ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний чуулганыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.
Чуулганд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, холбон зуучлах зэрэг үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Хамтарсан багт ажиллах 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн байгууллагын алба хаагч, Орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга гээд 150 гаруй төлөөлөгч оролцож байна.
Монгол Улсын тухайд анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталсан ч хийдэл гарч, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тал дээр учир дутагдалтай байсан юм. Тиймээс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж, улмаар УИХ-аар батлуулан 2017-ны 02-р сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна. Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд оноох шийтгэлийг чангатгаж, тэдэнд хүлээлгэх хариуцлагыг илүү тодорхой болгосон. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтууд шинээр тусгасан байгаа юм.
Хүчирхийлэгчийг мэдсээр байж мэдээлээгүй бол өөрт нь хариуцлага тооцно
Хаалттай хаалганы цаана олон эмэгтэй, олон хүүхэд хүчирхийллийн золиос болж амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна. Манайханд “эр эмийн хооронд илжиг бүү жороол. Айлын асуудал бидэнд ямар хамаатай юм бэ” гэсэн өрөөсгөл ойлголт байдаг. Энэ нь хүчирхийлэгчийг өөгшүүлж байгаа нэг хэлбэр юм. Хэрвээ таны дэргэд, танай хажуу хавирганы айл, танай ажлын хамт олон дотор хүчирхийлэгч байдгийг баттай нотолгоотой мэдэж байгаа бол та эргэлзэлгүйгээр цагдаагийн байгууллагад мэдэгдэж сур. Иргэний үүргээ биелүүлж хэвш. Тэгэхгүй бол хартай нөхөр, хамтран амьдрагчийн хар, харгис зодуур дунд эмэгтэйчүүд тарчилж, энхрий үрс хохироод байна.
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар хүчирхийлэл үйлдэгдэж буйг үзсэн, харсан, сонссон хүн хууль хяналтын байгууллагад тэр дор нь мэдээлэх үүрэг давхар хүлээж байгаа юм. Хэрэв мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол тухайн иргэн өөрөө хариуцлага хүлээх зохицуулалт тусгасан байгаа гэдгийг битгий мартаарай. Өнөөдрийн байдлаар энэ үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар хариуцлага тооцсон хүн гэх нэг ч хүн алга байна.
С.Бямбацогт: Хүчирхийллийг нийгмээрээ жигшиж, нийтээрээ тэмцэж байж үр дүнд хүрнэ
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас мянга мянган хүний элэг зүрх эмтэрч, мянга мянган хүүхэд нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ дүүрэн гунигтай гундуухан амьдарч байна.
Айл гэрийн ноён нуруу хугарч, авааль гэргийнх нь итгэлийн хана нурж байна. Чухам тиймээс Монгол Улсын Засгийн газраас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан батлуулж, 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх амин сүнс нь олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажил юм. Алдахаас нь өмнө аминчилж хэлэх, сэвтэхээс нь өмнө сэхээрүүлж ойлгуулах шиг чухал зүйл үгүй билээ. Гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар “Нүдэн балай чихэн дүлий” өнгөрдөг хуучин байдлыг халж, түүнийг мэдээлэх ёс зүйг олон нийтэд төлөвшүүлэх, нэгдсэн мэдээллийн сантай болж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал нь зөвхөн хуульд заасан чиг үүрэг бүхий байгууллагын ажил биш. Хүчирхийллийг нийгмээрээ жигшиж байж, хүчирхийлэлтэй нийтээрээ тэмцэж байж л сая үр дүнд хүрнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. Хууль батлагдлаа гээд санаа амарч болохгүй. Хэчнээн сайн хууль байлаа ч хэрэгжүүлэх ажил цалгар назгай орхигдвол хүчирхийллийн “мөсөн уул” хайлахгүй ээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдэг нь тодорхой нэг үүссэн асуудлыг шийдвэрлэх төдийгүй нийгмийн үндэс болсон гэр бүл, хойч ирээдүй болсон үр хүүхдийн эрх, ашиг сонирхлыг баталгаатай хамгаалах нийгэм эрх зүйн цогц арга хэмжээ гэдгийг дор бүрнээ ухамсарлан ажиллах ёстой болохыг онцлон тэмдэглэж байна” гэв.
