Хайр сэтгэлээр учирсан хосуудад хорвоогийн бүх зүйл амархан, аз жаргалтай, гэрэл гэгээтэй санагддаг. Гэвч хэсэг хугацааны дараа тэд хоорондоо маргалдаж, түүнээсээ болж салах тохиолдол ч цөөнгүй. Саяхан л бие биенээ хайрлаж, энхрийлж байсан хосууд нэг л өдөр муудалцаж эхэлдэг.
Тиймээс хосууд яагаад, юунаас болж муудалцдаг вэ гэдгийг та бүхэндээ хүргэж байна.
Хүмүүжил, хэвшлийн ялгаа:
Хүн болгон өөр өөр орчинд өсөж, хүмүүждэг болохоор нэг гэрт ороод хамт амьдрахдаа зөндөө олон ялгаагаа мэдэрдэг. Өглөө босоод ороо хураахгүй байх, өмссөн хувцсаа тайлаад хаа нэгтээ чулуудах, хогоо хаана ч хамаагүй хаяж орхих, хоол хийхэд нь туслахгүй зурагт үзээд суух, хөлөө угаахгүй байх, хоолоо сорж идэх, аяга тавгаа цэвэрлэхгүй орхих, цэвэрлэсэн газрыг бохирдуулж орхих зэрэг зөрчил үүсгэх шалтгаан олон бий. Хүмүүс бага насандаа өөртөө олж авсан хүмүүжил хэвшлээрээ энэ л хамтын амьдралд ханддаг болохоор зөрчилдөөн үүсэх нь аргагүй.
-Харин гэр бүл болгон өөрийн дүрмээ зохиож, нэгэн хэвшил дор санаа нэгдэх нь энэ маргаанаас гарах эхний алхам. Мэдээж санасан болгон шууд биелдэггүй болохоор цаг хугацааны урсгал дор бие биедээ тоглоом тохуугаар ч болов сануулж, бас хайр дундаа учирлаж, хааяадаа аргадан байж л бүрдүүлэх аж.
Үзэл бодлын зөрөө:
Амьдрал болон алив асуудалд хандах үзэл бодол гэдэг мөн л бага наснаас төлөвшдөг. Тэгэхээр энэ ялгааг хайр дундаа шатаж явах үедээ мэдрэх боломж тун бага. Харин хамтран амьдрах мөчдөө илүү гүнзгий мэдэрдэг. Зарим эрчүүд эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлэх, хүсэл хангах, хоол хийх үүрэгтэй гэж үздэг бол, зарим бүсгүйчүүд эрчүүдийг мөнгө олох, чандмань хүслийг биелүүлэгч, дутагдсан бүхнийг нөхөгч гэж үзэх нь бий. Зарим нь эрдэм мэдлэг чухал гэж үзэж байхад нөгөө зарим нь мөнгө чухал гэж үзэх нь бий. Баян тансаг амьдрал болон хэрэгцээн дундаа сэтгэл хангалуун амьдрах гэдгийн ялгаан дээр ч хосууд маргалддаг.
-Тэгэхээр эхлээд л танилцаж бас хайрлан дурлалцах мөчдөө үзэл бодлоо мэдэж ойлголцох нь тун чухал. Заавал төгс төгөлдөр байх нь албагүй хэдий ч мөнгөний төлөөх амьдрал, мэдлэгийн төлөөх амьдрал, нэр хүндийн төлөөх амьдрал, ашиг сонирхлын төлөөх амьдрал, амгалан тайвны төлөөх амьдрал гээд бүгд л ялгаатай. Үзэл бодол болон өөрсдийн сонирхлын төлөө нэгдсэн амьдрал илүү бат бөх байдаг. Энэ бол тэнцвэр. “Тэнцээгүй ачаа тэмээ малын зовлон, тэнцвэргүй амраг сэтгэл зүрхний зовлон” гэдэг үг бий. Эсвэл эхэндээ сайн ойлголцож, яваандаа зөв сайнаа дагалдах гэдэг л энэ тэнцвэрийн жишиг болох буйз.
