Монголчууд бид Чингисийн болон түүний үр ач болох дараа үеийн хаад ноёдын эмс хатдыг сайн мэднэ. Гэхдээ тэдний дийлэнх нь харийн дарангуйлал гээчийг амсаж эдлээгүй, ухаандаа бол Хамаг Монгол улс ялан дийлж байх үеийн эрхэмсэг бөгөөд эрх танхи хатад билээ. Харин Манжийн дарангуйлал дундаас мандан гэрэлтэж, басхүү зовлон гамшигт нэрвэгдэж асан хатдыг бид тэр бүр мэддэггүй. Галдан бошигтын Ану хатныг эс тооцвол шүү дээ.
Ер нь манай зохиолч, сэтгүүлч нар байлдаанч эр нөхрийнхөө үйлийн үрийн золиос болж манжуудын гарт үр хүүхдийнхээ хамт барьцаалагдан зовж явсан Лигдэн хааны хатан Бадамсутай, Ойрадын баатар Амарсанаагийн хатан Дэлэгдорж, Хотгойдын Чингүнжавын хатан Зүмпэрэл нарын тухай зохиол бүтээлдээ тусгаж байх нь зүйтэй юм. Ялангуяа Галдан бошигтын Зүүн гарын хаант улсын хатад эмс манж нарын гарт мянгантаа өртсөн байдаг. Социализмын үед төрийн бодлогоор зохиогдсон хуурмаг түүх бидэнд энэ тухай тодорхой ойлгоц өгч байсангүй. Харин сүүлийн жилүүдэд манай шинэ залуу түүхч нар Орос, Хятадын архив руу нэвтрэх болсоноор Зүүн гарын хаант улс хийгээд Баруун Монголын ард түмэн ямархан хатуу бэрх зовлон туулж ирсэнийг бид мэдэхтэйгээ болоод байгаа юм.
Жишээ нь түүхч На.Сүхбаатар өгүүлэхдээ “Манж нар Зүүн гарын 480 мянган хүнийг алж устгажээ. Энэ бол аймаар тоо. Тодорхой баримт бий. Манжийн цэргийн дарга нар эзэн хаандаа мэдээлж байсан мэдээллүүд байна. Тэд уултай газрыг гар гараасаа барьж байгаад самнасан байна. Жанжнуудын айлтгалд “500 махчинг алав, 1000-ыг барьж сөнөөв, 2000 хулгайг хийсгэв” гэх мэтээр бичсэн байдаг. Хүнийг алав гэхгүй “Махчин, босуул, хулгай, дээрэмчнийг алав” гэсэн нь манжууд ойрадуудыг яснаасаа үзэн ядсанд байлаа. Эхэндээ дандаа эр хүнийг нь алах бодлого барьж байв. Гэтэл ойрад эмэгтэйчүүд бүгд ханцуйдаа хутга бариад боссон. Тиймээс бослого дарах үйл явцад эр, эм, хүүхэд гэж ялгалгүй алах болжээ. Хүйс тэмтрэх гэдэг үг Зүүнгарын бослогыг дарах үед монгол хэлэнд орж ирсэн болов уу. Эр, эм гэхгүй алж хядна гэсэн үг. Нүүдэлчдийн дунд ямар ч үед эмэгтэй хүнийг алахгүй гэсэн хууль бий.
Ойрадын нэгэн ам цаазанд “Эмэгтэй хүний үсэнд гар хүрэхийг хориглоно. Мэс хүргэж болохгүй” гэсэн байдаг. Гэрийн хатавчинд нуугдаж байгаа эмэгтэй хүнийг алж болохгүй, олзол гэх мэт. Гэтэл манжууд бүгдийг нь хүйс тэмтэрсэн. Нэлээд хэсгийг нь олзолсон. Олзны хүмүүсийг Хятадын өмнөд рүү, муу амьсгалтай муж руу цөлсөн. Ингээд Зүүн гарын хаант улс эзгүйрсэн. 1765 онд буюу 10 жилийн дараа Зүүнгарын нутагт харуулын асуудлаар очсон манж түшмэл “20 хоног явахад нэг ч хүн таараагүй” гэж тэмдэглэсэн нь бий. Хүн ардыг хоосортол хяджээ. Энэ алан хядлага л монголчуудын хүн амыг цөөрүүлсэн” гэж мэдэгдэж байлаа. Ингээд Манжийн дарангуйлал дундаас мандан гэрэлтсэн хатдын тухай өгүүлсү.
ШОЛОЙ СЭЦЭН ХАНЫ ИХ ХАТАН АХАЙ ТАЙХУ
Манжийн дарангуйллын үеийн монгол хатдаас оросуудад ихэд нэр хүндтэй, нөлөөтэй явсан нь Сэцэн хан Шолойн их хатан Ахай Тайху бөлгөө. Шолой сэцэн хан 1652 онд насан эцэслэж, түүний орыг тавдугаар хөвүүн Баву нь залгамжилсан ч нас нь бага байсан тул Шолойн их хатан Ахай Тайху төрийн хэргийг удирдах болжээ. Эдүгээ Монголын Үндэсний архивын газарт таван ханатай гэрийн буурийн дайтай ургийн бичиг хадгалагдаж буй. Ийм том хэмжээний ургийн бичиг Монголд хоёрхон байдгийн нэг нь Сэцэн хан Шолойнх. Түүний 11 хөвгүүний үр хүүхэд, ач, гуч нийлсэн 12 үеийн 13 мянган хүний нэр дээрхи угийн бичигт тэмдэглэгдсэн байх бөгөөд энэ нь 1577 оноос 1905 он хүртэл тасралтгүй бичигдэхийг бодоход Сэцэн хан Шолой болон түүний их хатан Ахай Тайху нар хожмын үр хойчоо их л зөв залуурдсаны шинж гэлтэй. Сэцэн ханы нутаг нь Оростой хил залгаа болохоор оросууд манж нартай харилцахаасаа илүү Шолой сэцэн хантай харилцаж, улмаар нутаг хошууг нь өөрийнхөө эзэмшилд авах гэж олон жилийн турш санаархсан байдаг. Мөн Сэцэн ханы нутгаас алт, мөнгөний орд газар хайж, байгалийн баялагийг нь цөлмөхөөр улайрч байлаа. 1652 онд Оросын хаан Сэцэн хан руу элч нараа илгээсэн боловч Шолой сэцэн хан тэнгэрт халисан байлаа. Тиймээс Шолойн их хатан Ахай Тайху Туул голын өргөөндөө Оросын элч нарыг хүлээн авч уулзсан байна. Тэр үед Оросын элч нар “Сэцэн хан талийсан нь их азтай хэрэг боллоо. Одоо ухаан муутай, алт, сувдаар чимэглэсэн ганган хатан нь бидний гарын аясаар л хөдлөх болно” гэж бардамнаж байсан ч Ахай Тайху хатан Орост дагаар орох талаар ямар ч яриа хэлэлцээр хийхгүйг мэдэгдэж, харин Оросын хаантай эв найртай харилцах, элч солилцох хүсэлтэйгээ илэрхийлжээ. Ахай Тайху хатны энэхүү шийдвэр нь халх монголчууд тусгаар байдлаа гайхалтай хадгалж байсан дипломат бодлогын нэгэн жишээ болж түүхэнд үлдсэн билээ. Ахай Тайху нь төрийг засан төвхнүүлэх хатан ухаанд сүрхий мэргэшсэн хүн байж. Эртний монгол хатад нь улс орноо засан төвхнүүлэхдээ нэгдүгээрт соён гэгээрүүлэх үүрэг, хоёрдугаарт улсын дотоод хэргийн удирдагч байх үүрэг, гуравдугаарт улсын төсвийн удирдагч байх үүрэг, дөрөвдүгээрт тусгаар тогтнолч үүргийг гүйцэтгэж ирсэн байдаг. Хатан ухаантаны тусгаар тогтнолч үүргийг үлгэр жишээчээр хэрэгжүүлсэн хатад гэвэл Сорхогтан бэхи, Алаха бэхи, Сарангэрэл хатан, Самар хатан, Мандухай хатан, Ану хатан, Ахай Тайху хатан нар болой. Сорхогтан бэхи, Ахай Тайху нар чанд хатуу бодлогоор тусгаар тогнолч үүргээ биелүүлсэн бол Алаха бэхи, Сарангэрэл, Мандухай, Ану нар хаан буюу хатан ухааны хослолоор, дайнч байлдаанч чадвараараа тусгаар тогтнолч үүргээ гүйцэтгэсэн байх жишээтэй.
