Том хүн шиг маргалдаж чадсан юм чинь том хүн шиг эвлэрч сур гэсэн Грек зүйр үг бий. Хайрттайгаа муудалцсаны дараа зөвөөр мөн ухаалгаар эвлэрч учраа ололцоорой.
Байгаа газраа үлд – Хаашаа ч зугатах хэрэггүй, бас чимээгүй алга болох хэрэггүй. Зайгаа барина гэдэг бол та хоёр эвлэрэхэд бэлэн бус аль эсвэл хүсэхгүй байна гэсэн үг юм шүү. Тиймээс нүүр тулж, асуудлыг шийдвэрлэ.
“Time out” авч сур. Гарч зугатахаас илүү энэ нь үр дүнтэй байдаг. Ямар ч тохиолдолд муудалцсаны дараа тусдаа байх хэрэггүй. 10 минут орчим түр тайвшраад юу хэлэхээ сайн бодох хэрэгтэй.
Маргааныхаа шалтгааныг бод. Та хоёрын маргалдаж байгаа шалтгаан, асуудлыг байж болох эсэхийг бодож үзээрэй. Зөвхөн бардам зангаа даван гарахын тулд маргалдаад байгаа юм биш биз. Хайрынхаа төлөө хааяа бууж өгөх нь зөв байдаг.
Тэгш эрх. Үүссэн асуудалд хамтдаа хариуцлага үүрч сурах хэрэгтэй. Зөвхөн хайртын чинь буруу биш шүү дээ.
Ялагч гэж байхгүй. Энэ бол сургуульд заадаг мэтгэлцээний хичээл биш. Ялахын тулд байж боломгүй зүйл нэмж, сэтгэлийг нь шархлуулахаас болгоомжлоорой. Эвлэрэх гэдэг бол юу буруу байсныг олж, тэр асуудлыг шийдэхийг хэлдэг. Харин улам дэвэргэж нэгнээ шархлуулахыг хэлдэггүй гэдгийг санаарай.
Хурдан уучлалт гуйхаа бүү урьтал болго. Чин сэтгэлээсээ хүссэн үедээ л “Уучлаарай” гэж хэлэх хэрэгтэй. Хуурамчаар хэлэх нь дараагийн маргааны эх суурийг ч тавьж мэднэ. Дахин тэр асуудал та хоёрын харилцаанд асуудал үүсгэхгүй гэдэг “бичигдээгүй гэрээ” хийж, ойлголцох нь чухал болохоос бушуухан шиг буцаад хайрынхаа бал бурамд умбах нь гол биш юм.
Шалтгаанаа ярилц. Эвлэрэхийн тулд ээлжээр юунд дургүйцсэн, юунаас болж бухимдсан талаараа дуугаа өндөрсгөхгүйгээр хэлээрэй. Ямар мэдрэмж төрсөн, яагаад гомдсоноо нэгийг ч үлдээхгүй хэлээрэй. Эвлэрээгүй байхдаа үнсэлцэх тэврэлцэх хэрэггүй. Асуудлыг шийдэхгүйгээр эвлэрэх нь дараагийн маргааныг улам хурцдуулах аюултай.
SOURCE: mnb.mn