Гадаа моддын навчис хөглөрч хүн бүр хэсэгхэн хугацааны өмнө толгой дээр нь алаглаж байсан үзэсгэлэнт навчсыг үл анзааран гишгэлэх нь аливаа зүйл үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг амьд байгалийн хатуу хуулийг сануулах мэт. Өнөөдөр намрын дунд сарын шинийн арван долоон, энэ өдөр жилийн дөрвөн улирал огтлолцдог гэдэг нь үнэхээр үнэн бололтой, дөрвөн улирлын өнгө харагдах шиг санагдана.
Энэ л үед өнгөрүүлсэн амьдралын минь дурсамж бүхэн сэтгэлийн үүдийг тогшин оочирлох мэт бодол минь бүр самуурч орхилоо. Намайг бодолдоо хүлэгдэн цонх ширтэн суух ахуйд гаднаас хэн нэгэн орж ирэх чимээнээр би сая нэг эргэн харвал надтай нэг өрөөнд суудаг манай ажлын Дэлгэрмаа инээд цацруулсаар өлгүүрт хувцсаа өлгөнө. Би ойрын үед нэг хэвэнд цутгасан мэт амьдралдаа жаахан сэтгэл гутраад байгаагаа мэдэх боловч амьдралаа хэрхэн сонирхолтой, адал явдалтай болгохоо үл мэднэ. Төрийн албанд ажилладаг үг дуу цөөтэй нөхөр, хуучны засвар муутайхан хоёр өрөө байр, данс тооцоо боддог миний сонирхолгүй ажил бага зэрэг нөлөөлсөн ч байж мэднэ.
Манай нөхөр Цогтоо уг нь анх танилцаж байхдаа сэргэлэн цовоо, үг дуу ихтэй их л хөдөлгөөнтэй залуу байсан хэдий ч гэрлэсэнээс хойш энэ зан чанарууд нь төрөл арилжсан гэхэд болно. Үүнд миний өөдгүй зан чанрууд нөлөөлсөн ч байж болох, гэхдээ хамгийн гол нь бидний харьцаа сүүлийн нэг жил эрс муудаж байгаад л асуудлын учир байгаа юм. Ажлаа тараад нөгөө л сурсан зангаараа гэрийнхээ хаалгаар гунигтайхан явж ороход царайдаа огтхон ч баярын очгүй нөхөр минь аль хэдий нь ажлаасаа ирчихсэн зурагтын суваг гүйлгэж угтана. Би хувийн компанид ажилладаг болохоороо жаахан оройтож тардгийг Цогтоо ойлгох боловч намайг оройтож ирэхэд төдийлөн дуртай биш байгаагаа үйл хөдлөлөөрөө илэрхийлэх нь үзэн ядмаар ч юм шиг. Би түүнийг ам нээхгүй бол огт дуу гаргалгүй хоолоо хийх бөгөөд хоёул гэр доторх явган яриа төдийхөн ярилцаад л хоолоо идчихээд унтахаар хэвтэнэ. Цогтоо орондоо ормогцоо буруу хараад хэвтээд өгөх бөгөөд хааяа нэг шөнө дөлөөр дур хүсэл нь бадардаг юм уу яадаг юм намайг нэг ноолсон болоод л эргээд үхсэн юм шиг л унтаад өгөх нь түүний энэ амьдралдаа сэтгэл хангалуун бус байгааг нь илтгэх шиг санагддаг юм. Харц тулгаран ичингүйрч явсан гэгээхэн цагаа бид дурсах боловч тэр нь удалгүй хэрүүл маргаан болон хувирдгийг мэдэх болохоор бид энэ тухай ам нээхээ болиод удаж байна.
