Хонины ордны эрэгтэй
Тэд бусдыг түрүүлж алхахыг зөвшөөрдөг ч гэлээ хүрэх газраа тэднээс түрүүлж очдог. Маш болгоомжтой залуу бөгөөд жижиг бэрхшээлүүдэд хэр барагтаа бууж өгөхгүй. Бусад ордноос дутахгүй романтик. Хүсвэл гаднаа эелдэг зөөлөн харагдаж чадна. Харин дотроо хатуу самрууд. Ямар нэг зүйлийг үнэхээр хийхээр шийдсэн бол түүнийгээ маш сайн хийнэ. Бусдын дарамт, шүүмжлэлийг сэтгэлийнхээ гүнд нухчин дараад, гаднаа ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлэхгүй. Түүний сэтгэл гутрал, тааламжгүй сэтгэл хөдлөлийг хэр барагтаа мэдрэхгүй бөгөөд дотроо юу бодож санаж байгаа бол гэж үргэлж гайхахад хүрнэ. Сэтгэл хөдлөлөө маш сайн нууж чаддаг. Бусдын асуудалд хошуу дүрээд байдаггүй. Өөрийнхөө асуудалд л төвлөрдөг.
Ажил дээр хэн нэгэн тусламж гуйгаагүй л бол мэдэж байсан ч түрүүлж дуугарахгүй. Хэрэв тусламж асуувал ямартай ч танд нэг удаадаа туслах болно. Бага зэрэг ичимхий бөгөөд зөрүүд зантай. Тэр өөрийгөө үнэлүүлэх хүртлээ таалагдсан эмэгтэйгээ олон янзаар баярлуулж чадна. Харин хүссэнээ авч чадсан бол таныг эелдгээр удирдаж эхлэх болно. Тэдний сэтгэл хөдлөлгүй хүйтэн зан чанар бүсгүйчүүдэд ихэмсэг өөртөө итгэлтэй харагддаг. Харин тэдний бусдыг аргандаа оруулах гол зэвсэг нь эелдэг зан. Тэд бол ажлын мангасууд. Амбицтай бөгөөд хүссэн зорилгодоо хүрэхийн тулд цуцашгүй ажилладаг. Хурдан сэтгэдэг, авьяастай. Ерөнхийдөө толгой сайтай. Хурдан суралцана, чадварлаг гүйцэтгэж чадна. Дээд удирдах албан тушаалтны хоосон магтаал тэдэнд хангалтгүй. Зохих ёсны шан харамжаа л авч байж санаа нь амарна. Магтаж байснаас цалинг нь нэм. Гаднаасаа тэд хатуу харагддаг ч дотроо их эмзэг. Өөрийнх нь талаар юу бодож байгааг их анзаарна. Мөн магтаал, урмын үгст дуртай. Өөрийнхөө эмзэг сэтгэл хөдлөл, гуниг гутралаа бүрэн нууж өөрийнхөө дүр төрхөө сайнаар хадгалж үлдэхийг хичээдэг. Энэ онцлогоосоо болж таагүй зүйлсээ сэтгэл дотроо удаан тээж явсаар энэ нь хуралдаж өөрсдийг нь зовоодог. Гэрлэх гэж яардаггүй. Гэрлэхээсээ өмнө маш сайн нягталж, итгэлтэй болсон цагтаа шийдвэр гаргадаг. Ийм шийдвэр гаргахад түүнээс маш их хугацаа шаардана. Хэрэв та салъя гэж түрүүлж түүнд хэлсэн л бол эргэж буцалтгүй эртхэн мартсан нь дээр. Учир нь тэд эргэж ирэхгүй. Хэлсэн амандаа яс хүрдэг улс. Болзоондоо цаг товлосон л бол яг цагтаа ирдэг. Харин хоцорвол маш дургүй.
Тэд эмэгтэй хүн бол дагалдагчид, харин эрэгтэйчүүд бол удирдагч гэдэгт итгэдэг. Эрчүүд шаргуу ажиллаж амьдралаа авч явах ёстой. Харин эмэгтэйчүүд ар гэрийн асуудлаа зохицуулна. Ажлын тал дээр эхнэртэйгээ өрсөлдөөд байх дургүй. Мөн тэднийг шүүмжилж, дарамтлах хэрэггүй шүү. Учир нь тэд тийм зүйл хүлээж авч чадахгүй. Тэд сайн гэр бүлээс гаралтай, хүмүүжил сайтай, энгийн эмэгтэйг илүүд үзнэ. Харин гял цял, хөнгөмсөг нэгэнд дургүй. Тэд маш төгс гэрийн эзэгтэйг л эрж хайдаг. Тэр таныг болзоонд урьсан бол зөрүүд зан гаргаад, хариултаа хэлэхгүй эргэлзээд байх хэрэггүй. Тэр залхаад алга болоод өгнө. Хэрэв үнэхээр тэр танд таалагдаж байвал өөрийг нь чухал хүн мэт мэдрүүлж, өөртөө итгэх итгэлийн нэмэгдүүлээрэй. Уйтгартай үед нь инээмсэглэж, түүнд дотно үгс хэлж, сэтгэл санааг нь өргөж байх юм бол та түүнийг өөртөө амархан татах болно.
Үхрийн ордны эрэгтэй
Тайван энгийн эр хүн, гэхдээ таныг гэнэтийн зүйлсээр гайхшруулж чадна. Тэд ихэвчлэн дунд зэргийн нуруутай, бие бялдарын хувьд эрүүл чийрэг. Ярьж байхдаа толгойгоо өөр зүгрүү харуулдаг. Тэгш шулуун бие хаатай, ихэвчлэн дөрвөлжин нүүрний хэлбэртэй. Нүдэд нь үргэлж оч гялалзаж, хайр дурлалтай учирсан ч эрх чөлөөтэй хэвээр байж чаддаг. Тэд яг алган дээр тавьсан элс шиг. Атгах тусам хурууны завсраар чинь асгарах болно. Та байгаагаар нь байлгаж байх юм бол тэд хэвэндээ л байна. Түүнд дүрэм зохиож, хил хязгаар тогтоох маягаар тэднийг удаан өөртэйгээ нааж чадахгүй. Бусад хүмүүстэй их тэвчээртэй ханддаг ч гэлээ өөрийнхөө тал дээр тэгэж чаддаггүй. Ямар нэгэн буруу зүйл болвол бусад хүмүүсээс буруу хайлгүй өөрийнхөө болгоомжгүйд л харамсана.