МАНЖИЙН НУРХАЙЧ БААТРЫН МОНГО-ГЭГЭЭ ХАТАН
Хойд нутгаас өмнийг зорин асар их сүр бараатай хөдөлсөн хорин даачаа хөсөг цуваа гурван өдөр, гурван шөнө довтолгосоор Жүрхэн аймгийн Сүксүхү голын эрэг дээр ирж буудаллав. Бусдаасаа илт онцгойрсон алтадмал сүйх тэрэгнээс будант хөндийг гэрэлтэн гийгүүлэхүйц нэгэн гоёмсог бүсгүйг бууж ирэхэд эзэн жанжинаа хариас угтахаар зорьж ирсэн Айшин гиоро овгийн гүжир хар эрчүүд “Ай, манай баатар тэнгэрлэг амьтан олж ирэв. Даруй Халхыг довтолж дарс шиг хүүхэн буулгаж ирсү” гэж шаагилдана. Хүүхэн үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Энэ бол Манжийн анхны хүчирхэг хаан Нурхайч баатрын Халх Монголоос буулгаж ирсэн Монго-Гэгээ хатан бөлгөө. Нурхайч баатар Халхын Хорчин түмнийг нэгжиж самнах шахам нэхэн сурвалжилсаны эцэст Хорчины ноён Мянганы бусдаас ихэд нууцалж байсан Монго-Гэгээ хэмээх үзэсгэлэнт бүсгүйг өөрийн болгоод байгаа нь энэ. Нурхайч нь 1583 оноос эхлээд өөрийн тархай бутархай Жүрхэн аймгийг нэгтгэж 25 насандаа Манжийн найман тугийн цэргийн тусгай ангийг үүсгэн байгуулж өөрийгөө хаанд өргөмжилжээ. Улмаар 1616 онд өөрийн байгуулсан улсдаа “Амага айсин гүрүн” хэмээх нэр өгсөн бөгөөд “Айсин” гэдэг нь “Алтан” гэсэн жүрхэн үг юмсанж. Энэхүү “Алтан гүрэн” хэмээгч нь яваандаа “Айшин гиоро” хэмээх овог болжээ. “Манжийн сүүлчийн эзэн хаан” хэмээх кинон дээр Хятадын цагдаа нар Манжийн сүүлчийн эзэн хаан Пү И-г “Айшин гиоро Пү И” гэж цоллоод байдаг нь ийм учиртай юмсанж. Манж гүрнийг Нурхайч баатар анх ингэж үүсгэн байгуулсан түүхтэй. Тэрбээр 1626 онд Мин улсын цэрэгтэй байлдаж яваад нас барсанаар түүний найм дахь хүү Абахай буюу Хон тайж хаан ширээг залгамжилж, улмаар эцгийнхээ эхлүүлсэн байлдан дагуулалтыг үргэлжлүүлж Мин улсыг дарж авсанаар улсаа “Манж” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь “Дайчин” гэсэн жүрхэн үг ажээ. Манжийн хаад язгууртнууд Нурхайчийн үеэс эхлээд улс төрийн болон бусад зорилгоор монголчуудтай ураг барилцсаар ирсэн байх бөгөөд тэд ихэвчлэн эртний Монголын Юан гүрний хаадын удам алтан ургаас хатан буулгадаг байж. Тэдний анхдагч нь Монго-Гэгээ хатан. Удаах нь Нурхайчийн хүү Хон тайжийн хатан Боржигод-Ши. Хон тайж нь Чингисийн алтан ургийн хүнтэй сууж үр удмаа үлдээхийн тулд мөн л халх нутгийг самнах шахам байж Боржигод хэмээх үзэсгэлэнт монгол бүсгүйг хатан болгосон байх жишээтэй. Нурхайчийн бас нэг хүү болох Гүен бэйл монгол хатан буулгасан байдаг. Манж нар эхэндээ Монголоос ийнхүү хатан буулгадаг байснаа сүүлдээ хүчирхэгжээд ирмэгцээ монгол ноёдыг Эфү буюу хүргэнээ болгож эрхшээлдээ лавхан оруулж авсан түүхтэй. Энэ нь Нурхайч баатрын гэрээслэл байсан бөгөөд тэрбээр “Ертөнцийг чичрүүлдэг байсан их Чингисийн уг үндэсийг миний цагаан дээлийн хормогчин дор сөгдүүлж явахыг би хүснэ” гэж үр хойчдоо захиж байсан гэдэг. Цагаан дээлийн хормогч гэдэг нь өөрийн нь удмын гүнж нар бөгөөд тэд дээлийнхээ хормогчин дороо халхын ноёд, вангуудыг сөгдүүлж явах тусгай даалгавар авдаг байж. Нурхайч баатар дээрхи алдартай үгээ анх Өвөр Монголын тайж Собун, Убай нарт хэлж, тэднийг “Түшээт хан” цолоор шагнаад өөрийн удмын ноён Шархайчийн ач охиныг Собун тайжид, өөрийнхөө төрсөн охиныг Убай тайжид гүнж болгон өгч “Бид цусан төрөл боллоо” хэмээн Халх даяар зарлаж байсан гэдэг билээ. Түүний хүү Хон тайжийн 14 охины ес нь монгол ноёдтой гэрлэжээ. Тэр цагаас эхлээд Манж хаадын бэлтгэл тавнан буюу бэлтгэл эфү (хүргэн) нарыг тусгай шалгуураар сонгож, Манжийн хааны ордонд хүмүүжүүлдэг болсоноор эфү Сэвдэнбалжир, эфү Сэнгээренчин, эфү Банди, эфү Дондовдорж, эфү Цэрэн, эфү Цэвээнноров, эфү Наянт ван, эфү Лхаваандорж нарын маш олон эфү бий болсон түүхтэй. Эхэнд өгүүлсэн Нурхайч баатрын Монго-Гэгээ хатны тухай мэдээлэл Монголын түүх бичлэгт маш ховор байдаг юм байна. Гэхдээ энэ хатан Жүрхэн аймагт гоо үзэсгэлэнгээрээ од болон гялалзаж явсан нь илхэн байгаа юм. Учир нь түүний хөрөг зураг Бээжингийн хааны ордонд залагдсан байх бөгөөд уг зураг дэлхийн дайны үед Тайвань улсаар дамжаад Америкт хүргэгджээ. Эдүгээ Америкийн Калифорни мужид амьдарч буй түүхч Ширчингийн Баатар Монго-Гэгээ хатны хөрөг зургийг олж үзсэн байх бөгөөд тэрбээр “Нурхайч баатрын эхнэр Монго-Гэгээ хатны хөрөг зураг Америкт хувь хүний цуглуулганд байна” гэж албан ёсоор мэдээлсэн билээ. Уг зургийг нэрт нийтлэлч Б.Болдсайхан эмч бас үзсэн бололтой “Миний үзсэн нь бол Монго-Гэгээ ба Боржигод-Ши хатны хөргүүд. Сайхан монгол бүсгүйчүүд байжээ” гэж твиттер дээрээ бичсэн байв.
“ОЧИРТ ЦАГААН ХОТ”-ЫН ГЭРЭЛ ГЭГЭЭ БАДАМСУТАЙ
Чингис хааны дөтгөөр хүү Тулуйн удмын Лигдэн хаан бол Монголын сүүлчийн их хаан байлаа. Тэрбээр 1604 онд 12 настайдаа Цахарын хаан ширээнд заларч Зүүн гурван түмнийг ерөнхийлөн захирах болжээ. 1618 онд Манжийн хаан Нурхайч Мин улсад дайн зарласнаар Лигдэн, Нурхайч хоёрын сөргөлдөөн эхэлсэн түүхтэй. Гэвч Лигдэн хаан хэтэрхий бардам зангаасаа болж Чингисийн алтан ургийг тасалж орхино гэдгээ тэрхэн үедээ ухаарсангүй. Тэрбээр Манжийн хаан Нурхайчид бардам үгтэй нэгэн захидал илгээсэн байдаг. “Би бол баатар Чингис хааны удам. 400 мянган монголын эзэн. Чи бол усны гучин мянган Зүрчидийн эзэн. Хэрэв чи миний өмнөөс дайрах гэж байгаа бол сайн бодоорой. Чи Хятад улсад ихээхэн гай гамшиг тарьжээ. Хятад бол миний сонирхолын бүс гэдгийг мэдтүгэй” гэсэн бол хариуд нь Нурхайч “Чи юундаа 400 мянган монголоор намайг айлгав. Та нар Дайдугаас хөөгдсөнийхөө дараа хиартал цохиулсаар жархан мянга болсоноо мэдэж байна уу. Тэдний ихэнх нь чамаас нүүр буруулжээ. Хуучирсан их тоогоор намайг айлгаж, миний их улсыг өчүүхэн хүнтэй гэж тохуурхахыг тэнгэр эцэг, газар эх үл тэвчинэ. Би Хятадыг дайтна. Чи нэг бөгөөс хамтар, үгүй бол бүү саад хий” гэсэн утга илэрхийлсэн байдаг. Үүнээс хойш Лигдэн хаан удаа дараа ялагдал хүлээж, бас ганцаардаж байсаар 1634 онд “Шар тал” гэдэг газар цэцэг өвчнөөр тэнгэрт хальжээ. Энэ үед Халхын Цогт хун тайж манж нарыг дагалдагч ноёдод хавчигдан ганцаардсан тул арга буюу эх орноо орхин Хөх нуурт ирж өөрийн авга ах, Монголын сүүлчийн хаан Цахарын Лигдэнтэй нэгдэхээр ирсэн боловч амьдад нь уулзаж чадсангүй. Лигдэнг тэнгэрт хальсаны дараа түүний бага хүү Цахарын ноён Абунай манж нарт баригдан цаазаар авахуулжээ. Мөн Лигдэнгийн хүү Эжээ Хонгор, түүний их бага хатад манжуудад олзлогдсоноор Монголын хаан ширээг залгамжлах учиртай Тулуйн удам угсаа тасарсан түүхтэй. Лигдэн хааны их хатныг Бадам сутай гэдэг байж. Зарим эх сурвалжид Сутай тайху гэж тэмдэглэсэн байх бөгөөд Бадам сутай хатан нь Манжийн дарангуйлал дундаас мандан гэрэлтсэн анхны хатдын нэг байлаа. Хааны тухай өгүүлэхэд хатан дагалдах нь зүй, хатны тухай өгүүлэхэд үзэсгэлэн дагалдах нь зүй. Их эзэн Чингис хааны эрх ямбыг эзэгнэнхэн төрсөн Лигдэн хутагт хааны үзэсгэлэнт амраг Бадам сутай хатан түүний байгуулсан “Очирт цагаан хот”-ын гэрэл гэгээ болж байсан нь түүхийн шарласан хуудаснаас аяндаа гэрэлтээд ирдэг. Лигдэн хааны энэхүү хотын туурь эдүгээ Өвөр Монголын Ар хорчин хошууны нутагт бий. 2009 онд Ар хорчин хошууны засгийн газраас “Лигдэн хаан хийгээд хаант төрийн нийслэл Цагаан хотын тухай бүх Хятадын эрдэм шинжилгээний хурал” гээчийг хуралдуулж, эндхийн Гэмпийн сүмээс олдсон 15 иж монгол дуу, хөгжмийг Лигдэн хутагт хааны ордны хөгжмийн нэг хэсэг болохыг тогтоожээ. Ар хорчин хошууны засаг захиргаа Лигдэн хаантай холбоотой энэхүү судалгаа шинжилгээний ажлыг нэн чухалд үзэж эртний Монголын 140 гаруй хувцасыг сэргээн шинэчилж, 32 төрлийн зэмсэг бүхий 49 уран бүтээлчтэйгээр эртний Монголын хааны ордны дуу, бүжгийг сэргээн тоглосон нь бахархууштай. Дашрамд хэлэхэд “Очирт цагаан хот”-ын гэрэл гэгээ болж асан Бадам сутай хатны нэр Дарьганга нутгийн “Даринаа, Гангаа хоёр” хэмээх домог туульст мөнхөрчээ. Жишээ нь “Баярын мишээлт Гангаа хүүхэн, Баатрын манлай Лигдэн хааны, Бадам сутай хатнаас төрсөн, Балчир хонгор Эжээ хэмээгчийн, Бариг цусны удам юмсанж” гэж өгүүлсэн байдаг билээ.
