Жирэмсний үеийн амьдралын хэв маяг

Жирэмсэн эмэгтэй өөрийн болон хэвлий дэх хүүхдийнхээ сайн сайхны төлөө эрүүл амьдралын хэв маягийг хамгийн чанд сахих ёстой гэдгийг бүгд мэддэг. Гэсэн атлаа эрүүл саруул амьдралын хэв маяг гэхээр юу хэлээд байгааг нь тэр нарийн мэддэггүй. Ямар ч л байсан жирэмсэн эмэгтэй хүн тамхи татах, согтууруулах болон мансууруулах зүйл хэрэглэх, цацраг идэвит нөхцөлд ажиллах, хүнд ажил хийх, өндөр өсгийтэй гутал байнга өмсөх зэрэг жирийн үед ч эмэгтэй хүний зайлсхийвэл зохистой зүйлийг юуны түрүүнд хийж болохгүй гэдгийг ихэнх нь хар ухаанаараа гадарлаж байдаг.

Гэхдээ жирэмсний явц элдэв хүндрэлгүй байгаа үед амьдралынхаа хэв маягийг тэр үндсээр нь өөрчлөөд байх шаардлагагүй юм. Гэсэн хэдий ч дараах зөвлөгөөг анхааралтай уншиж бололцооныхоо хэрээр дагаж, мөрдөхийг хичээх хэрэгтэй.

Нойр

Гол төлөв хоногт найман цаг унтаад байхад хангалттай байдаг ч ядарч байгаагаа мэдэрвэл өдөртөө ганц хоёр цаг илүү унтлаа гээд буруудах зүйлгүй. Бүр тодорхойлбол хэдэн цаг унтах нь тухайн эмэгтэй сэтгэл санаа, биеийн байдлаас бүрэн хамаарна.

Дасгал, хөдөлгөөн

Дасгал хөдөлгөөн нь жирэмсэн эмэгтэйд өөрт нь болон ирээдүйн хүүхдэд хэрэгтэй. Гэхдээ дасгал гээд сонирхсон таарсан болгоноо хийгээд байж болохгүй. Зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулан тусгайлан болосвруулагдсан дасгал, хөдөлгөөнийг ачааллыг нь хэтрүүлэлгүйгээр, эмчийн зөвлөгөө, хяналтын дор хийх шаардлагатайг мартаж болохгүй.

Гэрийн тэжээвэр амьтад

Нохой, муур, тоть, загас гэх гэрийн тэжээвэр амьтад нь хөл хүнд болохоос нь өмнө ямар нэг харшил өгдөггүй байсан тохиолдолд гаж нөлөө үзүүлдэггүй. Гэхдээ жирэмсний үед эмэгтэй хүний биед эрс өөрчлөлтүүд гардаг тул гэнэт харшилтай болохыг үгүйсгэх аргагүй. Иймд нохой, муурыг эрхлүүлсний дараа ханиах, найтаалгах, нулимс, нус гоожих зэрэг харшлын шинж тэмдэг илэрвэл тэднийг төрөх, хүртлээ төрсний дараа ч хэсэг хугацаанд өөр газар байлгасан нь дээр.

Нярай хүүхдэд маш аюултай тусч болзошгүй өөр нэг зүйл нь токсиплазмоз юм. Гэхдээ эн аюул нь зөвхөн гэрийн тэжээвэр муурнаас нүүрлэдэг гэдгийг онцлох хэрэгтэй. Иймд тэжээвэр муурны тарьсан элдэв хогийг цэвэрлэх хэрэг гарвал дор хаяж бээлий өмсөж, үгүй бол өөр хүнээр цэвэрлүүлж байх нь өлзийтэй.

Секс, бэлгийн амьдрал

Хэрвээ жирэмслэлт хэвийн, хамтрагч, эсвэл нөхөр нь элдэв халдваргүй бол жирэмсний үеийн бэлгийн хавьтал нь ямар нэг саад бэрхшээл учруулдаггүй. Зөвхөн эхний болон сүүлийн хоёр сард л сексээс татгалзах хэрэгтэй. Мөн гэдэс томрохын хэрээр эрэгтэй нь дээр байрлалаас татгалзаж, өвдөг-тохойн байрлал зэрэг жирэмсэн эмэгтэйд эвтэй байрлалыг сонгосон нь дээр.

Эм, тариа

Ихэнх эм, бэлдмэл нь ирээдүйн хүүхдэд хор нөлөө үзүүлж болзошгүй байдаг. Иймээс жирэмсэн үедээ хэдий чинээ эм бага ууна төдий чинээ сайн. Эх барих, эмэгтэйчүүд -ийн эмч бичсэнээс бусад эмийг хэрэглэхээс зайлсхий.

