүүний царайг хараад найз нь тохуурхан улам чангаар инээлээ.

– Чи хөгшөөн, нууц юм ямар амттай байдгийг нэг үзээч. Эсвэл үзчихээд мань хэдээсээ нуугаад байгаа юм уу?

– Цаадах чинь санаатай шүү. Арван жилд байхдаа л шалгалтандаа бэлдээгүй гэсээр байгаад ганцаараа онц авдаг байсан даа. Аягүй бол үзчихсэн л байгаа.

Нөгөө найз нь сонжих, дооглохын аль нь мэдэгдэхгүй ийн өгүүлээд шар айргаа гүд гүд залгилав.

Билгүүн юу ч хэлэлгүй, аль болох тоомжиргүй царай гаргахыг хичээвч үнэндээ дотор нь шатан, шар айрагны шилэн аягыг хага базчихмаар санагдан атгана.

Бодол гэрлийн хурдаар шилжин, бүдэгхэн гэрэлтэй өрөөнд очлоо. Залуу бүсгүйн адтай инээд тасхийнэ. Үзээгүй гайхамшгийн үүдийг нээнэ гэхээс Билгүүний зүрх догдлон сандрана. Бүх зүйл хормын дотор болоод өнгөрөх шиг болов. Яг л асаад дууссан шүдэнзний мод шиг. Дүрсхийсэн тэр галанд тачаал байсан. Сайхан муухай байсныг ч хэлж эс мэднэ. Өлсөж үхтлээ хүлээгээд гэдсээ цэрийтэл усаар дүүргэсэн хүн шиг нэг л хачин. Өөр хүний өвөр хүйтэн байдгийг мэдээгүй аж.

Өөрийг нь сэрээхгүй гэж аяархан татсах хаалганы үл ялиг хяхнах чимээ Билгүүний бодлыг тасалж аварлаа. ‘Өө сэрчихсэн байсан юм уу. Миний өвгөн цайгаа уу. Хүү сайхан унтаж байхаар нь гялс амжуулаад чиний дуртай цуйванг хийчихлээ. Халуун дээр нь идээрэй’. Сэлхэрсэн зовхи, улайсан нүд нь нойр үгүйлж ядарч буйг илтгэвч нүдний хор гаргахын оронд олдсон цагтаа амжуулан нөхөртөө хоол бэлтгэж чадсандаа баярлах эхнэрээ эгцлэн харахаас зайлсхийв.

Ханилаад арван гурван жил болжээ. Турьхан гараа итгэлгүйхэн өгч байсан жаахан охин хоёр хүүгийн эх болж. Нээрээ уйдлын хар сүүдэр тэдний амьдралд туссан гэж үү? Яах гэж тэгэв дээ. Үнэндээ тийм гайхам сонин жаргал ердөө ч байгаагүй шүү дээ. Мэдсэн бол…

‘Жаал цаг гарсан дээр хөгшин нь хэдэн цамцыг нь гялс угаагаатхая’. Гайт шөнө өмсөж гарсан цамцных нь энгэрийг хоослох гэж шалгаж буй эхнэрээ хараад Билгүүн гүйж очоод булааж авмаар санагдав. Тэндээс аягүй бол тэр шөнийн үнэр ханхалж байгаа даа. Эхнэр нь ажигч юм чинь мэдчихвэл яана. Гайтай юм шиг энгэрийнх нь халааснаас нэг юм гаргаад ирлээ.

– Энэ дэлгүүрийн талон уу даа? Дарс, чихэр, бэлгэвч гэнэ үү? Хэзээ ийм юм авсан юм бэ?

Балмагдсандаа хэл нь татчих шиг санагдав. Гэвч цахиртаж сааралтсан хоолойгоор хариу хэлж дөнгөлөө.

– Үгүй ээ, нөгөө Баатараа эмнэлэгт хэвтээд. Тэгээд надад захиулж авахуулсан юмаа.Би яаж үгүй гэхэв дээ.

