Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Гэсэн ч иргэд бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг, эмчилгээний талаар мэдээлэл багатай байдаг. Тиймээс бид энэ удаад бэлгийн замын халдварт өвчин хийгээд түүний хор нөлөөний талаар “Гоодаль” эмнэлгийн ерөнхий эмч Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.
– Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн насны байдал ямар байна вэ?
– Бэлгийн замын халдварт өвчнөөр ихэвчлэн нөхөн үржихүйн насны буюу бэлгийн идэвхитэй амьдралтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс өртөж байна. Гэхдээ бэлгийн замын халдварт өвчнөөр бэлгийн хавьталд орж байгаа бүх насны хүмүүс өртөх боломжтой байдаг. Ерөнхийдөө бэлгийн харьцаанд орох нас эрт болсон учраас залуучуудад бэлгийн замын халдварт өвчин илрэх нь их байгаа юм.
– Хамгийн их тохиолдож байгаа бэлгийн замын халдварт өвчин юу вэ?
– Бэлгийн замын халдварт өвчин нь замбараагүй, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос халдвар авах тохиолдол их байгаа. Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүс мэдэгдэх нь цөөхөн байгаа боловч үзлэгт хамрагдаж байгаа хүмүүсийн гуравны нэгт бэлгийн замын халдвар илэрдэг. Бэлгийн замын халдварт өвчин нь оношлогдож байгаа хүрээллээсээ болоод тэмбүү, трихомониаз, заг хүйтэн ихэвчлэн илэрдэг. Трихомониаз, заг хүйтэн хоёртой байнга хамт явдаг өвчин болох хланид. Хланид өвчний оношлогоо нь өндөр үнэтэй байдаг учраас мазокын шинжилгээн дээр шууд илэрдэггүй. Тиймээс энэ нь оношлогдохгүй хирнээ трихомониаз, заг хүйтэн өвчнийг байнга дагаад явж байдаг юм. Мөн тэмбүү өвчин маш их болсон. Оношлогдохгүй байж байгаад төрөлхийн тэмбүүтэй хүүхэд ч гарч ирэх тохиолдол цөөнгүй байна. Энэ нь маш аюултай. Тэмбүү өвчний хортой чанар маш их.
– Бэлгийн замын халдварт өвчнийг эмчлэхгүй удаан явах нь ямар хор уршиг дагуулдаг вэ?
– Зөвхөн үтрээнд байдаг болон үтрээнээс цаашладаг бактер гэж байдаг. Үтрээнээс цаашладаггүй бактерийн хор нөлөө бага байдаг. Харин бэлгийн замын халдварт өвчин нь хүний биед маш их хорт нөлөөтэй. Өөрөөр хэлбэл үүнээс болж эмэгтэйчүүдийн бүхий л хүндэрлүүд гарч ирдэг. Тухайлбал жирэмсний үеийн хүндэрлүүд, өсөлтгүй жирэмслэлт, өндгөвчний үрэвсэл гэх мэт олон асуудлыг дагуулдаг. Мөн бэлгийн замын халдварт өвчнийг эмчлэхгүй удаан явах, дур мэдэн эмчилгээ хийснээс болж өндгөвч, умай үрэвсэнэ. Энэ нь цаашлаад савны гадуурх жирэмслэлт, өсөлтгүй жирэмслэлт, зулбалт, жирэмсэн үеийн халдвар гэх мэд маш олон төрлийн хүндэрлүүдийг араасаа дагуулна.
– Тэмбүү өвчний илрэх шинж тэмдэг ямар байдаг вэ? Энэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд бүрэн эдгэх боломжтой юу?