Би сая нэг Дэлгэрмааг байгааг анзаарах сөхөөтөй болж гүн бодлоосоо сэрэх зуур гар утсанд минь дуудлага ирэх нь тэр, би даруй утсаа шүүрэн авбал хэн ч дуугарсангүй. Байна уу? гэж олон дахин асуусан болов ч ер хариу өгсөнгүй. Хэн нэгэн утас андуурсан бололтой гэж Дэлгэрмаад учирлаад ажилдаа шамдан орлоо. Өдөр 15 цагийн орчим дахин утсанд минь дуудлага ирэв. Мөн л шүүрэн авбал урьдын адил хэн ч дуугарсангүй, би дахин дахин асуусан боловч хэн ч хариу өгсөнгүй. Утасны минь яригч эвдэрсэн юм болов уу гэж бодох зуур хоёрхон минутын өмнө хүнтэй утсаар ярьснаа санав. Хэн нэгэн утас андуураад залгаад байна даа гэж сэтгээд төдий л ач холбогдол өгсөнгүй. Удалгүй ажил ч тарж урьдын л адилаар би гэрийнхээ зүг аядуухан гэлдэрлээ, огтхон ч гэр рүүгээ яарахгүй байгаа минь айдас төрүүлмээр ч юм шиг. Хотын гудмаар ганцаараа эцэс төгсгөлгүй алхаад л баймаар. Даанч манай ажлын газар гэрээс маань хэдэн зуухан метрт байдаг тул би зам хазайгаад хаа нэгтээ явж зүрхэлсэнгүй. Миний гэр бүлийн уур амьсгал ийм сул дорой болсон нь элэг дэвтээх үр хүүхэд байхгүйд л байна гэж би өөрийгөө тайтгаруулан алхах боловч, хүүхэд төрүүлсний дараагаар бидний харилцаа сайжрах нь юу л бол гэж нэг л итгэл төрөхгүй байх нь бүр ч их айдас төрүүлнэ. Нээх төдийд л аз жаргал, баяр хөөр хаа нэгтээ зугтаачих шиг болдог гэрийнхээ босгыг даван ороход Цогтоо мөн л ирчихсэн зурагт үзэн суух нь урьд өдрийн амьдрал минь дахин давтагдаад байгаа мэт сэтгэл гонсойлгоно. Би ч сурсан зангаараа гадуур хувцсаа өлгөөд, гараа ч угаалгүй хоол бэлтгэхээр яарах нь миний ажил орой тардагтай холбоотой гэж бодох боловч, би амралтын өдрүүдээр ч мөн адил хэн нэгэнд туугдаж буй мэт яаран хоол бэлтгэж, гэрийн ажилд нухлагддагаа өөрийн дадал гэж тайтгарана. Гэвч нөхрийнхөө ая талыг харсан даа ийн бөхөлздөгөө өөрөөсөө ч нуух шиг. Манай Цогтоо уг нь намайг хоол хий, хувцас угаа гэж зандрахгүй боловч, хэрэв тэдгээрийг цаг тухайд нь хийхгүй бол түүний харц байдал улам л хүйтэн болоод ирдэг тул би өөрийн мэдэлгүй л ханцуй шамлачихсан байдаг юм. Энэ бүхэн хэзээнээс эхэлсэн, хэзээ дуусахыг нь би үл мэдэх боловч энэ бүхэнд гарц заавал байх ёстой гэдэгт эргэлзэхгүй л байлаа.
