SOS: ДОХ-ын халдвар тээгчийн хамгийн залуу нь 15 настай хүүхэд байна

Монголчууд бид ДОХ гэгч аюултай өвчинтэй “танилцаад” 25 жилийн нүүрийг аль хэдийнэ үзжээ. Анх хоёр монгол эмэгтэй гадны иргэдээс халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд тэрнээс хойш таван жилийн дараа хоёр дахь тохиолдол нь илэрч байсан удаатай. Түүнээс хойш уг өвчнийг илрэх зай давтамж ойртсон гэдгийг ХӨСҮТ-ийн ДОХ/ХДХВ-ийн Тандалт судалгааны албаны эмч нар хэлж байгаа юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Монголд ДОХ-ын халдвартай 229 тохиолдол бүртгэгдээд байгаа бол шинэ он гарсаар халдвартай гурван иргэн нас барсан байна. ДОХ-ын халдвар тээгчийн нас залуужиж байгаа нь эх орны ирээдүй болсон залууст аюулын харанга дэлдэж мэдэхээр байдалд хүрчээ. Тухайлбал манайд хамгийн залуу тээгч нь 15 настай хүүхэд байгаа бол хамгийн хөгшин нь 50-60 насны хооронд байгаа юм.

ХӨСҮТ-ийн ДОХ/ХДХВ-ын Тандалт судалгааны албаны дарга, их эмч, анагаах ухааны доктор Ж.Даваалхамын ярьснаар “2017 онд албан ёсоор ДОХ/ХДХВ-ын 229 тохиолдол бүртгэгдээд байна. ДЭМБ, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан олон улсад тооцоолол хийдэг спектрум тооцооллоор нийт 484 хүн халдвартай байх магадлалтай юм. Тодруулбал 404 эрэгтэй, 80 эмэгтэй хүн бий гэсэн тооцоолол гарсан. Халдвартай хүмүүсийн насны ангиллыг авч үзвэл 25-29 насныхан зонхилж байгаа. Энэ насныхан нийт ХДХВ-ээр өвчлөгсдийн 23.1 хувийг эзэлж байна. Нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй үе болох 25-34 насныхан 43 хувийг бүрдүүлж буй юм. Манайд анх 1992 онд ХДХВ илэрснээс хойшхи 25 жилийн хугацаанд 15-20 насны 18 хүүхэд бүртгэгдээд байна. Энэ нь бэлгийн харьцаанд орсон хэн ч өвчин авах магадлалтай гэдгийг илтгэж байна. ЕБС-иудын хүүхдийн дунд хийсэн шинжилгээний дүнгээр бэлгийн харьцаанд орох нас залуужиж байна гэсэн дүгнэлт гарсан. Ийм эрсдэл байгаа учир хүүхдүүд халдвар аваад байгаа юм. 15-тай хүүхэд ДОХ-ын халдвар авч байгаа нь ДОХ хэнийг ч ялгахгүй гэдгийг илтгэж буй хэрэг юм. Тухайн хүүхэд бэлгийн хавьталд орсон нь үүгээр нотлогдож буй юм. Манайд илэрч байгаа ХДХВ-ын 100 хувь нь бэлгийн хавьтлаар дамжиж байна” гэлээ.

ДОХ-ын халдвар тээгчдийн 80 хувь нь эрчүүд байгаа бөгөөд ижил хүйстнүүд гэсэн судалгаа байгаа юм. Сүүлийн үед халдварыг ямар хүмүүс тараагаад байна вэ гэхээр эхнэртэй хэрнээ ижил хүйстэнтэйгээ дотно харилцаанд ордог, нөхөртэй хэрнээ эмэгтэй хүнтэй харилцаанд ордог эмэгтэйчүүд тараагаад байна гэх судалгааг ч гаргасан байгаа юм.

П.Үнэнчимэг: ДОХ-ын шинж тэмдэг илрэхгүй 10-12 жил хүртэл халдвар тээж явж болно

Тэгвэл ХӨСҮТ-ийн ДОХ-ын тусламж үйлчилгээний тасгийн эрхлэгч П.Үнэнчимэгийн ярьснаар “Монголд анх бүртгэгдсэн эхний таван тохиолдлын халдварууд дандаа гадаадад сурч байсан гадны хүнээс бэлгийн замаар авсан гэсэн өгүүлэмжтэй байдаг. 2005 оноос хойш манайд жилдээ 11 хүн оношлогдож явсаар байгаад өнгөрсөн жил гэхэд нийтдээ 226 тохиолдол бүртгэж авчээ. Харин он гараад шинээр гурван тохиолдол бүртгэгдсэн байна.

-Насны хувьд ямар хүмүүс байна. Өсвөр насныханд халдвар илэрсэн гэхээр аймшигтай сонсогдоод байгаа юм?

