Амьдрал харилцаан дээр тогтдог

stick-family

Хөрснөөс нь суга татан, шим тэжээлгүй элсэнд хаясан ургамал амьдардаггүйтэй адил нийгмээс ангид хүний аз жаргалыг төсөөлөх аргагүй. А.Н.Толстой


Хүний амьдралын утга учрын нэг нь харилцаа. Харилцаа байхгүйгээр ойлголцол, итгэл, амьдрах урам зориг, сэдэл байхгүй. Үгүй ер нь тун хэцүү болох байх. Та нэг өдөр хэнтэй ч ярихгүй, хэнийг ч сонсохгүй, таныг хэн ч сонсохгүй байна гээд төсөөлөөд үз дээ. Хоногийн 24 цагийн гуравны нэг, түүнээс илүү хувийг хүрээлэн буй хүмүүстэй, нийгэмтэй харилцахад зарцуулдаг. Энэ их өндөр тоо. Сайхан харилцаатай, хүнтэй санаа бодлоо зөв ойлголцож чаддаг харилцагчидтай бид өөрийн эрхгүй сэтгэлээсээ ханддаг. Ийм харилцаа удаан бас найдвартай байдаг. Харилцаа мэдээж хоёр талын субьектээс шалтгаалдаг.

Таны харилцагч хичнээн сайн байлаа гээд та түүн шиг байж чадахгүй бол үл ойлголцолтой учирна. Бусдыг байлдан дагуулж чадсан хүмүүсийн дийлэнх нь бусдыг сайн сонсдог бас сайн ярьдаг. Надад энэ чадвар байдаг билүү гээд та өөрөөсөө асуугаад үз дээ?

ХДХВ-ын халдвартай хүн өвчнөөсөө бус харин бусадтай харилцах харилцаа өөрчлөгдсөнөөс, ганцаардлаас болж энэ хорвоог орхиж байна гэсэн судалгааг эмч нар гаргажээ. Шоронд байгаа хоригдол хайртай хүмүүстэйгээ, гэр бүлтэйгээ ярьж харилцаж чаддаггүй болохоор тэр хамгийн хүнд, хэцүү шийтгэл байх.

Амтгүй хоолыг бид өдөр бүр идээд байж чадна, харин өдөр бүрийн зөрчилтэй, үл ойлголцсон харилцааг тэвчиж чаддаггүй. Хүн төрөлхтөнд тохиолдож байсан хамгийн гарз хохиролтой зүйл бол дайн. Харин гэр бүл, найз нөхдийн дунд гардаг хамгийн сөрөг харилцаа бол маргаан, зөрчилдөөн. Маргаан, будлиантай байхыг хэн хүсэх вэ дээ. Эдгээр үйл явцыг байлгахгүй, бага байлгахын тулд харилцааны олон арван дүрмийг судлаачид боловсруулан санал болгосон байдаг.

Гэхдээ түүнийг бүгдийг шүүрч аваад амьдралдаа, өдөр тутамдаа хэрэгжүүлнэ гэдэг тийм ч амар биш нь ойлгомжтой. Бусадтай мөн өөртэйгөө гүн бат ойлголцохын тулд харилцааны сэтгэл зүй, харилцааны соёлыг заавал олж эзэмших хэрэгтэй.

Танд доорх зөвлөгөөг санал болгож байна

1. Худалч зан хуурамч харилцааны эхлэл. Худал хэлснээр өөрийн байр суурь, нэр төрөө өнөөдөр биш гэхэд маргааш эсвэл ирээдүйд алдана. Алдагдсан боломж эргэж хэзээ ч ирдэггүй.

2. Чадахгүй зүйлээ бүү амла. Бидний ихэнх нь “үгүй” гэж хэлэхээсээ ичдэг, санаа зовдог. Өөрөө чадахгүй, амжихгүй зүйлээ харилцааны эхэнд хэлэх ёстой. Харин ингэж чадахгүйгээс өөрийгөө ч эвгүй байдалд оруулж, өрөөл бусдын ажилд садаа болдог.

3. Инээ, гэхдээ чин сэтгэлээсээ. Нүдээ аниад таны хувьд хамгийн сайн харилцагчийг төсөөл дөө. Сайхан инээмсэглэсэн хэн нэгний төрх танд санагдаж байна уу? Инээд өгч байгааг нь үгүйрүүлдэггүй, авч байгааг нь баяжуулдаггүй мөртлөө эерэг, дулаан уур амьсгалыг хаана ч бүрдүүлж чаддаг. Инээж байна гэдэг “надад таатай байна”, “бидэнд таалагдаж байна” гэсэн үг.

4. Зөв чанарыг өөртөө төлөвшүүлэхийг хичээ. Би төрөлхийн л ийм хүн, би энэ чигээрээ насан туршдаа байна гэж бодож байвал та эндүүрч байна. Хүмүүст байдаг сайн чанарыг өдөр тутамдаа бодож, хэрэгтэйг нь өөртөө тарьж суулгах, бүр сайн гэгч нь усалж ургуулах хэрэгтэй.

5. Өөрийгөө болоод бусдыг хэрэгтэй цагт нь урамшуул. Урмын үг, сайшаалыг хэрэгтэй цагт нь, зөв газар нь, оновчой газар хэлэхэд юун нь буруу байх вэ. Хэтрүүлж л болохгүй.

6. Буулт хийж сур. Зөвхөн өөрийнхөөрөө зүтгэдэг хүн бүтэлтэй байдаггүй. Бухын хүзүүнээс гөжүүд хүмүүс өөрөө өөртөө л сэтгэл хангалуун байдаг. Бусад нь бол хэзээ ч үгүй.

7. Сонс дараа нь ярь. Бид ярихаа л урьтал болгодог. Хүний хэлэх зүйлийг сонсоод дараа нь яривал харилцаа хамаагүй хялбар болно. Тэгээд ч нэг ам, хоёр чих бидэнд байдаг биз дээ.

8. Бусад харилцагчдаас суралц, аль болохоор сайныг нь. Сайныг нь аваад саарыг нь хая. Хэрэгцээтэй сайхан шинжүүдийг өөртөө төлөвшүүлсэн харилцагчдын зан үйлийг та өөрийн хэрэглээ болгох гээд үз. Хамгийн сайн харилцагч хэн бэ? гэвэл “БИ” гэж та хэлээрэй.

Сэтгэл зүйч Б.Ууганцэцэг
Сэтгэлзүй Судлалын Үндэсний төв
SOURCE: mnb.mN

3 Comments

  1. GegeenCom says:

    Bi bol hudlaa yarij bgag n medsen ch nuurnii huviral ugsiin songolt zergiig n shinjij suuh durtai

  2. NOPE says:

    AMIDRAL ITGEL DEER togtdog, hair geech huuramch shohoorhol deer bish,

  3. uur says:

    Goy medeelel baina. Gehdee humuus dandaa sons gedeg Bi bol buruu buguud hudal helj bgaa zuiliig ogt sonsoh durgui zarim humuus neeh uursdiiguu ih ymand bodchihson hudlaa ym hund surgah durtai. Bi tiin humuusiin yriag shuud l tiimee bi mednee ch gedeg ymu esvel buruug ni zuv bolgood zasdag. Tegj hudal ym sonso aan tiin tanii zuv gej uuriiguu huurah durgui. Uuruu uuruu l baidag. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.