ДӨРВӨН ОЙРАДЫН СОР БОЛСОН ЮМ-АГА ХАТАН
Монголын түүхэнд “Дөрвөн Ойрад” гэж их л тод томруун тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь дөрвөд, хошууд, торгууд, өөлд нарын нийлмэл нэр бөгөөд ерөнхий овог нь Чорос юм. Чорос овгийг Чингис хааны дээд өвөг Дуба сохорын удмын хаад ноёд захирсаар ирсэн түүхтэй. Тэдний удмын Эрдэнэбаатар хунтайж 15-р зууны үед Зүүн гарын хаант улсыг захирч байхдаа найман хатантай байсан бөгөөд эднээс хамгийн алдартай нь түүний зургадугаар хатан Юм-Ага юм. (Зарим түүх бичлэгт Юм-Агас гэж тэмдэглэжээ) Юм-Ага хатан нь Хэрэйд аймгийн нэгэн салбар болох торгууд ноён Тогоон тайшийн удмын Шүхэр дайчин гэгчийн зээ охин, мөн Манжийн эсрэг цогтой тэмцэгч Галдан бошигтын төрсөн эх билээ. Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт хоёр Манжийн дарангуйллын үед хэдийгээр эсрэг тэсрэг үзэл бодолтой, бие биедээ дайсан болж явсан ч Түвдэд Далай ламын дэргэд шавилан сууж байсан Бурхан Буддагийн сургаалтнууд, мөн эхийн талаасаа цусан төрлийн холбоотнууд байсан бөгөөд Юм-Ага хатан, Өндөр гэгээний ээж Ханджамц хоёр Шүхэр дайчны хоёр охиноос төрсөн бүлэнцэрүүд юмсанж. Эрдэнэбаатар хунтайжид Ижил мөрнөөс бэр болж ирсэн Юм-Ага хатан Монголын түүхэнд зохих ёсоор нэрээ үлдээсэн хүн. Эрдэнэбаатар хунтайжийг нас барсаны дараа түүний хүү буюу Юм-Ага хатнаас төрсөн Сэнгэ залгамжлах байсан ч таалал болсон гэдэг. Хунтайжийн киргиз хатан Дара Балжаас төрсөн Цэцэн, Зодов хоёр эвсэж Сэнгийн амийг хороосноор Зүүн гарын хаант улсад хаан ширээний төлөө бяцхан дайн дэгдсэн түүхтэй. Том хүүгээ алуулсан Юм-Ага хатан тухайн үед Түвдийн Далай ламын дэргэд шавилан сууж байсан дунд хүү Галдангаа дуудаж ирүүлсэнээр энэрэн нигүүлсэх шашны үзэлтэн Галдан ирүүл тулааны шалгарсан гарамгай баатар болж хувирсан юм. Уг нь Эрдэнэбаатар хунтайж, Юм-Ага хатан хоёр Дөрвөн ойрадыг эвтэй байлгахын тулд Галданг бурхан номын хүн болгож, Зүүн гарын хаант улсад олон арван сүм хийд байгуулахаар төлөвлөж байсан гэдэг. Гэвч хунтайжийг нас барсаны дараа шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг олон эхнэрийн нь хүүхдүүд хоорондоо арцалдан тэмцэлдээд амар заяа үзүүлсэнгүй. Түвдээс дуудагдаж ирсэн Галдан багахан хэмжээний цус урсган байж Зүүн гарын хаант улсыг эрхшээлдээ авч, улмаар Төв ба Дундад Азид олон удаа аян дайн хийж, бүр Энэтхэгийн Кашмир хүрсэн байдаг. Ингэснээр Галдан бошигт Туркeстан, Самарканд, Бухар зэрэг баруун зүгт газар нутгаа тэлж, түүний хүчирхэг саварт Дундад Ази бараг бүхлээрээ атгагдаж, Манж Чин улс, Хаант Орос улсыг жийрхэн болгоомжлоход хүргэсэн байх бөгөөд эцэст нь тэрбээр Манжийн эсрэг цогтой тэмцэж явсаар эмгэнэлтэйгээр төгссөн билээ. Монголын түүхэнд ийнхүү нүсэр дуулиан дэгдэх, нөхцөл байдал өөрчлөгдөх үүд хаалгыг анх нээсэн хүн бол Юм-Ага хатан билээ. Хэрвээ Юм-Ага хатан чадал хүчгүй, чансаа зиндаагүй, нэхэл дагалгүй, нэр нөлөөгүй нунж дорой нэгэн байсан бол гуниг зовлон, үхэл хагацалтайгаа эвлэрээд л зүйл дуусах байсан биз. Эрдэнэбаатар хунтайжийг таалал төгссөний дараа түүний найман хатнаас төрсөн арав гаруй хүүхэд хаан ширээний төлөө ид тэмцэлдэж байсан бөгөөд эд нараас хамгийн аюултай нь киргиз хатнаас нь төрсөн Цэцэн, Зодов хоёр, үзэмчин хатнаас нь төрсөн Пунцагдаш, хотон хатнаас нь төрсөн Жүн ван Сэвдэнжал нар байлаа. Мөн таалал болсон хунтайжийн хамгийн бага буюу найм дахь хатан Зүүн гарын хаант улсыг бусниулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түвдийн Гүүш хааны охин болох энэхүү хатны нэр нь тодорхойгүй. Ямартай ч Аминдара хэмээх нэрээр Монголын уран зохиолд мөнхөрсөн энэ хатан Эрдэнэбаатар хунтайжийг нас барсаны дараа түүний хотон эхнэрээс төрсөн Сэвдэнжалтай эр эмийн холбоотой болж, улмаар Сэвдэнжалыг Манжийн хаанд дагаар оруулж хувь заяагаар нь тоглодог нэг тиймэрхүү хорлогчин маягийн дүр байдаг билээ. Хаан ширээний төлөө хайр найргүй тэмцэлдэж асан энэ мэтийн бужигнаан дундаас өөрийн хүү Галдангаа товойлгон гаргаж Зүүн гарын хаант улсын ширээнд залж чадсанд, мөн Манжийн эсрэг цогтой тэмцэгчийг төрүүлж чадсанд Юм-Ага хатны нэр нөлөө, хүч чадал, ухаан сүйхээ, гавъяа зүтгэл оршино. Галдан бошигтын төрсөн дүү Бум-Эрдэнэ тайш гэж байсан ч Юм-Ага хатан төрөлхийн гал цогтой Галдан хүүдээ л хамаг найдлагаа тавьсан бололтой. Дашрамд хэлэхэд Бум-Эрдэнэ тайш нь өнөө цагийн яруу найрагч (Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан) Баяндалайн дээд өвөг юм. Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Дамдины Жамъянгийн “Чорос” хэмээх романдаа Юм-Ага хатны ариун шударга явдлыг илүүтэй дүрсэлсэн байх аж. Үзэсгэлэн төгөлдөр Юм-Ага хатан эр нөхөртөө хязгааргүй үнэнч, шалиг самуун хунтайж нөхрөө өөрөөс нь гадна долоогийн долоон эхнэр авчихаад байхад ч бие сэтгэлээ хатамжлан барьж чаддаг, өндөр дээд ёс төрийг эрхэмлэн дагаж мөрддөг жинхэнэ монгол хатан байжээ. Ямар сайндаа л эр нөхөр Эрдэнэбаатар хунтайжаа таалал төгссөний дараа Юм-Ага хатан бусдын эхнэр болохгүй, бусчир эрсийн нүдэнд торохгүй гэж андгайлаад үсээ хусуулан үзэсгэлэн буурч, сайхныг орхиж сахил хүртсэн тухай түүх сударт өгүүлсэн байдаг билээ.