Ажлын ширээ, танил царайнууд, мөн танил хувцаснууд гэвч гэрт байснаас арай л дээр мэт. Энд хэн ч надруу хүйтэн харц шидэлж, үйл хөдөлгөөнөөрөө захирахгүй. Энэ үед миний толгойд хамгийн аз жаргалтай хүн өглөө гэрээсээ гарахдаа ажилруугаа яардаг, орой ажлаа тараад гэр рүүгээ яардаг хүнийг хэлнэ гэсэн мэргэн үгийг хэн нэгэн зохиолчын номноос харж байсан санагдана. Миний өглөө ажилруугаа яардаг минь хүйт даасан гэрээсээ л холдох гэсэн шалтаг ч юм шиг, ажлаа тараад гэр рүүгээ яарахгүй байгаа нь намайг огтхон ч аз жаргалгүй нэгэн болохыг улам бүр илтгээд ч байх шиг. Сүүлийн үед бидний амьдралд ямар нэгэн шийдвэрт алхам хийх хэрэгтэй байгааг би өдөр бүхэн мэдрэх боловч энэхүү алхамыг хэн хэзээ, хэрхэн хийхийг бурхан л мэдэх аж. Монголын нэрт хөгжмийн зохиолч Жанцанноровын “Цагаан суврага” аялгуу эгшиглэх нь сэтгэлд нэг л дотно, утсаа авалгүй тэрхүү аялгууг сонсоод л суугаад баймаар боловч өөрийн мэдэлгүй л ногоон товчин дээр дарна. Бас л утасны цаанаас хэн ч дуугарсангүй миний ярихыг сонсож байгаад хэсэг хугацааны дараа тасалчих шиг болов. Залгасан дугаарыг нэхэн харвал өчигдөр хоёр ч удаа залгаад дуугарахгүй өнгөрсөн дугаар мөн болохыг мэдээд хэн ийнхүү залгаад байгааг үл ойлгож эргэцүүлэн суух зуур утсанд минь мессэж ирэх нь тэр. Нөгөө дугаараас болохыг мэдээд яагаад ч юм би битүүхэн дотроо баярлах шиг болоод мессэжээ уншвал :
– Сайн байна уу? та их сайхан хоолойтой юм гэж бичсэн байхыг үзээд хэн надруу ингэж бичдэг билээ гэж эргэцүүлсэн боловч хэн болохыг таамаглаж ч чадсангүй. Тэр даруй :
– Та хэн бэ? гээд хариу илгээж орхилоо. Хэсэг хугацаа өнгөрсөн боловч өнөөх дугаараас хариу ирсэнгүй. Би дотроо хэн нэгэн гаж этгээд л тоглосон биз гэж бодоод мартах гэсэн боловч сэтгэл минь бүүр үймэрч орхих нь тэр. Миний бичсэн мессэж яваагүй юм болов уу, эсвэл хүн андуурсан юм болов уу гэж элдвийг бодох зуураа утаснаасаа хараагаа үл салгана. Дэлгэрмаа намайг анзаарсан бололтой :
– Нөгөө дугаараас чинь мессэж ирээ юу? гэхэд нь би яагаад ч юм үгүй гээд худал хэлж орхилоо. Хаалганы дэргэдэх ус буцалгагчнаас цай найруулж уух санаатай зогсож байтал миний утсанд мессэж ирэх дуулдав. Би аягатай цайгаа алдах шахам ухасхийн ширээн дээрээс утсаа шүүрэн авахад Дэлгэрмаа :
– Чи минь юу болж байна аа, ингэж сандарч байгаад халуун цайнд гар хөлөө түлэх нь байна ш дээ гэхэд би сая нэг жаахан тайвшраад утсаа авч харвал өнөөх дугаараас :
– Таны дуунаас маш их ганцаардал, шаналал мэдрэгдэх юм, та хэрвээ хүсвэл надтай зовлон шаналалаа хуваалцаж болох юм шүү гэсэн битүүхэн утгатай хариу ирсэн байв.