Найз нөхөдтэйгээ чин сэтгэлээсээ ханддаг. Зарим дургүй найзтайгаа хүртэл. Бүсгүйчүүдийг санаанд оромгүй үйлдлээрээ гайхшруулж баяруулж чаддаг авъяастай. Гэнэтийн бэлэг, санаанд оромгүй болзоо гэх мэт. Мэдээж Венера гаригийн нөлөөнд байдаг учраас хайр сэтгэлийн тал дээр одтой. Гэхдээ хэнтэй ч хэт дотно болохоосоо эмэйдэг. Учир нь тэд бодит ертөнц дээр амьдарч байгаа л бол хүн өөрөөрөө л амьдрах ёстой гэж үздэг. Гаж этгээд аашлах үедээ хүмүүс юу гэж бодож байгааг хэр барагтаа тоогоод байдаггүй. Хөл нүцгэн алхаад явж байхад нь хүмүүс шоолвол өөдөөс нь ёжтой харж инээгээд муу тэнэгүүд хэмээн дотроо бодно. Дуулгавартай байх, мөн энгийн хэвшмэл амьдралд дургүй. Үргэлж шинэ сонин зүйлсийг эрж хайж байдаг. Тэрбумтны амьдралыг сонирхоно уу гэхээс тэтгэвэртэй гарсан хөгшин болохыг хүсдэггүй. Найз нөхөд болон хайртай охиноо судалж дүгнэлт хийх дуртай. Сонирхоод байх зүйл үлдээгүй бол өөр сонин содон зүйлсийг эрж хайж эхэлнэ. Гэхдээ зарим нэг зүйлсийг ойлгохдоо удаан. Тэгэхээр хангалттай хариулт авталаа л сонирхож хамт байна . Олон танилтай ч цөөхөн хэдэн чанартай найзтай. Тоогоос чанарыг эрхэмлэдэг. Өчнөөн олон хүнээр хүрээлүүлсэн ч гэлээ үргэлж л ганцаардаж байдаг. Дотоод зан ааш нь их зөрчилтэй. Хүнд өөрийнхөө зовлон, хэцүү байгаа зүйлсээ нээлттэй илэрхийлээд байж чаддаггүй. Зөвхөн ирээдүйгээ харж амьдардаг ирээдүйн төлөө зүтгэдэг. Заримдаа ганцаараа баймаар үед нь зүгээр л орхи. Хэсэг хугацааны дараа удахгүй хүрээд л ирнэ. Өөрийн санаа бодол дүгнэлтээ шуудхан хэлчихдэг. Харин яг юу хийх ёстой талаар зааж зааварлаад байддаггүй. Тиймээс өөрөө ч хүн өөрт нь зааж зааварлахад дургүй.
Тэрээр хүн бүрийн зорилго мөрөөдөл нь халдашгүй байх ёстой гэж үздэг. Гаднаа болхи, болгоомжгүй юм шиг харагддаг ч маш бодлоготой зөрүүд хүмүүс. Хүмүүсийг нарийн нягт ажиглаж бүрэн мэддэг болсныхоо дараа л итгэдэг. Нэгэнт итгэсэн бол эргэж буцахгүй сайн найз байж чадна. Худлаа хэлэхэд дургүй. Өөрөө барагтаа л бол худлаа хэлдэггүй. Үнэхээр худлаа хэлэх шаардлага гарвал та анзаарахгүй өнгөрөх болно. Бусдын нууцыг сайн хадгалж чаддаг. Энэ ордны залууд хайртай болсон бол та маш сонирхолтой хүн байх ёстой. Мөн тэдний хувьд “Эрх чөлөөгүй” байх гэдэг нь там л гэсэн үг. Тиймээс гэрлэхээр шийдсэн бол үүнтэй нь эвлэрэх хэрэгтэй.
Ихрийн ордны эрэгтэй
Энэ ордны эрэгтэйчүүд ихэвчлэн зөв харьцаатай, нүүрний хэлбэр нь урт зуйвандуу. Өндөр духтай, мэргэн ухаантай хүмүүс байдаг. Нэг газраа тогтож сууж чаддаггүй, маш хурдан хөдөлгөөнтэй. Хамар нь зөв хэмжээтэй, нарийн уруултай, маш хурдан ярьдаг ба их яриасаг. Ярьдгаасаа хурдан бодож сэтгэдэг. Үсээ ихэвчлэн богино хэлбэртэй засуулдаг. Хөдөлгөөний идэвхитэй спортод сонирхолтой. Зөв хувцасладаг бөгөөд үс, хумс нь өөгүй цэвэрхэн нямбай. Та өөртөө арчаатай цэвэрхэн залууст дуртай бол тэд танд таалагдана. Хямд өртгөөр ч тэд зөв, эвтэйхэн хувцаслаж чадна. Өөрийн дуртай өнгө, дуртай хувцаснаасаа амархан уйддаг. Юм сонгох, худалдан авахдаа эмэгтэй хүн шиг их эргэлзэж, жижиг зүйлс дээр ч анхаарал хандуулдаг. Тэрэнтэй болзож байхдаа яг л нэгэн зэрэг хоёр өөр залуутай болзож буй мэт санагдуулна. Санаа бодлоо хувцас сольж байгаа мэт амархан өөрчилнө. Хэр барагтаа ном бариад нухацтай уншдаггүй.
