ХДХВ болон ДОХ-ын халдвар тээгч иргэдийг өмгөөлөхүй

Дэлхий нийтийг өнөөг хүртэл цочирдуулсаар ирсэн нэгэн өвчин бол ХДХВ(Хүний дархлал хомсдлын вирус), ДОХ (Дархлалын олдмол хомсдол) хэмээх өвчин юм. Бид нийтлэлийнхээ эхэнд энэхүү өвчний талаар үндсэн мэдээллүүдийг хүргэхийг зорьлоо.

Анх энэ халдвар нь Африкийн “Siman” хэмээх сармагчингаас хүнд халдсан гэж үздэг. Сармагчингийн биед хор хөнөөлгүй “SIV” гэдэг вирус хүний биед халдсанаар “HIV” гэх вирус болон хувирч энэ өвчинг үүсгэжээ. Эхэндээ Африкийн эрдэмтэд судалж үзсэн боловч оношлогдоогүй бөгөөд сүүлд америкийн эрдэмтэд нэгэн өвчтэй эрэгтэйг сонгож судалгаа явуултал өөр эртэй бэлгийн хавьталд ордог байсан байна. Үүнээс үүдэн энэ өвчинг ижил хүйстнүүдийн өвчин хэмээн үздэг байсан байна.

ХДХВ, ДОХ хоёрыг хүмүүс нэг ойлголт гэж боддог. Үнэн хэрэгтээ ХДХВ гэдэг нь зөвхөн хүний биеийн дархлалын эсүүдийг сонгомлоор гэмтээдэг вирус (Ретровирус)-ыг хэлнэ. Харин ДОХ гэдэг нь хүний дархлал хомсдолын вирусийн нөлөөгөөр хүний дархлалын эсүүд гэмтэж, дархлалын тогтолцоо алдагдсанаар өвчин эмгэг илэрхийг хэлдэг байна. ХДХВ нь хүний биеийн цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл, хөхний сүү, нугасны ус зэрэг шингэнүүдэд халдвар үүсгэх хангалттай хэмжээнд агуулагддаг ба эдгээр шингэн хүний биеийн цусны урсгалд шулуун гэдэс, үтрээ, гэмтсэн арьсаар орсон тохиолдолд халдвар дамждаг. Харин шүлс, нулимс, шумуул болон бусад төрлийн хорхой шавж, хамт ажиллах, амьдрах, суралцах, тэврэх, үнсэх, бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт хамт орох, ахуйн замаар буюу жорлонгийн суултуур, хоол хүнс, аяга халбага зэргээр халдвар дамждаггүй аж. Гэтэл бид гар барих төдийд л халдах юм шиг л боддог нь үнэн.

Дэлхий дээр ХДХВ/ДОХ-оор нэг секунд тутамд найман хүн өвчилж байдаг бөгөөд тэдгээрийн долоо нь өвчилсөнөө мэддэггүй байна. Хэдийгээр ХДХВ-ийн халдвар авсан байсан ч гурав хүртэл сарын хугацаанд шинжилгээ хийлгэхэд шинж тэмдэг илэрдэггүй. Энэ  үеийг “Цонх үе” гэдэг. Өнөө үед хийгдэж байгаа ихэнх шинжилгээ нь вирусын эсрэг биеийг илрүүлдэг ба ихэнх хүнд ХДХВ-ийн эсрэг бие халдвар авсанаас хойш гурван сарын дараа шинжилгээнд илрэх хэмжээнд хүрсэн байдаг. Иймд гурван сарын дараа дахин шинжилгээ хийлгэж байж өөрийгөө ХДХВ-ийн халдваргүй гэдгийг баталгаажуулах хэрэгтэй юм байна. Эрүүл хүний дархлалын CD4, СD8 вирусын тоо 1200 байдаг бол өвчилсөн хүнд 250 болон түүнээс доош болж буурдаг байна. Тэгвэл өвчний ретровирус-ийн эсрэг эмийг өдөр тутамд ууснаар уг тоо 500-600 болж өссөнөөр дархлалын тогтолцоог тэнцвэржүүлдэг байна.

