Ж.Энхцэцэг: Өсөлтгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд жирэмслэхээс өмнө биеэ бэлтгэх хэрэгтэй

159135-05042015-1428240898-1985786947-jiremsen_gedes

Сүүлийн жилүүдэд өсөлтгүй жирэмслэлт, ургийн гаж хөгжил болон дутуу төрөлт ихээр нэмэгджээ. “Өсөлтгүй” гэх үгээр илэрхийлдэг хэдий ч эхийн хэвлий дэх ураг амьгүй болохыг нэрлэдэг тул эхэд маш аюултай бөгөөд харамсалтай тохиолдол юм.

Эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдох болсон өсөлтгүй жирэмслэлтийн шалтгаан болон үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө авахаар АШУҮИС-ийн Эх барих-нярай эмэгтэйчүүдийн судлалын тэнхимийн багш Анагаах Ухааны доктор, Зөвлөх эмч Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Өсөлтгүй жирэмслэлт гэж юу вэ?
-Ураг өсөлтгүй болно гэдэг нь ямар нэгэн шалтгааны улмаас ургийн өсөлт зогсож, амьгүй болохыг хэлнэ. Өсөлтгүй жирэмслэлт нь зулбалт гэсэн нэг ойлголтон дор багтдаг. Сүүлийн үед нийт жирэмслэлтийн 15-20 хувь нь зулбалтаар төгсөж байна. Зулбалтыг дотор нь олон хувааж үздэг бөгөөд өсөлтгүй жирэмслэлт бол зулбалтын нэг хэлбэр юм.

-Өсөлтгүй жирэмслэлт гэдэгт ураг амьтай хэрнээ хөгжил нь удааширсан тохиолдлыг тооцдог уу? Би ойлгохдоо жишээ нь, найман долоо хоногтой байх ёстой ураг таваас зургаан долоо хоногтой ураг шиг харагдаж байгааг хэлдэг юм болов уу гэж бодсон юм?
-Ураг амьтай хирнээ хөгжил нь удааширсан байвал үүнийг өсөлтгүй жирэмслэлт гэж үзэхгүй. Үүнийг ургийн өсөлт нь хоцорсон гэж үзнэ.

enhtsetseg-115006-2079872845-Өсөлтгүй жирэмслэлтийн анхны шинж тэмдэг эхэд хэрхэн илрэх вэ?
-Ураг өсөлтгүй болсон үед эхэд ямар нэгэн өвөрмөц шинж илрэхгүй гэж хэлж болно. Гэхдээ эхийн хэвлийн доод хэсгээр базалж өвдөх, доошоо цусархаг ялгадас гарах зэрэг шинжүүд нь өсөлтгүй жирэмслэлттэй эхчүүдийн 25 хувьд нь тохиолдоно.

-Өсөлтгүй болж байгааг нэг мэдэх арга бол гэнэт хордлогогүй болох гэсэн байна. Энэ үнэн үү?
-Энэ шинж тэмдэг нь нийт өвчтөнүүдийн 60 хувьд нь тохиолдоно.

-Өсөлтгүй жирэмслэлт ямар шалтгаанаар үүсдэг вэ?
-Ураг өсөлтгүй болох шалтгаан нь хүн бүрт янз бүр байдаг. Жирэмсэн эхийн эрүүл мэнд, тэр дундаа бэлэг эрхтэний үрэвсэлт өвчнүүд, эхийн дотоод халдвар, амьсгалж байгаа агаар, идэж байгаа хоол унд гэх мэт олон шалтгаанаас хамаарна.

-Өсөлтгүй жирэмслэлтийн бас нэгэн шалтгаан болох TORCH халдвар гэж юу вэ?
-Эхийн бие организмын дотоод халдварыг илрүүлэх үндсэн шинжилгээ юм. Уг шинжилгээний бүтцэд вирүсийн халдварууд хамаарагдана. Вирүсийн халдвар гэдэг нь ургийн өсөлтөнд нөлөөлөхөөс гадна урагт гаж хөгжил үүсгэх аюултай шалтгаан болдог.

Архаг уу эсвэл жирэмсэн байхдаа халдвар авсан эсэхээс хамаараад TORCH халдварын шинжилгээг боломжтой бол өгсний дараа жирэмсэлвэл зүгээр. Дотоод халдвар нь байгаа эсэхийг шинжилгээгээр л мэдэх боломжтой. Гэвч бүх өсөлтгүй жирэмслэлтэнд TORCH халдварын шалтгаан байдаггүй. Ихэвчлэн монголчууд өсөлтгүй болсны дараа шинжилгээ өгдөг. Тэгээд шинжилгээ өгөхөөр TORCH халдварын үүслээс муу ч байх нь байдаг, хэвийн ч байх нь бий. Тэгэхээр бусад шалтгаанууд байх боломжтой юм. Тухайн хүн эрүүл үү үгүй юу гэдэг маш чухал.

