Ягаан шилээр харж байсан амьдралынхаа, яг гол дунд нь сэрчихээд зогтуслаа…” Зогтусаад зогислоо. Зогисолт болгоны цаана “Яагаад?” гэсэн асуулт ялын байцаалт мэт сунжирлаа. Яагаад? Яасан гэж? Ямар буруутай гэж? Юугаар дутаасан гэж? Хууран мэхлэлтийн үзэн ядмаар хоосон цуурай өөдөөс “Яагаад?” гэж хүнгэнэж байна. Хүмүүс ингэхэд яагаад нэгнээ хуурдаг вэ?
Яагаад өөрийгөө хуурдаг вэ? Судалгаанаас үзэхэд эрчүүдийн 44-76 хувь, эмэгтэйчүүдийн 21-50 хувь нь ёс зүйн ийм алдааг амьдралдаа ядаж нэг удаа ёс мэт гаргадаг гэнэ. Уучламгүй. Уучлах ухаан байсан ч зүрх эдгэмгүй. Итгэж явсан хүндээ гэнэт хууртагдах хаврын тэнгэрийн огцом хувирал мэт санаандгүй. Гэсэн ч олон мянганы турш полигами байсан хүн төрөлхтний үнэнч бус эртний зөнд бурууг шударга бусаар даатгаад, шалтгааныг хуурсан нүгэлтэн, хууртагдсан “сахилтан” хоёулангаас нь асууя.
Хууран мэхлэгчид “худал”-тайгаа хамт төрдөг үү, эсвэл?
Яг ч тийм биш. Мэдээж, “эх нь хээр алаг бол унага нь шийр алаг”-ийн хууль энд үйлчилнэ. Гэхдээ хэрэв хувьсгалын тохироо бүрдвэл “орчлон ертөнцийг хоосон хэмээн бясалгасан” ямар ч гэгээн үйлстэн “цагаан харыг гялбуулсан” үзэсгэлэн гоод цаламдуулж, ямар ч журамт бүсгүй давахгүй гэсэн даваагаараа 13 давж мэднэ. Өөрөөр хэлбэл, араар тавилт хэмээх амьдрал үймүүлдэг, айл гэр “үйрүүлдэг” нэр томъёо орчин үед хөтлөлцөөд алхаж буй хос болгоны атгасан гар дээр “сандайлаад сууж” байдаг түгээмэл үзэгдэл болжээ. Хэрэв тохироо бүрдвэл хуурч чадах зориг ба хүсэл “манай эриний залуусын” сэтгэхүйд ч бас аль хэдийн бүрдчихсэнийг судлаачид сануулдаг. Харин тус нарийн тохироог юу бүрдүүлдэг вэ?
Уйдалт
Хамгийн түгээмэл шалтгаан. “Би бантанд дуртай л даа, гэхдээ өнөөдөр өөр хоол идмээр байна” гэх биологийн дуудлагатай адил зүйл юм. Хоёр гартаа зайрмаг барьчихсан жаалхүү чихэр авах гэж уйлдаг шиг өөрт байхгүйдээ шунах, өрөөлд буйд сэтгэл алдрах нь хүний ухвар мөчид мөн чанар ч юм бил үү. Харилцааны аль нэгэн мөчлөгт уйдалтын үе шат эхэлдэг. Байгалийн зохилдлого. Үгүй бол анхных шиг хүчтэй ассан гал тэр чигээрээ арав, хорин жил үргэлжилбэл хосууд аль хэдийнээ өөрсдийнхөө өрдсөн түймэрт өртөөд “үнс нурам” болно шүү дээ. Уйдалтын үе шатанд хүмүүст шинэ, өөр бүхэн таатай санагддаг. Ихэнх тохиолдолд тэрхүү Шинээ нь Хуучинхүү, эсвэл Хуучин-Охиноос илүү сайхандаа биш, шинэдээ л сайхан нь оршиж байгаа юм. Тэгээд л өөр үнэр, өөр зангиа, өөр инээд, өөр харц, эцэст нь өөр дуу алдалт… Конец фильма!
Торонд орсон “шувуухай” эрх чөлөөнд тэмүүлсэн нь
Микеланжелогийн зурсан хонгорхон шаргал сэвлэгтэй сахиусан тэнгэрүүдийг санаж байна уу? Тэдний онилсон суманд оногдсоныхоо дараахан хосууд “Чиний торонд хоригдъё” хэмээн сүмд яаран очдог. Хэсэг хугацааны дараа “торондоо” давчдаж эхэлнэ. “Тор”-ны цаана жинхэнэ амьдрал өрнөөд ч байгаа юм шиг, “тор”-ноос түр гарчихвал жинхэнэ аз жаргалыг мэдрэх ч юм шиг гэгэлзэнэ. Хайраар хашсан, гэр бүлийн үнэ цэнээр хайсалсан “тор нь” таалагддаггүйдээ бус, яах вэ дээ хөөрхий, хүн юм чинь, зүгээр л гарч “агаар амьсгалчихаад” ирэх зуур харилцаанд нь асар том АГААР гарчихсан байна. Эцсийн эцэст хэн ч “тор”-ны түгжээг шөнө дунд мултлахдаа түүнийгээ хуурна гэж төлөвлөөгүй байсан. Эрх чөлөөнд тэмүүлсэн нислэг эргээд буухдаа газар мөргөв.
Төөрөгдөл
Бид бүгд л төөрөлддөг. Заримдаа бүр өөрөө өөрийнхөө дотор төөрөөд байхад аж амьдрал, ахуйн элдэв асуудалд төөрөлдөж гүйцэхэд гайхах зүйлгүй. Тэр тусмаа харилцааны түмэн нугачаа, мянган бартаанд бүдчихгүй хүн бий гэж үү. Хостойгоо ам муруйж, сэтгэл эмтэрсэн энэ үед хэн нэгэнтэй “яахаас ч буцахгүй” болох нь бий. Толгой эргэсэн үед хүсэл ч бас эзнээсээ урвадаг. Хэрүүлийн алим шидэлцэн, хаалга саван гарсныхаа дараа хэнийх рүү зүглэж байгаагаа анзаарай. Эмзэг сэтгэл “нүцгэлэхэд” ганцхан алхам дутуу байдаг гэнэ билээ.
Зовох цагт дэрлэх мөр хайх
Харилцаа нь нэгэнт хөндийрч, дэр хуваах ч сэтгэлээ нэгэнт хуваахаа байсан хосуудын хувьд “улс төрийн орогнол хүссэн өргөдөл” нь “төвийг сахисан аль нэгэн улс”-ын “иргэн” болсноор буюу араар тавилтаар дуусах нь элбэг. Хартай эхнэрийн байнгын тандалт, ууртай нөхрийн алганы амтаас зугтагсад өөрийг нь хүний ёсоор үнэлсэн эхний хүний халамжинд “зүүгддэг”. Гэтэл энгэрт зүүгдэх хүүхдүүдээ яах вэ?
Өшөө авалт
“Чи миний гэсэн бүхнийг хүнд өгч чадаж байгаа юм бол, би чиний гэсэн болгоныг үрэн таран хийнэ, хохь чинь!”. Хайртай хүнээ хэн нэгэн энгэр султай, эрх муужгай шиг “шуламтай”, эсвэл нэг цохиход хийсээд уначихмаар эр хүн гэхэд хэцүү “инээдтэй юм”-тай “хувааж” байснаа мэдсэний дараа шархалсан бардам зүрхтнүүд үзэн ядалт, уур бухимдлаар өвчилж, нүдийг нүдээр, бөөрийг бөөрөөр “худалддаг” байна. Харамсалтай нь өөр хэний ч нүд, хэний ч бөөрийг “идээд” урвалтаас үүдсэн өвчин намддаггүй.
Өөрийгөө батлах оролдлого буюу “Би хэн бэ?”