-Насны хувьд бүх насныхан байна. ДЭМБ-аас гаргасан ангилалаар 15-19, 20-24, 25-29 30-40, 50-ааш дээш насны хүн хүртэл оношлогдсон байна. ДОХ-ын хувьд цонх үе нь 3 долоо хоногоос 3сар хүртэл. Шинж тэмдэг илрээгүй үедээ 10-12 жил хүртэл явж болдог өвчин. Тийм болохоор хүн шинжилгээ өгөхгүй бол илрэхгүй, гаднаас нь харахаар эрүүл харагдаад байдаг. Ямар нэгэн зовиур өгөхгүй бол яваад байж болно гэсэн үг. Тэгээд эцэстээ өвчин хүндэрч эцсийн шатандаа ордог. Магадгүй халдвар аваад 10 жил өвчний шинж тэмдэг илрээгүй явчихсан хүн байхыг үгүйсгэхгүй юм. Одоо оношлогдсон үеийнхний насыг харахаар залуучуудын дунд байна гэж үзэж байгаа юм.

-Манайд бэлгийн замын халдвараас өөр замаар авсан тохиолдол бүртгэгдсэн үү?

-Монгол Улсад бүгд бэлгийн замын халдвараар дамжсан халдвар гэж үздэг. Манай улсад бусад орон шиг цус, цусан бүтээгдэхүүн, эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй. 100 хувь бэлгийн замаар халдварлаж байгаа.

-Халдвартай ээжээс төрсөн хүүхдүүдийн тоо хэдэд хүрсэн бэ?

-Халдвар тээсэн ээжээс төрөлхийн халдвартай төрсөн хүүхэд байхгүй. Эмнэлгийн дотоод халдвар маягаар халдвар бүртгэгдээгүй. Халдвартай хэрнээ хүүхэд тээгээд эрүүл төрүүлсэн 15 ээж байгаа. 10 ээжийн 15 хүүхэд бойжиж байна. Хүүхдүүд нь бүгд халдваргүй хяналтанд байгаа. Гэхдээ оношлогдоогүй зөндөө хүн байхыг үгүйсгэхгүй.

-Сайн дураараа цусны шинжилгээ өгөхөөр иргэд хэр ирдэг вэ. Оношлогдсон хүмүүс яаж яваад халдвар авсан байдаг юм бол?

-Яг ямар замаар яаж яваад авснаа ярих шаардлага байхгүй. Бие нь өвдөөд шинжилгээ өгч болно. Эсвэл эрүүл мэндийн дүгнэлт гаргуулах гээд цусны шинжилгээ өгөх, гадаад руу гарах гээд шинжилгээ өгөөд халдвартай гэдгээ мэдэж байх жишээний. Хувь хүний нууцтай ажилладаг болохоор яг ямар замаар халдвар авсныг нь хэлэх боломжгүй. Ер нь жилдээ давхардсан тоогоор 400 гаруй мянган хүн ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд хамардаг. Өнгөрсөн жил давхардсан тоогоор 28 мянган хүн шинжилгээ өгсөн гэсэн тооцоо гарсан.

Ийнхүү бэлгийн замын замбараагүй байдлаас үүдсэн өвчлөл цаашид ч нэмэгдэнэ гэдгийг эмч нар хэлж байгаа юм. Бэлгийн замын халдвараас авсан байна гэдгийг тодотгож хэлж байгаа юм. Тиймээс эрсдэлтэй алхам хийхгүй байхыг, эрүүл мэндийн тухай мэдлэгээ сайжруулахыг эмч нар зөвлөж байна. Дээр нь монголчуудын шилжилт хөдөлгөөн, гадаад дотоодод зорчиж буй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Энэ байдал халдвар авах эрсдлийг нэмэгдүүлж байна. Тиймээс юун түрүүнд иргэд эрсдлийн талаарх ойлголтыг сайн байх хэрэгтэй .

Хүний эрүүл байх эсэх нь 100 хувь өөрөөс нь шалтгаална. Тиймээс хувь хүн өөрийнхөө хариуцлагыг өндөржүүлж, үлдсэн хувьд нь эрүүл мэндийн салбарынхан тусламж үйлчилгээ үзүүлэх юм. Түүнчлэн урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсролын байгууллага эрүүл мэнийн хичээлдээ түлхүү оруулж өгөх шаардлагатай. Бэлгийн замаар дамжих халдвар бол хоолны хордлого биш, амьсгалын замын халдварт өвчин биш. Нэг өрөөнд агаар амьсгалснаараа, санамсаргүй хоол идээд халдвар авах биш, цэвэр ухамсарын үйл гэдгийг хүмүүс ойлгомоор байна. Таны эрүүл мэнд таны гарт бий шүү.

О.Сайхан
SOURCE: zaluu.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.