“ЗҮҮН ГАРЫН ХУВЬСАЛ”-ЫГ ЭХЛҮҮЛСЭН УЛАМБАЯР ХАТАН
Зүүнгарын хаант улс нь Манжийн эсрэг цогтой тэмцэгч Галдан бошигтын эцэг Эрдэнэбаатар хунтайжийн өвөг дээдсээсээ өвлөж авсан, басхүү эмхлэн байгуулсан улс бөгөөд үүнийг түүхэнд “Дөрвөн ойрад” гэж тэмдэглэсээр иржээ. Галдан бошигтыг Манжид ялагдсаны дараа түүний ах Сэнгийн хүү Цэвээнравдан Зүүнгарын хаан ширээнд суусан байна. Цэвээнравдангийн дараа түүний хүү Галданцэрэн хаан ширээнд суужээ. 1745 онд Галданцэрэн хааныг нас барсаны дараа түүний 14 настай хүү Цэвээндоржнамжил хааны ор залгав. Энэ үед түүний нас балчир байсан тул төрийн хэргийг удирдан зохион байгуулах авъяас чадал илэрхий дутагдаж, үүний улмаас Цэвээндоржнамжилын төрсөн эгч Уламбаяр төр барьж эхэлжээ. Ухаалаг, сэргэлэн, үзэсгэлэн гоо Уламбаяр хатан 1745-1749 он хүртэл Зүүнгарын хаант улсыг захирахдаа цэгц шулуун зангаараа, цэцэн шударга ухаанаараа түмний хайрыг мянгантаа татаж эхэлсэн тул түүний дүү Цэвээндоржнамжил “Энэ хүүхэн намайг хаан ширээнээс огцруулж өөрөө хатан хаан болохоор шийдлээ” гэж хардаж сэрдэж эхэлсэн байна. Тэр үед Цэвээндоржнамжил 18 нас хүрч байсан бөгөөд бүх цаг үеийн туршид хор найруулж, холион бантан хутгасаар ирсэн мөнөөх л ордоны ноёд түшмэд л болсон хойно Цэвээндоржнамжилын дээрхи хардлагыг үтэр түргэн шүүрч аваад үймээн самууны эх үндсийг тарих нь тэр. Тухайн үед Уламбаяр хатан ард олондоо болон өөрийн талын ноёд түшмэддээ ихэд нөлөөтэй, нэр хүндтэй болчихсон байсан тул Цэвээндоржнамжилын хамсаатнууд юуны өмнө Уламбаяр хатны ойрын шадар туслахуудыг хөнөөхөөр шийджээ. Ингээд 1749 оны хаврын нэг өдөр хааны ордонд цус асгаруулсан алаан хядаан болсон байна. Цэвээндоржнамжилын хамсаатнууд Уламбаяр хатныг баривчлан шоронд хорьж, түүнтэй холбоотой гэж үзсэн баахан ноёд, зайсанг хэрцгийгээр хөнөөж Зүүнгарын хаант улсын ширээнд 18 настай Цэвээндоржнамжилыг залжээ. Цэвээндоржнамжил эхэн үедээ төрсөн эгчийгээ арай ч алж зүрхэлсэнгүй. Харин сүүлдээ байдал эвгүйтээд ирмэгц төрсөн эгчийгээ хонь нядалж байгаа аятай л толгойг нь тасдаж орхижээ. Гэвч хорт муу санаа агуулсан Цэвээндоржнамжил хаан ширээнд удаан заларч чадсангүй. Галданцэрэн хааны бага хатнаас төрсөн хүү Лхамдаржаа гэгч ноён Уламбаяр хатны эр нөхөр Сайнбилэгтэй хамт цэрэглэн хөдөлж мугуйд хэрцгий аргаар хааны суудлаа бататгасан Цэвээндоржнамжилыг өргөөндөө байхад нь дайран орж хөнөөгөөд суудлыг нь булаан авчээ. Зарим түүх бичлэгт Лхамдаржаа нь Цэвээндоржнамжилын нүдийг ухаад эзгүй хээр газар цөлсөн тухай бичигдсэн байдаг. Зохиолч Б.Шүүдэрцэцэг Уламбаяр хатны эмгэнэлт түүхийг өгүүлсэн “Өрөөсөн бойтогны дууль” хэмээх өгүүллэг бичиж хэвлүүлсэн байх бөгөөд үүнд хоёргүй сэтгэлээр Зүүнгарын төрд зүтгэж яваад дүүдээ цаазлуулсан ухаант Уламбаяр хатныг цаазалсан газраас холгүй бяцхан өрөөсөн бойтог гээгдсэн байсныг хэд хоногийн дараа эр нөхөр нь олж авч байгаа тухай өгүүлдэг. Хов живийн үгэнд итгэн ачит эгчийгээ цаазалсан Цэвээндоржнамжилыг Ламдаржаа ах нь барьж нүдийг нь сохлоод цөлсөн тухай ч гардаг. Уламбаяр хатан дүүгийнхээ төрийн хэрэгт хамжилцаж байхдаа зальхай түшмэлүүдтэй тэмцэж байснаас яваандаа Оросын хатан хааныг дууриаж эмэгтэй хаан болж төр булаах гэж байна гэсэн гүтгэлгийн улмаас амиа алдсан гэдэг. Уламбаяр хатныг ийнхүү хөнөөснөөр Зүүн гарын хаант улсад олон жилийн турш утга учиргүй дайн дэгдсэн бөгөөд үүнийг түүхэнд “Зүүн гарын хувьсал” гэж тэмдэглэсэн билээ.
ОЙРАДЫН ТҮҮХЭН ДЭХ ГЭРЭЛТ ЗУЛ АНУ ХАТАН
Галдан Бошогтын тухай өгүүлсэн түүх, домог, шүлэг, аман яриа сэлтэд нэгэн гайхамшигт бүсгүйн нэр байнга дурдагдаж байдаг агаад тэртээд алсран гээгдсэн их цаг хугацааг нэвтлэн гэрэлтэх шунхан улаан зул мэт тэрхүү бүсгүй бол Галдан Бошогт хааны үнэнч хань, Монгол эх орон, газар шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн Ану буюу Анударь хатан билээ. Баруун Монголын Хошууд аймгийн ноён, Хасарын угсааны Гүш хан Төрбайх буюу Очирт цэцэн ханы үр сад болох Анударь хатан нь эрийн итгэмжит хань, нэгэн насны түшиг тулгуур, үнэнч зөвлөгч, эрэмгий дайчин шадар туслах хийгээд Монголын дээд сурвалжит язгууртануудын удам хойч нь амуй. Анударь ухаан төгс, хууль цааз, түүх угсаатны арвин баялаг мэдлэгтэй үзэсгэлэн гоо нэгэн байсан тул Зүүнгарын хаан ширээг залгамжлагч Сэнгэ бага хатнаа болгон авсан байдаг юм. Гэсэн хэдий ч удалгүй 1671 оны үед тэрбээр алагдахад дүү Галдан нь түүний орыг залган авч ахынхаа бэлбэсэн хатан Анударийг гэргий болгон авсан гэдэг билээ. Гэхдээ энэ явдлыг ч гэсэн түүхийн эх сурвалжуудад янз бүрээр бичсэн байх ажээ. Галдан Бошгот ах Сэнгийнхээ ач тусыг санаж хатныг нь асрамжлах ёсны дагуу авсан гэж зарим түүхч үздэг бол зарим нь тухайн үед Ойрадын дотор хамгийн нөлөө бүхий Хошууд аймгийн ноён хүчирхэг Очирт цэцэн ханы дэмжлэгийг авах нь юу юунаас илүү чухал байсан учир Галдан өөрийн эх Юм-Агийн зөвлөснөөр Ануг гэргий болгосон гэх нь бий. Мөн зарим зохиолд Ану бүр хүүхэд ахуй цагтаа Галдантай ойр дотно байсан тухай тэмдэглэсэн байдаг. Тухайлбал Оросын эрдэмтэн судлаач Е.И.Кычанов, мөн Бямбын Ринчен гуай нар тэднийг бие биеэ мэдэхээр үл барам багадаа хайр сэтгэлтэй байсан, Дөрвөн Ойрадын өвгөн хааныг бие барахад оронд нь хүү Сэнгээг хаан ширээнд залж Галданг Түвдэд шашны ном сургахаар явуулсанаар тэр хоёрын зам салсан, Галдан шашин номын хүн эхнэр авахгүй журмын дагуу Анугаас татгалзаж, харин ах Сэнгэ нь бага хатнаа болгосон гэж бичсэн байдаг билээ. Энэ мэтчилэн ээдрээт намтарыг үлдээсэн боловч Галдан Бошогт, Анударь хатан хоёрын халуун хайр сэтгэлийн тухай яруу сайхан үгс өнөөдрийг хүртэл дуурсагдсаар ирсэн юм. Бошгот хааны хосгүй үзэсгэлэнт хатан Анударь нөхрийнхөө гол түшиг тулгуур, үнэнч зөвлөгч, эрэлхэг шадар дайчин нөхөр нь болж байсан тухай Хятад Манжийн түүхэнд хүртэл тэмдэглэгджээ. Ану хатан Галдан хаанд гурван үр төрүүлж өгсөн нь Сэвдэнбалжир хэмээх хүү, Юнчихай, Бум нэрт хоёр охин байсан гэдэг. Эр нөхөртөө хязгааргүй үнэнч Ану хатан өөрийн өвөг эцэг Очирт сэцэн ханы эсрэг хүртэл эрслэн босч байлаа. Мөн тэрбээр манж нарын эсрэг тэмцэж амь насаа өргөсөн гэдгээрээ Монголын түүхэнд алдартай. 1696 онд Ойрадын хаан Галдан бошигт Тэрэлжийн Зуун мод хэмээх газар Манжийн хааны их цэрэгтэй эцсийн тулалдаанаа хийж давуу хүчтэй дайсанд бүслэгдэн гарах гарцгүй болоход унасан мориндоо 12 салаа эвэртэй бугын мөнгөн баг өмсгөсөн нэгэн баатар Манжийн цэргийн их бууны хэсгийг дайран устгаж, Ойрадын цэрэгт ухрах зам нээгээд өөрөө дааган бууны суманд эрсэдсэн нь Ану хатан байлаа. Энэ тухай Манжийн Энх-Амгалан хааны бичгийн 25-р дэвтэрт “Харвах зэв хур бороо мэт… Миний үзсэн Ану хатан буунд оногдож үхсэн… Галдан 40-50 хүн авч гарсан хэмээн сонсов” гэж тэмдэглэжээ. Түүнчлэн “Ану хатан гялалзсан шар өнгөтэй гуулин хуяг өмсч дайсандаа үхэл авчрах нум сумыг чадамгай харвадаг байж. Манжийн дарангуйлал дундаас цойлон гарч ирсэн энэхүү эрэлхэг хатны тухай манай түүхчид улам дэлгэрүүлэн судалж, байгуулсан гавъяаг нь батжуулах нь зөв юм. Манай Монголын ямар ч түүхэнд баатарлаг үйлст эмэгтэйчүүдийн талаар дэндүү бага зүйлийг бичиж үлдээсэн байдаг нь харамсалтай.
