З.Гончигжав: Эхнэр нөхрийн ганцхан удаагийн журам алдсан харилцаа үр хүүхдэд нь ямар хатуу буудаг гээч

Орхон аймгийн Ялгуусан хутагтын хийдийн хамба, тамгатай ширээт лам, ялгуусан хутагт Олон улсын холбооны цол хvртсэн Загдын Гончигжав нь Тvвд, Энэтхэгт суралцаж, тамгатай ширээт лам цолыг авсан, сvнс мэнгэний судлалаар мэргэшсэн хvн юм. Түүнтэй олон жилийн өмнө хүүрнэсэн нэгэн энгийн яриагаа энд дэлгэе.

14518826_10155205107529045_564542178_n

Гэр бүлийн ариун журам алдагдахыг мод үндэснээсээ ялзарч муудаж байгаатай зүйрлэдэг нь хоосон яриа биш юм аа. Эртнээс монголчууд бид өрхийн ёс журмыг хатуу сахиж, нэгэн насаар зовлонг хамт үүрч, жаргалыг хамт эдлэх тал дээр анхаарч, ёс заншилдаа энэ талаар олон сайхан шигтгээг хийж өгсөөр ирсэн ард түмэн. Эхнэр нь өөр хүнтэй асуудалд орох нь байтугай гарынхаа бугуйг ил гаргадаггүй байсан цаг саяхан. Цаг өөр болж би ч хүртэл мөрөө ил гаргасан, тахимаа харагдуулсан задгай хувцас өмсөөд гүйж байгаа нь ёс бусын явдал бус, хувцасны хэв маягийн өөрчлөлтөөс үүдэлтэй биз. Харин энэ удаад гэр бүлийн баримтлах шаардлагатай байдаг нэгэн сонирхолтой жишээ баримтуудыг илүүтэй чухалчлан үзэхийг хүссэн маань хувцасны ил задгайтай огтхон ч хамаагүй юм шүү.

Хүмүүс бид өөрсдийгөө усанд орчиход л цэвэр цэмцгэр амьтад болчихсон мэт санадаг. Гэвч энэ удаад тийм биш гэдгийг сануулах гэсэн юм. Хүн гээч амьтан төрж үүссэн цагаасаа хойш олон сая энергийг биедээ, харцандаа, сэтгэл санаандаа цуглуулж хуримтлуулж байдаг шидийн улс юм. Тэр энергүүд нэг сайхан дуу сонсоод, нэг сайхан бодол санаа төрүүлээд л алга болчихдог хумхийн тоос мэт хялбар арилах зүйл ч бас биш аж.

-Та ёон дуу гээд байна. Үүнийгээ тайлбарлаж өгөөч?
-Манайхан баярласан ч ёо ёо, гунисан ч ёо ёо, тоглож байсан ч ёо ёо, хоолоо идээд гэдэс цадсан ч ёо ёо л гэх болж. Ёон дуунаар хумхийн хар тоосонцорууд баярлаж, чөтгөрийн дэв бузар бүхэн өсөж үржиж байдаг юм шүү дээ. Үг гэдэг тун ч шидтэй хүчтэй зүйл. Үгийг зүгээр нэг хүн зохиочихоогүй. Тэр үгийг бий болгохын тул хүмүүс олон мянган жилийн туршид уйгагүй хөдөлмөрлөж байж амилуулж, хүч оруулж, өдгөөгийн бидэнд өвлүүлэн үлдээсэн хэрэг. Харин тэр хүчтэй, шидтэй зүйлсээр одоогийн хүмүүс хамаагүй наадаж байгаа нь дэндүү осолтой байна.