– Таны нэрийг ч мэдэхгүйгээр би таньд хамаг сэтгэлээ уудлана гэж санасан бол та эндүүрч дээ, ганцаардал, шаналалын тухайд ч гэсэн та эндүүрсэн байна гээд өнөөх дугаарт хариу бичээд орхилоо. Тэр миний дотоод сэтгэлд болж буй бүхнийг ганцаардал, шаналал гэсэн хоёрхон үгээр онож бичсэн нь нэг л хачирхалтай санагдаж би түүнээс ямар хариу ирэх бол гэхээс дотор минь халуу шатаж байв. Дэлгэрмаа намайг бараг гадарласан бололтой :
– Нөгөө дугаараас чинь мессэж ирээд байгаа юм байна тийм үү гэснээ миний найз арай нууц амрагтай болж байгаа юм биш биз дээ гээд үл мэдэг инээмсэглэх нь улам бүр л намайг сандаргаж орхив. Үгүй ээ гэж би ахин худал хэлээд нөгөө мессэжийг дахин дахин унших зуур утсанд минь мессэж ирэхэд утасныхаа чичиргээ, дуу хоёроос цочсондоо утсаа золтой л газарт алдчихсангүй. Бондгос хийтэл цочсоныг минь Дэлгэрмаа анзаараагүйд жаахан тайвшраад мессэжийг яаран харвал :
– Та өөрийгөө хэдий болтол хуурах вэ? та үнэхээр их ганцаардаж байгааг би мэдэж байна, та надтай сэтгэлээ хуваалцаж болно шүү дээ… гэсэн мөн л битүү утгатай зүйл бичсэн байв. Энэхүү үгсийг уншаад эргэцүүлж ч амжаагүй байтал ахин мессэж ирлээ.
– Та надад бүрэн итгэж болно, таныг нууцхан хайрлаж явдаг залуугаас… гэж бичсэн мессэжийг уншаад миний дотор арай л тайвшраад ирлээ. Намайг нууцхан хайрлаж явдаг ямар залуу байж болох вэ? гэж бодох гэсэн боловч толгойд юу ч орж ирсэнгүй. Энэхэн зуур миний дотрыг харанхуйлж байсан ямар нэгэн зүйлийг аваад хаячих шиг болж бага зэрэг баяр хөөр мэдрэгдэх шиг болов. Яагаад ч юм түүн рүү хариу бичих ёстой юм шиг санагдаад :
– Би таньд яагаад бүрэн итгэх ёстой билээ, би шаналал зовлонгоо хуваалцах хань ижилтэй хүн шүү дээ, та цагаа дэмий зүйлд үрж дээ гээд хатуухан ч гэмээр хариу илгээчихлээ. Хань ижилтэй гэдгээ хэрэггүй хэллээ дээ гэж бодох зуураа хаашдаа л мэдэхээс хойш гэж бүр түүнтэй уулзаж учрах гэж буй мэт хэт их бодол өвөртлөлөө. Энэ үед түгжээтэй бодлын тайлал болж дахин мессэж ирэв.
– Та ахиад л өөрийгөө хуурч орхилоо, та ханьтайгаа хэзээ ч сэтгэлээ онгойтол ярилцаж байгаагүй гэхэд би мөрийцсөн ч бэлэн байна. Таныг сонгосон амьдралдаа сэтгэл гундуу явдгийг би аль эртнээс мэдэх болсон. Би хайртай хүндээ аз жаргалтай амьдралаа эргүүлж авахад нь туслах гэсэн юм… гэж миний дотор орчихсон мэт ийн бичсэн мессэжийг уншаад яагаад ч юм сэтгэл минь жаахан уужраад ирлээ. Би түүнд итгэж яагаад болохгүй гэж санаад удтал мессэж бичилцлээ.
– Тиймээ, би өөрийгөө хуурсан минь үнэн, миний амьдралын өдөр бүхэн нэг л хэвийн яг л хуучин эд зүйлс шиг ямарч гэрэл гэгээгүй, бас өнгөгүй. Гэхдээ та надад яаж туслана гэж
– Таны амьдрал яагаад гэрэл гэгээгүй босон гэж та бодож байна
– Тэр намайг огтхон ч хайрлахаа больсон, бүр надтай харьцах хандлага нь хүртэл өөрчлөгдсөнд хамаг учир байгаа болов уу ?