-Нэгэн ээж TORCH шинжилгээ өгөөд халдвар байгаа ч вирусийн эмчилгээ байхгүй гэсэн хариу эмч өгсөн гэнэ. Дархлаа сайн дэмжих хэрэгтэй гэжээ. Энэ тухай тодруулахгүй юу?
-Өсөлтгүй жирэмсэн болох шалтгааны ихэнх хувийг эхийн дотоод халдвар эзэлдэг. Энэхүү дотоод халдварыг ТОRCH вирүсийн шинжилгээр оношилдог. Эх вирүсийн халвараар нэгэнт халдварлагдсан бол эмчлэхэд хэцүү шүү дээ. Энэ тохиолдолд заавал эмчийн зөвлөгөө авч, эмчилгээ хийсний дараа жирэмсэлбэл та дахин эрсдэлд орохгүй байж болно.

-Өсөлтгүй жирэмслэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Өсөлтгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол эх жирэмсэлж хүүхэд төрүүлэхэд биеэ тал бүрээс нь бэлтгэх шаардлагатай. Жирэмслэхээс өмнө эмчид үзүүлж, өөрөөр хэлбэл эрүүл мэндээ шалгуулж, эрүүл гэдэг нь тодорхой болсон үед жирэмсэлбэл эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг. Ялангуяа бэлгийн эрүүл мэндэд сайтар анхаарах хэрэгтэй. Ураг тээж байдаг эрхтнүүд маань эрүүл байх хэрэгтэй юм.

-Олон удаа үр хөндүүлдэг байдал өсөлтгүй жирэмслэлтэд нөлөөлөх үү?
-Хамгийн их нөлөөлнө. Олон удаа үр хөндүүлэхээр умай үрэвсэнэ, үрийн хоолой битүүрнэ. Өндгөвчийн үйл ажиллагаа алдагдана. Тэгээд бодохоор жирэмсний явц хэвийн байх боломж хомсдоно.

Үр хөндүүлж, умай дотор бүрэлдэж байгаа ургийг хүчээр авсны дараа эдгээр эрхтнүүд эрүүл байдаггүй. Дааврын талаасаа ч бэлэг эрхтний талаасаа ч эмгэг байдалтай учирч байдаг. Тэгэхээр үр хөндөлтийн хор уршгийг арилгасан эмчилгээ хийлгэхгүй, эмчээс зөвлөгөө авахгүйгээр дур мэдэн эм ууж байгаа хүмүүс зөндөө байна.

Түүнчлэн үр хөндөлтийг маш их хийлгэж байна. Жилд нэгээс хоёр удаа давтан хийлгэж байна. Тэгэхээр умай маань яаж эрүүл байх вэ. Энгийн үгээр тайлбарлахад цэвэрлэж соруулаад байхаар умайн салст эрүүл биш болно. Эрүүл биш умай дээр хүүхэд бүрэлдэхээр тэжээлээ авч чадахгүй. Ингээд л өсөлтгүй жирэмслэлт үүсдэг.

-Хэдэн долоо хоног дотор жирэмслэлт зогссоныг өсөлтгүй жирэмслэлт гэх вэ? Ихэвчлэн хэдэн долоо хоногт тохиолддог вэ?
-Өсөлтгүй жирэмслэлт гэдэг нь жирэмсний аль ч хугацаанд тохиолдож болно. Гэхдээ жирэмсний сүүл хугацаанд ховор, харин жирэмсний эрт буюу эхний гурван сард хамгийн олон тохиолддог.

-Өсөлтгүй жирэмслэлт болсны дараа хэдий хугацааны дараа жирэмслэх магадлалтай вэ?
-Өсөлтгүй жирэмсэн болж уг асуудлыг шийдүүлсний дараа жирэмслэлтээс хамгаалах аргыг яаралтай хэрэглэхгүй бол тэр дороо л жирэмсэлнэ. Ингээд ямар ч эмчилгээ хийж амжаагүй байхад дахин жирэмсэлбэл дахин өсөлтгүй болох магадлал өндөр.