Энэхүү өвчин нь манай улсад 1992 онд анх бүртгэгдсэн бөгөөд өнөөгийн байдлаар 220 гаруй тохиолдол бүртгэгдэж 192 хүн халдвартай амьдарч байгаа юм байна. 2016 оны 12 дугаар сард хийгдсэн шинэчилсэн тооцооллоор 15-49 насныхны дунд ХДХВ-ийн халдвартай 460 гаруй хүн байж болох тооцоолол бий. Энэ нь ХДХВ-ийн халдвараар бүртгэгдсэн хоёр хүний ард гурван оношлогдоогүй хүн байна гэсэн тооцоо байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Халдвар авсан эрэгтэйчүүдийн 80 хувь нь эрэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд юм байна.

Манай улсад ХДХВ/ДОХ-той 10 эх амаржсан бөгөөд тэднээс эрүүл саруул хүүхэд төржээ. ХДХВ-ийн хадвартай жиирэмсэн эх эмчийн заавраар ретровирусын эсрэг эмчилгээ ихийлгэвэл эрүүл хүүхэд гаргах бүрэн боломжтой. Эдгээр эхчүүдийг тусгай эмчийн хяналтанд Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр төрдөг юм байна. Төрсөн нярай хүүхдийн дархлал зургаан сарын дотор бүрддэг. Тиймээс зургаан сарын дараа эхээс өвчин дамжсан эсэх шинжилгээг хийдэг юм байна.

Гэвч  ХДХВ, ДОХ-той холбоотой хүний эрхийн тухай асуудал хөндөгдөж, халдвартай амьдарч буй хүмүүс тэдгээрийг ялгаварлан гадуурхаж, алагчилах, нэр төрд нь халдах, хууль ёсны эрхийг нь үл хүндэтгэх зэргээр эрхээ эдплэх боломжгүй болгох тохиолдол нийтлэг байдаг нь Монгол  улсын хүний эрхийн үндэсний комиссын 12 дугаар илтгэлд дурьдагдсан байна. Харин эдгээр иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр эрх зүйн туслалцаа авах явдал туйлын хомс байгаа нь өмгөөлөгчид болон ХДХВ-тэй амьдарч буй хүмүүстэй хийсэн ярилцлагаас харагдаж байгаа юм. Манай улсад ялгаварлан гадуурхалтын эсрэг тусгай хууль байхгүй бөгөөд ХДХВ, ДОХ-той амьдарч буй хүмүүс ил болон далд хэлбэрээр ялгаварлан гадуурхалтанд өртөх явдал гарсаар байгаа билээ.

ХДХВ/ДОХ-той иргэдийн эрх, эрх чөлөө анх бүртгэгдсэн цагаасаа хойш л зөрчигдсөөр иржээ. ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүсийг ялгаварлан гадуурхах, нэр төрд нь төрд нь халдах, хууль ёсны эрхийг нь үл хүндэтгэх, цаашлаад ХДХВ,ДОХ-ын шинжилгээнд албадан хамруулах, гадаад орноор аялахыг хориглох, хамт олны дотор ажил, хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авахад бэрхшээл учрах зэргээр эрх нь зөрчигдөх явдал түгээмэл илэрдэг байна.