Хэрэв та ихрийн ордны хэн нэгнийг ном уншиж байгааг харвал, тэр магадгүй өөр ордны нөлөөнд ийм болсон байх магадлалтай. Учир нь тэд нэг байрандаа тайван сууж чаддаггүй. Уйтгартай нэг хэмнэлд автах дургүй. Цагт баригдаж, хатуу дэглэм дор байхыг хүсдэггүй. Мөн цаг барихдаа муу. Үнэхээр чухал уулзалт л биш бол үргэлж хоцрох талтай. Заримдаа элдэв зүйлд шаналж өөрийгөө зовоодог. Ажлын дарамтанд удаан тэсвэрлэх чадваргүй. Үргэлж амьдралын бодит үнэнг эрэлхийлж, бие даан суралцаж байдаг. Одоо байгаа орлого, албан тушаалдаа сэтгэл ханадаггүй. Үргэлж үүнээс илүүг хүртэх эрхтэй хэмээн итгэнэ. Тиймээс сэтгэл ханамж, зорилгоо гүйцээхийн тулд үргэлж эрж хайж байдаг. Ер нь ихэнх эмэгтэйчүүд хайр дурлалтай учраад тогтвортой, тайван байдлыг эрхэмлэдэг.
Харин энэ ордны залуутай учирсан бол та ганцаардалд бэлэн байгаарай. Учир нь уулзмаар үедээ л чамтай уулзаж, сэтгэл санаа нь үргэлж хувирч өөрчлөгдөх бөгөөд чиний хүсэж буй зарим зүйлсийг анзаарахгүй орхино. Тэр үргэлж хувьсан өөрчлөгдөх болно. Гэхдээ сайнаар, муугаар гэдэг нь танаас хамааралтай. Хэрэв та эрсдэл болон олон сорилтуудыг хүлээж авахад бэлэн бол энэ ордны залуу танд таарна. Тиймээс өөрийгөө нууцлаг, оньсого мэт байлгаж чадвал тэр таны нууцыг тайлахын тулд хамаг цагаа зарцуулах болно.
Мэлхий ордны эрэгтэй
Энэ ордны хамгийн эмзэг, сэтгэлийн тэнхээ муутай нь. Гэхдээ л тэд жинхэнэ эрчүүд. Ихэнх урлагийнхан мэлхийн ордныхон байдаг. Мэлхийг сар удирддаг. Сар бол өөрийнхөө хэлбэр дүрсийг өдөр болгон өөрчилдөгтэй адил түүний сэтгэл хөдлөл, сэтгэл санааны төлөв үргэлж өөрчлөгдөнө. Гэвч тэд хайртай хүмүүсээ хамгаалах, тэднийхээ төлөө зүтгэх гэж төрсөн хүмүүс. Хүссэн зүйл рүүгээ шууд хүрдэггүй, боломжтой үеийг хүлээдэг. Хүссэнээ авсан бол хэзээ ч алдахгүй. Хэт эмзэг учраас бусдын өөрийнх нь талаар бодож буй зүйлст их анхаардаг. Олны өмнө нэрээ хугалахаас айдаг учраас өөрийгөө цэгнэж биеэ барьдаг. Энэ нь хүмүүс түүнийг хүйтэн, дотуур тамиртай гэж бодоход хүргэнэ. Тэдэнд бүтээлч, авьяаслаг, төсөөлөн бодох чадвар заяажээ. Тэд заримдаа их хөгжилтэй, заримдаа дув дуугүй эсвэл маш гунигтай болдог. Бүр эрэгтэй найзуудынхаа дэргэд хүртэл. Тэдэнтэй хамт амьдарвал тааварлашгүй зүйлсээр дүүрэн. Та ямар ааш зан гаргахыг нь урдаас хэлэхийн аргагүй.
Хэрэв та сюрприз болон гэнэтийн сонирхолтой зүйлст дуртай бол таны тохирох хүн яг мөн. Танд уйдах зав олдохгүй. Тэд гэрээ хамгийн аюулгүй “Ичээ” гэж ойлгодог. Тэд эмзэглэж гутарсан үедээ гэрээс гардаггүй. Хэвийн байдалдаа орохоороо үүрнээсээ гаран, амьдралаа үргэлжлүүлнэ. Ялагдагч, хоёрдогч бол тэд биш. Эдгээр залууст бүсгүйчүүд амархан дурладаг. Яагаад гэвэл тэд эмэгтэй хүний хажууд соёлтой, эелдэг байж чаддаг. Тэд түрүүвчиндээ мөнгөтэй бол итгэлтэй загнана. Мөнгө үрэх нь тэдний дуртай имидж учраас таныг дээд зэрэглэлийн ресторанд аваачих эсвэл үнэтэй гоёл чимэглэл авч өгөх болно. Өөрийн гэсэн бүхэндээ сэтгэл зүрхээ зориулдаг нь мэлхийнхний гол онцлог. Түүний хажууд өөр нэг царайлаг залууг битгий яриарай, тэгвэл тэд сэтгэлээр унах болно. Тэд иймэрхүү өрсөлдөөнд хангалттай итгэлтэй нь биш. Тэд найдвартай, биеэ даасан амьд эмэгтэйчүүд сонирхох бөгөөд хажуугаар нь түүний хувирамтгай зантай зохицдог байх ёстой.
Хэрэв та энэ ордны эрэгтэйн сонирхлыг татахыг хүсвэл аль болох сонирхолтой бас халамжтай байгаарай. Хааяа түүнийг зоригжуулах магтаалын үг хэрэглэ. Гэхдээ байнга биш. Эс тэгвээс тэд давраад та сонирхолгүй санагдах болно. Түүнийг уурласан үед нь зүгээр л түр орхи, өөрсдөө тайвширна. Зүгээр л мөрөн дээр нь гараа тавиад, нүүрний хувирлаараа л аргад. Энэ л хангалттай. Тэд ээждээ маш хайртай учраас ээжид нь таалагдахаас гадна ээжийнх нь халамжийг үзүүлэх хэрэгтэй. Энэ ордны хүмүүс “Хүн аалз” киноны гол дүртэй яг адил зантай хүмүүс. Бүр жүжигчин нь хүртэл энэ ордных.