– Тэр гэж та нөхрөө хэлж байна уу, энэ бүхэн танаас хүртэл болж байгаа гэж та бодож үзсэн үү
– Тиймээ, миний нөхөр, яагаад надаас болсон гэж, намайг үл ойшоох болсон тэр цагаас би ч мөн адил түүнийг үл ойшоож эхэлсэн
– Та түүнийг нэг удаа ч болов ойлгох гэж оролдож үзсэн үү, та өнөөдөр нөхөртөө дуртай хоолыг нь хийж өгөөд түүний ажил төрөл нь хэр зэрэг ургаштай байгааг асуугаад үзээрэй
– Энэ нэмэр болно гэж үү, бид хоорондоо юм ярьдаг шүү дээ
– Та хоёрын хооронд үргэлж хиймэл яриа өрнөдөг гэхэд би дахин мөрийцөхөд ч бэлэн байна
– Үнэндээ тийм гэхэд болно, би өнөөдөр түүний дуртай хоолыг хийж өгөөд ажлынх нь тухай асуулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй
– Та өөрчлөгдөх эсэхийг үзээд алдахад яагаад болохгүй гэж , та үүнийг хийж чадна гэдэгт би итгэж байна. Хамгийн гол нь та чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй
– Ярилцсан таньд баярлалаа, би одоо жаахан ажилтай болчихлоо дараа холбогдъё
… гэж би хариу бичээд цагаа харвал би цаг гаруй нэр, зүсийг нь ч үл мэдэх хүнтэй мессэж бичилцсэнээ олж мэдэв. Би Дэлгэрмааг гараад явсныг ч анзааралгүй улайрсандаа жаахан санаа зовоод ажилдаа анхаарлаа төвлөрүүллээ. Түүнтэй сэтгэлээ уудалж ярилцсан болоод ч тэр үү сэтгэл минь онгойгоод явчих шиг болов. Хүн хэн нэгэнтэй ярилцаж дотроо байгаа зүйлээ гаргаж хэлбэл сэтгэл санаа уужирдаг гэж ярьдаг оргүй хоосон зүйл биш болохыг би тэгэхэд л илүү ихээр мэдрэх шиг болсон юм. Урьд өдрүүдээсээ эрт ажлаасаа тараад гэрийнхээ зүг сүүлийн хэдэн сард яарч байгаагүйгээрээ яарсаар гэрийнхээ хаалгаар өөдрөг бодол өвөртлөн орвол Цогтоо хараахан ажлаасаа ирээгүй байлаа. Би тэр даруй хөргөгчнөөс мах гаргаж тавиад замдаа дэлгүүрээс авсан ногоонуудаа арилгаж Цогтоогийн дуртай жигнэсэн гурилтай ногоотой шөлийг гараа гарган хийж эхлэв. Би өдөр бүр хоол хийдэг боловч өнөөдрийнх шиг сэтгэл гаргаж хийдэггүй байсан даа өөрийгөө зэмлэх шиг болов. Яг хоол гарах үед Цогтоо гаднаас орж ирээд хувцсаа өлгөж байгаа харагдав. Би тэр даруй цочны өрөөны ширээн дээр Цогтоогийн дуртай хийцэлсэн сүүтэй цай аягалж тавиад хоолоо аягалахаар гал тогооны өрөө рүү ухасхийлээ. Цогтоо сурсан зангаараа шууд л зочны өрөөний буйдан дээр лаглайн суух зуураа миний чанасан цайг амтархан ууж байгаа харагдав. Түүний өмнө гараа гаргаж сэтгэлээ шингээж хийсэн ногоотой шөлөө тавиад дэргэд нь аягатай хоолоо авч ирээд зэрэгцэн хооллолоо. Би урьд нь Цогтоогийн хоолыг зочны өрөөнд хүргээд өөрөө гал тогоонд хооллодог байсан юм. Бид хамтдаа хоолоо идсэний сүүлээр Цогтоогийн магнайд багахан хөлс бурзайхад тэрээр хөлсөө алчуураар хөнгөхөн арчих зуураа :