-Өсөлтгүй жирэмслэлт үүссэн бол доод тал нь хэдий хугацааны дараа жирэмсэлвэл эх болон урагт аюулгүй вэ?
-Найман сараас нэг жилийн дараа жирэмсэлбэл эрсдэл бага. Гэхдээ энэ хугацаанд мэргэжлийн эмчид үзүүлж, өсөлтгүй жирэмслэлт бий болсон шалтгаанаа тогтоож, шаардлагатай зөвлөгөөг аван, зааврын дагуу эмчилгээ хийх ёстой.

-Цусны резус фактор эерэг сөрөг байдлаас шалтгаалаад өсөлтгүй жирэмслэлт бий болдог уу?
-Цусны резус фактор сөрөг байх нь өөрөө ховор тохиолдол. Энэ тохиолдолд бас өсөлтгүй жирэмслэлт тохиолдож болно, гэхдээ их цөөн.

-Утаа, агаарын бохирдол бас нэг шалтгаанд ордог гэсэн?
-Утаа агаарын бохирдол хамгийн их нөлөөтэй байж таарна. Жирэмсэн эх ямар агаараар амьсгална, ураг түүгээр л тэжээгдэнэ. Гэхдээ сайхан агаартай хөдөө орон нутагт ч өсөлтгүй жирэмслэлтийн тохиолдол байдаг учраас жирэмсэн эхийн өөрийн эрүүл мэндээс их шалтгаалдаг.

-Өсөлтгүй жирэмслэлт болж, цэвэрлүүлсэн ч юм үлдчихсэн. Яавал шавхарга хурдан гарах вэ гэж нэг ээж асуусан байсан?
-Нэгэнт ураг өсөлтгүй болсон тохиолдолд эмчийн заавраар жирэмсний асуудлыг шийдвэрлэдэг. Үүний дараа эмчийн зөвлөсөн эм тариаг яг зааврын дагуу зөв хэрэглэвэл хүндрэл гарахгүй байж болно. Өсөлтгүй жирэмслэлт үүслээ гэдгээ мэдээд цэвэрлүүлсний дараа заавал эдийн шинжилгээнд өгдөг. Умайн эд, ургийн эдийг шинжилгээнд өгсний дараа умай үрэвсэлтэй байсан эсэхийг тогтоодог.

-Хэрвээ цэвэрлүүлэхгүй удвал эхэд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Хэрэв ураг амьгүй болоод арга хэмжээ авахуулахгүй удвал жирэмсэн эхэд цус алдах хүндрэл хүлээгддэг.

-Эмч хүүхэд өсөлтгүй болж магадгүй гэж урьдчилан таамаглаж эмчилгээ бичиж өгдөг юм байна. Эмч үүнийг хэрхэн мэдэж байна вэ?
-Эмчийг үзэж оношлох үед ургийн хэмжээ нь байх ёстой хэмжээнээсээ хоцорсон байвал эмч урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээ бичнэ. Өсөлт нь хоцроод удсан тохиолдолд эмчилгээний үр дүн гарахгүй ч байж болно.

-Жирэмсэн хүн хүүхдээ хөхүүлснээр өсөлтгүй жирэмслэлт бий болох шалтгаанд багтах уу?
-Энэ батлагдсан шалтгаанд орохгүй.

-Өсөлтгүй байна цэвэрлүүл гэхэд өөр газар очоод хэвийн байна гэсэн хариулт авч хүүхдээ төрүүлж байсан эхчүүд олон байна. Эмч нар яагаад буруу оношилдог юм бол?
-Өсөлтгүй жирэмслэлтийг оношлох хамгийн найдвартай оношлогооны арга бол эхо оношлогоо юм. Жирэмсний бага хугацаанд өөрөөр хэлбэл ургийн зүрхний цохилт эхо оношлогоонд илрэх хугацаа болоогүй үед эмч нар дахин тодорхой хугацааны дараа дахин оношлуулахыг сануулдаг. Зөвлөсөн хугацаанд дахин эход харж байж оношийг бүрэн тавих боломжтой.

TORCH ХАЛДВАР гэж юу вэ?

TORCH-ийн халдваруудад:

T – Токсоплазм
O – (others) бусад – тэмбүү, варицелла-зостер вирус, парвовирус Б19, ДОХ
R – Рубелла вирус
C – Цитомегаловирус
H – Херпес вирус зэрэг халдвар үүсгэгчид ордог.

Дээрх халдвараар халдварлагдсан ураг нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, дүлийрэл, оюун ухааны хомсдол, зүрхний гажиг, таталт, шарлалт, тромбоцитопени зэрэг эмгэгтэй төрөх эрсдэлтэй.

