Хар багаасаа л зовлон жаргалаа хуваалцаж нөхөрлөсөн сайн найзуудаасаа юм нууна гэдэг нэг бодлын муухай. Гэхдээ энэ нь зөвхөн өөрийнхөө төдийгүй нөхөрлөлийнхөө, бас хайр сэтгэлийнхээ төлөө хийж байгаа зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим бүсгүйчүүд найзуудаа найз залуутайгаа танилцуулах ч хэрэггүй гэсэн хатуу үзэлтэй байдаг. Гэхдээ би ямар нэг зүйлийг та нартаа тулгах гээгүй шүү. Зүгээр л тусгаарлавал зохих наад захын зүйлсийг энд дурдаж байна.
Түүний гэр бүлийн түүх (аав, ээжийг нь муугаар ярих)
Ер нь л гэр бүлийнхнийх нь тухай нарийн ширийн зүйлс ярихаас зайлсхийх хэрэгтэй. Зүгээр л оронд нь өөрийгөө тавиад үз л дээ. Түүний ээж хичнээн ойлгомжгүй хүн байлаа гээд найз охин нь түүнийг нь хөндлөнгийн хүмүүст тараасныг мэдвэл яав ч сайхан санагдахгүй. Муулж ярьдаггүй юм аа гэхэд тэр өөрийнхөө гэр бүлийн асуудлыг тогооноосоо халихгүй байгаасай гэж хүсч байгаа.
Түүнийг хэр их мөнгө олдог, чамд хэрхэн зарцуулдаг талаар
Тэр найзуудын чинь найз залуучуудаас арай илүү эсвэл дутуу мөнгө олж байгаа талаар огт дурдах хэрэггүй. Мөнгө хэдий хэрэглээ ч гэсэн маш олон зүйлийн тодорхойлогч болдог.
Сексийн харилцааныхаа тухай
Энэ бол та хоёрын хэт хувийн асуудал. Та хоёр л хоорондоо зохицоод сайхан байвал бусад хүн ор хөнжлийн чинь талаар мэдэх шаардлага байхгүй. Асуудалтай байсан ч хамгийн түрүүнд хайрттайгаа хамтдаа ярилцаж, туршиж шийдвэрлэхийг урьтал болгоорой. Хэрэв найзад чинь сексийн хүндрэл тулгараад түүнийгээ чамтай зөвлөлдвөл туршлагаасаа эсвэл олж дуулснаасаа хуваалцаж байгаа маягаар л яриарай.
Хэт магтах
Тэр үнэхээр чиний хүсч байсан эр хүн. Мэдрэмжтэй, санаачлагатай, чамайг хүндэлж хайрладаг, халамжилдаг, ухаалаг, бие даасан гээд л ам хуурайгүй магтаж мандуулмаар байгааг чинь ойлгож байна. Үүнд болохгүй зүйл үгүй. Гэвч бүсгүйчүүд бол чихээрээ дурладаг хүмүүс. Ямар ч хүний талаар сайхан зүйлийг тасралтгүй сонсоод л байх юм бол өөрийн мэдэлгүй л сайхан залуу гэсэн бодол тархинд нь үүснэ. Эр хүний 13 мэхний нэгийг та нартаа задлая л даа. Чамд зориулж тийм ч том зүйл хийхгүй хэрнээ найзуудад чинь таалагдах зүйл хийсээр байдаг. Тэгээд л найзууд чинь тэсэлгүй чамд түүнийг магтаж гарна. Яг энэ үед чи “Нээрээ ямар хөөрхөн юм бэ?” гэж бодоод л сэтгэлийн чинь утас өөрийн эрхгүй хөндөгдөнө. Тэгэхээр чи найз бүсгүйчүүдтэйгээ уулзах бүртээ хайртыгаа магтаад байх юм бол яг л ийм байдлаар өрнөж мэднэ. Гэхдээ энэ нь найз бүсгүйчүүдийн буруу огт биш. Эрэгтэй хүн нүдээрээ, эмэгтэй хүн чихээрээ дурладагт л байгаа юм.
Муулах
Тэр чамайг яаж ч уурлуулсан бай найзууддаа түүнийг тэс хөндлөнгийн тэнэг амьтан мэтээр ойлгуулж болохгүй. Та хоёр муудалцаад буцаж эвлэрвэл чи түүнийг уурласан байсан үеийнх шигээ “тэнэг” гэж бодохоо болино, харин найзууд чинь түүнийг угаасаа л тийм мангуу амьтан гэж ойлгосон чигтээ хоцорноүгүй. Чамд ч дараа нь тэгж хэлж байснаа санахаар эвгүй байх болно. Найз залуугийн чинь талаар тэдэнд таагүйхэн бодол үүсч, ахин зөрчил гарах үед шуудхан л “Сал” гэдэг зөвлөгөөг өгч мэдэхээр болж магадгүй. Мэдээж чиний төлөө л гэж хэлж байгаа боловч эр эмийн харилцаанд хөндлөнгийн хүн “сал”, “нийл” гэж зөвлөх нь дэмий зүйл.
Түүний “Би хүмүүст энэ тухай ярьдаггүй л дээ…” гэсэн зүйлийг
Би энэ тухайгаа хүмүүст нэг их яриад байдаггүй л дээ гээд л хувийн амьдралынхаа эмзэг, нандин зүйлсийг хуваалцаж байгаа түүнийгээ төсөөл дөө. Хичнээн хөөрхөн билээ. Бас чамд маш их итгэж байгаа. Түүнийхээ итгэлийг битгий хөсөрдүүлээрэй.
1 Comment
huuhnuud teneg bolohooroo huviin buh asuudlaa bie biedee yaridag ergeed bie bieniihee esreg ashigladag