– Миний хань чинь ёстой сайхан хоол хийсэн байна ш дээ гэж чин сэтгэлээсээ хэлэх шиг болсон юм. Би ийм үг сонссондоо баярлаад золтой л нүднээсээ нулимс дуслуулчихсангүй. Ийм сайхан үгний хариуд дуугаа сууж чадалгүй :
– Хань нь харин өнөөдөр ажлаа эрт тараад тэгээд л чинийхээ дуртай хоолыг хийсэн юм гэж хоолойгоо бага зэрэг чичрүүлэн хэлэхэд Цогтоод энэ үг ихэд таалагдсан бололтой :
– Баярлалаа, их сайхан хоол болсон байна, миний ханийн ажил төрөл нь сайн биз дээ гэж асуухад нь миний асуух гэж байсан асуултыг түрүүлээд асуусанд жаахан харуусаад :
– Миний ажил сайн байгаа, харин чиний ажил төрөл сайн биз дээ, намар болоод жаахан ачаалалтай байна уу гэхэд Цогтоо нүд нь сэргэж ирээд л :
– Харин тиймээ, намрын тариа будааны үеэр ажил ч ёстой нэг ундарч өгөх юм гэснээ намрын ажил дуусахаар хоёулаа хөдөө аав ээж хоёр руу нэг ухасхийж ирэх юмсан гээд яриа өдөх шиг боллоо. Бид хоёр энэ үдэш чин сэтгэлээсээ ярилцах шиг надад санагдсан. Урьд нь бид ёс болгож хааяа нэг нэгнийхээ ажлыг асуухаас цааш хэтэрдэггүй байсан юм.
Танил ширээ, танил царай, танил хувцаснууд намайг ажил дээр угтах боловч тэд надад хуучин зүйлс мэт огтхон ч санагдсангүй. Дэлгэрмаа хүртэл надтай урдынхаасаа илүү дотно хандах шиг санагдана. Би өмнө нь түүний сайхан зан чанарыг олж харахыг хүсдэггүй байсан болоод л тэгж санагдсан ч байж болох юм. Үдийн цайны цаг болохын хэрд өнөөх дугаараас утсанд минь мессэж ирлээ.
– Танд шинэ өдрийн мэнд
– Таньд ч гэсэн өдрийн мэнд, яагаад шинэ өдрийн мэнд гэж, өдөр бүхэн л шинэ шүү дээ
– Та үнэхээр их өөрчлөгдсөн байна, танаас ганцаардал, шаналал огт мэдрэгдэхгүй байна
– Та миний дэргэд үгүй атлаа энэ бүхнийг яаж мэдэрсэн хэрэг вэ
– Та өчигдөр өдөр бүхэн хуучин гэж боддог байсан, өнөөдөр та өдөр бүхнийг шинэ гэж хэллээ шүү дээ
– Тийм гэж үү, би таны хэлснээр хийсэн үнэхээр үр дүнгээ өгсөн шүү
– Та өнөөдөр бүр илүү ихийг хийж яагаад болохгүй гэж
– Юу хийнэ гэж, би дахиад л өнөөдөр дуртай хоолыг нь хийнэ гэж үү
– Заавал тэгэх албагүй , та өнөөдөр түүнд шинэ цамц ч юм уу эсвэл сахлын хутга авч өгч болно шүү дээ
– Боддог л санаа, та одоо надад нэрээ хэлэхгүй юм уу
– Миний нэр тийм чухал гэж үү, би хайртай хүндээ л туслах гэсэн юм
– Та надад хайртай юм бол яагаад надад туслаад байгаа хэрэг вэ
– Та нөхөртөө маш их хайртай, тийм учраас би таны аз жаргалын төлөө л хийж чадах өчүүхэн зүйл минь энэ
– Та тэгвэл их өгөөмөр бас тэгээд их царай муутай хүн байх нь ээ
