Уран зураач Грант Вудын 1930 онд зурсан “Америк готик” буюу “Айовагийн фермер ба түүний эхнэр” нэрээрээ алдаршсан уг зураг дээрх хос нь эхнэр нөхрүүдийн адилхан төрхийг илэрхийлсэн суут бүтээл юм.
Анхандаа энэ дуулиант түүхийн талаар зөвхөн ордон дотор л шивнэлддэг байв. Дараа нь түүний тухай орон гэргүй үлгэрчид гудамж талбайгаар дуулдаг болов. Ингээд таван зууны дараа энэ дуулиан түүхийн талаар бичиж эхэлсэн гэдэг.
Энэ бол Троин хааны хүү Парис, Спарта хааны эхнэр Елена нарын дунд гэнэт үүссэн гал халуун хайр юм. Эртний уран зохиолын уг бүтээлд анхны харцаар дурласан түүхийг өгүүлдэг билээ. Тэгвэл орчин цагийн шинжлэх ухаанд анхны харцын дурлал гэгдэх сэтгэлзүйн энэ үзэгдлийг хэрхэн судалсан бол?
Ижил нь ижлийгээ татдаг
Хүмүүс анх учрахдаа юуны түрүүнд бие биеийнхээ царайг хардаг. Тэгэхээр нүүр царай нь бидний өвөрмөц байдлыг тодотгодог гэсэн үг.
Гэхдээ нүүр царайнаас чухам юу хүний сэтгэлийг ховсдон татдаг вэ. Хамар, хоёр нүд, хөмсөг, уруул л амьдралаа холбох хэн нэгнийг олоход хангалттай өгөгдөл мөн гэж үү. Хэрвээ хангалттай юм бол нүүр царай, дүр төрх ямар онцлогтой байх ёстой гэж?
Хачирхалтай хэдий ч дурлалт хосуудын олонх нь хоорондоо төстэй байдаг. Ийм судалгаа ч олон бий. Венесуэлийн их сургуулийн судлаач Лилиана Альварес, Клаус Яффе нар 2004 онд ийм судалгаа хийжээ. Тэд гэр бүлийн 36 хосыг санамсаргүй байдлаар сонгож, зургийг нь аваад, дараа нь эхнэр, нөхрүүдийн зургийг салгаж тараасан байна. Ингээд санамсаргүй түүвэрлэн сонгосон хүмүүст зургуудыг харуулаад, хэн нь хэнтэйгээ эхнэр нөхөр болохыг таалгажээ.
Гэтэл оролцогчид гэрэл зураг дээрх хүмүүсийг хос хосоор нь зөв байрлуулах үзэгдэл хоёр дахин их байв. Энд царайлаг, царай муутай гээд олон хүний зураг байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэр ч бүү хэл гэрэл зургаас зөвхөн нүд, эсвэл уруулыг нь хайчлан авч оролцогчдод үзүүлсэн ч тэд гэр бүлийн хосуудыг зөв холбож байв. Товчхондоо бие эрхтний хувьд адилхан байх нь бие биедээ дурлах, гэр бүл үүсгэх чухал хүчин зүйлс болдог аж.
Бас нэгэн судалгаанд танихгүй хүмүүсийн гэр зургийг цифрийн аргаар зориуд өөрчилж, туршилтад оролцогчдын царайтай нэлээд төстэйдүү болгожээ. Гэтэл оролцогчид туршилтын зорилгыг ч мэдээгүй хэрнээ олон зураг дотроос өөрт таалагдахыг сонгосон байна. Тэдний олонход нь өөртэй нь төстэй төрхтэй хүмүүс таалагджээ.
Мэдээж олон хос хамтдаа амьдраад ирэхээрээ өөрийн эрхгүй нүүрний ижил хувирал, үйл хөдлөл, аялгатай болж, түүнийгээ дагаад төстэй болдог гэдгийг эрдэмтэд тооцож үзсэн нь ойлгомжтой. Гэхдээ бусад судалгаанд хамтын амьдралаа ч эхлүүлээгүй дурлалт хосуудын гайхалтай төстэй байдлыг ч илрүүлсэн байдаг.
“Ижил нь ижлээ татдаг” хэмээх энэхүү онолыг Английн хөрөг зураач Сьюзи Малин ч “Анхны харцын дурлал” номондоо баталсан байдаг. Тухайлбал, Элвис, Присцилла Пресли, Брэд Питт, Анжелина Жоли нарын оддын хосуудын зургуудыг цуглуулж, эмэгтэйнх нь зүүн, эрэгтэйнх нь баруун талын нүүрийг нийлүүлж, нэг хүн болгосон нь энэ онолыг жинхэнэ баталсан ажиллагаа болсон гэхэд хилсдэхгүй.
Нугасны муухай дэгдээхийн эмгэнэлт түүх
1873 онд Британийн байгаль судлаач Д.Сполдинг дөнгөж өндөгнөөсөө гарч ирж буй дэгдээхийнүүдийг ажиглаад тэд мэндэлмэгцээ хөдөлж буй объектыг хармагцаа дагадаг болохыг нээжээ. Германы амьтан судлаач О.Хейнрот ч галууны дэгдээхийн ийм үйлдлийг ажиглаад, дэгдээхийн анхны харц ой ухаанд нь арилшгүй мөр үлдээдэг гэсэн таамаглал дэвшүүлсэн байна.