Энэхүү шинжилгээгээр халдварын эсрэг биеийг илрүүлэхийг зорих бөгөөд эхийн саяхан авсан халдвар, өмнө нь авч байсан халдвар, огт халдварлагдаж байгаагүй зэрэг мэдээллийг авч болох юм.

TORCH-ийн халдвараар үүсгэгдсэн өвчин

Tоксоплазм нь шимэгчийн халдвар бөгөөд эхээс урагт ихсээр, хоол боловсруулах замаар дамждаг. Toxoplasma gondii халдвар үүгэгч нь нүд болон төв мэдрэлийн системийн өвчин үүсгэнэ. Хэрэв жирэмсэн үед олдмолоор халдвар авсан тохиолдолд үр зулбах эсвэл ургийн гажиг үүсгэх аюултай. Энэхүү халдвар нь ихэвчлэн тэжээвэр амьтан, түүхий мах, өндөг зэргээс халдварлагддаг.

Рубелла нь улаанууд гэх өвчин үүсгэгч вирус юм. Жирэмсний эхэн үед халдвар авбал урагт зүрхний өвчин, өсөлтийн гажуудал, хатгаа, цусны эмгэг үүсгэх магадлалтай. Цаашид халдвар авсан хүүхдэд төв мэдрэлийн системийн эмгэг, дархлал хомсдолын эмгэг, бамбайн эмгэг зэрэг үүсч болно.

Цитомегаловирус нь херпес вирусийн бүлгийн халдвар юм. Эхээс урагт төрөх замаар, нярайд хөхний сүүгээр дамжих магадлалтай байдаг. Энэхүү халдвараар халдварлагдсан урагт сонсголын эрхтэний эмгэг, харааны эмгэг, оюун ухааны хомсдол, хатгаа зэрэг өвчнүүд үүсч болно.

Херпес вирус нь бидний сайн мэдэх хомхоо үүсгэгч вирус билээ. Херпес вирус нь 1,2 дугаар типтэй бөгөөд тип 1 нь уруул амны хомхоо, тип 2 нь бэлгийн хомхоо үүсгэдэг. Уг халдвар нь төрөх замаар, хоол боловсруулах замаар болон шууд замаар халдварлагдана. Иймээс бэлгийн хомхоотой эхээс нярай төрөх замаар халдвар авах боломжтой байдаг. Херпес вирус нүд болон арьсны шархлаа, төв мэдрэлийн системийн эмгэг, оюун ухааны хомсдол зэрэг өвчин үүсгэдэг.

Шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?

TORCH-ийн шинжилгээ өгөх шийдвэрийг жирэмсний хяналтын эмч шийддэг. Хэрэв та TORCH-ийн шинжилгээ өгөх гэж байгаа бол үдээс өмнө хөнгөн цайлласан, тайван байх нь зохимжтой.

Шинжилгээг хэрхэн авдаг вэ?

TORCH-ийн халдварыг ихэвчлэн эх болон нярайн венийн цуснаас авч шинжилдэг.

Шинжилгээний хариу юу илэрхийлдэг вэ?

TORCH-ийн шинжилгээний хариунд ихэвчлэн эерэг, сөрөг гэсэн дүгнэлтүүд байдаг. Үүнд халдвар бүрт IgG, IgM гэх эсрэг бие байгаа үгүйг харуулна. IgM эсрэг бие нь хурц халдварыг, IgG эсрэг бие нь архаг халдварыг илэрхийлдэг. /Эх сурвалж: www.onoshmed.mn/

ӨСӨЛТГҮЙ ЖИРЭМСЛЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ЯМАР ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ВЭ

TORCH-ийн халдварын шинжилгээг цусаар авдаг бөгөөд жирэмслэх гэж төлөвлөж байгаа болон жирэмслэлтийн эхний 80 хоногт багтаан өгснөөр өсөлтгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл тус лабораторид TORCH-ийн шинжилгээг өгч эрт илрүүлснээр тухайн хүний биед халдвар ямар хэмжээнд тархсныг илрүүлж, эмчилгээ хийх боломжтой эсэхийг мэдэгддэг байна.

TORCH-ийн халдвар нь ахуй, бэлгийн болон амьсгалын замаар халдварладаг бөгөөд энэхүү шинжилгээг эрт өгч илрүүлснээр ургийн гаж хөгжил, ураг амьгүй болохоос урьдчилан сэргийлэх боломжтой. Гэхдээ өсөлтгүй жирэмслэлт болгон TORCH халдвараас шалтгаалдаггүй бөгөөд үүнд нөлөөлдөг маш олон хүчин зүйл бий.