Арслангийн ордны эрэгтэй
Духаа ил гаргаж үсээ хойш нь самнах дуртай. Нүд нь үргэлж гялалзах бөгөөд гүндээ үл ялиг залхуурлыг агуулна. Удаан бөгөөд чанга алхаатай, яг л арслан шиг. Гаднаасаа эелдэг зөөлөн мэт харагдах ч дотроо хүчтэй, тайван улс. Үгс нь ихэвчлэн энгийн байх авч заримдаа тушаангуй, захирангуй өнгө аястай байдаг. Тэр хурдан ярьдаггүй эсвэл чаддагүй. Мөн хурдан алхаатай. Олны дунд ихэвчлэн энгийн даруу биеэ авч явдаг ч эгзгийг нь тааруулж гэнэт гарч ирэн олны анхаарлыг өөртөө татсан байдаг.
Та түүнийг ичимхий, даруу гэж дүгнэж болох юм. Гэвч тэд гүндээ эргэн тойрныхоо хүмүүсийг нөлөөндөө автуулахыг үргэлж хүсдэг. Зүгээр л тохиромжтой үеийг хүлээдэг. Түүний гэсэн зүйлд бүү хүр. Мөн түүнд тушаангүй хандаж болохгүй шүү. Хэрэв тэгвэл та ууртай арсланг харах болно. Настай хүмүүс болон удирдлагуудаа хүндэлдэг ч бөхөлзөөд байдаггүй. Тэд өөрсдийн бардам зангаа уландаа гишгэснээс үхсэн нь дээр гэж үздэг. Энэрэнгүй сэтгэлтэй , хүмүүсийг үргэлж сайн талаар нь хардаг. Өөрийг нь магтаж, үгийг нь сонсоход дуртай. Тод томруун, ойлгомжгүй зантай ч зорьсон зүйлдээ ямар ч дайсангүй хүрч чадна. Санаа бодлыг нь шүүмжлэх, өөрийг нь буруутай мэт мэдрүүлбэл маш хүчтэй хямарч, төд удалгүй арилна. Ашиггүй, хүчээ гарзадна гэсэн зүйлдээ нээг их хөдлөөд байдаггүй. Харин өгсөн даалгаврыг маш сайн зохицуулж гүйцэтгэж чадна. Хүнд ямар нэгэн даалгавар өгсөн бол түүнийгээ яг бодсоноор нь гүйцэлдүүлэхийг хүсдэг. Бусад хүмүүс өөрийнх нь шийдвэр чадварт эргэлзэх, дутуу үнэлэх юм бол маш амархан сэтгэлээр унадаг.
Арсланг өөрийнхөө муужгай болгох ганц л шалгарсан арга бий. Тултал нь магт. Хайртай хүнийхээ төлөө юуг ч золиосолж чадна. Гэвч тэдний бардам зан, нэр төрийг унагаавал тэд үүнийг тэвчихгүй. Хайргүйгээр амьдарч чадахгүй. Хайр бол харанхуйг гийгүүлэгч гэрэл гэж үздэг. Мөнгөө үнэтэй зүйлст үрж, хайнга хандаж магад. Ажлын төлөө нохой шиг зүтгэж чадах ч заримдаа унтамхай муужгай шиг залхуурч орхидог. Ажиллах үедээ ажиллаад, шоудах үедээ ч шоудаж чаддаг. Та түүнтэй учирсан бол түүний илэрхийлэхийг хичээж буй зүйлийг нь үгээр биш, гаргаж буй үйлдлээр нь ойлгохыг хичээгээрэй. Өөрийн тогтвортой зангийн тусламжтай түүнийг жижиг зүйлст барьц алдахад нь тайтгаруулж чадвал бүх зүйл асуудалгүй болно. Таны гадаад төрх, ганган чамин байдал арслангуудын хувьд маш чухал. Тэдний бардам байдлын нэг хэсэг болон алхаж буй гэдгээ ойлгоорой. Тэр танаар бахархах болно.
Охины ордны эрэгтэй
Цаг бол тэдний хувьд үнэ цэнэтэй. Хэрэв энэ ордны эрчүүдийг хүлээлгэх юм бол доромжлол мэт хүлээж авна. Тэд хатуу үгс, шүүмжлэлд үнэхээр дургүй. Тэр өөрийгөө боловсруулж төгс хүн байхыг хичээдэг. Мөн өөрийн хийж буй зүйлээ зөв , зохистой гэдэгт итгэнэ. Хэр барагтаа алдаа гаргадаггүй гэж үздэг. Өөрийг нь сайнаар өөрчлөхөд тустай гэж үзвэл хүнээс зөвлөгөө авна. Өөрийнхөө алдаа дутагдлаа засах чадвартай залуу. Өөрийнхөө мөнгийг маш болгоомжтой, хэрэгтэй зүйлд зарцуулдаг. Зөвхөн хувийн таашаал, дуртай зүйлдээ л үрэлгэн хандах болно. Нэлээн романтик. Санаж байгаагаа танд хэлэхийн тулд бүтэн 100 км ч зам машинаар туулаад очиж магадгүй. Хэрэв та түүний сонирхлыг татдаггүй бол танд зориулж дэмий цаг, мөнгө зарахгүй.
Тэрээр танхай , болхи бүдүүлэг хүмүүсийг үзэн яддаг. Хайртай хүн нь цэвэрч, сайхан хувцасладаг байх ёстой. Таныг дээрээс нь доош эд ширхэг бүрийг чинь ажиглах болно. “Гэнэт л таныг том хөлтэй байна”, “Тарган харагдаад байна” хэмээн шүүмжлэвэл битгий гайхаарай. Хэрэв энэ залуутай болзоонд явах гэж байвал үргэлж өөрийгөө бүх зүйл дээр өөгүй тэгш, бэлэн байгаа эсэхийг толинд харж нягтлаарай. Элдэв сул үггүй зөв ярихыг хичээдэг. Залхуурлыг болон залхуу хүмүүст дургүй. Хальт дүгнэхэд уйтгартай, хахир хөгшин хүн шиг санагдах ч гэлээ таниад ирэх цагт өөр гэдгийг нь ойлгох болно. Тэд бол уян зөөлөн, дажгүй залуус . Гэхдээ тэднийг бүдүүлэг, хайхрамжгүй байдлаар удаан залхаах юм бол жинхэнэ ядаргаатай зангаа харуулах болно. Үс нь үргэлж цэвэр байх бөгөөд өөртөө арчаатай ханддаг. Заримдаа үсэндээ өөрийн мэдэлгүй их хүрдэг зуршилтай. Заримдаа шуудхан “Үгүй” гээд хэлчихдэг болохоор зарим хүмүүс хувиа хичээлээ хэмээн бодно.