Он гарснаас хойш хүчирхийлэгчийн гарт хоёр иргэн амиа алджээ
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг өмнөх оныхтой харьцуулах юм бол тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд энэ оны эхний 3 сард 6869 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4.6 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 389 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 11 хэргээр буюу 2.7 хувиар тус тус буурчээ. Харин нийслэлд эсрэгээрээ гэр бүлийн хүчирхийллийн улмаас 219 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оноос 6.9 хувиар өссөн гэсэн үг юм.
Харин он гарснаас хойш Нийслэлд хүчирхийлэгчийн гарт хоёр иргэн амиа алдсан харамсалтай тоо баримт байна.
Нэг нь хамтран амьдрагчийнхаа гарт амиа алдсан бол нөгөө нь 20 гаруй жил ханилсан ханийнхаа хатуу ширүүн гарт хүйтэн мэсээр сийчүүлэн халуун амиа алджээ. Эхний гурван сарын байдлаар хоёр иргэн амиа алдчихаад байгаа бол цаашид энэ тоо нэмэгдэх, нэмэгдэхгүй байхыг ч үгүйсгэхгүй юм.
Гэр бүлдээ агсам согтуу тавьж, хайртай дотны хүмүүсээ айлгаж ичээж, элдэвлэж доромжилж, зодож нүдэж хүчирхийлэл үйлдсэн гэх 310 иргэнийг баривчлах ялаар шийтгэж “хашраажээ”. Өмнөх хуулиар бол удаа дараа тарчаалж гэмтээсэн тохиолдолд нь торгоод орхидог асуудал байсан. Одоо шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийн шинж тэмдэг илрээ л бол 7-30 хоног шүүхээр баривчилж байгаа юм.
Түр хамгаалах байрын ачаалал нэмэгдэв
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Түр хамгаалах байрын ачаалал нэмэгдсэн талаар албаны эх сурвалж хэлж байна. Ялангуяа бага насны хүүхдүүд тусламж халамж эрэн ханддаг байна.
Өчигдөр өглөө гэхэд таван сартай хүүхэд Түр хамгаалах байранд хүргэгдэж иржээ. Хүүхдийн хувьд гэр бүлийн хүчирхийлэгчдийн дунд өсч бойжиж байна гэсэн мэдээлэлээр дээрх байранд авчирч өгчээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу эхний 3 сард нийт 502 иргэнд аюулын зэргийн үнэлгээ хийж 730 иргэнд хохирогчийн эрх, үүргийг болон хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээний талаар мэдэгдэх хуудас хүргүүлж, хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нэг цэгийн үйлчилгээний төвд нийт 79 иргэн /эмэгтэй 40, эрэгтэй 2, хүүхэд 37/-г, Түр хамгаалах байранд нийт 72 иргэн /эмэгтэй 23, эрэгтэй 4, хүүхэд 45/-ийг төрөл садан, ойр дотны хүний хамгаалалтад нийт 710 иргэн /эмэгтэй 611, эрэгтэй 10, хүүхэд 92/-ийг авч ажилласан байна.
Энэ байран дээр ирж байгаа үйлчлүүлэгчдийн 50 орчим нь хүүхэд байна. Яагаад гэхээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын 90 хувь нь эмэгтэйчүүд. Тэд гэрээсээ гарахдаа хүүхдээ харгис хэрцгий хүчирхийлэгчийн гарт үлдээж гардаггүй, аваад гардаг. Хамгийн багадаа 1-3 хүүхэдтэй түр хамгаалах байранд тусламж хүсч ирдэг байх нь. Тэнд 30 хоног л байрладаг гэнэ.
Цагдаагийн алба хаагч ямар үүрэг хүлээх вэ
Гэр бүлийн хүчирхийлэлд цагдаагийн байгууллагын алба хаагчид ямар үүрэгтэй байхыг шинэ хуульд нарийвчлан тусгаж өгсөн байгаа. Тодруулбал, цагдаагийн алба хаагч аюулын зэргийн үнэлгээ хийх ёстой гэж заажээ. Тэгвэл өнөөдөр улсын хэмжээнд 502 хохирогчид энэ үнэлгээг хийсэн байна. Цагдаагийн алба хаагч аюулын үнэлгээ хийж, хохирогчоо нааш цааш нь зохицуулахаас гадна хохирогчдод хэрэгтэй гэсэн тусламжийн хуудас өгдөг болсон. Үүнд хохирогчийн эрх үүрэг юу юм, ийм тохиолдолд яах ёстой, хаана хандах ёстой талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг байх жишээтэй.