Мөн загхүйтэн, трихомоназ, мөөгөнцөр, тэмбүү, ДОХ гэх мэт бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнүүд өгч болно.

Аливаа өвчний халдвар авсан тохиолдолд идээ бээр гарах, загатнах, ногоон юм гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ч зарим өвчний хувьд огт шинж тэмдэг илэрдэггүй тохиолдол бий. Тэдгээр нь мазокийн шинжилгээгээр ч илэрдэггүй байна.

Тэгэхээр өөрийгөө яг эрүүл байна уу үгүй юу гэдгийг, эрсдэлтэй байдалд байна уу үгүй юу гэдгээ мэдэх хэрэгтэй гэж лабораторийн эрхлэгч хэллээ. Ирээдүйгээ бодоод, үр хүүхдээ эрүүл төрүүлэх, жирэмслэлтээ хэвийн явуулахын тулд наанадаж “би бэлгийн эрүүл мэндийн тал дээр зүгээр юм байна. Надад TORCH-ийн халдвар, урагт нөлөөлдөг янз бүрийн вирүсийн халдвар байхгүй юм байна” гэдгээ мэдэх хэрэгтэй. Хүмүүс мэдэхгүйгээсээ болж эрсдэлд ордог гэлээ.

Бусад эрхтэн систем, суурь өвчлөлүүдийн талаар эрүүлжих хэрэгтэй бөгөөд гэр бүл төлөвлөлтийг сайн төлөвлөж байж жирэмсэлвэл эрүүл хүүхэд төрнө.

SOURCE: gogo.mN
А.Наранцацрал

3 Comments

  1. Ss says:

    Sain bnu. Anhnii huuhed maani torood 2 nas 3 sartai. 2015 onii 12sard 2dahia jiremsleed obort hiilgesen ba emegteichuuded sharhtai bn gd tuleh emchilgee hiine geed, hlgehgui yvsaar say 2016.07.05nd uzuuleed urevseltei uchir metronidazole bolon nistatin tus bur 3aar 7 honog, amixiclav 1000taig odriin 2oor 5honog uu gd 7.5naas uuj bgaa. Mon 7.3nd 72 tsagiin em uusan. Biynii yum 7sariin 8-10nii hoorond ireh bsn irsengui, tgd 10nii oroi test uzehed 2 zuraastai jiremselsen bna bi yah ve, ugni emchilgee hlgehees omno j bolson bh vii gd test uzehed 1zuraas bsan yum. 6sariin 12noos biotin uusan, harshil hodlood bsan bolohoor odort neg deslorandenk uuj bgad hlorfenamin uusan. Targalaad bh shig bolohoor ni enhjin gedes tseverleh tsaig 6sariin 15,19nd neg neg udaa uuj guilgesen, 6sariin 22,25md har chavganii shuus uuj guilgesen. Huuhed maani eruul bh bolomj bga uguig yaj medehu. Onoodor 7.11 bayriin odor bolohoor nogo emneleg maani ajillahgui bn

  2. emch says:

    “Резус сөрөг ээжүүдийн групп” фэйсбүүкээр хайгаад олохгүй болохоор шинээр нээчихлээ. Хэрвээ та нэгдэхийг хүсвэл хайж үзээж орж туршлага, мэдээлэл аваарай. Нэгдэхийг хүсвэл админ руу зурвас бичээрэй.

  3. bfd says:

    сайн байна уу? нэг зүйл асуух гэсэн юм. Би 4 сартай жирэмсэн бүх шинжилгээ сайн гарсан гэж эмч хэлсэн. Гэтэл сарын өмнөөс  надаас загасны тос шиг эхүүн үнэртэй юм гараад байна. Шинжилгээний бичгээ сайн хартал гарденелла илэрсэн бас цэврийн зэрэг 3 гэж гарсан байсан. Би бүр балмагдаад маргааш эмч дээрээ очиж ахиж асуухаар шийдээд байна. Гарденеллагаар өвдсөн хүн хэр байна вэ? Нетээр судлахад БЗХӨ биш гэсэн байсан. Гэхдээ бэлгийн замаар халддаг бас спирал тавиулахад илэрдэг гэсэн байсан. Би нөхрөөсөө өөр хүнтэй секс хийгээгүй бас спирал 5 сарын өмнө авахуулсан. Бүр яагаад өвдснөө ойлгохгүй бачимдаж үхлээ. Миний хүүхдэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх болов уу? Энэ талаар мэдлэгтэй хүн байвал туслаач гуйя

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.