– Тэмбүү өвчний халдвар авснаас хойш долоогоос арав хоногт илэрдэг. Гэхдээ мазокоор илрэхгүй цусаар илэрдэг учраас оношлогдохгүй удаан хугацаагаар явах тохиолдол их бий. Тэмбүүгийн халдвар авлаа гэхэд шууд илрэх илрэл нь бага байдаг. Хуучин бол хатуу, эмзэглэлгүй, гадаргуу нь тэгш, яр гардаг байсан бол сүүлийн үед тийм яр бараг гарахаа больсон. Ховор тохиолдолд бэлэг эрхтэн дээгүүр энэ төрлийн хатуу яр гардаг. Энэ өвчин нь нэгдүгээр үе, хоёрдугаар үе, гуравдугаар үе гээд цаашлах тусам эрхтэн системийн өвчин болдог учраас аюултай. Хоёрдугаар үедээ биеэр тууралт гарах, гуравдугаар үедээ мөгөөрсөн эдүүдийг гэмтээх зэрэг бүх эрхтэн системд өөрчлөлт оруулдаг. Энэ өвчин нь ерөнхийдөө цусаар оношлогддог. Тэмбүү гэж оношлогдоод эмчлэгдсэн ч гэсэн эсрэг бие үүсээд хүний цусанд тэмбүү гэж оношлогдох тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл хичнээн эмчлэгдсэн ч гэсэн эсрэг бие үүссэн тохиолдолд шинжилгээнд тэмбүүтэй гэж гарч ирэх тохиолдолууд байдаг.
– Жирэмсэн эх тэмбүү өвчнөөр өвчилсөн тохиолдолд урагт ямар нөлөө үзүүлэх вэ? Тэмбүүгээр өвчлөөд эмчилгээ хийлгэсэн тохиолдолд хүүхэд гаргаж болох уу?
– Тэмбүү өвчин цусаар дамжиж урагт нөлөөлдөг. Тиймээс төрөлхийн тэмбүүтэй хүүхэд гарах магадлал өндөр. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд гарвал бүр аюултай байдаг. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд одоо болтол төрсөөр байгаа. Тэмбүү өвчний талаар дараагийн ярилцлагандаа илүү дэлгэрэнгүйгээр тайлбарлах болно.
– Трихомониаз өвчний талаар мэдээлэл өгөхгүй юу? уг өвчний илрэх байдал ямар байдаг вэ?
– Энэ өвчин нь мазокийн шинжилгээгээр ихэвчлэн оношлогддог. Гэхдээ энэ өвчний илрэх шинж тэмдэг бага байдаг. Бэлэг эрхтэнээс хөөсөрхөг цагаан зүйл гарна. Мөн загатнах, хорсох шинж тэмдэгүүд илэрдэг. Энэ өвчин эрт үедээ мазокоор оношлогдох боломж өндөр байдаг. Харин антбиотик хэрэглэж удааснаас болж мазокоор оношлогдох байдал буурдаг. Тиймээс мөөгөнцөр гэсэн нэрийдлээр олон жил хадгалагддаг аюултай өвчин болж хувирдаг. Энэ өвчний хамгийн аюултай хор хөнөөл нь дотор салсархаг хэсгийг ихээр гэмтээдэг тул умайн хүзүүний шарх, улайлт үүсгэдэг.
Цистить өвчнийг мөн үүсгэх магадлалтай. Цистить өвчин ямар нэгэн халдвараас болж үүсдэг. Өөрөөр хэлбэл цистить нь давсагны дотор хананы өрөвсөл юм. Тиймээс ямар нэг үүсгэгч байгаа учир үрэвсдэг гэсэн үг. Иймээс шээсний сүвний дотор салстыг үрэвсүүлээд байгаа хүчин зүйлийн нэг нь трихомониазийн үрэвсэл байж болдог.
– Энэ өвчнөөс болж үргүйдэл үүсдэг үү?
– Гуурсан хоолойны дотор салст гэж байдаг. Энэ нь маш нарийхан хэсэг. Тэр нарийнхан хэсгийг трихомониазийн халдвар нарийсгаж өрөвсөл үүсгэдэг. Хүмүүс залуу байхдаа халдвар авчихаад олон шалтгаанаас болж оношлуулж эмчлүүлэхгүй явснаас, мөн дур мэдэн эмчилгээ хийснээс өвчин архаг байдалд шилжилж гуурсан хоолойны үрэвсэл үүсгэж, салстуудыг хооронд нь наалдуулж үргүйдэл үүсгэдэг.
– Мазокоор оношлогддоггүй бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд ямар шинжилгээ хийлгэх хэрэгтэй вэ?
– Нарийн шинжилгээ гэвэл “бактерлоги” шинжилгээ байдаг. Энэ нь хоёроос гурав хоногт бактерийг ургуулаад хардаг учраас түүнд юу байна бүгдийг харах боломжтой байдаг. Уг шинжилгээгээр маш орон бактерийг харж, өвчнийг илрүүлэх боломжтой. Энэ шинжилгээг харамсалтай нь эмнэлэг болгон хийхгүй байна. Мөн хариу нь их удаж гардаг гэх мэт хүндэрлүүд байна. Ер нь эмэгтэйчүүд дур мэдэж эм тариа хэрэглэж болохгүй бөгөөд мазокний шинжилгээ заавал өгөх хэрэгтэй. Боломжтой бол бактерлогийн шинжилгээ өгөх нь зөв.
– Бэлгийн замын халдварт өвчнийг ахуйн замаар авах тохиолдол байдаг уу?
– Ерөнхийдөө бэлгийн замын халдварт өвчнийг 00-ийн суултуураас ч юм уу авч болно гэж үздэг. Тэр байтугай өвчтэй эх, эцэг хүүхдээ өвөртөлж унтахад халдсан тохиолдол олон байдаг. Энэ нь ахуйн замаар халдварладаг гэсэн үг.
– Заг хүйтэн өвчний талаар мэдээлэл өгөөч?
– Энэ өвчин бас маш их аюултай. Энэ өвчний халдварыг авсан тохиолдолд 7-14 хоногтоо нууц үедээ байдаг. Шар ногоон, идээрхэг ялгадас эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс адилхан гарах шинж тэмдэг илэрдэг. Тэр дундаа эрэгтэй хүмүүсийнх өглөө босоход их хэмжээгээр гарсан байдаг. Мазокоор оношлогдох бүрэн боломжтой. Энэ өвчин нь өгсөх замаар хүний биед халдварлаад бүх л өрөвслийг үүсгэдэг. Идээрүүлэгч нян учраас оношлохгүй, эмчлэхгүй удаан явснаар хэвлийн хөндийн идээт үрэвсэл хүртэл болох тохиолдол байдаг. Тэр байтугай жирэмсэн байхдаа халдвар авсан тохиолдолд эмчлэхгүй байвал урагт нөлөөлнө. Ургийн усыг бохирдуулдаг. Ингэснээр хүүхэд дутуу төрөх, төрөх замаар халдвар авна. Урагт халдвар дамжсанаар хүүхдийн нүдэнд хамгийн түрүүнд илэрдэг. Төрсөн цагаас эхлэн хүүхдийн нүднээс ногоон нуух гарна. Үүнийг эмчлэхгүй удвал хүүхдийн нүдний эвэрлэг бүрхэвчийг гэмтээх цаашлаад хараагүй болох хүртэл аюул дагуулдаг. Тэгэхээр жирэмсний хугацаанд хяналтанд байх хэрэгтэй. Энэ өвчин эрэгтэй, эмэгтэй хүмүүст мөн үргүйдлийг үүсгэдэг. Өгсөх замаар өндгөвчний үрэвсэл, умай савны үрэвсэл үүсгээд хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Эрэгтэй хүнд мөн адил үрийн сувгийг гэмтээж үргүйдлийг үүсгэх эрсдэлтэй. Төмсөгнөөс эр бэлгийн эс ялгарч байсан ч гадагшуулалах замд үрэвсэл үүсч, наалдац үүсгэснээс болоод үргүй болдог.
– Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үргүйдлийн харьцаа ямар байгаа вэ?