– Та яг таачихлаа, би таньд маш их хайртай шиг та нөхөртөө хайртай ердөө л энэ
– Таньд маш их баярлалаа, таны өнөөдрийн тавьсан саналыг би бодож үзнэ ээ, түр баяртай нууц ноёнтон минь…
Би өнөөдөр яагаад ч юм нөхөртөө ямар нэгэн шинэ зүйл авч өгмөөр санагдаж цайны цагаар гарч ойролцоох дэлгүүрээс түүндээ цамц зангиа худалдаж авлаа. Орой нь гэртээ хариад Цогтоодоо авсан цамцаа үзүүлэхэд тэр үнэхээр их баярлаж байгаа бололтой нүүрэнд нь баярын мишээл тодорч байлаа. Хамгийн гайхалтай нь Цогтоо надад маш гоё хийцтэй хавар, намрын цүнх бэлэглэсэн юм. Бид хоёрын харилцаа өдөр ирэх тусам л дотносож буйг хэн хэн нь мэдэрч энэхүү харилцаагаа хадгалж үлдэхийг хичээж байв. Би ажлын цагаар өнөөх нэр, зүсийг нь үл мэдэх залуутайгаа мессэжлэж өөрийнхөө тухай юу ч нууж хаалгүй илэн далангуй ярилцаж түүнээс зөвлөгөө авна. Нэг л мэдэх нь ээ би тэрхүү залууг нууцхан мөрөөдөх болж түүнийг ямар хүн байгаа бол харах юмсан гэсэн хүсэлдээ дийлдэж эхэлсэн юм. Нөхөр бид хоёрын харилцаа сайжирч, тэр минь надад анхаарал халамжаа харамгүй өгч би ч мөн адил түүнийгээ сэтгэл зүрхнээсээ хайрлан халамжлах боловч энэхүү аз жаргалыг надад бэлэглэсэн мессэж бичдэг залууг нууцхан мөрөөдөж үгүйлдэг болсон нь нүгэл ч юм шиг. Нэгэн өдөр би сэтгэл шулуудаж өнөөх залуу руу :
– Би чамтай уулзмаар байна, яг үнэнийг хэлэхэд би чамайг санаж үгүйлээд байдаг болчихлоо гээд түүнд урьдын адил сэтгэлээ харамгүй уудлан бичиж орхив. Тэгтэл нөгөө залуугаас :
– Би ч гэсэн чамайг маш их санаж үгүйлж байна, гэвч би чиний сайхан амьдралыг чинь үрж чадахгүй нь гэсэн хариу ирэв. Би дотроо үнэхээр өөрийнхөө босгосон амьдралаа огт зүсийг нь үзээгүй залуугийн төлөө үрмээргүй байсан учир удаан бодсоны эцэст түүнийг өөрийнхөө нууц амраг болохыг зориглон гуйж чадсан юм. Тэр энэхүү саналыг минь хүлээн зөвшөөрч бид хүмүүсийн нэрлэдгээр жинхэнэ нууц амрагууд болсон юм даа. Би ажил дээрээ байх үедээ түүнийгээ хэрхэн санаж үгүйлж байгаа тухайгаа бичиж, тэр минь ч гэсэн намайг санаж ямар их хүсэж мөрөөдөж байгаагаа цаг үргэлж илтгэнэ. Бид таван сар гаруй хугацаанд ганц ч удаа утсаар ярилгүй зөвхөн мессэж бичилцсээр 2 дугаар сарын 14-ний өдөр буюу “Гэгээн хайрын баярын өдөр” – өөр уулзахаар болзсон юм. Миний гэр бүлийн амьдрал энэ хугацаанд халуун бүлээн уур амьсгалаар дүүрэн байсан нь Цогтоо бидний харилцааг мэддэгүй байсан болоод л тэр байх. Би Цогтоотой гэгээн хайрын өдрийн орой нь хамт баяраа тэмдэглэхээр тохиролцоод өдөр нь нууц амраг гэж нэрлэсэн залуутайгаа болзохоор бүхнийг эртнээс товлож зохицуулсан байв.