Найз нөхөд нь тусламж гуйвал өөрийнхөө чадлаар тус хүргэнэ. Амьдралдаа цөөхөн хайр дурлалтай учирдаг. Яагаад гэвэл таалагддаг хүндээ тавьсан тусгай чанарын хэм хэмжүүр бий. Бүсгүйчүүдийн заль мэх тэдэнд үйлчлэхгүй. Маш шилэмтгий зантай. Хэрэв хүнээс салвал дараагийн удаа улам л болгоомжтой хандах болно. Тэд үнэн сэтгэлээсээ байж чаддаг, өөртөө итгэлтэй, цэвэрч нямбай, төгс бөгөөд тогтвортой эмэгтэйд дурлах болно. “Шилэмтгий”, “Төгс” гэсэн энэ хоёр үг ерөнхийдөө тэднийг тодорхойлно.
Жинлүүрийн ордны эрэгтэй
“Жинлүүр” гэдэг шигээ тэнцвэртэй гэж бодож байвал та андуурч байна. Хамгийн тогтворгүй улс. Харагдаж байгаа шигээ эелдэг, догь, тайван хүмүүс биш. Тэдний сүүдэртэй тал нь уур, зөрүүд байдал, хэрүүл өдөх дуртай зэргээр илэрнэ. Заримдаа сэтгэлээр унаж, тогтворгүй болдог. Дээш доош хэлбэлзэж, үргэлж л дотроо тэнцвэрээ олохыг хичээнэ. Тэр бол нөхөрсөг нэгэн бөгөөд хэчнээн гунигтай байсан ч бусадтай үргэлж инээмсэглэж байдаг. Түүний дуу хоолой нь эелдэг бөгөөд тайван. Ихэнх жинлүүрүүд сайхан харагддаг. Хамгийн царай муутай нь ч нүдэнд дулаахан. Түүнийг инээмсэглэхэд орчлон тэр аяараа хамт инээж буй мэт санагдана.
Тэнцвэртэй үедээ хамт байгаад баймаар сайхан мэдрэмж төрүүлдэг бол, тэнцвэргүй үедээ хүмүүсийг хооронд нь маргалдуулж хоржинтой харж баясах дуртай. Тэд асуудал үүсэх үед ажиглаж байгаад төгсгөлд нь зохицуулагч, мэргэн ухаантан мэт гарч ирдэг. Байгаалиасаа залхуу учир их ажилласныхаа дараа зүгээр л юу ч хийхгүй цонхоор ширтэх, ном унших зэргээр дуртай зүйлээ хйиж цагийг өнгөрөөхийг хүсдэг. Ядарсан, стрессдсэн үедээ өөрийн ертөнцдөө ганцаар үлдэж энергиэ нөхдөг. Харин үүний дараа буцаад л цоглог, санаачлагатай нэгэн болно. Тэд ямар нэг зүйл хийхдээ маш нарийн хичээнгүй ханддаг. Ихэнх цагаа засаж залруулах, төгсрүүлэх гэж хичээнэ. Дутуу дулимаг зүйл хийгээд түүнийгээ дараа нь засах дургүй. Тиймээс хөнгөн хийсвэр, яаруу бачимдуу хүмүүст дургүй. Хэт гаж хувцасласан юм уу, хүмүүсийн анхаарлыг хэт их өөр дээрээ татдаг эмэгтэйчүүдэд дургүй.
Тэд унших, эргэцүүлэх дуртай. Шүлэг болон урлагт хайртай. Ажиллах үедээ галзуу мэт ажиллаж чаддаг бөгөөд чөлөөт цагаараа юу ч хийлгүй кино үзэж, хөгжим сонсож, тоглож наргих хүсэлтэй. Мөн хүмүүст зөвлөгөө өгөх дуртай. Зөвлөгөө нь ихэвчлэн үнэ цэнэтэй, хэрэгтэй нь байж чаддаг. Түүнтэй учирсан бол та яг л аалзны торонд орсон мэт түүний эелдэг ааш, романтик зан чанарт нь тушигдах болно. Хэрэв та салахыг хүсвэл тэрээр салж болохгүй сая шалтгааныг ойлгуулах бөгөөд та үүнийг нь эсэргүүцэж чадахгүй. Их даруухан дөлгөөн мэт харагдах эдгээр эрчүүд ганц хоёр хүртээд л даварч гарна. Сэтгэл хөдлөл нь огцом ил гарч, яг л маргааш үгүй мэт аашилдаг. Энэ нь хэт их стресс, аливааг зохицуулахыг хичээж байдагтай нь холбоотой байж болох юм.
Эмэгтэй хүнийг буулгаж авах өөрийн өвөрмөц аргатай. Бүхий л чадвараа ашиглах бөгөөд нэгэнт зорилгодоо хүрвэл сэтгэл нь амарч хойш суудаг. Залуу насандаа олон харилцаа үүсгэсэн байдаг нь сайн найз болон хайртай хүн эсэхтээ эргэлзэж, ялгаж салгаж чаддаггүй. Харилцаа нэгэнт бүтэмжтэй болсон бол тэр бүх зүйлийг нягталж, дахин нягталж энэ харилцаа нь төгс зохицох эсэхийг эргэцүүлдэг. Маш романтик ч гэлээ хайртай хүнийхээ сэтгэл хөдлөлийг ойлгож чаддаггүй. Сайхан сэтгэлтэй, амьдралаа маш системтэй авч явдаг хэрнээ хэзээ таныг гомдоож, юу буруу хэлснээ мэддэггүй. Хэрвээ энэ ордны залуу таны хайртай хүн бол үүнд бэлтгэлтэй байгаарай. Тийм ч царайлаг биш, мөн ухаалаг биш бол тэр таныг сонирхохгүй. Мөн царайлаг мөртлөө усан толгойтой бол тэд хурдан зайгаа барина. Гэхдээ царайлаг, царай муутай ямар ч хүн түүнээс тусламж гуйхад тэд туслахад бэлэн.