Иргэн Т “ Одоогоос 20 жилийн өмнө би ХДХВ-ийн халдвар тээгч болсон. Одоогоор Монголд ДОХ-тойгоор хамгийн удаан амьдарч байгаа хүн гэж хэлж болно. Намайг ХДХВ-ийн халдвартай гэдгийг гэр бүл, найз нөхөд, ах дүү, хамаатан садан бүгд мэдээд надаас нүүр буруулж байсан. Гэрт маань гардсан аливаа хэрүүл эцэстээ миний буруу болж төгсдөг болсон. Яагаад гэвэл би ДОХ-ын халдвартай болоод тэр лдээ… Би гэр бүлийнхээ дунд олон жил буруутан болж амьдарсан ч тэд нартаа би хэзээ ч гомдлын үг хэлээгүй учир нь мэдлэггүй байдал хүнийг мухардалд оруулдагт л байсан хэрэг. Би бусдын адил хүний эдлэх ёстой эрхийг эдэлж, хуулийн өмнө хүлээсэн үндсэн үүргээ ухамсарлан амьдардаг эмэгтэй. Заримдаа “Баярлалаа ДОХ” гэж хэлмээр санагддаг. Учир нь ДОХ хэмээх өвчин миний амьдралд өөрчлөлтийг авчирсан. Намайг хурцалж, улам их тэвчээртэй болгож чадсан. Би 21 насандаа халдвартай гэдгээ эрт мэдсэн нь надад олон давуу талуудыг олгосон. Ретровирусын эсрэг эм ууснаар цусан дахь вирусыг шинжилгээгээр илрэхгүй болтол устгаснаар эрүүл урт удаан амьдрах боломж нээгдсэн. Дахиад 20 жил амьдрах болно. Түүнээс ч илүү наслахыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Надад тэр үед хэн нэгний халуун тэврэлт, дулаан үг үгүйлэгдэж байсан юм. Халдвартай хүмүүс бие биетэйгээ холбоотой байж, нэг нэгэндээ, зөвлөгөө өгч, бэрхшээлээ хамтдаа даван туулах нь витамин ууснаас илүү эмчилгээ болдог гэж боддог. Би хэдэн жилийн өмнө эрүүл саруул, хөөрхөн охинтой болсон. Нөхөр маань Африк хүн лдээ бас л над шиг ДОХ-той хүн байдаг. Ретровирусын эсрэг эм ээ би насан туршдаа ууна. Өөр арга байхгүй.  Би эм ээ уух үедээ л өөрийгөө ДОХ-той гэдгийг мэдэрдэг.” гэсэн юм.

Мөн нэгэн нэрээ нууцалсан иргэн “ Би ДОХ-ыг зургаан жилийн өмнө авсан. Эмнийхээ хүчинд л хорвоогийн бор өдрүүдийг үзэж байна даа. Анх ээждээ хэлтэл ээж маань хүндээр хүлээж авсан боловч дараа нь намайг ойлгож дэмждэг болсон. Аавдаа одоог хүртэл хэлээгүй. Аав маань хэдэн жилийн өмнө харвалт өгсөн. Хэрвээ миний ийм болсныг сонсох юм бол зүрх нь ч зогсчихож мэднэ. Тиймээс би хэлдэггүй юм. Олон найз нөхөдтэй байсан. Намайг өвчин авсныг мэдээд ихэнх нь холбоогоо тасалсан даа. Одоо намайг ойлгож дотно байдаг ганц хоёр найз бий.Эмнэлэгээс үйлчилгээ авахад эмч нар бусдаас өөр харьцдаг. Нийгмээс гадуурхагдаж өөртөө итгэх итгэлгүй болох үе ч байсан. Ээж маань намайг ойлгож үргэлж дэргэд байдаг болохоор би өнөөдрийг хүртэл сэтгэлийн тэнхээтэй амьдарч явна. “Хэрвээ ээж маань үгүй болвол надад амьдрах шалтгаан байхгүй” гэв.

Тэдэнд хайр халамж дутагдсан ч гэсэн зовох тусмаа улам хатуужиж байгааг дээрх хүмүүсийн ярьсанаас харж болно. Энэ өвчинд нэрвэгдэж хичнээн хүн амьдрах урам зориггүй явж байгаа вэ, хэдэн хүн үхлээ хүлээгээд хэвтэж байгаа вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Нийгэм даяараа зөвхөн хорсол, заналхийллийн сэтгэлээр хандаж байхад тэдэнд амьдрах утга учир байх болов уу. Та бүхэн нэг тунгаан бодоорой.

2013 онд үндэсний хэмжээнд явуулсан Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд оролцогчдын 78 хувь нь ХДХВ-ийн халдвартай худалдагчаас хүнсний ногоо худалдаж авахгүй гэж хариулсан нь ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох нийгмийн хандлага амь бөх байгааг харуулж байна. ХДХВ-ийн халдвартай жирэмсэн эхчүүдийг бусад төрөх газар бус харин Халдварт өвчин судлалын үндэсний төвд, орон нутагт тус төвийн ДОХ-ын мэргэжилтнүүдийн хяналтан дор Эрүүл мэндийн сайдын тушаалаар төрүүлдэг нь эрүүл мэндийн салбарт ялгаварлан гадуурхалт өндөр байгаагийн нэг жишээ болж байна.

Иргэн Д эмнэлэг дээр шинжилгээ хийлгэхээр очоод өөрийгөө ХДХВ-ийн халдвартай гэдгээ хэлтэл эмч гараа угааж амны хаалт зүүж, бээлий өмссөн байна.

Үүний учир нь манай улсад ХДХВ/ДОХ-ын талаар нийгэм, эрүүл мэндийн салбарт   суурь мэдлэг бага байдагтай холбоотой юм. ЕБС-д болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХДХВ/ДОХ өвчний талаар хомс, буруу ташаа ойлголт түгээснээс үүдэлтэй биз. Эрүүл мэндийн салбарын эмч нар нь өвчтөнөөсөө дөлж, сэжиглэх зэргээр ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа нь эмгэнэл гэлтэй.

Зарим тоо баримтаас:

ХДХВ-тэй амьдарч буй найман хүн тутмын 1 нь эрүүл мэндийн тусламж хүсэхэд татгалзсан хариу авчээ.

2014 онд ХДХВ-тэй амьдарч буй хүмүүсийг ялгаварлан гадуурхалтаас хамгаалсан хууль, тогтоолтой улс орон 68 хувь байдаг.

ХДХВ-ийн халдвартай гэдгээ нуусан, хүн эрсдэлд оруулсан, халдаасныг гэмт хэрэгт тооцдог улс орны тоо 72 байна.

ХДХВ-ээс үүдэлтэй зорчих эрхийг хязгаарласан орны тоо 35 байдаг байна.

Хэн ч энэ өвчнийг ямар ч замаар авч болно. Гэвч эдгээр хүмүүсийн хувь тавилан гэлтэй.

Монгол улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний гурав хөтөлбөрийни хүрээнд нийт хүн ам, ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амд үзүүлэх БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тэмбүүгийнхалдварын тохиолдлын түвшинг бууруулж, ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн илрүүлэлтийг нэмэгдүүлнэ гэсэн зоримог зорилт тавин ажиллаж байгаа аж. Түүнчлэн 2020 он гэхэд ХДХВ-ийн халдварын тархалтыг тууштай зогсооход ХДХВ-ийн халдвартай буюу халдварт өртөмтгий хүмүүсийн хүний эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн хангахад чиглэсэн хууль, бодлогын хэрэгжилтийг хангах замаар ДОХ-оос үүдэлтэй ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдлыг арилгана гэсэн өргөн хүрээний зорилтыг Засгийн газар дэвшүүлсэн байна. Үүний хүрээнд эрүүл мэндийн салбарт оршиж буй ХДХВ-тэй холбоотой ялгаварлан гадуурхалтыг арилгахад Засгийн газар түлхүү анхаарна. ХДХВ-ийн тархалтыг зогсоох гол хөшүүрэг болох ялгаварлан гадуурхалтыг бууруулах, ХДХВ,ДОХ-той амьдарч буй хүмүүсийг ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг нь хангах чиглэлээр ухуулга нөлөөллийн ажилд ашиглах хагас өдрийн сургалтын жишиг хөтөлбөрийг зарим ЕБС-иудад явуулсан байна. Эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хуульч өмгөөлөгч, сэтгэл зүйч,  сэтгүүлч зэрэг мэргэжлийн хүмүүсийг ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүс, мөн халдварт өртөх эрсдэлтэй хүн амын эрхийг хамгаалах, үл ялгаварлан гадуурхах чиглэлээр чадавхижуулах сургалтыг явуулж байгаа юм байна.