ЗҮҮНГАРЫН ХААНТ УЛСЫН БАЯСГАЛАНТ ГҮНЖ АХАЙДАРЬ
“Харь Манжид хөөгдөөгүй байж Хаан Галданд хөөгдөв би Очирт сэцэндээ хөөгдөөгүй байж Охиныхоо эрд хөөгдөв би…” Энэ бол Ойрадын чуулган дарга Хошуудын Очирт сэцэн ханы хатан Доржравдангийн харууслын үг. Галдан бошигт бүх Ойрадыг өөртөө нэгтгэхийн тулд эхэндээ Очирт сэцэн хантай сайн хөршийн холбоотой байлаа. Галдан бошигтын эцэг Эрдэнэбаатар хунтайж улс төрийн холбоогоо ургийн холбоогоор бататгахын тулд Очирт сэцэн ханы охин Анударийг бэр буулгаж том хүү Сэнгэдээ авч өгсөн байх бөгөөд хожим Сэнгийг нас барахад Галдан бошигт Анударийг хатнаа болгосон түүхтэй. Гэвч энэ сайхан харилцаа 1675 оноос булингартаж эхэлсэн байдаг. 1676 онд Очирт сэцэн хан, Галдан бошигт хоёр дайтсанаар Доржравдан хатан хэсэг иргэдээ дагуулан Ижил мөрөнд орших Торгуудын Аюуш ханы зүг оджээ. Ухаандаа Галдан бошигт хадам аавтайгаа дайтаж, хадам ээж Доржравдан нь “Охиныхоо эрд хөөгдөж” дүрвэсэн хэрэг. Доржравдан хатан Анударь, Ахайдарь хэмээх хоёр сайхан охин төрүүлсэн бөгөөд энэ хоёр нь Зүүнгарын хаант улсын баясгалант гүнж, үзэсгэлэнт хатад, бадамласан зул, дүрэлзсэн гал болж нэгэн цаг үеийг элээсэн байдаг билээ. Галдан бошигт Анударийг их хатнаа болгосныхоо дараа түүний дүү Ахайдарийг бага хатнаа болгосон байх бөгөөд ухаандаа их эзэн Чингис хаан Есүй, Есүгэн хэмээх эгч дүү хоёрыг эзэмдсэн түүх давтагдаж буй нь энэ. Харамсалтай нь Галдан бошигтын ах Сэнгийн их хатнаас төрсөн хүү Цэвээнравдан Ахайдарь хоёр хар нялхаасаа хайр сэтгэлийн холбоотой байж. Гэвч тухайн үед Зүүнгарын хаант улсыг догшин харцаараа хөдөлгөж асан Галдан бошигт урьхан хаврын цэнхэр яргуй лугаа дөнгөж нахиалан байсан үзэсгэлэнт бүсгүй Ахайдарийг яахин зүгээр орхих билээ. Тэрбээр хааны сүр хүч, эрх тушаалаараа дулдуйдаад Цэвээнравдангийн дурлалт бүсгүй Ахайдарийг бага хатнаа болгосон биш хожмын нэг өдөр Цэвээнравданд өс зангидуулсан байдаг. Манжийн эсрэг тэмцэлдээд хариугүй сульдаж доройтоод байх үед нь Цэвээнравдан Зүүнгарын хаант улсын сэнтийд заларч Галдан бошигтод сэтгэл зүйн хүнд дарамт учруулдаг. Үүнийг түүхчид Ахайдарь хатнаас үүдэлтэй өс хонзон гэх нь бий. Зарим түүх бичлэгт Цэвээнравдан Зүүн гарын хаант улсын эзэн болмогцоо залуу насныхаа хайр дурлал Ахайдарийг хатнаа болгосон гэж бичсэн байдаг. Хол ойрын үзэсгэлэнт гүнж, хатад эмсээр хот хүрээгээ дүүргэж асан бүхэл бүтэн хаант улсад ийнхүү үе дамжин үнэлэгдэж, ах дүү, төрөл садныг хүртэл эвдрэлцүүлж байсныг бодоход Ахайдарь хатан аргагүй л үзэсгэлэн төгөлдөр бүсгүй байсан нь тодорхой. “Халхын хүүхнүүд хаданд авирчихсан биш” гэдэг үг байдаг. Гэвч Галдан бошигтын үед үнэхээр л Халхын хүүхнүүд хаданд авирчихсан гэлтэй Анударь, Ахайдарь хэмээх эгч дүү бүсгүй ах дүү, төрөл саднуудын дунд үе дамжин шагшигдаж байсан нь гайхалтай. Ураг удам нь этгээд маягаар холилдож сүлэлдсэн хайр сэтгэлийн гинжин урвал гэж үүнийг хэлнэ. Зарим түүх бичлэг, уран зохиолд Галдан бошигтыг Манжид ялагдсанаас хойш Ахайдарь хатны сураг алдарсан гэж бичсэн байх аж. Жишээ нь зохиолч Д.Жамъянгийн “Чорос” романд Ахайдарь хатан Галдан хааны үр үндсийг үлдээж чадаагүйдээ харамсаж гуниглан хандмаа болж сүмийн амьдралыг сонгоод чимээ тасардаг билээ.
ЦАСТЫН ОРОНД ГҮНЖЭЭР ЗАЛАГДСАН БОТЛОГ ХАТАН
Манжийн эсрэг цогтой тэмцэгч Ойрадын Амарсанаа баатрын эх Ботлог (Бодулга) хатан Зүүн гарын хаант улсад цуутай нэгэн байжээ. Ботлог нь Галдан бошигтын дараа Зүүн гарын хаант улсыг эрхшээлдээ авсан Цэвээнравдан хааны хүү Галданцэрэнгийн охин бөлгөө. Зарим түүх бичлэгт түүнийг Цэвээнравдангийн охин гэж бичсэн байх аж. Галдан бошигт 1644 онд төрсөн бол Ойрадын Амарсанаа 1718 онд төржээ. Манжийн эсрэг цогтой тэмцэгч энэ хоёр баатар эрийн дунд 74 насны зөрүү байдаг. Хэн хэн нь ид жавхалзаж явах насан дээрээ уулгалан тэмцэж, уухиран довтолж яваад амь үрэгдсэн болохоор бие биенээ үзэж харах заяа тавилан байсангүй. Цэвээнравдан хаан, Амарсанаа баатар хоёрын дунд тавиад насны зөрүү байдаг. Энэхүү тавиад насны зөрөөн дээр Цэвээнравдангийн хүү Галданцэрэнгийн эхнэрээс Ботлог хатан төрөөд түүнээс Амарсанаа төрсөн гэж бодохоор бүхэл бүтэн зуун жил болно биз. Тиймээс Ботлог нь Цэвээнравдангийн охин гэдэг түүхийн бичлэг илүү зөв шийдэл болмоор ч юм шиг. Цэвээнравдан хааныг ид мандан бадарч байх үед Түвдэд төр шашны олон арван бүлэглэл үүсч, улмаар манж нар энэхүү тогтворгүй байдлыг ашиглан Түвд рүү довтлохоор завджээ. Энэ үед Цэвээнравдан хаан манж нараас өрсөөд Түвдийг эрхшээлдээ оруулахаар шийдэж, улмаар Түвдийн дээд эрхэнд сууж асан Лхвазан хаантай элч солилцох, худ ургийн холбоо тогтоохоор болсон байна. Ингээд Лхвазан хаан Цэвээнравдан хаанд Пунцаг Далай хан агсаны гүнжийг бэлэглэсэн бол хариуд нь Цэвээнравдан өөрийн үзэсгэлэнт гүнж Ботлогийг Лхавазан хааны хүү Галданданзанд хатан болгож өгчээ. Хааны хүргэн болсон Галданданзан төдөлгүй хадам эцгийн дэргэд одсон бөгөөд түүнтэй хамт үнэнч албатууд нь дагалдаж очсон байна. Гэвч манж нараас нууц даалгавар авсан түүний албатууд Цэвээнравдан, Лхвазан хоёрыг эвдрэлцүүлэх муу арга зохиосон байлаа. Лхвазан хаанаас бэлгэнд ирүүлсэн нэгэн хилэн хар морийг Цэвээнравдан хаан цагаан сарын шинийн нэгний өглөө унахаар болж. Гэтэл морь бусгахад хаан унаж бэртсэн бөгөөд энэ үеийг хүлээж байсан Галданданзангийн албатууд мөнөөх морины эмээлийн бүүргэн дороос өөрсдийн бэлтгэж хийсэн хараал бүхий тарнийн хуудсыг гаргаж ирээд “Таньд Лхвазан хаан хараал хийсэн тул мориноос унан бэртэв” гэж тайлсан байна. Тиймээс Цэвээнравдан хаан ихэд хилэгнэж хүргэн Галданданзангаа хоёр тогооны хооронд хийж гал дээр шарж алаад, Ботлог охиноо Хойд аймгийн ноён Үйзэн хошуучид хатан болгон өгчээ. Тэр үед Ботлог хатан хэвлийдээ хүүхэдтэй байсан бөгөөд тэр нь Амарсанаа байлаа. Түүний эцэг нь Гүүш хааны хойчис буюу хилсээр хороогдсон Галданданзан. Амарсанаагийн эх Ботлог хатан энэ мэтийн ээдрээт амьдралыг туулсан хүн. Ботлог хатан Монголын уран зохиолд мөнхөрч үлдсэн цөөн хатдын нэг бөгөөд тухайлбал “Болсон интоор шиг улаа бутарсан хацартай, хөөрхөн хоёр мөөм нь урагшаа төмбийсөн, хээр талын зэрлэг сарнай шиг хэн ч эдэлж үзээгүй царайлаг хүүхэн болсонд олон зүгийн сайн эрчүүл Ботлог бүсгүйг шохоорхож хатнаа болгохоор өрсөлдөж эхэлжээ” хэмээсэн сэтгэлд таатай мөр дурайж байх ажээ. Харь холын Түвдэд үзэсгэлэнт гүнж болж очиж байсныг нь бодохоор Ахайдарь хатнаас төрсөн гэмээр. Түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнээр бол Цэвээнравдан хаан нь Сунгаравдан, Сэтэржав хэмээх хоёр хатантай байж. Их хатан Сунгаравдан нь хаан төрийн хатан ухааныг гаргууд эзэмшсэн ухаалаг хатан байжээ. Харин бага хатан Сэтэржав нь Сунгаравдан хатныг нас барсаны дараа өөрийн хүү Лувсаншону, хүргэн Лувсанцэрэн болон Ижил мөрний Халимагийн хаан Аюухын хатан “Их авхай” Дармабал нартай хуйвалдаж Цэвээнравдан хааны харъяат албатыг Ижил мөрөн рүү нүүлгэж Оростой нэгтгэх зорилго агуулсан байдаг. Энэ нь Зүүнгарын хаант улсыг эрхшээлдээ авах гэсэн “Их авхай” Дармабал хатны явуулга байлаа. Түүнчлэн Аюух, Цэвээнравдан хоёрын хооронд хэрүүл маргааны яс хаясан захидалыг Манжийн элч нар Дармабал хатнаар өгч явуулан хооронд нь байлдуулахыг оролдсон тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Ер нь тухайн үед Манжийн элч нар Халимаг Монголоор дамжуулж Оросын байдлыг тагнаж мэдэх, Халимаг, Зүүн гарын хаант улсыг хооронд нь дайтуулах бодлого баримталж байсан байна. Гэвч “Их авхай” Дармабал, Сэтэржав нарын ажил үйлс бүтсэнгүй. Сэтэржав хатан далд хуйвалдагч нартай тохиролцож Цэвээнравдан хаанд хор өгч алаад, түүний их хатнаас төрсөн хүү Галданцэрэнг бариулах зарлиг хуурамчаар үйлдсэн ч төдөлгүй баригдаж цаазаар авахуулсан бол “Их авхай” Дармабал хуйвалдагч нарынхаа хамт шоронд хоригдож тэндээ таалал болсон түүхтэй.
