Төрөөгүй хүүхдийн өчил

baby-angel

Бяцхаан сахиусан тэнгэрийн элч би
Булбарайхан биедээ гоёмсог далавчтай
Үүлээр тоглож нараар наадсан
Үлгэрийн оронд хайрын бурхадтай байдгийм
Энэхэн бие минь яг өд шиг хөнгөн
Энхрийхэн төрх минь хайр булаам
Сэвлэг үс минь торго шиг зөөлөн
Сэтгэл зүрх минь ариуханаас ариухан
Хүж дэлхийд очих баяртай мөчөө хүлээж
Хүн болох цаг өдөртөө тэсгэлгүй яардаг
Халуун энгэртээ тэврэн намайг угтах
Хайртай ээж аавдаа очихыг би мөрөөдсөөр л
Хүүхэд болохоороо тэдэндээ зөндөө эрхэлнэ дээ
Хүү болвол дугуй унаж, бөмбөг өшиглөөд л
Гүнж болвол даашинз өмсөж, дээс тоглоод л
Гоё байна байх даа бушуухан явах юмсан
Цэнхэр гаригт намайг хүлээн сууна уу
Цэцэг шиг үр нь очиж явна аа ээж ээ
Элэг бүтэн амьдралд жаргал нэмэхээр
Энхрий үр чинь танруу нисэж байна аав аа

Ээжийн минь хэвлий ямар дулаахан юм бэ
Энд л би том оо хүүхэд болж бойжно доо
Ярих үгс тань хүртэл тод оо сонсогдоод
Ямар сайхан юм бэ таны минь хоолой
Хөөрхөн үр чинь ирчихсэн шүү аль хэдийн
Хөл хүнд болсноо мэдээд баярлах байх даа
Аав минь ээжийг үнсэж гэдсийг нь чагнаад л
Алив миний хүү хаана байна гээд дуудах байх даа
Бодох тусам л инээд хүрээд байх юм аа
Борхон зүрх минь цохилчихсон шүү ээж ээ
Жижигхээн хөл гарын хуруу, дэлдээн чих
Жимбийсэн уруул, жомбойсон хамартай шүү аав аа
Ямар гоё юм бэ намайг мэдчихсэн үү та хоёр
Ялдам дуутай эмчийн яриаг чагнасан шүү
Харин та хоёр яагаад баярлахгүй байгаа юм бэ?
Хэтэрхий балмагдаад сандарсан юм уу
Элдвээр маргалдаад муудалцаад байгаа юм уу
Ингэхээр чинь миний сэтгэл тавгүй байна аа
Одоохон наадах аа … гэж юу гэсэн үг юм бэ?
Ондоо юу яриад байгааг чинь ойлгохгүй байна
Би таныгаа зовоогоод байгаа юм болов уу
Бие тань өвдөөд шаналаад байгаа юм уу
Өрөвдөлтэй ээжийг минь битгий зүхээч гуйя
Өөдөсхөн үрийнх нь л буруу байх аа аав аа

Яагаад бүх зүйл ийм чимээгүй болчихов оо?
Яг л харанхуй шөнө шиг жихүүдэс төрөөд байна
Миний биед хүйтэн оргиулаад муухай байна
Маш ихээр өвтгөөд намайг айлгаад байна
Хамаг биеийг минь хэсэг хэсгээр тасдан хувааж
Халуун хүйгээс минь салгах гээд байна
Ээж минь та яагаад инээхгүй, ярихгүй байна вэ?
Энэ тарчлангаас яагаад намайг аврахгүй байгаа юм бэ?
Зүрх минь зогсож юу ч сонсохоо болилоо
Зэвүүн харгислал намайг нөмрөн авлаа
Харин таныхаа үзэсгэлэнт хөөрхөн царайг
Харж амжсангүй дээ би юу ч харахаа байлаа
Аав ээж ээ яагаад намайг орчлонд төрүүлсэнгүй вэ?
Алагхан үртэйгээ тоглохыг хүссэнгүй юу?
Зүүний үзүүр дээр будаа тогтохын адил
Заяа тавилангийн ховорхон аз тохиосон юмсан
Цус тань миний судсаар гүйж байхад
Царай зүс минь хуулсан юм шиг адилхан байхад
Цагаахан инээд минь өвчсөн юм шиг ижилхэн байхад
Цучил унтраах мэт үлээчихэж болно гэж үү?

Хөрст газарлуу хүүхэд болохоор явсан
Хөөрцөглөн баясах хайрын бурхдаас зарим нь
Харахын аргагүй эрэмдэг зэрэмдэг болчихоод
Хэнгэнэн уйлсаар буцаж ирдэгийн учир энэ үү?
Зарим нь хүмүүс та нарт үнэхээр их гомдож
Замилан хорвоод дахиж очихгүй гэдгийм
Зарим нь эцэг эхийнхээ алдааг уучлаад
Заавал тэдэндээ буцаж мэндлэхээр явдгийм
Хөөрхий ээж минь би таныгаа өршөөе
Хүү нь тандаа хичнээн их хайртай гээч
Энэлж зовон битгий уйлаач дээ ээж минь
Эргэж ирнэ ээ за юу бүү шаналаарай
Тэр үед нь намайг төрүүлнэ биз дээ?
Тэвэрч өвөртөө бүүвэйлнэ гэдгээ хэлээч
Тэнгэрлиг хайраа үрдээ зориулна гэдгээ амлаач
Тэгэхгүй бол чинь би ахиж ирэхгүй гомдчихно шүү Ээж ээ, Аав аа

3 Comments

  1. mdghvi says:

    Uruwdult haramsalt setgel uqdchlu.mgliin urs mash olon boltugai az jargalaa duuren ger bul olon boloosoi

  2. S says:

    Abortoos tatgalzaj belgevch bolood busad  jiremslelees hamgaalah argiig songoj bai da. Aan

  3. Нээрээ says:

    Эвийдээ. Хүмүүсээ бидний бодлогогүй хийсэн буруутай үйлдлийн золиос нь та бид биш хүүхэд байдаг юм шүү. Ирээдүйд төрөх энхрий үр чи минь сайн аав ээж, сайхан орчинд өсөж ториноосой гээд ээж нь хичээж яваа шүү. Аавыг нь олчихоод чамайгаа дууднаа хэ хэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.