Өсвөр насныханд БЗХӨ-ний талаарх мэдлэгийг сайн олгоё

1480929303584530179a452

Хэдхэн хоногийн өмнө өсвөр насны хоёр банди гудамжинд хэрэлдэж зогсохдоо нэгнийгээ “ДОХ тусаж үхээсэй” гэж хараасан нь чихэнд содон сонсогдов.

Хүн амны билгээс ашдын бэлэг гэж ярьдаг. Мөн юу тарина, юу бодож мөрөөднө түүнийгээ л бүтээж биелүүлдэг гэдэг дээ. Өсвөр насныхан, ахлах ангийн сурагчид бие биенээ болчимгүй муухай үгээр гутаан доромжилж байна.

Чухамдаа ДОХ гэж ямар аюултай халдварт өвчин болохыг тэр хүүхдүүд мэдэхгүй байна уу, эсвэл мэдээд тэгж “айхтар” ярьж байна уу. Ямартаа ч нэг нэгнээ их муухай үгээр харааж байх юм. Ер нь хэлэхийг хүсээгүй үг, өгүүлбэр таны хийхийг хүсээгүй үйлдэл болохыг үгүйсгэхгүй юмаа. Ерөнхий боловсролын сургуульд Нөхөн үржхүйн эрүүл мэндийн хичээл ордог.

1990-ээд оны хүүхдүүд ийм хичээл орохоор ичиж улайж балмагддаг бол орчин үеийн хүүхдүүд ийм хичээлээр мэдлэг олж авах байтугай бараг амьдрал дээр хийж хэрэгжүүлдэг байх гэсэн ойлголтыг төрүүлээд байгаа юм. Наад зах нь бэлгийн харьцаанд ороогүй хүүхдүүд бараг байхгүй гэсэн судалгааг холбогдох төрийн бус байгууллагаас гаргасан байдаг.

Өсвөр насандаа том хүн болохыг хүсдэг хүүхдүүд ямарваа нэгэн эрсдлийг тооцоолж мэдэхгүй байгаа нь харамсалтай. Хамгийн наад захын жишээ гэхэд хамгаалалтгүй бэлгийн харьцаанд ороход хүсээгүй жирэмсэлт болон бэлгийн замын аюултай халдварт өвчин тусна гэдгийг сайн ойлгохгүй явна. Тиймээс сургуульд хичээлээр нь энэ талын мэдлэг боловсролыг сайн олгодог баймаар юм. Бэлгийн замын ямар ямар өвчнүүд байдаг. ДОХ гэж ямар вирус байдаг, мөн яаж халдаж халдварладаг талаар мэдлэгт нь сайн ойлгуулж, ийм халдварын талаарх ойлголтыг дадал болгох хэрэгтэй юм. Тэгэхгүй бол хүүхдүүд муу зүйл уруу татагдаж, буруу зүйлд дурлаж цэцэг цэврүү шиг насандаа алдаа хийж, амьдралдаа хар толбо үлдээгээд байна.

Өчигдөр гэхэд Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ “YPEER” клубээс өсвөр насны охидын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийв. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын 2015 онд хийсэн судалгаагаар халдварт өвчнөөр өвчлөгсдийн 24 хувийг 15-24 насны өсвөрийн залуус эзэлж байгаа. Улмаар судалгаанд хамрагдсан охидын 10 гаруй хувь нь ганцаардах, амиа хорлох оролдлого хийсэн тухайгаа хэлсэн байна. Түүнчлэн өсвөр насны охин анхны бэлгийн хавьталтаар ДОХ-ын халдвараар өвчилсөн нь тогтоогджээ. Энэ мэтчилэн өсвөр насны охид эрт бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлтээс шалтгаалан үр хөндүүлэх зэргээр эрсдэлд орж буйг хуралд оролцогчид онцолсон юм.

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн тэргүүн Ш.Галбадрах “Өсвөр насны охид жирэмсний болон төрөхийн хүндрэлийн улмаас эндэх өндөр эрсдэлтэй байна. Тиймээс 15-24 насны охид залуучуудад нөхөн үржихүйн мэдээ мэдээлэл зайлшгүй шаардлагатай байна. Гэтэл мэдлэг олгох эрүүл мэндийн хичээлийн цаг хомс, багш сурагчид нээлттэй ярилцах цаг байхгүй нь асуудал болоод байна” хэмээв. Үндэсний статистикийн хорооны 2014 оны мэдээгээр 15-19 насны гэрлэсэн эмэгтэйчүүдийн 74.5 хувь нь хүүхэд төрүүлсэн буюу анхны хүүхдээ тээжээ.

Иймд өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн мэдлэг, мэдээлэл олгох эрүүл мэндийн хичээл хэрэгцээтэй байгааг өсвөрийн сургагч багш нар хэлж байна. Улмаар “Залуучуудын Үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээнээс энэ онд үе тэнгийн сургагч багш бэлтгэх 13 удаагийн сургалт явуулж 400 гаруй өсвөр үе, залуучуудад мэдлэг олгох сургагч багшийг бэлтгэжээ.

О.Сайхан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.