Бид яагаад нууц амрагтай болдог вэ?


Эрчүүд ихэвчлэн дутагдаад байгаа “либидо”-гоо нөхөх гэж нууц амрагтай болдог бол эмэгтэйчүүд бид сэтгэлзүйн өвдөлтөө анагаахын тулд өөр эрээр “өвөртөө салхи оруулах”-ыг зөвшөөрөх нь элбэг. Нууцхан сэтгэл өвөртөлдөг 6 үндсэн шалтгааныг тодрууллаа.

Та нөхөртэйгөө тогтмол секс хийхээ болиод удаж байна

Гэрлэлтийн эхний жилд өдөрт нэг, дараагийн жилд долоо хоногт нэг, тэрний дараагийнхд ядраагүй үедээ л “нэг”. Буурсаар, дахин буурсаар сүүлдээ хэзээ хамгийн сүүлд нөхөртэйгөө ойртсоноо мартах үед таны биологийн хэрэгцээг хангах өөр нэгний эрэлд гарсан нь тэр. Таныг буруутгах ч, зөвтгөх ч аргагүй юм. Нөхөр чинь ажил ихтэй л болсон болохоос биш, өөрийг нь нээгээд үзвэл хуучнаараа л байгаа байх. Та ч бас түүнийг нэг их өдөхөө л больсон болохоос биш хуучны гал халуун “жараахай” хэвээрээ л байгаа шүү дээ. Түүний хувьд нойр нь сексээс илүү чухал болсон бол идэвхтэй хөдөлгөөн харин ч эрч хүчийг нь хэрхэн сэлбэдэг гэдгийг дахин нэг сануулах гээд үз. Дандаа унтлагын өрөөнд хийдэг бол нэг удаа зориуд буудалд хоноод үзээрэй. Мартагдаад байсан мэдрэмжийг авна.

Та салалтаас зугтдаг

Та хайртаасаа салахыг хүсдэггүй. Салах л юм бол аз жаргалгүй болно гэдгээ мэддэг. Та түүнийг өөртөө хайртай гэдгийг мэднэ. Гэхдээ л тэр ямар нэг шалтгаанаар таны унтлагын өрөөний шаардлагыг биелүүлж чаддаггүй тул чи “өөр арга байхгүй” гэж өөртөө хэлээд ну-аг сонгожээ. Хамгийн аймхай хүн л бусдын нүдэнд өртөлгүйгээр хүслээ биелүүлэх арга замыг хайдаг. Хэрэв таны хувьд секс нэн тэргүүний чухал зүйлсийн нэг мөн бол түүнд байгаа асуудлыг аажмаар засах гэж оролд. Хэрэв хайрт чинь дэндүү уйтгартай бол өөрөө хөгжилтэй байх гэж оролд. Тэр үлгэр дууриал авах болно. Хэрэв түүний ямар нэг муу зуршил /архи, тамхи гэх мэт/, өвчин, амьдралын хэв маяг та хоёрын сексийн амьдралд саад учруулж байгаа бол түүнээс нь гаргах арга замыг хамтдаа эрэлхийл. Эцэст нь түүнийг нууцхан учирдаг залуустайгаа бүү харьцуул. Салалтаас зугтааж байна гэдэг бол та салахыг хүсдэггүй л гэсэн үг. Энэ хэвээрээ удаан явбал баригдах нь баараггүй.

Та “муу охин” гэдгээ батлахыг хүсдэг

Хэзээ л бол хэзээ түүнээс салчихаж чадна гэдгээ та “галаар наадаж” байж батлах оролдлого хийдэг. Ингэх нь мэдээж таны өөртөө итгэх итгэлийг өнгөлж, бардам занг өсгөнө. Гэхдээ ингэх нь таныг жинхэнэ аз жаргалд хүргэх үү? Ихэвчлэн нөхөр, найз залуугийнхаа сэтгэлийн баялагт биш, өөр ямар нэг баялагт татагдсан, тэднийг өөртөө үхэн хатан дурлуулсан гэдэгтээ итгэлтэй байдаг бүсгүйчүүд өөрийнхөө “муурын хумс”-ыг ингэж харуулахаас айдаггүй. Тэд өөртөө ямар нэг хориг тавьдаггүй. Эр хүнээр тоглох нь танд зугаа авчирч болох ч лав л аз жаргалыг авчрахгүй юм. Тиймээс одоогийнхоо хамтрагчтай байх харилцаагаа аварч үлдэхийн тулд хичээл зүтгэл гаргах уу, салаад өөрийнхөө хайрлаж чадах хүнийг олох уу гэдэг нь таны сонголт юм.