– Энэ эрчүүд хачин хүмүүс шүү. Эмнэлэгт ийм юмнууд хэрэг болдог л юм байх даа.

Эхнэр нь угаах хувцаснуудаа бөөгнүүлэн угаалгын өрөө рүү явчихлаа. Багын найз нь ингэж аминд нь орох гэж. Аминд орох ч гэж дээ, анх хорын үндэс сэтгэлд нь ургуулж, шарыг нь малтсан хүн мөн л тэр шүү дээ.

Дахиад хаанаас эд мөрийн баримт олдох бол. Мэдчих вий гэхээс дотор нь арзагнана. ‘Билгүүнээ’ гэж эхнэр нь зөөлөн дуугаар дуудах бүрт гэмтний зүрх аймсан цохилно. ‘Чиний л гайгаар ингэж байна’ гэх шиг зүрх нь цээжээ дэлдэнэ.

Үнэндээ хэн ч мэдээгүй байх ёстой. Угийн болгоомжтой хүн учраас хамгийн сайн найздаа ч цухуйлгаагүй. Тэд чинь мэдчихвэл архины халуунд ам алдаж мэдэх осолтой улс. Тийм болохоор баригдахгүй ч байж болно. Ер нь яагаад баригдана гэж. Билгүүн л хэлэхгүй бол хэн ч мэдэхгүй энэ нууц он цагийн эрхэнд аяндаа бүдгэрч л таараа.

– Миний өвгөн ингэтлээ юу бодоо вэ. Ажилдаа ядарсан юм уу? Алив хайр нь чамд туслая. Хайрынхаа гарыг ид шидтэй гэж бодоорой. Миний гар хүрэнгүүт чи бүх бодлоо мартана шүү за юу.

Эхнэрийнх нь эелсэг зөөлөн гар магнайд нь хүрэхэд тэндээс хайр ундрах шиг санагдав. Юугаар ч эс солих тэр их хайрын хүчинд нээрээ л хорт муу бодлууд нисэн одох шиг. Билгүүн сая л нэг юм инээмсэглэв. Үнэхээр толгой нь бодлын дараасаас ангижран хоосорчихжээ.

‘Баярлалаа хайраа. Явж цайгаа ууя’. Үгүйлээд байсан ид шид нуугдаж байсан зөөлөн гарыг атган алхлаа. Толгой нь хөнгөн хоосон. Гэвч зүрхэнд гэм шигджээ. Магад хэзээ ч арилахгүй зүрхний мухарт лугшина.

5 Comments

  1. ger bultei hun says:

    yaaa yag l minii dotor orchihson yum shig bichjee gej bi 10 jil hanilahdaa 1 l udaa huurch bsan l daa gehdee bi odoo boltol gemtei yum shig l yawdag ternees hoish ih ch olon tohioldol bsan bi chadahgui yum bilee daraa ni ehneriinhee tsaraig harna gehees bi ehnertei hairtai heweeeree l bgaa 

  2. Sak says:

    Ene chin harin iluu dutuugui saihan bichjee

  3. GegeenCom says:

    Huiten bdgiimu

  4. Nora says:

    negen biyiin jinhene talaa olj chadaagui hun ingej yvdag bh da … er geltgui emegteichuud bid ch bas adil…

  5. нээрээ яах вэ says:

    Ай хөөрхий. ‘Яагаад сайхан эхнэртэй байж ингээд илүү харж билүү долоогоод яваад байдаг юм бэ?’ гэж асуухад ‘Он жилийн уртад эхнэрээ хайрласан хайр минь эм хүнийг хүсэж хайрлах хайр биш хэдэн хүүхдийг минь төрүүлсэн сайхан хань минь гэж хүндэтгэх хайр л болж хувирдаг. Амьдрал нэг л хэвийн хэмнэлтэй болж хувирсан байдаг учраас өөрийн эрхгүй хориотой жимсэнд дурладаг юмаа ‘ гэж олон хүнээс сонсож билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.