Хүсэн хүлээсэн гэгээн хайрын өдөр дэргэд минь айлчлан ирж би гэдэг амьтан зүсийг нь ч үзээгүй нууцхан амрагтайгаа уулзана гэхээс сэтгэл минь маш ихээр догдолж хөл минь газар хүрэхгүй хөөрцөглөж байлаа. Толины өмнө удтал эргэлдсэний дараагаар цагаа харвал болзсон цагт гуч хүрэхгүй минут үлдсэн байв. Би гэрээсээ холгүй орших “Аморе” нэртэй зоогийн газрын зүг такси хөлөглөн хөдөллөө. Болзсон газар дөхөх тусам тэр минь ямар залуу байгаа бол, өндөр болов уу, намхан болов уу, түүний үсний өнгө, нүрний төрх зэргийг таах гэж оролдсоор нэг л мэдэх нь ээ зоогийн газрын үүдэнд хүрч ирэв. Шууд л үүдээр яваад орох гэсэн боловч сэтгэл маш ихээр түгшиж сандарсандаа хий дэмий л гадуур хувцсаа янзлан зогслоо. Тэр минь ямар ч залуу байсан түүнийгээ сайн гэгч нь харж аваад сэтгэлдээ үүрд хайрлаж явна гэж өөртөө андгайлаад зоогийн газрын хаалгыг татан орсон юм. Урдаас инээмсэглэн ирэх зөөгчид нэрээ хэлэхэд зөөгч бүсгүй намайг дагуулж нэгэн тусгай өрөөний үүдэнд хүргэв. Би шууд яваад орох гэснээ жаахан зориг дутаж түүнд бэлдсэн гоёмсог хайрцагтай бэлгийг цүнхнээсээ гарган эргүүлж тойруулан нэг хараад, чи надад амьдралыг минь эргүүлж өгсөн, тиймээс би чамд хайрыг чинь эргүүлж өгөх учиртай гэж амандаа зөөлхөн шивнээд хаалгыг итгэлгүйхэн нээвэл хайрт хань Цогтоо минь инээмсэглэн угтсан юм. Би түүнийгээ олж хараад түүндээ дахин шинээр дурласан юм даа…
6 Comments
hun gedeg uneheer soniuch amitan gej uneheer unen shd. amidral hoino eldev yum bodogdoh ue zondoo l baih yum. jishee ni bi yadaj gantshan udaa family group hiigeed uzchihmeer l baina.
sanaa niilvel 86552828 msg bicheerei.
Сайн байна уу. Бид таныг үндсэн ажил бизнесээ эрхлэхийн зэрэгцээ боломжийн нэмэлт ашиг орлого тасралтгүй олох, амьдрал ахуйдаа нэмэр болох, цаашид хөгжин дэвших ажлын байрны санал тавьж байна.
Аливаа бизнесийг шинээр эхлэхэд бизнес санаагаа олох, тухайн зах зээлд нэвтрэх, эхлэлийн нэлээд хэмжээний хөрөнгө шаардагдах, ажлын байртай болох, түрээслэх, олон янзын зөвшөөрөл, дүгнэлтүүд гаргуулж авах зэрэг шат дараалсан олон асуудлууд нь шинээр бизнес эрхлэх гэсэн хэнийг ч болов буцаж, няцахад хүргэж байдаг билээ.
Тэгвэл бид дээрх бүх асуудал, бэрхшээлүүдийг бүрэн цогцоор нь шийдсэн тул та хүсвэл санаанд оромгүй бага хөрөнгө оруулалтаар шинэ, давхар бизнес эрхэлж, байнгын нэмэлт орлого олох ажил хийж болохоор байна. Жич: 94448429 утсаар холбогдож ирж уулзана уу.
Бид ихэнхдээ haha-ийн хэлснээр болно гэж бодоод хэвшчихэж. гэхдээ цаана чинь амьдралаа, хайраа бусниулахгїй, гэр бїлээ жаргалтай байлгая гэсэн хїмїїс иймэрхїї гоё сэтгэж хэрэгжїїлсэн тохиолдлууд байншїї.
Amidral deer…herev uhaantai zaluu bol amidralaa ehneree erguulj olj avsandaa bayarlna…
Surgamjtai uguuleg bn…
amidral deer boon zodoon nudeen, nus nulimsaar togsoh bsan biz.
Зохиол л юмдаа. Амьдрал дээр яаж эсрэгээрээ төгсөх байсан нь сонин бна хаха