Ерөнхий
Манайхан хар яриандаа энэ хагалгааг “хийсэрэв”, “хийсрэв”, кесаревийн хагалгаа гэдэг бол оросууд “кесарево сечение” гэдэг. Энэ нь латин хэлний “sectio caesarea” буюу хагалсныг хагалж байна гэсэн нэрнээс гаралтай. Өөрөөр хэлбэл хэвлийн хананы урд хэсгийг хагалж нээгээд умайн ханыг хагалах гэсэн энэ хагалгааны шатуудыг заасан нэр.
Европт энэ хагалгааг хамгийн анх 17-р зуунд хийсэн байдаг. Тэр үед ямар ч өвчин намдаагч, оёдол тавих, антибиотик энэ тэр байхгүй байсан тул умайн ханыг оёлгүйгээр тэр чигээр нь үлдээдэг байжээ. Ийм үед мэдээж заримдаа шарх нь эдгэж эхчүүд амьд үлддэг бол заримдаа… Гэхдээ тэр үед кесар хагалгааг эхийг нь аврах ямар ч боломжгүй үед хүүхдийг нь авч үлдэхийн тулд хийдэг байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
Манай улсын шинэ түүхэнд хэдийд анх хийгдэснийг нь мэдэгдэхгүй байна.
Орчин үед байдал нэлээд өөрөөр эргэж эхийн амийг авч үлдэх нь хамгийн чухал болсон болохоор эхийнх нь эрүүл мэндийг хамгаалах үүднээс кесарийн хагалгаа хийх заалт өгөх нь нэмэгдсэн.
Мөн энэ хагалгаанд хандах хандлага ч өөрчлөгдсөн. Анх төрөх үеийн хүндрэлийн үед хийгддэг онцгой хагалгаа байсан бол одоо төрөхөөс аль эрт халгаа хийлгэхээ мэддэг, түүндээ бэлддэг болсон.
Кесарийн хагалгаа хийх заалт
1. Заавал орох заалт. Энэ нь ердийн төрөлтийн үед эхийн амь насанд аюул учрах тул сонголт хийх, эргэлзэх зэргээр цаг алдалгүйгээр кесарийн хагалгааг заавал хийх ёстой нөхцөл байдал юм. Гэхдээ заавал кесарийн хагалгаанд орох ёстой болно гээд айж сандраад, байх шаардлага огт байхгүй.
-Хэт уйтан аарцаг. Хүүхдийн түрүүлсэн хэсэг нь эхийн аарцагны тойргоор гарч чадахгүй байх тохиолдол. Өөрөөр хэлбэл аарцагны хэмжээ болон хүүхдийн түрүүлсэн хэсэг хоёр таарахгүй байх.
-Механик гэмтэл. Төрөх замд гарсан элдэв саад. Жишээлэхэд умайн миом.
-Эхэс түрүүлж байрласан. Эхэс нь хүүхдийн замыг хааж умайн хүзүүвчин дээр байрласан тохиолдол.
-Эхэс түрүүлж салах. Хэвийн үед хүүхэд төрөөд, амьсгалж эхэлсний дараа эхэс салах ёстой байдаг. Үүнээс өмнө хүүхэд нь эхсээр дамжин хүйсэнд хүрч байдаг эхийн цусан дахь хүчил төрөгчөөр амьсгалдаг. Харин эхэс нь түрүүлж салвал ураг амьсгалах боломжгүй болдог тул яаралтай кесарийн хагалгаа хийх шаардлагатай байдаг. Нөгөө талаас эхэс түрүүлж салах нь цус алдалтанд хүргэдэг тул эхийн амь насанд ч аюултай.
-Умай урагдахаар заналхийлэх. Аминд хүрэх аюултай ноцтой тохиолдол. Урд нь олон удаа төрснөөр умайн хана нимгэрсэн, өмнөх кесарийн хагалгааны сорвиороо задрахыг завдсан. Жирэмсний үед эход тогтмол харуулснаар умай дахь сорвийн төлөв байдлыг тодорхойлох боломжтой. Умайн хананы булчин хэвийн аньж эдгэрсэн үед задрах аюул үүсэхгүй.