ХОТГОЙДЫН ЧИНГҮНЖАВЫН БАГА ХАТАН ЦЭЭНЯМ
“…Бэйлийн хатан үзэсгэлэн гоо бүсгүй Цээням үлэмж хөгжөөнтэй байдлаар гунхасхийн алхаж, дүрлэгэр алаг нүдээрээ Рэ вангийн хатан Өлзийханд ахайтаны өмнө очиж дадмаг, нүүрэмгий, үлэмж ялдамхан байдлаар бөхийн ёслонгоо сор нь гялалзаж, үс нь найгсан булганы таван арьсан дээр цэнхэр хадаг дэлгэн тохож өргөн барихдаа “Их ахайтан эгч минь, та өчүүхэн миний энэ гарын бэлгийг тогтооно уу. Хотгойд нутгийн бүсгүй би эгч танд шадарлаж байгаадаа хэмжээгүй ихээр баясч байна” гэв. Дөлгөөн шар царайтай, намбархаг сайханд тооцогдох хатан Өлзийханд өөрийн эр нөхөр Рэ ванг талимаарсан нүдээр эрхлэнгүй харж хэрхэхийг асуух байдал үзүүлэхэд ван толгой дохин Цээням хатанд болон Чи бэйлд дахин талархал илэрхийлэн бөхийж ёсоллоо…” Энэ бол Манжийн эсрэг цогтой тэмцэгч Шадар ван Чингүнжавын бага хатан Цээнямын дүр бөлгөө. Гэхдээ түүхийн сурвалж бичгүүдэд Чингүнжавын их, бага хатдын нэр дурдагдаагүй байх бөгөөд нэгэн эх сурвалжид Чингүнжавын их хатан Хорол гэдэг нэр байхыг л олж үзлээ. Хотгойдын түүхийн сурвалж бичгүүд болон “Шадар ван Чингүнжавын бага нэвтэрхий толь”-иос түүний их, бага хатдын нэр хэн болохыг хайж шүүрдсэн боловч олдсонгүй. Цээням нь чухам уран зохиолын нэр үү, жинхэнэ бодит хүн үү гэдэг нь тодорхой бус. Ямартай ч Чингүнжавын их, бага хатад нь “Эцгийн мэргэн харцнаас үнс болтолоо айдаг ч, Эзэнт Монголынхоо дайснаас нүд далдирч бүдчээгүй” төв тэгш монгол хүүхнүүдийн сор нь байжээ. Тэр үнэндээ “Хадаргаатай орчлонгийн ханийн ёсны тангараганд, Хазгай мөргүй амьдралаараа хасбуу тамга дарсан” төв тэгш монгол хүүхнүүдийн нэг байжээ. Шадар ван Чингүнжав болон түүний ээж, эхнэр, хүүхдийн амьдрал тун эмгэнэлтэйгээр төгсгөл болсон байдаг. Чингүнжав манж нарт баригдаж Бээжинд хүргэгдэн есөн зоосны нүхээр тамлуулж үхсэн бол ээж, хатад, үр хүүхэд нь цөмөөрөө баригдан Бээжинд хүргэгдэж, улмаар манж нар Цэвээнжав, Цээсүрэндорж хэмээх хоёр том хүүг нь цаазаар аваачсан гэдэг. Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун “Чингүнжавын таван настай Дариас бусдыг нь Бээжинд цаазалсан тухай тодорхой баримт бий. Манжийн эзэн хаан “Чингүнжавын өвөг эцгийн Манжийн төрд зүтгэсэн ачийг бодож, таван настай хүүг нь амьд үлдээ” гэж зарлиг гаргасан гэдэг. Гэвч энэ хүү хоёр жилийн дараа учир битүүлгээр нас барсан” гэж мэдэгдэж байлаа. “Хотгойдын Чингүнжавыг барьсан тухай зарласан бичиг” хэмээх түүхийн эх сурвалжид “Манж нар Чингүнжавын 80 гарсан эх, 22 настай бүсгүй дүү, охин Цэрэндэжид нарыг Чингүнжавын хамт барьж, Бээжинд аваачин 1757 оны 3-р сарын 11-нд цаазалсан. Мөн Чингүнжавын эхнэрийг гурван нялх охин, хоёр хүүгийн нь хамт цаазалжээ” гэж өгүүлжээ. Мөн Бээжинд Чингүнжавын хүүгийн толгойг авах болоход мань хүү “Ахаа та миний хүзүүг битгий өвтгөөрэй, миний хүзүүн дээр хатиг гарчихсан өвдөөд байгаа юм” хэмээн Манжийн хааны алуурчнаас гуйж байсан тухай түүхч, багш Дарьсүрэн бичиж үлдээжээ. Манжийн Цяньлун хааны үеэс эхлээд л халхчууд манж нар болон тэдний гар хөл болсон баяд ноёдод дургүй болж, үүний улмаас манж, хятадыг үзэн ядсан шилийн сайн эрчүүдийн хорлон сүйтгэх ажиллагаа идэвхжсэн түүхтэй. Шадар ван Чингүнжавыг 81 зоосны нүхээр сүвлэж алсаны дараа Манжийн эзэн хааны хатнаас цоохор биетэй хүүхэд төрсөн гэх бөгөөд үүнийг манж нар Чингүнжав эргэж төрлөө гэж сэжиглээд тэр даруйд нь алж устгасан гэх яриа тухайн цаг үед Хотгойдын ард түмний дунд тархаж байсан гэдэг.