Тэр хэрүүлд дургүй мөн бие бие рүүгээ хашгичихыг үзэн яддаг. Тиймээс маргаанд аль болох нам дуугаар харьцаарай. Түүний найз охин нь яг найз шиг нь байгаасай гэж хүсдэг. Тиймээс сонирходг зүйлсийг нь хамт хийж, дотоод сэтгэлийг нь сонсож байгаарай. Тэд эргэн тойрны хүмүүсийн сэтгэл хөдлөл, ааш авир, өнгөрсөн болон болох гэж буй зүйлс гээд асар олон зүйлд санаа нь зовж байдаг учир нэг ч хором тайван байдаггүй. Энэ нь тэдний хамгийн том онцлог.
Хилэнцийн ордны эрэгтэй
Эргэн тойрондоо манан татуулсан мэт эрчүүд. Их мэдрэмтгий, эмзэг, үргэлж ганцаардаж байдаг. Өөрөөсөө бусад өөр хэнд ч итгэдэггүй. Жаахан сөрөг санагдаж байна уу? Гэхдээ бусдыг татах өвөрмөц чадвартай. Бусдын зовиуртай мэдрэмж, зовлон шаналалыг ховх сордог. Учир нь тэд бусдын ярвигтай зовлон шаналалыг ойлгож чадахаас гадна маш сайн сэтгэлзүйчид. Ямар нэгэн зүйлийг хүссэнээрээ гүйцэлдүүлж чаддаг нууц чадвартай. Өөртөө тусалж чаддаггүй хэрнээ бусдаас тусламж нэхдэг хүмүүст дургүй. Хамгийн их зорилгодоо хүрсэн байх магадлалтай улс. Учир нь том ч бай, жижиг ч бай зорилго тавьсан л бол бүх хүч, цаг хугацаа, сэтгэл санаагаа зориулж чаддаг.
Амжилтанд хүрэгсдийн дийлэнх нь хилэнцийнхэн байх вий. Учир нь маш тэвчээртэй бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд хэдэн ч жилээр хүлээж чадна. Сулбагар, шийдэмгий бус байдалд дүргүй. Тэд ухарч, удаан хугацаагаар амарч, сул зогсолт хийж чаддаггүй. Яагаад гэвэл амьдралд асар их асуулт мөн хариулт хүлээж байгааг тэд мэднэ. Хэрэв танд хайртай болсон бол таны хүсэж байгаагаас ч илүүгээр таныг хайрлаж чадна. Тэд хайр сэтгэл болон харилцаанд маш чухал ханддаг. Хэчнээн царайлаг байсан ч хайргүй хүнтэйгээ цагаа гарздаад байлгүй орхиж оддог. Барагтаа л бол алдаа гаргаад байхгүй. Таныг муу бодол тээж байгааг мэдвэл тэр шууд л хэлж орхино. Хатуу үгтэй, шулуун шударга хүнд дургүй бол одоо эртхэн замаа хөөсөн чинь дээр. Хэрэв хэт эмзэг бол түүнээс шүүмж сонсоод хэрэггүй. Жишээлбэл та түүнээс “Би тарган харагдаж байна уу” гэж асуухад тэд “Тийм ээ, яг л хийлсэн бөмбөлөг шиг тарган байна” гэж хэлнэ. Одоо ойлгогдож байна уу? Хэрэв тэд “Өнөөдөр чи сайхан харагдаж байна” гэж хэлбэл та өөрөөрөө бахархах хэрэгтэй. Учир нь тэд үнэн сэтгэлээсээ хэлж байгаа.
Тэднийг хүмүүс хоёр хэсэгт хуваачихдаг. Нэг бол тэдэнд дуртай, эсвэл тэднийг үзэн яддаг хүмүүс байна. Хэрэв энэ залууд хайртай бол шийдвэртээ итгэлтэй, зоригтой, чанга байгаарай. Тэдний нэг муу тал нь бүхий л уур хорслоо хадгалах бөгөөд нэг л өдөр хариуг тань барихад бэлэн байдаг. Амлалтад маш чухал ач холбогдол өгдөг тул биелүүлж чадахгүй бол бүү амла. Түүнийг бүрэн ойлгодоггүй бол түүнийг ямар утгаар хэлж байгааг та мэдэхгүй. Тэд маш төвөгтэй зан чанартай, үүнийгээ ч тэд өөрсдөө мэднэ. Энгийн дэлгэсэн ном шиг бүсгүйчүүдэд дургүй. Харин төвөгтэй, сонирхолтой нэгэнд хамаг зүйлээ зориулж чадна. Үргэлж сонирхолтой, бүхий л сэдвийн дагуу түүнтэй ярьж чаддаг байх хэрэгтэй. Мөн түүнийг түрүүлж хөдлөхгүй бол байж л байдаг сонирхолгүй
Нумын ордны эрэгтэй
Тэд бол нийтэч, нийгмийн амьтан. Бүхий л шинэ зүйлст бэлэн байх бөгөөд цаг үетэйгээ хөл нийлүүлж, орчин цагийн ямар ч мэдээллээс хоцрохыг хүсдэггүй. Тэд шинэ уушийн газар нээгдэх юм уу, энэ тэндэхийн клубийн уулзалтанд их харагдана. Хамгийн сүүлд ямар ном эрэлттэй байгаа, дуу хөгжим болон кино ертөнцөд болж буй зүйлсийн талаар найз нөхөд дундаа хамгийн түрүүлж мэдсэн байдаг. Тэд нэг хэвийн амьдралд дургүй. Энэ нь тэднийг амархан залхаадаг. Тэд зорьсондоо хүрэх нь хамгийн том шагнал гэж үздэг.
