Хортой ч гэх үү , халтай ч гэх үү тийм хүмүүс хаа сайгүй л байдаг. Ажлын хамт олон, найз нөхөд, эсвэл жирийн танилуудын дунд. Гаднаас нь харахад ялгагдаад байх онцгой зүйлгүй. Хамтран ажиллаад, дотносоод эхлэхэд ноцтой хүндрэл учруулж, таныг стресст оруулж мэднэ. АНУ-ын зохиолч, судлаач Тревис Брэдберри “хортой” хүмүүсийн шинж чанарыг нарийн тодорхойлж, ямар хүмүүсээс зайгаа барьж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөжээ.
Хов жив хөөцөлдөгчид
Бусад хүмүүсийн зовлонг хэлэлцэж таашаал авдаг хүмүүс. Эхлээд тэдэнтэй нийлж ярилцах нь зугаатай санагдаж мэдэх юм. Хэсэг хугацааны дараа та өөрийгөө муу тал руугаа өөрчлөгдөөд байгааг анзаарна. Илүү бүдүүлэг болж, бусадтай ширүүн харьцаж, хамгийн гол нь бусад хүний зовлонгоос таашаал авч эхэлдэг болно.
Мөнхийн “золиос” бологчид
Энэ төрлийн хүмүүс дандаа л зовж зүдэрсэн байдалтай байдаг. Гомдоллож хүнээр аргадуулахыг хичээдэг. Үнэндээ тэдний амьдрал хэвийн л үргэлжилж байгаа. Эргэн тойрныхоо хүмүүсийг өөрийн гомдлоор шаналгаж (тэд буруутай мэт гэм хүлээнэ) тэрнээсээ таашаал авдаг хүмүүс юм. Эдгээр хүмүүст “хувийн хариуцлага” гэсэн ойлголт байхгүй, бусдад ажлаа нялзааж эсвэл ямар нэг нөхцөл байдлаар шалтаг тоочино.
Хувиа хичээгчид
Зөвхөн өөрийгөө л бодох эдгээр хүмүүс бусад хүмүүсийг өөрийнхөө “би”-г баталгаажуулах хэрэгсэл мэт харна. Эдгээр хүмүүсийг таниад ирэхийн цагт та түүнд хэрэггүй, ердөө л таныг ашиглаж байжээ гэдгийг ойлгох болно.
Дарангуйлагчид
Нөхөрлөл бол ийм хүмүүст зүгээр л халхавч. Ийм төрлийн хүмүүс эргэн тойрныхныгоо өөрийн хувийн зорилгод хүрэх хэрэгсэл болгон ашиглана. Та нөхөрлөлөө эргэн хар даа, танд тэр хүнээс сэтгэлийн болон эд зүйлийн ямар нэгэн зүйл үлдэж үү? Та өгөөд л, тэд аваад л – хариуд нь тэд юу ч санал болгосонгүй.
Их зантнууд
Их зантай хүмүүстэй харьцах нь цагаа л дэмий үрсэн хэрэг болно. Таны ямар нэгэн үйлдлийг тэдгээр хүмүүс юман чинээ тоохгүй. Их зантнууд өөртөө итгэх итгэл нь бага байдгийг судалгаагаар тогтоожээ. АНУ-ын Акрон их сургуулиас хийсэн судалгаагаар их зантай хүмүүсийн мэргэжлийн ур чадвар болон танин мэдэхүйн чадвар сул байдгийг тогтоожээ.