АМАРСАНАА БААТРЫН ЗҮРХНИЙ ХАЙРТ ДЭЛЭГДОРЖ ХАТАН
Манжийн эсрэг цогтой тэмцэгч Ойрадын Амарсанаа баатар хэдийгээр Манжид ялагдаж, Орос руу зугтаж гараад амь үрэгдсэн бараан тавилантай ч сайхан сайхан хатдаар өөрийгөө чимэглэж явсан хийморьлиг эр байжээ. Амарсанаа 1750-иад оны үед Галданцэрэн хааны ач хөвгүүн буюу өөрийн үеэл Даваачтай эвсэж Галдан бошготын угсааны сүүлчийн хан Ламдаржааг зайлуулах гэж оролдсон ч амжсангүй. Удалгүй тэр уг хуйвалдаанаа дахин үргэлжлүүлж өшөөт болсон ханыгаа харваж алаад Зүүнгарын хаан ширээг Даваачид өгчээ. Гэвч тэр эрх мэдэл, газар нутгийн асуудлаас болж Даваачтайгаа зөрчилдөн гурван удаа байлдаад бүгдэд нь ялагдаж, эцэст нь Хотгойдын шадар ван Чингүнжав, Хорчины эфү Сэвдэнбалжир нартай Манж улсын хүчийг ашиглан Даваачийг дарж авсан ч эргээд Манжийн эсрэг босч тусгаар тогтносон Монголын хаант улсыг сэргээн байгуулахаар амь хайргүй тэмцэлдсэн түүхтэй. Үнэндээ тэр амин хувьдаа бол маш их зөрчилтэй бие хүн бөгөөд дөрвөн сайхан хатны дөлгөөн харцанд талимаарч явсан жаатай эр юмсанж. Анхны хатан нь язгууртан гаралтай Ишсоном гэж байгаад залуудаа нас баржээ. Үүний дараа Хасагийн Аблай хааны охин Гульнарыг гэргий болгож авсан байна. Дараа нь Дүрвэдийн Далайдаш хааны охин Дэлэгдоржтой дэр нэгтгэж, эцэст нь Зүүнгарын Галданцэрэн хааны охин Битэй хэмээх үзэсгэлэнт бүсгүйг хатан болгон авчээ. Энэ хатан Амарсанааг Орос руу зугтаж одсоны дараа хүү Пунцагийнхаа хамт хойноос нь очиж Ойрадын баатрыг сүүлчийн замд нь үдсэн гэдэг. Битэй ухаан орсон цагаасаа эхлэн Зүүнгарын тусгаар байдлыг бэхжүүлэх гэсэн эцгийнхээ бодлогыг дэмжсээр ирсэн бөгөөд “Миний гоо үзэсгэлэн инээмсэглэлдээ байдаг” хэмээсэн түүний брэнд үг Монголын түүх сударт тэмдэглэгдэн үлджээ. Ерөөс хаад, жанжидын хатад үзэсгэлэнгүй байхын ч аргагүй. “Хаана сайхан хүүхэн байна, тэр эзний өвөрт” гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байсан болохоор хамгийн сайхан нүдэнд торсон хүүхэн болгон л хаан, ван, гүн, жанжидын эхнэр болж байсан түүхтэй. Дандаа л хаадын гүнж нартай амраглаж явсан Амарсанааг Манжийн хаан бас охиноороо татах гэж үзсэн байдаг. Гэхдээ Амарсанаа “Надад энэ гүнжийг хатан болгож өгөх гэж үү. Юу гэсэн үг вэ, би эхнэр, гурван хүүхэдтэй хүн” гэж татгалзсан хариу барьдаг бөгөөд хааны үзэсгэлэнт гүнж нулимс цийлэгнэсэн том алаг нүдээр Ойрадын баатар эрийг гомдонгуй хараад, торгомсог урт банзалаа чиргүүлэн үүд рүү зүглэхдээ ширээн дээр байсан шаазан аягыг татаж унагаад гарч оддог. Дөрвийн дөрвөн сайхан хатантай амраглан цэнгэж асан Амарсанаа харь улсын гүнжийг хараад тэгтэлээ унаж тусаагүй нь “Хүүхний сайхныг зөвхөн Монголдоо” эдлээд үзчихсэн сайн эрийн мөн чанар гэлтэй. Амарсанаа “Би эхнэр, гурван хүүхэдтэй” гэсэн нь Дэлэгдорж хатныг онцолсон хэрэг бөгөөд түүний дөрвөн хатнаас хамгийн их зовлон туулсан нь, бас хамгийн хайртай бүсгүй нь Дэлэгдорж хатан юмсанж. Тэрбээр Амарсанааг Манжийн эсрэг ид тэмцэлдэж байх үед гурван хүүхдийнхээ хамт ах Базар вангийнхаа ивээлд түшиглэн Завхан голд суурьшиж байжээ. Тухайн үед Дэлэгдорж хатан Амарсанаагийн явуулсан хүмүүстэй учирсан боловч оргож нүүх эсэхээ шийдэхгүй удааширч байгаад 1755 оны 10-р сард Манжийн цэргийн жанжин Арантайд баригдаж долоон настай хүү Гэцэл, дөрвөн настай охин Дэжид, гурван настай хүү Коокүш нарын хамт Манжийн хааны Халуун гол дахь зусланд хүргэгджээ. Тэнгэрийг тэтгэсэн хаан “Хууль дор уучилж хэрхэвч болохгүй” гэсэн зарлиг буулган Дэлэгдорж хатанд ял оноож, Амарсанаагийн долоон настай хүү Гэцэлийг цаазаар аваачсан гэдэг билээ. Би бээр “Төрт ёс-хаадын сан”-гаас зарласан түүхэн зохиолын уралдаанд Дэлэгдорж хатны тухай “Зүүн гарын мөхөл” хэмээх туужаараа оролцож, уг бүтээлээ шилдэг зохиолын тоонд шигтгэж чадсанаа энд онцолсу. Амарсанаа, Дэлэгдорж нарын халуун хайр дурлал, зовлон жаргал, үхэл хагацал, дайн тэмцэл, ялалт, ялагдал хосолсон ээдрээт ертөнцийг гаргаж ирсэн “Зүүн гарын мөхөл” туужийг маань зохиолч, сэтгүүлч, судлаач олон арван хүн “Сайн зохиол болжээ” гэж үнэлсэн билээ.
ЗУЛЫН ГОЛ БОЛЖ МАНДСАН “ХЯЛАР” ХАТАН
Монголын түүх, судар бичигт “Хялар хатны домог” гэж тэмдэглэгдэн үлдсэн байх бөгөөд энэ тухай яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсан “Хялар хатан” хэмээх найраглал бичсэн бол яруу найрагч Дамбын Төрбат “Могойн чуулган” роман, “Харц хатан” дуулалт жүжиг тус тус бичсэн байдаг. Ийнхүү Монголын утга зохиолд мөнхөрч үлдэхийг бодоход Хялар хатан нь ихээхэн түүх намтартай нэгэн байсан нь илт. Хялар хатны домог хэд хэдэн хувилбартай байдаг. Дээхэн үед Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумыг хамарсан Говь түшээ гүний хошуу гэж байжээ. Хошуу ноён нь Гадинзасаг. Гадинзасагийн хүү нь Чагдаржав гэж ноён байсан бөгөөд энэ хүнд тохиолдсон явдлаас үлдсэн домог юмсанж. Чагдаржав ноён нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд Сайн ноён хан Намнансүрэн, Чинван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нартай мөр зэрэгцэн зүтгэж, Богдын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан түүхт хүн билээ. Тэрбээр баруун замын өртөөг засах гэж Түшээт ханы чуулгын дэд даргын хувьд баруун замд явж байгаад нэгэн ядуу ардын охинтой танилцжээ. Тэр нь Сэржмядаг гэж охин байж. Чагдаржав ноён түүнийг нутагтаа дагуулан ирж өөрийн хатнаа болгосон ч мань хоёрын амьдрал бүтсэнгүй. Човонбо хэмээх лам залуу хосын төөрөг заяаг мэргэлж үзээд “Энэ бүсгүйг одоохон салгаж хөө. Түүнээс шулмын шар туяа цацарлаа. Энэ эмэгтэйг хөөхгүй бол хүн, амьтан үй олноороо үхнэ” хэмээн олон түмнийг сүрдүүлэн айлгаж гэнэ. Гэвч Чагдаржав эхнэрээ хөөж явуулахыг хүссэнгүй. Залуу хатан ааш зөөлөн, олон түмэнд тусч нэгэн байсан тул Говь түшээ гүний хошууны ядуу ардуудын сэтгэлд ихэд нийцсэн байна. Гэвч ихэс дээдэс нь түүнд дургүй. Тиймээс тэд бүсгүйг “Хялар хатан”, “Долир хатан” гэх зэргээр шоолж муулах жишээтэй. Удалгүй бүсгүйг хөл хүндтэй болоход Човонбо лам “Чөтгөрийн хүү төрөх гэж байна. Энэ хүү төрж гэмээнэ хүрэл соёогоороо ертөнцийг хадрах болно” хэмээн аги ноёны эцэгт мэдээ хүргэж гэнэ. Тиймээс эцэг нь хүүгээ “Хялар хатан”-аас салгахын тулд Манжид алба бариулахаар Бээжин рүү явуулжээ. Чагдаржав ноён Бээжин явахдаа залуу хатандаа хандаж “Эд нар чамайг элдвээр хэлж, зовоож мэднэ. Чи юу ч болж байсан тэвчээртэй байж намайг хүлээгээрэй” гэж захисан байна. Гэвч түүнийг явсан хойгуур Чагдаржавын эцэг эх “Манай хүү Бээжингээс эхнэр авна, чи одоо зайл” гэх зэргээр Хялар хатныг хөөж туугаад амар заяа үзүүлсэнгүй. Эцэст нь Човонбо лам “Тарчлааж зовоогоод байхад зайлдаггүй, айхтар шулам шүглэсэн байна. Ерөөсөө жинсрэг цутган дарж тонилгоно” хэмээжээ. Жинсрэг цутгана гэдэг нь шатааж алахын нэр юм. Ингээд өвгөн ноён жинсрэг цутгахад нууцаар бэлтгэж эхэлсэн байна. Гэвч хошууны ядуу ардууд энэ тухай мэдсэнээр Хялар хатанд “Ямар л амьтан шатаж үхье гэж ертөнцөд байх уу даа, охин минь зугтаж үз” гэж аминчлан сануулаад түүнийг оргуулахаар болжээ. Төдөлгүй бүсгүйг оргосныг мэдээд Човонбо лам түүний араас маш хатуу сэтгэлтэй Лувсандамба гэж бөх хүнийг явуулж гэнэ. Энэ хооронд бүсгүй зүүн аймагт очоод хоёр ихэр хүүхэд төрүүлж, нэгийг нь айлд үлдээж, нөгөөхийг нь өөрөө авч явсан ч төдөлгүй Лувсандамбын гарт оржээ. Эцэст нь Човонбо лам жинсрэг цутгахаар болж, бүсгүйг хоёр шургааг модны голд нүцгэнээр хүлж баглаад шатаажээ. Ийнхүү бүсгүйгээр сор залсаныхаа дараа Эрдэнэ далай хийд рүү жороо морь унаад галигуулж гарчээ. Гэтэл түүний морь оготны нүхэнд бүдэрч унасанаар Човонбо лам тэр газраасаа босолгүйгээр нугас нь тасарч үхсэн гэдэг. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас урагшаа арваад км газарт Авдрантын хөтөл гэж байдаг бөгөөд энд Хялар хатныг сор залж алсан гэдэг яриа ч байдаг аж. 1960-аад оны үед нэрт судлаач О.Намнандорж агсан энэхүү газрыг нутгийн өвгөд хөгшидөөр заалгаж аваад судалж үзэхэд газар дороос элдэв яс, үсний үлдэгдэл, амсраар нь нийлүүлээд булсан хоёр ширмэн тогоо гарч ирсэн тухай яруу найрагч Дамбын Төрбат өгүүлж билээ. Бурангуй цагийн хошуу ноёны хүү, ядуу ардын охин хоёрын хайр сэтгэл ийнхүү хагацал, харууслаар төгсгөл болжээ.