Хүн магтахад өөдөөс нь “Заа муухайгаа мэдэж байна” гээд хариулчихад л тэр хүний эерэг энерги устаж алга болж байдаг. Дургүй хүнээ өвдөж шаналахад л “Болж, хохь нь” гээд хэлчихэд тэр үг шидээ авч, өөр дээр нь эргээд бууж л байдаг. Энэ мэтчилэн байнгын ёон дуугаар ертөнцийн тоос, буртагийг сэргээн амилуулж байгаа бидний эргэн тойронд ийм их хар тоос, шороо босохгүй ч гээд яах билээ. Чи зохиолч хүн. Үүнээс хойш үгийг маш болгоомжтой хэрэглэж, аль болох амьдчилж харилцаж байх хэрэгтэй.

Үгээр хамаагүй наадаж, үгтэй үл тоомсолон харьцах явдал маш эрсдэлтэй байдаг учраас л “амны алдас” гэсэн үг бас бий болсон юм шүү дээ. Амны алдас хийсээр байгаад аль олиггүй муу амьдарч байгаа хүний хэлэхэв. Байнга л хараал урсгаж, байнга л муу үг амнаасаа унагаж байх юм бол тэр хүний үйл заяа хазайж, зөв эерэг энергийн хэмжээ нь тэр хэрээрээ алдагдаж байдаг юм.

-Хормойн бузар гэж яриад байдаг. Тэр нь яг юу юм бол оо?
-Заа, тэр бол эр эмийн ариун холбоон дундуур тасар татахаар гүйсэн хөх утас гэж ойлгож болно. Ганцхан удаагийн журам алдсан харилцаа үр хүүхдэд нь ямар хатуу буудгийг хүмүүс сайн мэдэхгүй, ойлгохгүй байна. Нэг л удаагийн биеийн жаргалын төлөө үр удам, гэр бүлийн хийморь лундаагаа бусниулж орхих нүгэл үйлдэж байгаагаа мэдэхгүй байгаа учраас л өнөөдрийн залуу гэр бүлүүд асар их хагацал зовлонг амсаж, өнчин өрөөсөн хүүхдийн тоо тоймоо алдаж байгаа юм шүү дээ. Чи бод доо. Еврей хүмүүс яагаад өөрийн гэсэн улс оронгүй хэрнээ өнөөдрийг хүртэл ямар ч салбарт манлайлагч хэвээр байж чадаж байна гэж бодож байна? Яагаад гэвэл энэ хүмүүсийн өвөг дээдэс нь ч тэр, тэрнээс өмнөхүүд нь ч тэр гэр бүлийн ёс журмыг бурханы хишиг хэмээн үзэж, тэрнийгээ дээдэлж ирснийх. Энэ нь үр хүүхдийнх нь оюун санаа, зүрх сэтгэл, сүнсэнд шингэж өдгөөг хүртэл бат бөх оршсоор байгаа хэрэг. Харин бид энэ сайхан ёс жудагаа алдсанаас болоод үр хүүхдийнхээ хувь тавиланд хүртэл нөлөөлөөд байгаа юм.

Аав нь ч юм уу, ээж нь ч юм уу үр хүүхдийнхээ нялхад, эсвэл бүр хэвлийд байхад нь журам зөрчөөд огт хөндлөнгийн хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орсоноор тэр хүүхдийн хувь тавиланг бүрмөсөн баллаж орхидог. Бүр тодруулбал хиртэй гараар хүрэмгүй тэр сайхан амьтныг бузарлаж орхиж байгаа гэсэн үг. Шувуу ч хүртэл өндгөн дээрээ сүүдэр тусахаар голж орхидог явдал байдаг шүү дээ. Энэ чинь зүгээр ч нэг тохиолдол биш юм шүү. Нэгэнт сүүдэр буусан тэр өндөг хар энерги, харанхуйн өнгөөр буртаглагдсан байдгийг амьтад анзаардгаас л тэр. Тэр өндгийг төрүүлэхгүйн тулд эх нь дахиж дардаггүй биз дээ? Сүүдэр буусан өндөг төрлөө ч гэсэн өвчин ээрэх юм уу, эсвэл амьдын хагацал үзүүлэхийн нигууртай болдгоос л тэр. Хүн ч бас ялгаагүй. Бүр илүү хариуцлагатай байх ёстой амьтан. Оюун санаа, цус гэдэг ямар ч зүйлээр нөхөж барамгүй сэвийг олохдоо амархан байдаг учраас ээж, аавууд хүүхдийнхээ хувь тавилан, эрүүл мэндийг бат бэх байлгая гэж бодож байгаа бол хормойн бузараас цэрвэж цээрлэж л байх учиртай. Ингэж сэвтсэн хүүхэд өвчин ээрэх нь элбэг, зүүд тааруу, зөн билэг муутай, хүн харахад эрүүл саруул юм шиг хэрнээ сэтгэл санааны хувьд, энергийн хувьд сэвтсэн байдаг. Зарим нэг нь бүр төрөхгүйгээр хэвлийд байхдаа буцаад явах нь ч бий. Тэр чинь аав, ээжийнхээ үйлдсэн нүгэлийг даахгүй байна гэсэн үг шүү дээ.