Та бусдын нөлөөлөлд амархан автдаг

“Нэг л амьдрах насандаа юм юм үзсэн нь дээр” Ийм үгийг найз бүсгүй чинь булууддаг. Учир нь таны найз бүсгүй ч бас хайрыг “хуурдаг”. Найз чинь “аргагүй амраг”-тай болохоор чи ч бас туршиж үзмээр санагдана. Хүн бүрийн амьдралын нөхцөл өөр. Таны найз бүсгүйн гэр бүл, харилцаанд үнэндээ ямар ч асуудал тулгарсснаас болж нууц амрагийг сонгосон байж болно. Харин таны амьдралд өөр хүнтэй болох шалтгаан байхгүй, хэвийн байхад ийм үйлдэл хийх хэрэггүй юм.

Тэр ч бас таныг өмнө нь хуурч байсан

Хатагтай өшөө авагч минь, таны хууртагдсан сэтгэлээ анагаах арга, жаахан ч болов түүнийг чадах гэсэн оролдлогыг чинь ойлгож байна. Гэхдээ энэ үнэхээр таны хүсч байгаа зүйл мөн гэж үү? Хардалт, хууран мэхлэлтийн талаарх эцэс төгсгөлгүй мэт хэрүүл дээр ингэж тос асгах нь та хоёрыг улам л хөндийрүүлэхээс биш байдлыг дээрдүүлэхгүй. Магадгүй та түүнээс чин сэтгэлийн уучлаарай гэдэг үг, хичээл зүтгэл л хүсээд байгаа байх. Тэгвэл түүнийгээ ойлгуул. Хэрэв тэр гэмээ ухамсарлаж л байгаа бол хүсэлтийг чинь хүлээн авна. Барьцаж хуурахын оронд өөр зүйлээр шийтгэж болно шүү дээ. Жишээ нь нэг сарын турш хоол хийх, өөрийнхөө хувцаснуудыг угаах гэх мэт. Мөн энэ боломжийг ашиглаад түүнтэйгээ сард нэг удаа заавал болзоонд гармаар байгаа тухайгаа хэл. Хэрэв өөрийг нь ч бас араар нь тавихаас нааш таны санаа амрахгүй байгаа бол та өмнө нь ч бас нэг бус удаа өөр залуусыг шохоорхож хардаг байснаа л өөртөө баталж байгаагаас өөрцгүй хэрэг.

Танд хайр халамж дутагддаг

Тэр таныг “хайраа” гэхээсээ илүү сонсохыг хэзээ ч хүсдэггүй өөдгүй үгээр дууддаг. Ханилж суусан эхнэрээ гэхээс илүү өөрийг нь зовоохын тулд ирсэн элчтэй харьцаж байгаа мэтээр л хандаж төвөгшөөдөг. Гэсэн ч та ямар нэг шалтгаанаас болоод салж чаддаггүй ба, өөртөө дутагдаад байгаа үнсэлт, тэврэлт, халуун дулаан үгсийг өөр залуугаас эрэлхийлэх болсон. Өөрөө өөрийгөө хууран тэссээр байх нь зөв сонголт мөн эсэхийг сайн бодоорой. Яахын аргагүй та хоёрын гэр бүл ийнхүү дотроосоо муудаж ялзарсан бол, дахиж урьдных шигээ болно гэсэн итгэл найдвар өчүүхэн төдий ч үлдээгүй бол, зүгээр л нөхрөөсөө салсан гэдэг нэр зүүхгүйн тулд чадан ядан түүнд зүүгдэж байгаа бол салах сонголтыг хийх нь дээр ч байж мэдэх юм. Таны сэтгэлд, эсвэл түүний биенд гарсан эвдрэлийг засч болно. Харин өрөөлийн сэтгэлд гарсан мөнхийн эвдрэлийг засах хэцүү юм. Хорвоо дээр сайн хүмүүс олон байдаг болохоор гав ганцаараа болно гэж айх хэрэггүй. Гол нь шархалсаар, дахин дахин шархалсаар байвал та нэг л өдөр өөрийгөө танихаа болино. Үүнээс л айж байна.

Нууц амрагийг мартаад, харилцаагаа аврах уу, тэр чигт нь орхих уу гэдэг сонголтын аль нэгийг л та сонгоорой. Энэ хэвээрээ “ну-а”-гаа ч, бас хайртыгаа ч хамтад нь авч үлдэх нь яваа яваандаа муу зүйлд хүргэнэ. Нууц амраг бол хосуудын харилцааны ямарваа нэгэн тал дээр гарсан доголдлыг илтгэгч юм. Гол нь тэр доголдол таныг жаргалтай байхад үнэхээр саад болж байна уу, эсвэл хайрын хүчээр тэвчээд өнгөрөөчихөж болмоор зүйл үү гэдгээс таны сонголт шалтгаална.

SOURCE: everyday.mn

2 Comments

  1. Сахалт says:

    Эхнэрийг шувт гуйна гэж юу байхав. Ойлгохгүй бол одоо тэгээд би өөр арга бодохоос яахав. Сайхан амьтад дүүрэн байхад! 

  2. Лол says:

    би салалтаас зугатдаггүй бусад бүх шалтгаанууд нь миний амьдралд бга учраас ийм бдалд хүрсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.