Кесарийн хагалгаа заавал хийх заалт нь бусад бүх нөхцөл, хоригыг үл хамааран энэ хагалгааг заавал хийхийг шаарддаг.
2. Харьцангуй заалт. Эдгээр нь кесарийн хагалгаа хийх шийдвэрийг гаргахын өмнө бүх нөхцөл байдал, хориг зэргийг авч үзэхийг хэлнэ. Заавал кесарийн хагалгаа хийх шаардлагагүй ч ердийн төрөлтийн үед эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болохуйц тохиолдлууд. Харьцангуй заалтууд нь сүүлийн жилүүдэд кесарийн хагалгааны тоо нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж байгаа.
Эхийн зүгээс авч үзэх харьцангуй заалтууд:
-Төрөлтийн сулралт
-Уйтан аарцаг
-Жирtмсэнтэй холбоогүй ч ердийн төрөлтийн үед эхийн эрүүл мэнд амь насанд аюул учруулж болохуйц төлөв, эмгэг /зүрх судасны өвчин г.м./.
-Ерөдийн төрөлтийн үед эхийн амь насанд аюул учруулахуйц жирэмсний хордлого
-35-аас дээш нас. Энэ нь 35 түүнээс дээш насанд заавал кесарийн хагалгаа хийх ёстой үг биш гэдгийг онцлох хэрэгтэй. Цоо эрүүл 35 настай хүнд заавал кесарийн хагалгаа хийх заалт өгөх шаардлагагүй.
Ургийн зүгээс нөлөөлөх харьцангуй заалтууд:
-Ургийн хүчилтөрөгчийн дутагдал буюу гипокси. Архаг гипокси нь ургийн хөгжилд нөлөөлдөг тул энэ нь эхогоор үзэхэд харагддаг. Хурц гипоксиг ургийн зүрхний цохилтыг судлах явцад илрүүлдэг. Үүний тулд орчин үед кардиотокографи буюу зүрхний цохилт болон хөдөлгөөнийг бүртгэж аваад компьютерээр боловсруулах аргыг ашигладаг болсон.
-Аарцаг түрүүлсэн.
-Ураг хөндлөн байрлалтай.
Кесарийн хагалгаа хийхэд шаардлагатай нөхцөл:
-Амьдрах чадвартай ураг
-Халдвар байхгүй
-Мэс заслын өрөө, мэс заслын арга барилыг эзэмшсэн мэс засалч, шаардлагатай багаж хэрэгсэл
-Эхийн зөвшөөрөл
Кесарийн хагалгаа хийхэд хориглох заалт:
-ураг хэвлийдээ үхсэн
-халдвар авсан
-амьдрах боломжоор хангаж чадахааргүй ургийн хөгжлийн гажиг, төлөв
Орчин үед кесарийн хагалгаа хийхдээ дээрх дурдагдсан эмнэлгийн заалтыг бус харин тухай эмэгтэйн хүсэлтийг голчлон харгалзах болсон. Энэ нь эмэгтэйчүүд энэ талын мэдээлэл хомс байдагтай шууд холбоотой юм.
Төөрөгдөл
Мэдээлэл хомс, бодит төсөөлөлгүй болохоор элдэв дам яриа, төөрөгдөлд автаж заавал кесарийн хагалгаа хийх гэдэг. Эдгээр төөрөгдлөөс нь хэлвэл:
1. 35-аас хойш өөрөө төрж чаддагүй юм. Ямар ч үндэслэлгүй дам яриа. 35 наснаас хойш жирэмсний үед өвдөх, хүндрэл үүсэх, төрөлтийн сулралт үүсэх зэрэг зүйлс нэмэгддэг гэдэг нь статистик дундаж үзүүлэлт бөгөөд тухайн эмэгтэй хүний эрүүл мэндийн байдалтай ямар ч холбоогүй юм. Өөрийн эрүүл мэнд, жирэмсний явцын онцлогийг харгалзаж үзэх ёстой тул төрөх үедээ хэдэн жил тоолвол хэдэн нас хүрээд байгаа нь онц чухал биш.
2. Өвдөх нь бага байдаг. Ямар ч үндэслэлгүй. Мэдээ алдуулалт гарсны дараа хэдэн өдөр дараалан өвдөнө. Тэр тусам хөхөөр хооллож байгаа хүн өвчин намдаах эм тэр бүр хэрэглээд байж болдоггүй. Мэс заслын дараа хөдөлгөөн хязгаартай, шархаа байнга боолгох хэрэгтэй г.м. өвдөлттэй холбоотой асуудал олон.
3. Хүүхдэд ямар ч нөлөөгүй. Үндэслэл багатай дам яриа. Томрохын хэрээр кесарийн хагалгаагаар төрсөн том хүүхэд нь орчин тойрондоо дасан зохицосны хүчинд ердийн төрөлтөөр төрсөн хүүхдээс ялгагдах ялгаа нь анзаарагдахгүй болдог. Харин нярай үед ялгаа нь мэдэгдэхүйц байдаг. Кесарийн хагалгаагаар төрсөн хүүхдийн бие махбодит ирдэг стресс нь илүү өндөр байдаг. Учир нь гаднах агаарын даралтанд аажмаар дасан зохицоход шаардлагатай цаг байдаггүй. Үр дүнд нь даралтын эрс ялгаанаас болж судастай холбоотой асуудал үүсч болзошгүй. Гэдэс нь сөрөг нян үржин дисбактериоз үүсэхэд эрсдэлтэй. Заагдсан хугацаандаа төрөөгүй, өөрөөр хэлвэл төрөлтөнд идэвхтэй оролцоогүй, мэдээ алдуулагч бодисын нөлөөлөлтэй болохоор идэвхтэй амьсгалах, хөхөө хөхөх орилох зэргээр амьдралынхаа эхний өдрүүдийн идэвхтэй амьдралд дасан зохицоход нь бэрхшээл үснэ. Эх нь юм өргөж болохгүй болохоор эхтэйгээ ойртох биеийнх нь дулааныг мэдрэх зэрэг зүйлсээр хомс.
Үр дагавар
Мэс заслын аюулгүй байдал нь төлөвлөгдсөн буюу бэлтгэгдсэн байдлаас ихээхэн хамаардаг. Энд дурдагдсан бараг бүх заалтуудыг урьдчилан оношлоод цаашид авах арга хэмжээнд урьдчилан бэлдэх боломжтой. Үүний тулд жирэмсний явцад эмчийн байнгын хяналтанд байж, шаардлагатай шинжилгээ үзлэгт цаг тухайд нь хамрагдан, гарсан өөрчлөлтүүдийг цаг алдалгүй залруулж байх хэрэгтэй.
Кесарийн төлөвлөгөөт хагалгаа хийлгэх гэж байгаа эхчүүд дараахь зүйлийг мэдээд авахад илүүдэхгүй, үүнд:
1. Хагалгааны дараа антибиотик хэрэглэх явцдаа хүүхдээ хөхөөр хооллож болно.
2. Кесарийн хагалгааны дараа аль болох эрт амлуулах нь чухал.
3. Умайн оёдол нь дахин жирэмслэх, ердийн замаар төрөхөд хориг болдоггүй. Сорвины байдлаас бүх зүйл хамаарах бөгөөд үүнийг эхо үзлэхээр тодорхойлдорг. Жирэмслэхээс өмнө сорвижилт хангалттай бус байгаа нь илэрвэл мэс аргаар засч болно.
4. Жирэмслэлт хоорондын зай уртасна. Кесарийн хагалгаа хийлгэснээс доод тал нь 3 жилийн дараа дахин жирэмслэхийг хамгийн тохиромжтой гэж үздэг.
5. Өвдөх эрсдэл нэмэгдэх гэх зэргээр хийж болохгүй зүйлсийн тоо олон болдог тул хүүхдийг асрахад тус болох хүнийг эртээс бэлдэх хэрэгтэй.
6. Давуу тал нь гэвэл үтрээ сунадаггүй, хярзан язрах, оёдол тавиулах зэрэг бэрхшээл үүсэхгүй. Өөрөөр хэлбэл төрсний дараа бэлгийн амьдралтай холбоотой асуудал гарахгүй. Мөн аарцагны эрхтэнүүдийн холбоос сунах доошлолт, умайн хүзүүвч задрах, шамбарам сэдрэх зэрэг асуудал үүсдэггүй.
SOURCE: www.103.mn