Бие биенээсээ илүү байх хүслэн:
Манай монголчууд өөрийн хүү охиноо гэр бүл болоход нь “За тэгээд эхнэр, нөхөртөө толгойгоо мэдүүлэв зэй” гэхчилэн сануулдаг нь мөнөөх л ээж, аавыгаа хүндэтгэн дээдэлдэг сэтгэлгээнд нөлөөлдөг аж. Ямар нэгэн асуудлаас улбаалан маргалдаж мэтгэлцэх тохиолдолд уг асуудалд эрүүл саруул ухаанаар хандахаас илүүтэй мөнөөх л “аминчхан захиас” толгойд нь орж ирдгээс улам зөрүүдэлдэг байж магадгүй. “Уг нь хайртынх нь хэлж байгаа зөв мэт” санагдавч, энэ л тулаанд ялагдаж орхивоос цаашид “эрх мэдэл түүний гарт шилжиж магадгүй” гэх болгоомжлол л хэрүүл маргааныг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлэх шалтаг болох нь бий.
-Гэр бүл гэдэг нь эрх тэгш харилцаа болон чин сэтгэлийн ойлголцол дээр тогтдог. Маргалдаж байгаа тухайн асуудал дээр “эрүүл ухаан саруул бодол”-оор хандах гэдэг л хамгаас чухал. Түүнээс хэн нэгний дарангуйлалд болгоомжлох гэдэг илүүц асуудал. Бид залуудаа “олон хүн биш хоёр хүний асуудал ойлголцоход илүү амар байх ёстой” гэсэн төсөөлөл байсан хэдий ч яг амьдрал дээр энэ нь хэцүү. Бараг зуун хүнтэй учраа учраа ололцохоос ч амаргүй байсан гэдгийг зөвшөөрөх байх. Яг үнэндээ энэ бүх маргаантай асуудлыг бие биедээ маш их хайртай та 2 -оос өөр хэн ч шийдэж чадахгүй гэдгийг л ойлгож байвал илүү амар байх болно.
Санхүүгийн дутагдал гачигдлаас:
Энэ ертөнцийн бүх л хүмүүс өөрсдийн амьдралаа хэн нэгний амьдралтай заавал зэрэгцүүлэн жишдэг. Энэ нь ухамсар гэхээсээ илүүтэй бараг зөн шахуу зүйл. Балдангийнх ямар байшинд амьдарч, ямар машин унаж байгаа нь, Сарангийн ямар хувцас өмсөж, ямар зүүлт зүүж байгаа нь бидний нүдэнд ил байдаг болохоор л бид өөрсдийгөө харьцуулан шанална. Бид бие биенээсээ дутуу эсвэл тэднээс дооогуур явж болохгүй гэх өчүүхэн атаархал юм уу даа. Эд баялаг болон бусдад гоё сайхан харагдах байдал гэдэг уг нь өөрийн гэртээ ямар их хайр энхрийлэл аз жаргалаар бялхаж байгаатай харьцуулахад тун өчүүхэн зүйл гэдгийг мэдэхгүйн мунхаглал юм.
-Сэтгэлийн амар амгалан, байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх гэдэг ямар их аз жаргал гэдгийг хүмүүс тэгтлээ анзаардаггүй. Заавал ядуу байх ёстой биш л дээ. Гэхдээ хүмүүсийн хэрэгцээ гэдэг даанч өчүүхэн зүйл. Сайхан байр сууц. сайн машин, хэрэгцээтэй цагт зарцуулж чадах мөнгөний хуримтлал. Хамгийн гол нь бие биедээ хайртай байж, өөрийн босгосон амьдралдаа сэтгэл хангалуун байх гэдэг аз жаргал. Түүн дээр дуртай ажлаа хийж, ойлголцдог найз нөхөдтэй байх гэдэг ямар сайхан гээч. Хэрэв та 2 хүсвэл энэ бүхнийг өөрсдийн хүссэнээрээ бий болгож чадна. Үүний тулд ухаантай, бас боловсролтой байхад л хангалттай. Заавал луйварчин байх хэрэггүй.
