Хүн биеийг олж ертөнцөд мэндэлнэ гэдэг ховорхон тохиох аз гэдэг. Гэхдээ амьдрал гэдэг бүхлээрээ аз байдаггүй, “аз- бүтэлгүйтэл-аз” гэж ээлжилсэн алаг зүйл байдаг. Ийм ч болохоор бүтэлгүйтэл шил шилээ даран тохиох үед зарим нэгний маань сэтгэлийн тэнхээ нь суларч, аз-аз гэсэн үе ирэхийг хүлээж тэсэлгүйгээр амиа егүүтгэх шийдвэр гаргадаг нь харамсалтай.
Хүн болгонд амиа егүүтгэх /амиа хорлох/өөрийн гэсэн онцгой шалтгаан байж болох ч хоёр зууны тэртээ оросын суут зохиолч А.П.Чеховын бичсэн энэ жижиг өгүүллэгийг уншаад нэгийг бодох байх гэж найдаж байна.
Амьдрах сайхан буюу Амиа егүүтгэхийг санаархагчдад
Амьдрал гэдэг тун ч таагүй зүйл мөнөөс мөн ч гэлээ түүнийг гайхамшигтай, аз жаргалтай болгох маш амархан. Гэхдээ үүний тулд 200 мянгыг хожих, төрийн одон авах, царайлаг хүүхэнтэй дэр нэгдэх, сайхан сэтгэлтэй хүн гэж хэлэгдэх гэх мэт нь хангалтгүй юм. Учир нь энэ бүхэн нь цаг зуурын зүйлс бөгөөд удалгүй дасал болж, анзаарагдахаа байчихдаг. Харин цаг үргэлж, мөч бүхэнд, хамгийн хүнд хэцүү гунигтай үедээ ч аз жаргалтай, сэтгэл хангалуун байхын тулд дараах хоёр зүйлийг хийж чаддаг байх хэрэгтэй. Үүнд: а/одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж сурах, б/”бүр ч илүү муу юм болж болох байлаа” гэдгийг ухамсарлан баярлаж сурах. Үүнд ядаад байх зүйл огт үгүй. Жишээ татъя:
Халаасанд чинь явсан шүдэнз гэнэт асч шатвал халаас чинь дарьны зоорь байгаагүйд чин сэтгэлээсээ баярлан бурхан тэнгэрт таларх.
Бэл муутай хамаатнууд чинь гэнэт айлчилж ирвэл царайгаа хувирган уурлахын оронд “Цагдаа нар ирээгүй нь яамай” гэж чанга дуугаар хэлж бай.
Хуруунд чинь өргөс орвол “Нүдэнд ороогүй нь их юм” гэж баярла.
Эхнэр чинь, эсвэл дуучин болох гэсэн хамаатны чинь охин гамм давтаад эхэлбэл уурлаж бухимдахын оронд цөөвөр чонын улиан, эсвэл ороо нь орсон муурны орилох дууг биш харин хүний хоолой сонсож байгаадаа байж суух газраа олж чадахаа байтлаа баярлах хэрэгтэй.
Тэрэгний морь, гахай, илжиг, циркийн баавгай, эсвэл бүр бясаа биш гэдэгтээ үргэлж баярлаж яв. Доголон, сохор, дүлий, хэлгүй биш, булчин задрах тахал тээгч биш гэдгээ баярлаж бай. Яг одоо шүүгдэгчийн суудалд суучихаад зээл олгогч руугаа хяламхийсэн шигээ өмгөөлөгчтэйгээ авах шагналынх нь тухай ярьж суугаагүйдээ баярла.
Нэг их таатай биш газар тав гурван жил сууж байгаа бол бүр ч таагүй газар бүх насаараа суучихаагүй нь их юмдаа гэж бодоод баярлаж болохгүй гэж үү.
Нэг шүд чинь өвдөж байгаа бол бүх шүд чинь зэрэг өвдөөгүйд баярлах хэрэгтэй.
Улс төрчдийн цэцэрхэлийг сонсох боломжгүй, ялгадсан бордоотой торхон дээр суугаагүй, шууд гурван эхнэр аваагүй яваадаа баярлаач.
Цагдаа чамайг барьж аваад хэсэг рүү дагуулж яваа бол халуун там руу авч яваагүйд нь баярлан үсэрч, цовхор.
Хус модны мөчрөөр зодуулж байгаа бол хөлөө тийчэгнүүлэн байж “Халгайгаар гуядуулаагүй минь юутай их аз вэ” гэж чанга дуугаар хэл.
Эхнэртээ мэхлүүлсэн бол эхнэр чинь ядаж эх орныг чинь мэхлээгүй байна гэж баярлаж бай.
Энэ мэтээр үргэлжлүүл… Эрхэм хүмүүн та миний зөвлөгөөг дагах юм бол амьдрал чинь тэр аяараа баяр бахдал, аз жаргалаар дүүрэн байх нь гарцаагүй.
А.П.Чехов.
Уншаад нэгийг бодоорой. Бүх юм учир утгагүй мэт санагдаж, итгэл, бишрэлээ алдаж, яахаас ч буцахгүй болно гэдэг тун амаргүй. Цатгалан хүн хэзээ ч өлсгөлөн хүнийг ойлгодоггүй гэдэг шиг өөрөө ийм яахаас ч буцахгүй байдалд орж байгаагүй хүн сайн ойлгохгүй байж болно. Гэтэл та өөрийгөө сайн мэдэж, ойлгож байгаа. Тэгэхээр өмнөх бүх юм утгагүй болно гэдэг амьдралын чинь нэгэн үе шат дуусч дараагийн үе шат эхлэхэд бэлэн болж байгааг харуулж байгаа хэрэг юм гэдгийг сайтар ойлгож, мэдэрч, тогтоож ав.
Их сургуульд дөнгөж орж байгаа оюутны асуудал төгсөх гэж байгаа оюутанд ямар санагддаг вэ? яг л тийм. Өөрөөр хэлбэл амьдрал гэдэг аймшигтай хатуу ширүүн их сургуулийн дараагийн ангид шилжин орох шалгалт өгөхөд бэлэн боллоо гэсэн үг. Тэгтэл бие ухаанаа дайчилж, сурсан мэдсэн бүхнээ шавхан чармайж байгаад энэ шалгалтыг давж гарахын оронд шалгалтанд унаж, хуучин ангидаа ч үлдэлгүйгээр өөрөө өөрийгөө амьдралаас хөөнө гэдэг зөв үү, буруу юу? Хайрлаж, хүндлэж явдаг хүмүүсийнхээ сэтгэлд тэвчээргүй, дорой, үлдэх хүмүүсээ хүндлэж, хайрлаж чадаагүй хүн гэсэн сэвтэйхэн байр эзэлнэ гэдэг ямар вэ?
Харин мэддэг, чаддаг бүхнээ шавхаж байгаад амьдрал гэдэг их сургуулийн нэг анги ахичихсан байхад олон юм өөрчлөгдөнө. Хүмүүс ч танд илүүтэй итгэдэг болж, та ч тэдний итгэлийг даадаг, өөртөө ч илүүтэй итгэлтэй, жаргалтай болно.
Танд сайн сайхны хүсье. www.103.mn