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн асуудал их хэцүү эмзэг сэдэв. Одоо бол нөхцөл байдал дээр очиход хүчирхийлэлд өртсөн хүүхэд байх юм бол шууд авч явах үүрэг хүлээсэн байгаа. Ямар тохиолдолд гэвэл, амь насанд нь аюултай байдал үүссэн, үүсч болзошгүй үед, тухайн хүчирхийлэгч согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн байгаа орчноос хүүхдийг шууд авч яваад хамтарсан багт нь хүлээлгэж өгөх үүргийг хуулиараа хүлээжээ. Үүнээс харахаар цагдаагийн албаны үүрэг хариуцлага нэмэгдсэн гэж болох юм.
Э.Баярбаясгалан: Гэр бүлийн хүчирхийллийн талаар иргэдийн мэдлэг, мэдээлэл дээшилсэн байна
Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Баярбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг буурсан шалтгаан нөхцөл юу бэ?
-Олон шалтгаан бий. Дан цагдаагийн болон хууль хяналтын байгууллага сайн ажиллаад хэргийн гаралтыг бууруулчихсан юм биш. Гэр бүлийн хүчирхийллийн талаар иргэдийн мэдлэг мэдээлэл асар их дээшилсэн байна. Хажуугийн айлд хэн нь уйлаад, орилоод байгаа талаар цагдаагийн 102 утсанд мэдээлдэг болсон.
-Хүүхэд гэр бүлийн хүчирхийлд олноор өртдөг гэсэн. Сүүлийн үеийн тоо баримт байна уу?
-Нийслэлд 219 гэмт хэрэг үйлдэгдснээс 19 нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Тэр 19 хүүхэд бүгдээрээ эмэгтэй хүүхдүүд. Насны хувьд 0-7 насны гурав, 8-13 насны найман хүүхэд , үлдсэн нь 14-17 насны хүүхдүүд байгаа. Ихэнхдээ зодуулж биедээ гэмтэл авч, бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд.
-Гэр бүлийн тогтворгүй байдлаас эсвэл хүчирхийлэгчдээс болж өсвөр насныхан амьдралд итгэх амьдрах итгэлээ гээж амиа хорлож эхэллээ гэсэн сэтгэлзүйчийн дүгнэлт байгаа юм?
-Хэний хүчирхийлэлд өртсөн бэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Өмнөх хуулинд эхнэр нөхөр, төрөл садангийн хооронд гэж үздэг байсан бол шинэ хуулиар тийм зүйл байхгүй болсон. Хүүхдийн сэтгэлзүйд аав ээжийн харилцаа, гэр бүлийн уур амьсгал их нөлөөлдөг. Ялангуяа өсвөр насныханд. Хамтын амьдралтай байж байгаа хүүхэдтэй болсон юмуу, эсвэл гэрлэлтээ батлуулсан хэрнээ салчихсан хүмүүс бас байна. Ямар нэгэн шалтгаанаар айлд амьдарч байгаад хүчирхийлэлд өртөх тохиодол бий. Тухайлбал, хөдөө мал маллах гэж очоод хүчирхийлэлд өртөх, хотод оюутан болж ирээд амьдарч байгаа айлын гишүүдэд хүчирхийллүүлсэн байдаг.
-Ер нь хүчирхийлэл үйлдэгч болон өсвөр насныханд хэрэгтэй гэсэн сэтгэлзүйн эмчилгээг хэр хийдэг вэ?
-Ний нуугүй хэлэхэд нийгэмд сэтгэлзүй, сэтгэл заслын эмчилгээ хийдэг байгууллагуудын хүрэлцээ дутмаг байна. Тиймээс тоог нь нэмэх тал дээр хаана хаанаа л анхаарах хэрэгтэй болов уу.
-Хуулиараа хүчирхийлэл үйлдсэн эцэг эхчүүдийн эх байх эрхийг нь хязгаарлаж, хүүхдийг нь авчихаж болдоггүй юмуу?
-Эцэг эх байх эрхийг нь шууд хязгаарлаад хүүхдийг нь авчихсан тохиолдол алга байна. Аль болох монгол ёс заншлаараа эргэн эвлэрүүлэх нийлүүлэх гэсэн асуудлыг шүүхийн байгууллагаас ч авч үздэг юм билээ.
О.Сайхан
Zaluu.com