МӨНГӨ бол байж болно оо. Гэхдээ бүрэн аз жаргалтай болгож чадахгүй. Тэд маш хурдан үрээд дуусгачихаж мэднэ. Хэрэв та үнэнийг хүсэж байвал нумын ордныхон дээр яваад оч. Асуусанд зүйлд чинь үнэнийг л хэлнэ. Шулуун занд нь ч найзууд нь дуртай. Хэцүү үед чинь бусад нь өмнөөс чинь харамсаж байхад ганцхан нумын ордныхон л чамд хариу нэхэлгүй шууд туслах болно. Илүү үгтэй ч гэсэн ийм болохоор л хүмүүс түүнд татагддаг. Уурлах үедээ ширүүн уурладаг ч амархан мартдаг, өс санадаггүй. Тэд таныг үнэн сэтгэлээсээ түүнд ханддаггүйг мэдэх юм бол таны орон зай тэдэнд утга учиргүй санагдана. Зарим нум хөгжимдөх, дуулах авьяастай. Тэд бол хошин, хөгжилтэй, аз жаргалаар бялхдаг хүмүүс.
Тэд эрх чөлөөнд хөтлүүлж эрч хүчтэй амьдардаг. Ажиллах үедээ ажлаа маш чухалчилж хийдэг. Мөн аялах болон шинэ адал явдал, сонирхолтой зүйлст өөрийгөө сорих дуртай. Тэд бол эрх чөлөөтэй шувуухайнууд. Үргэлж амралтын өдөр юм шиг л амьдарч чаддаг. Ихэвчлэн сайхан ааштай байх боловч сэтгэл санаа нь таагүй үед зүгээр л түүнээс холдсон нь дээр. Харин сэтгэл санаа нь тааламжгүй үед түүнтэй харьцах шаардлага гарвал хувийн амьдралд нь битгий үнэлэлт, дүгнэлт өгөөрэй. Хэрэв тэр олон хоног алга болвол бүү санаа зов. Тэд энергиэ нөхөж байгаа нь тэр. Удахгүй тэр урьдынх шигээ болоод эргээд л ирнэ. Түүнийг удаан барихын тулд өөрт нь хэрэгтэй эрх чөлөөг олго. Мөн өөрийгөө адал явдалтай кино мэт сонирхолтой байлгаж чадвал тэд таны хараанаас холдохгүй.
Матрын ордны эрэгтэй
Энэ ордны эрчүүд эрүү нүүрний зөв хэлбэртэй, сайхан нүдтэй байдаг. Маш сайн сонсогч бөгөөд бүхнийг төвөггүй ойлгож чадна. Таны хэлэх гэж буй зүйлийг урдаас тааварлаад хэлж орхино. Үргэлж толгойгоогоо дохих юм уу, үсэндээ хүрдэг зуршилтай байж магадгүй юм. Гадаад төрхийн хувьд тэд ихэвчлэн том биетэй, жижиг чихтэй, үс нүдний өнгө хар талдаа, зузаан хүзүү, өргөн мөр, хатуу гартай байх нь элбэг. Өндөр, жингийн харьцаа зөв. Ижилхэн өндөртэй бусад ордны хүнтэй харьцуулахад богино хуруутай байдаг. Гаднаас нь харахад өөртөө итгэлтэй том том алхална. Мөн давгүй бүжгийн авьяастай. Төрөлхийн болгоомжтой учраас алхахаасаа өмнө урьд хойноо байгаа зүйлсээ нягталдаг. Ногоон өнгөнд дуртай тул ногоон, тэнгисийн хөх, бор өнгийн хувцас сонгох нь элбэг. Найз нөхөд бол тэдний хувьд чухал зүйл.
Тэр тэдэнд туслахад үргэлж бэлэн байдаг ба өөрсдөд нь мөн адил сэтгэл гаргаж туслахыг шаарддаг. Найз нөхдөдөө амархан гомддог ч, өөрийг нь хуурсан хүнийг амархан уучилж чадна. Гэхдээ энэ нь зөвхөн өнгөн талдаа… Эмэгтэй хүний араас гүйгээд байх шаардлага тэр болгон гардаггүй. Учир нь тэд өөрсдөө л түүн дээр хүрээд ирдэг. Ер нь нэлээн зөрүүд. Өөрийнхөөрөө л бүхнийг хийх гэж хичээнэ. Сонирхолгүй байхад нь ямар нэг зүйл тулгавал хэзээ ч хийхгүй. Мэтгэлцээнд тэд өөрийнх нь буруу байсан ч гүрийгээд байх талтай. Өөрийгөө алиалагч мэт мэдрэх, бусдын доог тохуу, тоглоомын бай болох маш дургүй. Тиймээс өөгүй, хээнцэр байдалд их анхаарна. Цэвэрч нямбай, сайхан хувцасласан бүсгүйчүүдэд дуртай. Тиймээс түүнтэй болзож байхдаа болхи, заваан байдал бүү гаргаарай. Учир нь тэр олны дунд нэрээ их хичээнэ. Романтик байж чадах бөгөөд хайр сэтгэл түүнийг улам чимдэг. Нүүрнээс нь илт харагдах болно.
Хумхын ордны эрэгтэй
Өөрийнхөө онцлогоор л бүх зүйлийг хийх гэдэг халуун сэтгэлтэй залуус. Заримдаа үр дүнг нь тооцоолохгүй гэнэт шийдвэр гаргаж чадна. Хэрэв бүсгүй та энэ залууд дурласан бол жаахан тэвчих хэрэг гарах болов уу. Учир нь тэр бусдаас өөр тул ядаж жаахан ойлготлоо араас нь гүйх хэрэгтэй. Гаднаа тайван, ухаалаг харагддаг ч бүсгүй хүний тал дээр их зүйл тооцоолж анхны алхмыг хийх үедээ хулчгар загнаж магад. Энэ ордныхон дунд эмэгтэй хүний тал дээр нэлээн хожуу туршлагатай болдог нь их байх вий. Хэрэв та ярвигтай занг нь ойлгохыг хичээж, араас нь хэсэг хугацаанд гүйж чадахгүй бол та хоёр удаан хамт байж чадахгүй л болов уу. Цонхигор царай гаргах нь ховор. Хэрэв сорвитой бол ихэвчлэн нүүр юм уу, толгойны аль нэг хэсэгт байгаа.
