Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувийг Монголын ирээдүй болсон 19-өөс доош насны залуус, өсвөр үеийнхэн эзэлдэг. Гэтэл тэдний дунд жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчний өвчлөл өндөр хувьтай байгааг судалгаагаар тогтоожээ.
Хамгийн харамсалтай нь 16-19 насны охидын жирэмслэлт ихэвчлэн үр хөндөлтөөр төгсдөг. Өсвөр насандаа жирэмсэлснээс болж олон мянган охид өөрийн сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо алдаж, түүнийгээ нуун дарагдуулан, айж эмээснээс цусны даралт ихсэх, цус багадах, бохирдох, дутуу төрөх гээд эрүүл мэндээрээ хохирсоор байна. Залуу ээж гэж 20-иос доош насныхныг хэлэх бөгөөд төрүүлсэн нярай нь эхний жилдээ эндэх эрсдэлтэй байдаг гэнэ. Өсвөр үеийнхэнд тохиолддог олон ээдрээтэй асуудлын хамгийн том асуудал нь яах аргагүй охидын жирэмслэлт . Өнгөц харахад хэн нэгэн охинд тулгарч буй хувийн асуудал мэт боловч энэ нь нийгмийн олон салбараас онцгой халамж шаарддаг.
Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн гол насны буюу үндсэн бүлгийн эмэгтэйчүүдийн төрөлт буурч байхад өсвөр насныхны төрөлтийн давтамж нэмэгдсээр байна. Жирэмсэлсэн охидын ихэнх нь хүсээгүй үедээ, тохиолдлоор, гэр бүл болоогүй байхдаа жирэмсэлдгээс төв суурин газрынхан нь үр хөндүүлэх, хөдөөгийнхөн нь “хүсээгүй” хүүхдээ төрүүлэх замыг ихэвчлэн сонгодог аж. Судалгаанаас үзвэл өсвөр насныхан дунджаар 16-17 насандаа жирэмслэх болон бэлгийн замын халд варт өвчнөөс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэдэггүй байна. Хэдэн жилийн өмнө манайд 12 настай таван охин жирэмсэлж, үр хөндүүлж байгаад нэг нь хүүхдийнхээ хамт эндсэн тухай хэвлэлээр шуугиад өнгөрсөн.
Тухайн үед олон нийт 12 настай охид үр хөндүүлэх нь хэвийн үзэгдэл мөн үү гэж гайхаж, цочирдож хүлээн авч байсан бол одоо иймэрхүү зүйлийг сонсоод гайхдаг хүн байхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, 12-16 насныхан дээрх асуудлаар эмнэлэгт хандах тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Эдгээрийн багахан хувь нь хүүхдээ төрүүлдэг, Дийлэнх нь татгалздаг байна. Учир нь өсвөр насны охид жирэмсэлж, улмаар хүүхэд төрүүлснээр гарах сөрөг үр дагавар их. Тухайлбал, өсвөр насандаа төрсөн охидын дийлэнх нь сургууль завсардаж, боловсролгүй хоцорч байна. Боловсролгүй байна гэдэг ажилд ороход хүндрэл тулгарахын дохио. Хүүхэд төрүүлсэн өсвөр насны охидын 95 хувь нь ажилгүй гэсэн судалгааны дүн байна. Нөгөө талаар, ажилд орлоо ч зөөгч, бармэн, худалдагч зэрэг үнэлэмж багатай албан бус хөдөлмөр эрхэлж байгаа юм. Тиймээс өсвөр насны охид болон эцэг, эхчүүд маань энэ тал дээр онцгойлон анхаарч аль аль талдаа хариуцлагатай, хяналттай байх нь хамгийн чухал юм.
Энэ нийтлэлээрээ бид хэн нэгнийг бэлгийн харьцаанд орж болно, болохгүй гэж зааж, хүний амьдралд оролцох гэсэнгүй. Хамгийн гол энэ харилцаанд орох шийдвэр гаргахаасаа өмнө цаашид гарах сөрөг үр дагаврыг би шийдвэрлэж чадах билүү гэдгийг эхлээд сайн бодох хэрэгтэй гэдгийг сануулах гэсэн юм.
Өөрөөр хэлбэл жирэмснээс хамгаалах аргууд болон бэлгийн замаар дамжих халдваруудын талаар би мэдэх бил үү. Өөрийгөө хэрхэн хамгаалах бил ээ, хэрэв жирэмсэн болчихвол яах вэ, хүүхдээ гаргах уу үгүй юу. Гаргахгүй гэвэл аюулгүй үр хөндөлтийг сонгож болох уу. Жирэмсэн болчихвол надад ямар шинж тэмдэг илрэх вэ гээд бэлгийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгээ сайжруулах хэрэгтэй.
Мөн охидууд маань өөртөө итгэлтэй, илүү хүчтэй зоригтой болохыг хичээх хэрэгтэй. Хэн хэгэн таны биед зөвшөөрөлгүйгээр хүрэхийг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Учир нь эмэгтэй хүний бие гэдэг халдашгүй дархан байх ёстой. Хэн ч бидний биед зөвшөөрөлгүйгээр хүрэх ёсгүй.
Т.Гэрэл
4 Comments
Unenshde etseg ehii haihramjguu baidlaas buh ym bolj bgaa za jisheelbel bi oroi gaduur yvj baital neg 6,7nastai ymu gemeer jhn ohin pampers britsan yvj bsn geed boddo
Аав ээж нарын хайрамжгүй байдлаас л болж байгаа нь үнэндээ үнэн
Enhrii hoorhon duu nar mini erdem nomdoo sain shamdaj tsag ni boloogui zuiliin hoinoos hii hootsoldoh hereggui amidral tsag ni bolohoor sain muu buhniig chamd uzuulne huuhed nasaa gegeeleg hogjoontoi ongoroovol hamgiin shan baidgiin yund ch yarah hereggui
Эндээс хамгийн гол гаргалгаа нь: эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага дутуу байна гэдэг нь харагдаж байна. Мөр бүтэн, гэдэс цатгалан байвал болоо л гэж үзэхээс биш хэнтэй найзалж нөхөрлөж байна, нөхөн үржихүйн мэдээллийг хаанаас авч байна, юу бодож санаж байна гэдгийг огт сонирхохгүй байна. Манай залуу үе ч гэсэн мэдээлэл авах эх сурвалж харьцангуй элбэг байхад идэвхигүй байна. Хэтэрхий хайнга хандаж байна л гэж буруушаамаар байна.