Энэхүү онолыг олон жилийн ажиглалт ч баталсан. Авсрийн биологич К.Лоренц ч нугас, саарал галууг судлах явцдаа өндөгнөөс гарсны дараахан харсан зүйл нь мартагддаггүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс ээжээсээ хагацсан галууны дэгдээхий хүнийг, эсвэл өнхөрч буй улаан бөмбөгийг хараад шууд дагадаг байна.
Шувуудын энэ онцлогийг заримдаа зөв зүйлд ашигладаг. Ховор төрлийн, устаж үгүй болох дөхсөн шувуудын өндгийг инкубаторт бойжуулж, ээжийг нь хүн орлодог. Ингээд хүнийг хаа сайгүй дагаж сурсан шувууд цаашид мотодельтапланаар нисч, халуун орон руу нүүдэллэж сурдаг.
Лоренц амьтад эцэг эхээ ой хэрхэн ой тогтоолтдоо авдаг тухай судалгаан дээр үндэслэн бэлгийн дүрслэлийн онолыг ч гаргажээ. Байгалийн зохилдлогоор амьтад нас биед хүрмэгцээ эцэг эхтэйгээ адилхан хосоо сонгодог байна. Жирийн үед энэ нь хэвийн л үзэгдэл. Гэхдээ тухайн амьтан хүүхэд ахуйдаа өөрийн төрөл зүйлийг олж хараагүй бол огт тохирохгүй хосыг хайж эхэлдэг байна. Х.Х.Андерсений “Нугасны муухай дэгдээхий”-н түүх бодит амьдрал дээр тун эмгэнэлтэйгээр өрнөх байлаа. Учир нь дэгдээхий нас биед хүрсэн хун болмогцоо хунгийн сүргээ биш, дэргэдээ байгаа нугаснаас хос олох гэж зовох байсан биз ээ.
Насан туршийн сэтгэгдэл
Гярхай хүмүүсийн олж ажигласнаар хүмүүс бид зөвхөн өөрсөдтэйгөө төстэй хүнийг хосоо болгохоос гадна эцэг эхтэйгээ төстэй нэгнийг хайдаг аж. Ялангуяа энэ нь үс, нүдний өнгөнд их хамааралтай. Унгарын сэтгэл судлаачид 2008 онд нэгэн ажиглалтаа нийтэлжээ. Эцэг эхийн нас ч бидний сонголтод хамаатай гэж.
Нас дээр гарсан эцэг эхээс төрсөн охид хөгшин царайтай эрийг хайдаг бол хөгшин ээжээс төрсөн залуус эгчмэд бүсгүйд татагддаг аж. Тэр ч бүү хэл 2-8 насандаа айлд үрчлэгдсэн охид өргөж авсан аавдаа маш их хайртай байсан бол түүнтэйгээ адилхан сүйт залуугийн эрэлд гардаг гэнэ. Тэгэхээр хүүхэд насанд хамгийн гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн хүн нь огт санамсаргүйгээр ирээдүйн ханийнх нь дүр зургийг гаргадаг гэсэн үг.
Царайгаар төстэй ч огт өөр хүмүүс
Тэгэхээр анхны харцын дурлалыг хамгийн анх нүдэндээ харсан эцэг эхтэйгээ төстэй, мөн гадаад төрхийн хувьд ойролцоо хүмүүсийн дунд үүсдэг гэж тайлбарлаж болох нь. Гэхдээ генетикийн хувьд тайлбарлавал огт өөр гентэй хүмүүс бие биедээ татагддаг байна.
Бразилийн генетикчдийн баталснаар histocompatibility буюу эдүүдийн нэгдлээрээ илүү их ялгаатай хосууд илүү бат бэх харилцаатай амьдардаг гэнэ. Эрдэмтэд гэр бүлийн 90 хос, санамсаргүй сонгосон 152 хосын эдүүдийн нэгдлийн генийг харьцуулж үзжээ. Гэтэл гэр бүлийн хосын эдүүдийн нэгдэл хоорондоо эрс ялгаатай гарсан байна. Тэгэхээр бид дархлааны чанараараа эрс ялгаатай нэгнийг сонгож, заяаны ханиа болгодог гэсэн үг. Эцэг эхийнх нь ген өөр байх тусам эрүүл хүүхэд төрдөг.
Гэхдээ хосууд нэг нь нөгөөгөөсөө эрс өөр гентэй гэдгээ шинжилгээ хийлгэлгүйгээр яаж мэддэг юм бол. Хэргийн гол учир нь эдгээр “дархлааны” генээс тухайн хүний үнэр шалтгаалдаг. Хүмүүс тэр үнэрийг сайн ялгадаггүй ч ухамсрын түвшинд мэдэрдэг болохоор эмэгтэйчүүд өөрөөсөө эрс өөр үнэртэй эрчүүд рүү татагддаг байна.
Тэгэхээр хайр дурлал үүсэхэд ижил шинжээс гадна ялгаа ч хэрэг болдог аж.
Гэхдээ хүмүүс хайрлаж, дурлаж сонгосон нэгийгээ яагаад хаядаг юм бол. Яг л Анжелина Жоли, Брэд Питт нар, Сергей Есенин, Айседора Дункан нар шиг.
Ер нь хайр дурлал гэдэг шинжлэх ухааны хувьд үүрд тайлагдашгүй нууц хэвээр үлдэх сэдвийн нэг хэвээр байх бололтой. Энэ нь ч сайн хэрэг.
Эх сурвалж: Өглөөний сонин