Цаашлаад элдэв өвс ногооны хандтай эмийг, тан, эрүүлжүүлэх цай зэргийг хэрэглэхдээ тун анхаарал болгоомжтой байж зааврыг нь сайтар уншиж, эмчээсээ зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Бие таагүйтсэний улмаас эмнэлэгт үзүүлэх хэрэг гарвал юуны түрүүнд хөл хүнд гэдгээ хэлж, анхааруулж байх хэрэгтэй юм. Хэрэв “түргэн тусламж” дуудахдаа жирэмсэн гэдгээ заавал хэлж байх хэрэгтэй.

Хооллолт

Жирэмсний хооллолтыг бүхэл бүтэн шинжлэх ухаан гэж болно. Иймд гол зарчмуудыг нь товч дурдъя. Нэгт, бага багаар олон удаа хооллох. Хоёрт, харшил үүсгэгч бүтээгдэхүүнээс зайлсхийх. Гуравт, “пирамид”-ын буюу “гэрийн” зарчмаар хооллох. Жирэмсэн үед талх, үр тарианы ургалын бүтээгдэхүүн, чанасан будаа, хөндий гоймонгийн бүтээгдэхүүнүүд хэрэгтэй болдог тул эдгээр нь пирамид буюу гэрийн суурь нь болдог. Жимс, ногоо нь барагцаагаар дунд хэсэгт орно. Түүнээс дээш багахан хэсэгт сүүн бүтээгдэхүүн, мах, шош, өндөг, самар орно. Пирамидын орой дээр өөх тос, амттан байх бөгөөд тэднийг бага хэмжээгээр хэрэглэнэ.

Шингэн

Өдөрт багаар бодож наймаас цөөнгүй аяга/стакан шингэн ууж байх ёстой. Сүүлийн үеийн судалгаагаар жирэмсний явц хэвийн байхын тулд бүр хавантай үед ч шингэнийг хязгаарлахаад хэрэггүй гэж үзэж байгаа. Мөн цай, кофе, хийжүүлсэн ус, /рашаан энд хамаарахгүй/ зэргийг өдөрт гурван аяганаас илүү хэрэглэхээс зайлсхийх. Нөгөө талаас жирэмсний сүүлийн саруудад дунджаар 45 минут тутамд шээх хүрдэг тул бага уухыг бодох хэрэгтэй.

Амин дэм буюу витамин

Жирэмсэн эмэгтэйд их хэмжээний төмөр, кальци, фолийн хүчил (В9 амин дэм) хэрэгтэй байдаг. Төмрөөр шош, навчит ургамлууд, сүү, өндөг, загас, гэрийн тэжээвэр шувууд баялаг. Харин фолийн хүчлээр исгэсэн талх, шош, өндөг, бөөр, улаан манжин, байцаа, вандуй, улаан лооль баялаг байдаг. Кальцын сайн эх үүсвэр нь сүү сүүн бүтээгдэхүүн , түрэг шош, вандуй, ногоо ( яншуй, ногоон гоньд) ба өндөгний шар зэрэг юм. Хэрэв эдгээр бодисыг хоол хүнсээрээ хангалттай авч чадахгүй бол эмчид хандан аминдэм буюу витамин агуулсан эм бэлдмэлийг худалдан авч хэрэглэхээс өөр аргагүй.

Эрүүл агаар

Хөл хүнд эмэгтэй зайлшгүй хэрэгтэй зүйл нь эрүүл агаар. Хүсвэл их хотын нүргээн, бохир агаараас зайдуу цэвэр агаарт гарах боломжгүй хүн гэж байхгүй биз. Ер нь гэр орноо өдөр бүр цэвэр агаар оруулж байх хэрэгтэй, ялангуяа унтахын өмнө.

Ажил

Хэрэв жирэмсний явц хэвийн үед өдөрт 6-аас илүүгүй цагаар ажиллаж болно.

Стресс

Яльгүй зүйлд сэтгэл догдлолгүй, тайван байхыг хичээх хэрэгтэй. Гол нь амьдралдаа сэтгэл хангалуун, бага ч гэсэн зүйлээс ханамж авч сурах хэрэгтэй юм. Санаа зовох, айдас түгшүүр хэрээс хэтэрсэн гэж үзвэл эмчид үзүүлэн зөвлөгөө авч, ийм үед хэрэглэхээр боловсруулагдсан стресс тайлах тусгай дасгалуудыг хийж болно.

Усан орох, усан эмчилгээ

Халуун ус, саунд удаан суух нь хэт хүйтэн устай усанд удаан орохтой адил таагүй нөлөө үзүүлнэ. Иймд өөрийн онцлогийг харгалзан үзээд эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.

SOURCE: www.103.mn

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.