Дэлхийд  2000 онд ХДХВ/ДОХ-ийн халдвар шинээр авсан хүний тоо 3.1 сая, 2010 онд 2.2 сая,  2015 онд 2.1 сая болон буурчээ. 2015 оны эцсийн байдлаар 36.7 сая хүн халдвартай амьдарч байгаагийн 17 сая хүн нь ретровирусын эсрэг эмчилгээнд оржээ.  2015 он гэхэд 2.1 сая хүн халдвар шинээр авч тэдгээрийн 1.1 сая нь хүн нас барсан тоо баримт байна. Харин дэлхий дээр нэг ч хүн эдгээгүй байгаа юм.

Дэлхий дээр нийт 87.6 сая хүн ХДХВ-ийн халвар авсанаас өнөөгийн байдлаар 40.8 сая хүн нас барсан байна. 2010 оноос хойш шинээр халдвар авч буй хүүхдийн тоо 50 хувь буурсан. Өөрөөр хэлбэл 290.000 хүүхэд халдвар авч байсан бол 2015 онд 150.000 болон буурчээ. Чимээгүй тахал хэмээн нэрлэгдээд байгаа энэ аймшигт өвчний эсрэг Дэлхий нийтээрээ тэмцэж чадвал энэ халдвараас сэргийлж болно.

Тэд ч бас бидэн шиг хүн учраас ажиллаж амьдрах эрхээ эдлэх ёстой.  2.1.ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүний эрх гэж юу вэ. ХДХВ/ДОХ-той хүн бусад хүний нэг адил Монгол Улсын Үндсэн хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг эдэлнэ. ХДХВ/ДОХ-той хүний эрхийг ХДХВ-ийн халдвар авсан, эсвэл ДОХ-той гэсэн үндэслэлээр хязгаарлахыг хуулиар хориглосон. (ХДХВ-ийн халдвар, ДОХ-оос сэргийлэх тухай хууль, 11 дүгээр зүйлийн 11.1).

2.2. ХДХВ, ДОХ-той амьдарч буй хүн өөрийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл гомдол гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.

2.3. ХДХВ, ДОХ-той хүн эрүүл мэндийн нууцаа хамгаалуулах эрхтэй.

2.4. ХДХВ, ДОХ-той хүн ялгаьарлан гадуурхагдлахгүй байх эрхтэй.

2.5. ХДХВ, ДОХ-той хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй.

2.6. ХДХВ, ДОХ-той хүн хөдөлмөр эрхлэх эрхтэй.

2.7. ХДХВ, ДОХ-тойф хүн мэдээлэл, туслалцаа авах эрхтэй.

2.8. ХДХВ, ДОХ-той амьдарч буй хүн төрөөс эд мөнгөний тусламж авах эрхтэй гэх мэт олон эрхийг эдэлж өөрийн нийгэмд гүйцэтгэх үүргээ хүлээх ёстой.

ХДХВ-ийн халдвар авсан нь хэний ч буруу биш. ХДХВ, ДОХ-той хүмүүстэй ойр байх нь аюултай мэтээр ойлгох хэрэггүй. Тэд нарыг гадуурхах нь харгис үйлдэл юм.

НҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “ 2030 онд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилт нь эрхэд тулгуурласан ХДХВ-ийн арга хэмжээг өрнүүлэх, хүний эрх, нийгмийн шударга ёс, эрх зүйт ёсны төлөөх хөдөлгөөнтэй уялдаа холбоог нь улам хангах чухал шаардлага, боломж олгож байна. Бүх салбарт, бүх шатны удирдагчид үүнд анхаарал хандуулах хэрэгтэй” гэсэн байна.

Алдарт Сагсан бөмбөгт “Magic Johnson” “ХДХВ миний амьдралын хэв маягийг өөрчилсөн ч намайг амьдралаас авч яваагүй” гэж хэлсэн байдаг.

ХДХВ/ДОХ- той тэмцэх цаг нь иржээ. Үүний тулд иргэн бүр халдварын талаар зөв ойлголтыг олж авах, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон ЕБС-иудын багш нар бага ангиас нь зөв ойлголтыг түгээх, эрүүл мэндийн салбарынхан өөрсдийн буруу үйлдлээ засах хэрэгтэй.

Л.Сайнбаяр
SOURCE: MNB.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.