– Эрэгтэй хүмүүсийн үргүйдэл сүүлийн үед маш элбэг болсон. Эрэгтэй хүмүүс үргүйдлийн 30,40 хувийг эзлэдэг байсан бол одоо ерөнхийдөө эмэгтэйчүүдтэй ойролцоо болсон.
– Хүүхэд бэлгийн замын халдвар авсан тохиолдолд мөн адил эмчлэгдэх үү?
– Үүсгэгчээ зөв олсон тохиолдолд бүрэн эмчлэгдэнэ.
– Бэлгийн замын халдвар авч төрсөн хүүхдэд нүднээс нуух гарахаас өөр ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
– Эрэгтэй хүүхдэд илрэлт нь харьцангуй бага байдаг. Эмэгтэй хүүхдийн доошоо мөн адил цагаан, ногоон ялгадас гарах, бэлэг эрхтэн нь хавдаж улайх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Энэ тохиолдолд үүсгэгчийн эсрэг эмчилгээг тунг нь тааруулаад хийхэд маш амархан эдгэдэг.
– Бэлгийн хомхой өвчин гэж юу вэ?
– Бэлгийн замын халдварт дээр дурдсанаас өөр маш олон халдвар байдаг. Үүний нэг нь бэлгийн хомхой юм. Энэ бол цусаар дамждаг вирус. Вирусын халдвар хорт нөлөө нь илүү байдаг. Энэ нь удаан эмчлэгддэг. Биеийн эсэргүүцэл сулрахаар эргээд сэдрэх нь элбэг. Үүнд шууд 100 хувь чиглэсэн эмчилгээ байдаггүй.
– Мөөгөнцөр юунаас болж үүсдэг вэ? Ямар тохиолдолд дахин сэдрээд байдаг вэ?
– Мөөгөнцөрийг үүсгэдэг үүсгэгч байдаг. Мөөгөнцөр 100 хувь эмчлэгдэх эмчилгээний үр дүн муу . Эм тарианы хувьд ч өндөр өртөгтэй байдаг. Энэ өвчнөөр өвчлөхгүй байх сэргийлэх арга бол дур мэдэж антбиотик хэрэглэхгүй байх шаардлагатай. Буруу антбиотик хэрэглэснээс биед байх ёстой бактеруудыг бүгдийг нь устгадаг. Үтрээнд өөрийгөө цэвэршүүлэх олон төрлийн бактер байдаг. Ашигтай нянгуудыг үгүй хийчихээр мөөгөнцөр идэвхижиж үүсдэг.
– Мөөгөнцөртэй эхээс мөөгөнцөртэй хүүхэд төрөх үү?
– Тэгнэ. Жирэмсэн байхдаа их антбиотик хэрэглэснээс биеийн дархлаа суларч, төрсөн хүүхдэд ихэвчлэн амны мөөгөнцөрөөр илэрдэг. Ам гэмтэх гэдэг нь амны мөөгөнцөрийг хэлдэг. Энэ нь эхээс урагт дамжсан байдаг. Мөөгөнцөр нь гэхдээ цусаар дамждаг өвчин биш.
– Бэлгийн замын халдварт өвчнөөс болж эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эмгэгүүд үүсдэг гэж ойлгож болох уу?
– Тэгэлгүй яахав. Ерөөсөө л нөхөн үржихүйн бүх халдвар үрэвсэл, жирэмсний туршид гарах бүх хүндэрлүүд үүнтэй холбоотой байдаг. Бэлгийн замын халдвар гэж цөөхөн тооны зүйл ярьж байгаа боловч оношлогдохгүй маш олон төрлийн бактерууд байгаа.
– Ярилцсанд баярлалаа.
Д.Солонго
Эх сурвалж: Zindaa.mn
1 Comment
world media is all about being sexy and seductive, all about sexual appeal but nobody seems to worry about consequences, bainga tv radiogoor anhaaruulj baih yostoi yum shd but no media mentions it, some sort of taboo