Эго заримдаа биднийг эвгүй байдалд оруулдаг. Эсрэг хүйсийнхээ хүний дурыг татан, хүслийг өдөөж буйгаа мэдрэх нь ичгүүргүй хувиа хичээсэн ЭГО-д сэтгэл ханамж авчирдаг гэнэ. Тэрхүү эсрэг хүйсийнхэн гэдэг ерөнхий томъёолол дор эхнэр, эсвэл нөхрийн нэр эхний эгнээнд багтах боловч хамтдаа өнгөрүүлсэн дэндүү тайван, дэндүү удаан цаг хугацаа ихэнх хосуудыг “саармаг” хүйстэн болтол нь нэгтгэчихсэн байдаг. Өөр нэгэнд таалагдаж буйгаа анзаарах нь дүрсгүй эгод шууд л “Чи сайхан залуу/бүсгүй” гэсэн дохиоллыг өгдөг бөгөөд “Чи гайхалтай залуу/ бүсгүй” гэсэн тэмдэгтийг хүлээж авахын тулд шаргуу “хөдөлмөрлөхөд” хүргэдэг байна. Ажил хийвэл ам тостдог бол араар тавих “ажил” дэмий “хөлөргөхөөс” өөр юу ч “тостдоггүй”.
Адал явдал хайхуй дор
Яагаад хүмүүс ямар ч барьцгүй, ялаа хальтрам цавчим хаданд авирч, нэг л үйлдэл буруу хийвэл “Шүхэрч Буниа”-гийн гунигт түүхийг давтана гэдгээ мэдсээр байж онгоцноос үсэрч, ширүүн урсгалт голд сэлүүрээс өөр зэвсэггүйгээр байгалийн хүчтэй тулалддаг вэ? Адал явдал хайхын тулд. Учир нь хүн болгоны тархинд эрсдэлд тэмүүлэгч, элдэвтэй, энгийн бус зоригтой эсүүд байдаг гэнэ. Мөнөөх хэргийн эзэн зүггүй золигнууд ухамсаргүйн доторх унтаа байдалд удаан оршихыг тэвчдэггүй болохоор “үнэнч байх үүрдийн тангараг өргөсөн сахилтнуудыг” дээрээс нь түншиж, доороос нь хатгасаар байгаад Шерлок Холмс сайхан “зохиол” болохыг сануулж дөнгөдөг. Муур хулгана болж хөөцөлдөхөөс өөр юу тийм их ухаан заль, айдас түгшүүр, авьяас чадвар шаардах билээ. Шөнө дундын утасны дуудлага, дугаар андуурсан мессежүүд, гурван цаг түгжирсэн зам, гэнэт илүү цагаар ажиллах болсны шалтгааныг “дээд шүүх”-д өргөн мэдүүлж, ямар ч өмгөөлөгчгүйгээр тэнсэнтэй гарч ирэх… Энэ л жинхэнэ адал явдал биш гэж үү? Гэвч байз, тархин дахь thrill seeker эснүүд нь идэвхжээгүй “азгүй” нэгэн нь хүйтэн хөнжилд ганцаараа уйлж байна…
Нөлөөт толины тусгал
Хууран мэхлэлт, араар тавилтын “нөлөөт толь”-нд эцэг эхийнхээ итгэл нь “хугарсан” дүрсийг харж цочирдсон хүүхдүүд “Би хэзээ ч ийм хүн болохгүй” гэж хагарсан гэр бүлийнхээ голомтон дээр андгайлдаг ч үйлийн үрийн тохиол ч гэх үү, үзэж сонссоор дөжирсөндөө ч тэр үү, нэг л мэдэхэд буруу замаар будаа тээгээд, буцахдаа гэмшил тээгээд явж байх нь элбэг. Судалгаанаас үзэхэд багадаа үзэх ёсгүй юм үзэж “гэмтсэн” хүүхдүүдийн 80 орчим хувь нь хожим өөрсдөө үнэнч бус байдал гаргадаг байна. Өст хүн өлийн даваан дээр гэдэг. Харин хууран мэхлэлт амьдралын аль ч үед, ямар ч “даваан” дээр отдог ажээ.