ЧИН ВАН ХАНДДОРЖИЙН БАТ ЖУРАМТ СЭВЖИДМАА ХАТАН
“Зүүн уулын зэрэглээ байна аа, ай Нанаа минь ээ Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө Зүүд нойрон дундаа хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө Урд уулын зэрэглээ байна аа, ай Нанаа минь хө Угтаад очсон чинь үгүй л байна аа, хө Унтах нойрондоо хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа, хө” “Ай Нанаа” хэмээх энэ сайхан дууг монголчууд бид янаг амрагийн дуу гэж ойлгосоор ирсэн. Гэтэл энэ нь хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслын дуу болохыг бид саяханаас л ойлгож ухаараад байгаа. Манжийн дарангуйллын эсрэг цогтой тэмцэгч, Үндэсний эрх чөлөөний баатар Чин ван Ханддорж энэхүү дууг анх зохиож дуулсанаар монголчуудын зүрх сэтгэлд бүтэн зуун жил эгшиглэж буй. Чин ван Ханддорж эрдэм номтой ганц сайхан хүүгээ Ай Нанаа гэж өхөөрдөн дууддаг байж. Тэрбээр хүүгээ мэдээ ормогц Далай ламыг дагуулаад Баруун зууд ном сургахаар явуулжээ. Далай лам замдаа Манжийн хаанд бараалхсан байна. Тэр үед Манжийн хаанд бараалхах “Шар зам” гэж байдаг байж. Энэхүү зам дээр бараалхаж буй хүнээс өөр хүн гишгэхийг хориглодог байсан бөгөөд Далай ламыг дагаж явсан Ай Нанаа хүү санамсаргүйгээр мөнөөх “Шар зам” дээр нь гишгэчихэж. Тухайн үед Чин ван Ханддорж манж нартай эв түнжин муутай, харин оросуудтай найрамдах бодлого баримталж байсан болохоор Манжийн хааны занаанд орчихоод байж л дээ. Ингээд манж нар Чин ван Ханддоржоос өш хонзон авахын тулд Ай Нанаа хүүг нь эзэн хааны “Шар зам” дээр гишгэсэн гэдгээр цаазалчихжээ. Тэгээд “Хүүгийн чинь бие муу байна” гэж Чин ван Ханддоржийг Бээжинд дуудаж авчраад Ай Нанаа хүүгийн толгойг цар тавган дээр тавин хадгаар бүтээж эцэгт нь барьж байсан гэдэг. Энэхүү доромжлол, басамжлалын хариуд Чин ван Ханддорж отго жинстэй малгайгаа авч шидээд “Манж, хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж Халхын нутагт гишгүүлэхгүй” гэсэн тангараг тавиад хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутагтаа ирсэн байдаг. Тэрбээр нутагтаа ирээд эмгэнэлд автсан сэтгэлээ тайтгаруулахын тулд “Ай Нанаа” дууг зохиож дуулсан гэдэг. Тэгэхдээ хүүгийнхээ тухай хайрт хатан Сэвжидмаа болон нутаг усныхандаа хэлэлгүй ганцаараа гиюүрэн гансарч явдаг байж. Манай түүхч, зохиолч нарын өгүүлсэнээр бол Сэвжидмаа хатан нь төгс төгөлдөр, бат журамт, авир ялдам, аргагүй сайхан монгол эмэгтэй байжээ. Тэрбээр өнөөгийн Булган аймгийн Бүрэгхангай сум хавьцаа амьдарч асан нэгэн тайжийн охин юмсанж. Чин ван Ханддорж ч Булган нутгийн хүн. Сэвжидмаа хатныг төгс төгөлдөр, бат журамт хатан байсныг нь 8-р Богд Жибзундамба хутагт ихэд үнэлж 1915 онд “Ухуулах өргөмжлөл” олгож байсан байна. Тэрхүү өргөмжлөлд “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд эзэн хааны зарлиг. Гадаад яамны тэргүүн сайд, Түшээт хан аймгийн Ханын зэрэг, сайныг удирдагч Эрдэнэ дайчин засаг хошуучийн ван Ханддоржийн аблай хошой хатан Сэвжидмаа болбоос анх хадамласнаас нааш гэрийн ёсыг бат журмаар болгоож, цэвэр ичимтгийгээр хэлхээ журмыг сахиж явсан тул өргөмжлөл олгов” хэмээжээ. Түүнчлэн Чин ван Ханддоржийн эх, монгол бүсгүйн эрхэмсэг намба төрх бүрдсэн “Хошой хатан” Сосорт Богд хаан мөн ийм өргөмжлөл олгож байжээ. Сосор хатан нутаг усандаа ахай ижий гэж алдаршсан авир ялдам эмэгтэй байсан бөгөөд тайж, ард, баян, ядуу цөм л Сосор хатантай зовлон жаргалаа хуваалцаж зөвлөгөө авдаг байжээ. Дашрамд өгүүлэхэд Чин ван Ханддоржийг улсын их дагина Дондогдуламтай янаг амрагийн харьцаатай байсан тухай ном зохиолд тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Академич П.Хорлоо гуай “Эдүгээ нийслэл хотын төвд байгаа Чин ван Ханддоржийн байшин тухайн үедээ тэр үеийн хамгийн өндөр өргөө байсан юм. Ноёны хатан Сэвжидмаа нөхрийгөө Богдын ногоон сүм рүү явсан үед тагтан дээрээ гарч тэр зүг рүү дуранддаг байж. Ханд чин ванд хүүхнүүд ихэд талтай байсан гэдэг. Сүүн хашааны цэцэрлэгт улсын их дагина Дондогдулам Ханд чин вантай салхинд гарахыг Сэвжидмаа хатан дурандаж харчихаад орой ирэхэд нь сануулга өгдөг байсан гэнэ лээ” гэж хуучилсан байдаг билээ.
ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ
Жич: Галдан бошигтод булаагдаж явсан Боржигон хошууны Цагцаахай, Дарьгангын Орлой мэргэн Цагааны эхнэр “Эрх цагаан” Зэндэм, Өндөр Гэгээний хайрт бүсгүй Амина, Ховог сайран бэр болсон Хосгүй үзэсгэлэнт Дантийхүү гэх мэт арав гаруй хатны домог түүх энд багтсангүй. Учир нь энэ фейсбүүкийн хуудсанд компьютерийн 15 хуудаснаас илүү юм багтдаггүй юм байна.
14 Comments
Uhsen ter amarsanaa bas l manjtai huivaldaj daraa n manj mgliig mgloop n daruulchaad zoruuleed oopsdiig n hyadaagui yu.bolij uz naad goy goy zohioloo
Ene muu dorvoduudees bolj bid manjiin darlald orsiishd
Oiraduud manj oros 2 toi huivaldaj mgliig tuveegeed daraa n msnj galfang haan bolii ghd n duhan deer n nysaltsiim .tenees saindaa ch manjiin esreg temtseegui ymaa.tsedenbal n orosuudad mgliin gazar nutag boloh davst uulaa zugeer ogson tuuhtei.ternees arhangai bol altan uragiinhan maan goltsuu amidarch bsn nutag.borjigonuud.galdan urvagch oopoo manjiin hurgen bsn bogood manjuudaas boshigt tsoloor shagnuulsan
Oiraduud gj chinggisiin olj irsen baga yastanguud buyu manai booluud .oopoop helbel mglchuud tenger garaltai gj yaridag bol ed nar chn garal ugsaa oop humuys bgn. Yagaav sayhan sotsiin ued l niiteer n mgl helend opuulsiim gsn ternees yastan bur n oop oopinhoo heleer yaridag bsn .uvs hovduud
Er n suul ued elbegdorjiin zahialgaar tuuh bichih gsn uvs hovdiin yamar ch chadvargui tuuhch ch gj helheergui shinekovuud kazak solongosuud shg tuuh ih guivuulj shineer bicheed bgm gsn .itgeh hereggui gj unshij bsiim bn .ter mulguu galdan chn oirad hun bgd halhuud ruugaa dairaad mgloo samartsan zugeer neg urvasan hulgai bgn.herev tuuhee medii gvl zugeer mgliinhoo saihan tuuhchidiin ymiig unsh.
Saihan l zohiol bn .oiraduud manj opostoi huivaldaj mglchuud ruu dairaad daraa n terendee oorsdoo ustsan shu de.yagaav manduhai deer gardag.galdan chn tuuliin shuguid hatanaa orhij zugataad oopoo amia horloson tiim l neg nohor bsiim bn le.uvsuud n suuldee manjdaa urvaad baga yastanguudaa aimaar hyaduulsiim gsn.
Mongoliin tuuh aguu agui ih hair
Aimag aimag nytgiin hvmvvsiin vvsel garal bas l sonin shvv
So um.mglchyyd bidend tvvh bol shn.yamar hvmvvst mgl hatadiin tvvh sonirholgvi bgain boloo mgl tsystai hvn mun vv
sonirhogch bichsen bayna. Mergejliin hun bicheegui bayna.
Тэр Ану хатан гээчийн тухай кино хийсэн байсан. Ёооё үнэхээр муу кино болсон байна лээ. Их хямдхан хийсэн ч юмуу. Юун Мандухай хатан. Бас тэр Мянхай баатар гэнэ үү нэг гүзээгээ унжуулсан гахай шиг юм худлаа баахан сэлэм эргүүлж аахилж гүйгээл. Дээр үѳийн баатрууд тийм бүдүүн тарган гэдэс гүзээ нь унжсан юмнууд байгаагүй шѳрмѳслѳг хар улсууд байсан гэдэгт 100 хувь итгэлтэй байна.
Efu Tseren manjiin hurgen Mongoliin gazriig zarj baisan hulgaich daa Arhangaihan ene hulgaichiin udamuud turiin tolgoud yav ch gargaj bolohgui Arhangaihniig
Bi hotgoid hvn Chingunjaw.n hvvhediig end alsan gj emee owoo nar min yridag bsn ym shv ih medemhii doctoruuda ???…
юу оруулаад солиороод байгаа юм бэ