-Хэрвээ хүчиндүүлэх ч юм уу, өөр санамсаргүй байдлаар ийм зүйлтэй учирвал хүн яах ёстой вэ?
-Тийм зүйл чамд тохиолдож байгаа бол дээд өвгийнхөө үйл ажиллагааг эргэж нэг харах хэрэгтэй. Тэдний амьдралын замд ямар нэгэн ёс бус явдал байсан учраас л тэр сүүдэр чам дээр бууж байна гэсэн үг. Жишээ нь, нэг бүсгүй над дээр ирж байсан юм. Гэдсэндээ олсон хүүхэд нь тогтдоггүй. Тогтсон нэг нь өвчин ээрээд салахгүй. Тэгээд уг удмынх нь үйлийг ухаад гаргаад иртэл аав нь залуудаа нэг бүсгүйтэй гэрлэж. Тэгж гэрлэж байхдаа хажуугаар нь тэр бүсгүйн ээжтэй танилцаад жирэмсэн байхад нь хаяад суусан байгаа юм. Тэр сургаар өнөөх өмнөх бүсгүйнх нь гэдсэнд байсан хүүхэд зулбаад, сэтгэл санаагаар унасан бүсгүй үргэлж гомдолтой амьдарч ирсэн байгаа юм. Сэтгэлийн хирийг арилгах амаргүй. Ялангуяа эмэгтэй хүний сэтгэлд буусан сүүдэр барагтай бол арилдаггүй балагтай байдаг. Харин энэ үйлийн үрийг хожим тэр дараагийн эхнэрээс олсон бүсгүй хүүхэд нь үүрч амьдрах нигууртай болсон байдаг. Ийм эртнээс улбаатай гэр бүлийн журам ёсыг засаж залруулах боломж тэр бүр байхгүй л дээ. Яахав, түрдээ аргалаад, байнгын засалтай амьдарч болох ч тэр нь цаг зуурын л асуудал болж таардаг. Тиймээс залуу багадаа алдсан алдаа оноогоо хэмжиж, аль болох эерэг зөв сэтгэлээр асуудалд хандаж, хэн нэгнийг гомдоосон бол тэр сэтгэлийн хирийг арилгах тал дээр гэр бүлийн гишүүд хамтдаа л зүтгэх хэрэгтэй юм. Нөхрийн явдал надад хамаагүй, эхнэрийн явдалд би буруугүй гэх л юм бол бусдын үүрэнд тусгасан сүүдэр өнгөө хувиргахгүй байх талтай.

