Хойд ээж

041ec9e46cea54146c7e52352b8d3cc0

Хүү өнөөдрийн болсон баярт мэдээг ээждээ дуулгах юмсан гэж тэсэн ядан хүлээж сууна. Ээж нь 18 цагт ажлаа тараад 18.50 гэхэд ирчихсэн байдагсан гэтэл өнөөдөр цагтаа ирдэггүй. Хүүгийн баярлаж хөөрсөн сэтгэл ээжийгээ ирэхгүй байх тусам улам багассаар харин ээждээ гомдох гомдлоор солигдож байлаа. Аав нь орж ирлээ. Аавдаа хэлье гэж хүү бодсонгүй эхлээд ээждээ хэлмээр санагдаж хэлээ хазаад буруу харж, хичээлээ хийхээр суулаа.

14518826_10155205107529045_564542178_n

Өнгөрсөн 7 хоногт ангийн багш нь “Миний  хайртай ээж” сэдэвт зохион бичлэг хүүхэд бүрээр бичүүлжээ. Сургуулиас нь сурагчдын дунд зохион бичлэгийн уралдаан зарлаж, уралдаанд хүссэн хүүхэд бүр оролцож болно гэсэн юм байна. Манай ангийн багш ангийн бүх хүүхдүүдээ уралдаанд оролцуулахыг хүссэн тул бүх хүүхдээр зохион бичлэг бичүүлж, уралдаан шалгаруулах комисст өгчээ. Өнөөдөр өглөө уралдааны дүн гарч, би 2-р байранд оржээ. Энэ мэдээг багш хичээл дээр орж ирэн бидэнд хэлж надад баяр хүргэж, уралдааны шагналыг маргааш сургуулийн эцэг эхийн хурал дээр эхний 3 байранд орсон хүүхдүүдээр зохион бичлэгийг нь уншуулж бүх эцэг эхчүүдэд нь сонсгож, шагналыг гардуулна гэжээ. Бас аймгийн ТВ ирж яриа авна гэсэн.

Энэ зохион бичлэгт би ээжийнхээ тухай өөрийн бодож явдаг бүх зүйлээ бичсэн. Дүү бид 2-ийн төрсөн ээж дүүг төрүүлэхдээ төрөхийн хүндрэлээс болж нас барсан тул аав бид 2-ийг хүн болгох гэж их зовлон үзсэн гэдэг. Дөнгөж төрсөн нярай хүүхэд ах нь гэх би 3хан настай энэ 2 балчирхан хүүхдийг эр хүн өсгөнө гэдэг маш амаргүй ажил байсан байх даа. Харин дүүг 3 хүрдэг жил аав хойд ээжийг дагуулан ирсэн. Ээжээсээ эрт өнчрөн үлдсэн дүүтэй хүн гэдэг эрт ухаан суудаг юм билээ. Хойд ээжийг дөнгөж ирэхэд би ээж гэж хэлдэггүй, хэлсэн үгэнд нь орохгүй их адарч муухай ааш гаргадаг байсан. Гэсэн ч ээж маань энэ бүгдийг үл тоон дүү бид 2-т өөрийн төрсөн хүүхэд мэт хайраа өгөн хайрладаг байсан ч би нэг л их дасаж өгөхгүй байсан. Харин дүү маань ээжээ гэж дуудан их эрхэлнэ. Тэгэхэд нь би дүүдээ уурлан муухай ааш их гарган заримдаа дүүдээ гар хүрэх нь ч бий. Намайг 10-тай байх жил дүү минь хүндээр шарлан эмнэлэгт хэвтэж дүүг ээж маань сахиж эмнэлэгт хэвтсэн. Аав бид 2 цай хоол өгөхөөр очиход ээж маань их ядарсан бололтой гарч ирээд “Урд шөнө нилээд сандаргаад шөнө нойргүй хонолоо. Одоо овоо гайгүй болж байна. Эмч сая үзээд наашаа эргэжээ. Одоо та 2 алзахгүй гэж хэллээ.” гээд баярласандаа уйлж байхыг хараад их өрөвдөж билээ. Дүү ээж 2 эмнэлэгт хэвтээд 7 хонож байна. Энэ хугацаанд их сандаргаж байсан тул ээж их ядарчээ. Гэхдээ дүүг минь одоо алзахгүй гэнээ гэж хэлэхдээ бүх ядаргаа нь тэр үгтэй хамт алга болчихсон бололтой инээж билээ. Зарим муухан ээж ч өөрийн төрсөн үрээ ингэж асрахгүй байж магадгүй. Дүү бид 2-т төрсөн ээж маань эрт хорвоог орхисондоо харамсаад өөрийнхөө оронд ийм сайхан эмэгтэйг дүү бид 2-ийн ээж болгож явуулсан юм болов уу. “Би ээждээ хязгааргүй их хайртай та бол Энэ ертөнцийн хамгийн сайхан ээж би тандаа хайртай” гэж бичсэн зохион бичлэгээ бодон сууж байтал хаалга онгойж ээж маань гэгээ цацруулсаар орж ирлээ. Миний гомдол агшин зуур алга болон өөрийн баярт мэдээгээ ээждээ дуулгахаар ухасхийн босов.

Б.Хонгор

4 Comments

  1. Нээрээ says:

    Хөөрхөн юмаа. Хүн яс махныхаа тасархайг хайрлах нь гарцаагүй. Гэтэл хүний үрийг өөрийн мэт бодож хайрлаж өрөвдөнө гэдэг агуу сэтгэл байгаа шүү. Сайн хойд эцэг олон байдаг боловч сайн хойд эх маш ховор. Бас хадам эхийн тухай сонсголонгүй юм их л бий. Энэ нь нэг юм хэлээд байнаа л гэсэн үг. Уг нь бол эр хүнээс илүү өрөвч нинжин сэтгэлтэй баймаар.

  2. dorlig says:

    Za daa odoo ch hoid nertei etseg ehuud olshirsondoo. Muu helegdeh ni gartsaagui yum hoorondoo l zohitsoj bval barav. Amidraliin tomoohon berhsheeluud tulgarahad jinhene hoidiin yalgaa garna teriig davaad bval onts hoid bolhiim daa jinhenees iluu hoid bnaa bn.

  3. Gerelt says:

    Ih taalagdlaa. Sain hymuys olon shuu

  4. ааа says:

    бүх болохгүй муухай бүхнийг хойд гэдэг нэрэнд бүү чихээсэй монголчууд минь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.