Маш эрч хүчтэй мөн өөртэй итгэлтэй. Өнгөрсөндөө харамсаж, шаналан суудаг нэгэн биш. Тэр дундаа хайр дурлалаас болж. Шударга ёс, тэгш эрхийг эрхэмлэдэг. Ааш зан нь шулуун, шуудхан хэлчихдэг. Онцын шаардлагагүй бол хэр барагтаа худал ярихгүй. Тэд худал ярьж чаддаггүй улс. Хүмүүстэй бүхий л сэдвийн дагуу мэтгэлцэж чадна. Дотоод сэтгэлээ найз нөхдөдөө уудлаад байдаггүй ч нийтэч. Маш хатуужилтай бөгөөд сэтгэл хөдлөлд автаж, сэтгэлээр унах дургүй. Хэцүү байсан ч амьдралаа үргэлжлүүлсээр л. Олон жил найзалсан мөртлөө ихэнх хумхыг хүмүүс ойлгодоггүй. Их зантай, биеэ тоосон, хүйтэн хөндий, ойлгомжгүй хэмээн дүгнэдэг ч ихэнх нь түүнийг хүндэлдэг. Тэд дотроо яг л ихийг тунгаадаг гүн ухаантнууд мэт л биеэ авч явна. Үнэндээ сүйдтэй их юм бодоод байдаггүй. Цөөхөн хэдэн зарчим болон өөрийн боловсруулсан онолын дагуу л шийдвэр гаргаж амьдардаг.
Тэд бүх зүйл дээр анхдагч байх дуртай. Хүний араас гүйгээд ч юм уу, хүн араас нь чаргууцалдаад байдаг эргэж буцсан зүйлд дургүй. Хэрэв та олны өмнө өөр залуутай сээтгэнэж түүний хардалтыг өдөөвөл маш том алдаж байна. Тэд үүний чинь төлөө маргалдаад байх улс биш. Зүгээр л алга болоод өгнө. Учир нь тэд бүх зүйлийн нэгдүгээрт байх ёстой гэж итгэдэг өөртөө итгэлтэй залуучууд .
Загасны ордны эрэгтэй
Дэндүү их сэтгэл хөдлөлтэй. Түүнийгээ ч барихыг хичээдэггүй. Унтаж амраад хэсэг хугацаанд сайхан ааштай байх ч хэдэн цагийн дараа өөрчлөгдөж мэднэ. Зарим нэг буруугаа ойлгохыг хичээдэггүй, тийм ч амархан ойлгодоггүй. Сайн тунгааж бодож чаддаг бөгөөд энэ нь түүний ажилд амжилт дагуулдаг. Нэг зүйлийг хийхээр зорьсон бол ухаан болон зориг хүслээ бүгдийг нь шавхдаг. Тэд бусдын алдаа дутагдлыг үргэлж анзаардаг. Гэвч энэ талаар яриад байдаггүй. Тэд таны санаа бодлыг ойлгох чадвартай. Юу бодож буйг тань мэднэ. Тэд уур нь хүрч байсан болон таалагдсан бүхий л зүйлсээ санаж байдаг. Энэ бол тэдний хамгийн том нууц.
Тэд амбицтай биш бөгөөд нийгэм дэх тэдний байр суурь хаана яваа нь чухал биш. Шуналгүй ба мөнгө түүний анхаарлыг нээг их татаад байдаггүй. Учир нь мөнгө бол үүрдийн зүйл биш гэж үздэг. Тэд дүрэм журамд баригдах дургүй. Хүмүүсийг дорд үздэггүй, соёлтой залуу. Гэхдээ нэг уурлавал аймшигтай ууртай. Тэд амьдралыг өөдрөг, сайн сайхнаар харж, сайн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай. Тиймээс ч зарим хүмүүст дэндүү их итгэдэг. Хэрвээ амьдрал түүнд хар бараан зүйлсээ харуулбал тэд өөрсдийн ертөнцдөө л амьдрах болно. Бас нэг бусдыг татах чадвар нь тэд маш хөгжилтэй. Энэ нь ч тэдний хамгийн том зэвсэг. Уйтгартай байсан ч хөгжилтэй царай гаргах тул та түүнийг баяртай, гунигтай байгааг ялгаж чадахгүй. Тэр сэтгэл хөдлөлөө нуух бөгөөд хэн нэгэн ганцаардаж, хэцүү байх үед нь үргэлж туслахад бэлэн. Сайн сонсогч, сайн ярилцагч. Мөн хайртай хүнийхээ сэтгэл хөдлөлийг ойлгох чадвартай.
Тэд ганцаараа байхыг хүсвэл бүү саад бол. Тэр бол эмзэг, дөлгөөн, ичимхий, амархан гомдож магадгүй улс. Тэр бусдаар өөрийгөө үнэлүүлэх дуртай. Хэн нэгэнд хэрэгтэй, маш чухал хүн байх нь түүний зорилго. Заримдаа ууртай, ядаргаатай байж магадгүй. Гэхдээ тайвширсныхаа дараа буцаад л аз жаргалтай хүн болно. Бага зэрэг атаархуу ч үүнийгээ нуухыг хичээдэг. Тэд ухаалаг, үргэлж өөрийг нь дэмжиж байдаг эмэгтэйчүүдэд хайртай. Тэднийг хамгаас онцгой мэт мэдрүүлбэл тэд зөрүүлээд танд уг мэдрэмжийг өөрт чинь мэдрүүлэх болно. Тэд танд хайртай бол танд итгэнэ. Мөн зарим зүйлсээ хэтрүүлж, түүнийг хэт эрхлүүлээд дэмий. Та ч гэсэн зохих халамж хайраа хүртэх эрхтэй шүү.
SOURCE: Өглөө.мн
5 Comments
Ohinii ord taarch bn.
Bi melhiin ordiin nz zaluutai yun jargah xezee setgel ni hudluh bol gej xvleeseer btal bvr zalhaj ehelj bnashv. Eswel bi xeterhii magtsaar bgaad zalhaasan yum boluudaa. Odoo yrshig xeseg toohgui bgaad vzdeg yum blvvdee
melhiin ord yag taarch bn shvv emegteichuuddee handaj helhed ta nar melhiin ordnii zaluutai uchirval jargalaa l gsn ug hahahaha
emeteichuudiinh hezee oroh we byarlalaa
Bi numyn ord. Yur n taarch bna shuu