Бие холдвол сэтгэл холдоно /эсвэл сэтгэл холдвол бие холдох уу/
“Хүлээгээрэй. Хүлээнэ ээ… Цаг цохилно. Орон зай хэлбэлзэнэ… Хүлээж чадсангүй ээ. Ойлгож байна аа…” Бие холдохоор сэтгэл холддог. Холдсон сэтгэл ойрхон биенд “хууртагддаг”. Орчин цагийн хосуудын сэтгэл хэдхэн бээр, цөөхөн хором төдийгөөр хуучирдаг болсон нь энэ нийгмийн эмгэнэлт үзэгдэл үү? Араар тавилтын дийлэнх нь амраг нь үгүй хойгуур ар хударгаар тохиолддог байна. “Зай холдох тусам зүрх улам ойртдог” гэх эртний сайхан үг эртний үедээ, “сайхан” чигээрээ үлдэв бололтой. Ирсэн зочин буцдаг, явсан хүн ирдэг. Энэ үед “Надаар тоглосон хайр”-ыг “Нэг л уучилъя” гэх уужуу дотортнууд хэд бол?
Сексийн таашаал авахын тулд
Ийм төрлийн араар тавилт бол ердөө л “Таалагдсан, таалагдсан, түүний гоё секс” гэх рок дууны дахилт мэт мэдрэмжээ дур-аар “тавилт” юм. Эрчүүдийн дийлэнх нь олон эмэгчинд үр удмаа үлдээх, “сүргийн ахлагч” болохоо батлах, эзэрхийлэх, хүч чадалдаа эрэмших, өөрийгөө ЭР ХҮН мэтээр мэдрэхийг хүссэн зөндөө захирагдан, хэн нэгэн /эхнэрийг нь мэдээж гүйцэхгүй/ бүсгүйн нууц хэсгийг “харчихдаг” байна. Амташвал энэ “хэрээ” арван гурав дахиж ч мэднэ. Эмэгтэйчүүдийг нэг ч чулуу өрөөгүй байхад эрчүүдийн босгосон энэ “овоо” хамгийн өндөрт хүрч, хамгийн их асуудал үүсгэдэг ч хэрэв баригдаагүй бол тэд “Би гэртээ, нэг ч уруулын будгийн толбогүй, нэг ч сүрчгийн нялуун үнэргүй” хэмээн дуу аялсаар, юу ч болоогүй юм шиг ороод ирж чаддаг. Үнэндээ тэд юу ч болоогүй гэж бодож байгаа. Эрчүүдийн хувьд секс бол араар тавилт биш!
5 Comments
араар тавихад шалтаг шалтгаан мундахгүй. сарын тэмдэг ирэхгүй байна гэдэг хүний өөрийнх нь биемахбодийн онцлог. санаа зоволтгүй дөнгөж 14-тэй юм байна. гэхдээ эмчид хандаарай.
sain bna uu? manai duu odoo14 nastai tegtel sariin ym ni irehgui baih ym odoo yah ve? tuslamj ogch tuslaach guiy
zayad : amidrald tomiyo baihgui gedeg bizdee naad nuhurtuu bitgii tiim yavj bolno ingene tegne geh tolgoid ni hiij uguud bgaach, barigdahgui l bolohoos hetsuu humuus shuu itgej er bolohgui
Эхнэр нөхөр нь тухайн хүний хувийн өмч болох үед гэр бүлд асуудал гардаг юм шиг санагддаг. Хууралт, араар тавилт гэдэг хэн нэгнийгээ хий хоосон хардаж сэрдсний улмаас хоосон хардуулснаас хийгээд хардуулъя гэсэн сэдлийг өгдөг юм болов уу? Эсвэл өвчин болчихсон ч байж мэдэх юм. Би нөхрийгөө чөлөөтэй чи явж болно гэдэг ч тийм зүйл болоогүй л байна. Учир нь би түүний физиологийн хэрэгцээг хангах боломжгүй байгаа юм л даа. Хэрвээ нээлттэй ярилцаж бие биенээ ойлгож чадвал гэр бүлээс гаднах бэлгийн харьцаа үүсэх нь бага юм шиг санагдаж байна. Манайхан юу юуны духанд хүрэлгүй хардаж сэрдэж, элдэв муугаар бие биенийгээ хэлээд бүр цаашаа түлхээд байдаг юм болов уу?
оффшортой бол араар тавина гээч.