-Эхнэр нөхөр болоогүй хэрнээ тэр бүсгүйд тийм асуудал үүсгээд явлаа гэхэд ямар холбоо тэдний охинд туссан байж таарах вэ?
-Заа чи сонс. Эр, эм хоёр шүргээд өнгөрөхөд, бүр тодруулбал нэг удаа унтаад өнгөрөхөд л нүдэнд үл харагдах сэжмээр холбогдож орхидог. Тэр холбоог таслахыг хүсэж байгаа бол анхнаасаа л холбогдохгүй байх шаардлагатай болно. Яагаад гэвэл бие нийлнэ гэдэг, цус, энерги, хувь заяа гээд хамаг зүйл холилдоно гэсэн үг. Тийм холбоо нь ямар ч тамга, тангарагаас хүчтэй үйлчилж, ар хожимдоо ул мөрөө харуулсаар л байдаг. Тийм ч учраас гэр бүлийн ариун ёс, гэрлэлээр амьдралаа баталгаажуулах хэлбэр үүсэж бий болсон юм шүү дээ. Үнэхээр хэрэггүй, шаардлагагүй юм бол хүмүүс захын хүнтэй холбогдоод л үр хүүхэдтэй болчихоод, хамт байя, амьдаръя гэхгүйгээр яваад байж болох байсан. Гэр орон гэдэг хорвоогийн ямар сүүдэр тусамгүй цэвэр ариун байх ёстой амралтын газар гэдгийг л манайхан ойлгохгүй байгаа юм.

Нөхрийнхөө эзгүйд гэртээ хүн оруулж хурьцал үйлдэх, эхнэрийнхээ эзгүйд эмэгтэй хүн авчирч орон дээрээ нөхцөх нь тэр чинээгээрээ гэр бүлийн бат холбоог устгаж, хичнээн ч цэвэрлэж эмхлээд цэгцэлж боломгүй гай гамшгийг авчирдаг. Алсуураа гэр нь өнгөө алдаж, гэрийн эзэд нь сэтгэл хөрч, үндэснээсээ өмхрөх шинж харагдаж эхлэдэг. Нөхөр нь архинд дурлах, эхнэр нь эдэд татагдах энэ өнгө гундуу явдал суудлын үйлийн үр нь ердөө л гэр бүлийнхээ ариун холбоог тасар татах хүйтэн хөх утас хөндлөнгөөс гүйлгэснээс болж байгаа хэрэг. Тийм учраас тэр хөндлөнгийн хөх утсыг хувь заяандаа гүйлгэж, өөр хэн нэгний завхуул энергийг ариун голомтондоо бөхлөж хадахгүйн тулд л ёс журмыг сахин хамгаалж сурах хэрэгтэй.

Дээрх ярианы дараагаас эхлээд би эргэн тойрноо ажиглаж эхэлсэн юм. Үнэхээр бодит байдал дээр амьдрал хүмүүсээс өшөөгөө авч буйг ажиглахад хялбар байлаа. Эхнэр нь журам алдуурч гадуур гүйдэлтэй болсоноос хормойн салхинд нь гэр бүлийн амьдрал тэр чигээрээ хийсэж, нөхөр нь ёс бус явдалд тархиа мэдүүлсэнээс болоод үр хүүхэд нь өвчин хууч ээрч, хүмүүжил, ёс суртахууны талаар авах ч зүйлгүй болон амьдарсан нэр зүүж байгаа явдал улам бүр хүрээгээ тэлсээр ирснийг ойлгож болохоор байлаа. Та ч бас эргэн тойрноосоо ийм жишээ олныг олж харах биз ээ. Мөнгөтэй нэг нь өвчинд ээрүүлж, мөнгөгүй ядуус нь бузар булайтай эвлэрч, хүн чанар, өнгө төрх гайгүй нь гэнэтийн осол, гамшигт өртсөөр л байдаг. Зүй тогтол гэдэг зүйл хүний амьдралыг тойрсон бүхий л юмнаас бий болон аалзны тор мэт орооцолдож байдгийг мартаж үл болом санагдана. Санаа нийлэхгүй байж болох ч бас бодох л асуудал. Ёс жудаг, эмх журмыг дээдэлдэг өвөг дээдэс маань “Эмийн гүйдэл олширвол эрийн хийморь доройтно. Эрийн явдал задгайрвал голомтны тэнгэр буруулна” гэж зүгээр ч нэг хэлж захиагүй болов уу. Сүүдэр туссан өндгөө шувуу яагаад голдгийн учир эндээс харагдах шиг санагдана.

Ярилцсан Х.Болор-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.