Хардлага:
Хүмүүс гэрлэмэгцээ бие биенийгээ “өөрийн өмч” гэж тооцдог муу зуршилтай. Тэр л сэтгэхүйгээрээ бие биенээ уулзаж учирсан, хамт байсан хүмүүстэйгээ хардаж зовоодог. Мэдээж “сайхны өмнө харц буруугүй” гэдэгтэй бид эвлэрэх ёстой ч “энэ маань намайг хуурч гомдоохыг хүсдэггүй” гэдэг итгэл л хамгаас чухал. Итгэл гэдэг хамгаас чухал хэдий ч бид “хүний сэтгэлийг олсоор хүлж чаддаггүй” гэдэгтэйгээ эвлэрэх хэрэгтэй.
-Анх хүмүүс бие биендээ сэтгэл алдран дурласан шалтаг нь юу байсан гэдгийг тэгтлээ анзаардаггүй. Мэдээж бусдаас ялгарах нэгэн онцлог байсан гэдгийг бид мэддэг. Гэсэн хэрнээ түүнээ л өргөн хөгжүүлэхийг хүсдэггүй. Бас дахин анзаарахыг ч хүсдэггэй. Магадгүй ямар нэгэн маргаан мэтгэлцээний дунд “Чи яагаад? Яг миний юунд дурласан юм бэ?” хэмээн асуудаггүй. Анх бие биенээ харан сэтгэлээр дурлахдаа олж харж байсан тэр л эрхэм зүйлийг бид санаддаггүй дурсдаггүй байгаад алдаж байж магадгүй. “Чи миний нүдээр хар л даа” гэж найздаа хэлж байсан шиг тэр л цагийн “сэтгэлийн нүд”-ээр харах ухаан дутаж байж болох.
Аав, ээж, хамаатан садангуудаас:
Монголчууд бид элгэмсэг дотно гэдгээ илэрхийлж, ямагт өөрсдийн мах цусны тасархайгаа л сэтгэлдээ өмөөрдөг. Яг үнэндээ тэдний өссөн орчин, хүмүүжил , үзэл бодол ойр байгаагаас шүү дээ. Тэд сэтгэл зүрхэндээ бие биедээ дэндүү ойрхон. Тийм болохоор өөрийн хүнээ зөвтгөх түмэн шалтаг тэдэнд бий. Гэхдээ тэд нөгөө талын хүнээ зөвтгөх шалтаг олох нь ховор.
-Залуус заримдаа бие биедээ гомдохдоо “би чамтай л гэрлэсэн болохоор танай аав ээж, хамаатан садангуудтай гэрлээгүй шүү дээ” хэмээн цөхрөлдөө дуу алдах нь бий. Энэ л үнэн. Тэд бусдын тусламж дэмжлэггүйгээр өөрсдийгөө олсон юм чинь бусдын тусламж дэмжлэггүйгээр өөрсдөө учраа олон ойлголцож байвал сайн. Тэд хамтдаа л амьдрах болохоор бусдад таалагдаагүй зүйлийнхээ төлөө салах хэрэггүй. Тэдэнд үнэт зүйл, бие биедээ татагдсан сайхан чанар гэж бий. Тэд түүнийгээ л ойлголцож байх хэрэгтэй.
Тиймээс хосууд маань маргаан үүсэх шалтгаан болдог эдгээр асуудлуудыг хэрхэн даван туулахаа ярилцсанаар, хамтдаа өнгөрүүлэх амьдралынхаа өдөр бүрийг аз жаргалтай байлгах боломжтой юм.
Эх сурвалж: www.TODAY.mn
1 Comment
Таалагдлаа гоё цомхон нийтлэл байна