Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Манай улсад энэ өдрийг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэсээр хориод жил болжээ.
Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд 2016 онд “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриаг дэвшүүлсэн байна. НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Mихел Сидибе хэлэхдээ ”Одоо бидэнд ДОХ-ын эсрэг эхэлсэн ажлаа дуусгахын төлөө эргэж нэгдэх цаг болжээ.Энэ боломжийг ашиглан ДОХ-ын аюулыг 2030 он гэхэд устгахын төлөө яаравчилъя” хэмээн гишүүн орнууддаа уриалсан байна. Тиймээс энэхүү урианд томчууд, хүүхдүүд та бид ч бас нэгдэх ёстой юм. Учир нь, дэлхийн олон сая хүн энэ өвчнөөс болж нас барж байна. 1981 оноос хойш 30-аад сая хүн ДОХ өвчний улмаас нас бараад байна. Африкт ДОХ өвчний улмаас эцэг, эхээ алдсан 15 сая хүүхэд байна.
Тиймээс ДОХ-оос өөрийгөө хамгаалах, энэ өвчний талаар тодорхой мэдээлэлтэй байх нь хүн бүрийн үүрэг болжээ. Өөрийгөө ДОХ-ын халдвар авахгүй гэж бодож байгаа хүмүүс энгийн зүйлүүдийг маш сайн мэдэж байх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, элдэв тариа, вакцинд хамрагдахдаа заавал нэг удаагийн зүү тариур хэрэглэх, шүдний эмч, гоо сайхны газар очихдоо ч үүнийг онцгой анхаарах нь чухал. Жишээ нь хөвгүүд, охид биедээ гоо сайхны шивээс хийлгэх, үү ургацаг авахуулах, нүдэндээ давхраа хийлгэх, хамраа өндөрлөх, чихээ цоолох гээд очсон газар бүртээ биед хүрэх зүү тариур, мэс ажилбарын жижиг хутга гээд бүх зүйлсэд анхаарлаа хандуулж байх хэрэгтэй.
Ялангуяа, ил задгай шарх сорвитой үедээ элдэв зүйлд хүрэхгүй байх, цус цусан бүтээгдэхүүнтэй болгоомжтой харилцах, бэлгийн харилцаанд эрт орохгүй байх зэрэгт онцгой анхаарах нь чухал. Хүмүүс ихэнхдээ болгоомжгүй байдлаасаа болж алддаг гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд сануулж байна.
МОНГОЛД ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ 218 ХҮН БАЙНА
2015 оны судалгаагаар дэлхийд 36.7 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна. Үүнээс 2.1 сая хүн жилд ХДХВ-ийн халдвар шинээр авчээ. Харин манай улсын хувьд, халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд ордог.
Мөн манай улстай хиллэдэг Орос, Хятад хоёр улс нь XXI зуунд ХДХВ-ийн халдвар хамгийн өндөр хурдацтай тархах таван орны тоонд орсон байдаг. Дээрээс нь манай улсад сүүлийн жилүүдэд бэлгийн замаар дамжих халдварууд эрс нэмэгдэж, жилд 15-20 мянган хүн өвчилж байна. Мөн хүн амын 60 гаруй хувийг 15-49 насныхан эзэлдэг. Тэдний дунд ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг тааруу, бие биенийгээ буруу зүйлд уруу татдаг, бэлгийн харилцаанд эрт ордог гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс өсвөр насныханд энэ талаарх мэдлэг, мэдээллийг түгээх нь хамгийн чухал гэдгийг албаныхан хэлж байв.
Монголд энэ сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын халдвартай 218 хүн бүртгэгдээд байгаа аж. 2016 оны шинэчилсэн судалгаагаар 15-49 насныхны дунд ХДХВ-ийн халдвартай 457 хүн байж болзошгүй гэсэн тооцоолол байна.
Энэ нь ХДХВ-ийн халдвараар бүртгэгдсэн хоёр хүний ард гурван оношлогдоогүй хүн байна гэсэн тооцоо юм. Нас баралтын тохиолдол нийт 35 байна. Түүнчлэн бүртгэгдсэн тохиолдлуудын 62 хувийг 25-34 насны залуус эзэлж байгаа аж. Тиймээс хүн бүр, ялангуяа өсвөр насны хүүхдүүд энэ өвчний вирусээс өөрсдийгөө байнга хамгаалж явах нь чухал юм. ДОХ цаг минутаар хүрээгээ тэлсээр, халдвар тээгчид залуужсаар байна.
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин