Галт тэрэг жигд бүүвэйлэн хурдална. Цонхоор Сибирийн чилгэр хуснууд жирэлзэн өнгөрч хааяа ойн цоорхойд хуучин модон байшингууд харагдана. Галт тэргэн дотор дулаахан агаад тохилог. Манай купенд гэр бүлийн 2 буриад, нэг орос залуу, бид дөрөв Улан-Үдээс хамт сууцгаасан билээ. Бид ч хоорондоо нэг их юм ярьсангүй явсаар гэр бүлийн хоёр маань Иркутьскт буулаа. Галт тэрэгний зогсоол дээр цас хуйсганана.
Удалгүй галт тэрэг дохиогоо өгөн зугуухан хөдөлхөд уур цан болсон хот, зорчих хүн, машиныг харж явсан орос залуу бид хоёр дор бүрнээ юм бодсоор хэсэг чимээгүй явлаа. Галт тэрэг хотоос холдон цасан тал, их ойн дундуур довтолгоход харанхуй болж орчныг бүчин авав.
Гэтэл нөгөөх залуу маань ам нээн цэвэр Монгол хэлээр та хаа хүрэх вэ? гэж асуудаг байгаа. Би Москва явж байна, харин өөрийг чинь орос хүн гэж бодсон эндүүрчээ гэхэд инээмсэглэснээ аав маань Монгол, харин ээж маань Орос хүн л дээ гэснээ чемонданаа уудалж 1 шил цагаан юм гаргаад ирэв. Би Красноярскт буух юм тэр болтол зай ч байна, ингэж уйдаж явахаар ахтайгаа танилцая ярьж хөөрье дөө гэхэд би ч дуртай зөвшөөрлөө. Эхний 3-н хундагыг танилцсаны төлөө гээд шахамдуухан явуулсан учир дор, дороо халж үг яриа цэлмээд явчихав. Одоо л би түүнийг тогтоож сайн харлаа. Бага байхад зурагтаар гардаг байсан Болгарын “Километр бүрд киноны Сергейтэй тун төстэй залуу байв.
Намайг Володя гэдэг би төмөр замд өссөн л дөө. Монгол нэр маань Болдоо гээд инээснээ, намайг бага байхад ээж маань ааваас салаад нутаг буцчихсан юм одоо хүртэл ээжийнхээ сургийг гаргаж чадаагүй л явна. Аав минь харин саяхан өөд болсон доо гэснээ нэг хундагалж өсгөсөн аавынхаа төлөө, төрж өссөн Монгол нутгийнхаа төлөө гээд нэг татлаа. Аав минь заримдаа нилээд халсан үедээ хөхөө шувуу өндөгөө бусдын үүрэнд орхиод нисдэг шиг ээж чинь чамайг орхиод л явсан даа гэдэгсэн гээд санаа алдав. Дүү нь хятад бараа дараад явж байна, Красноярскт амьдарч байгаа л даа. Эхнэр маань тэнд бий гэхэд нь эхнэр чинь тэгээд ямар, ажил төрөл эрхэлдэг, ямар хүн байдаг юм бэ? гэвэл Володя Эхнэр маань хулгайч гээд инээснээ дараах түүхийг ярьж билээ.
-Жигжид цонхоор будрах цасыг ширтэн зогсоно. Енисеи мөрөн дээгүүр уур манан савсаж гудамжны гэрэлд будрах цасны талстууд гялтганана. Энэ бол Красноярск хотын шөнө. Жигжид Володяг хүлээж санаа зовж зогсоо нь энэ билээ. Аль өдөр л хоёулаа зах дээр салсан одоог хүртэл байхгүй болохоор санаа зоволгүй ч яахав. Володятай багаасаа найзалж нэг ангид сурч Төмөр замын хэдэн шар байшингийн дунд бага насаа өнгөрөөсөн хоёр билээ,. Хүн бүр ганзагын наймаанд явж эхэлсэн үед тэр хоёр ч гэсэн наймаа хийхээр Сибирийн хүйтэн хот Красноярскт ирсэн нь энэ ажээ. Цаг гарны дараа Володя даарчихсан гараа үрчсээр орж ирэв. За яав нөгөө хэдэн тарваганы арьсаа өгчихсөн үү? гэхэд арьсаа ч өгчихсөн, харин жижиг хар цүнхтэй юмаа алдчихлаа дотор нь бага хэмжээний рубль, хамгийн гол нь миний паспорт байсан юм гээд пааранд гараа ээв. Нөгөөх мөнгө чинь байгаа биз дээ гэхэд тэрийг өмдөн дотроо хийчихсэн байгаа л даа гээд дуугүй болов. Хоёулаа цонхоор Енисеи мөрнийг ширтэн юм бодоцгоон зогслоо.
Энэ үед Красноярск хотын өмнөд дүүргийн нэг навтгар шавар байшинд ийм яриа болжээ.
Уг байшинд цыган 3-н айл шахцалдан амьдарна. Тэд зах дээр дуулж, бүжиглэж, мэргэлж төлөглөж, луйвардаж олсон зүйлээ зарах зэргээр амьдарцгаана. Гаднаас Элова зузаан ноосон ороолтоо гүвсээр орж ирлээ. Ширээн дээр цай ууж суусан ээж, бэргэн эгч нар дээрээ ирсэнээ өдрийнхөө олзыг ширээн дээр асгалаа. Эрээн хулдаас бүтээсэн ширээн дээр цаг, түрийвч, бугуйвч гээд л баахан зүйл харагдана.
Энэ бол Эловагын өнөөдрийн суйлсан зүйлүүд ажээ. Лора авгай түрүүвчнүүдийг нэгжиж рублуудыг ширээн дээр гарган тавьсанаа нэг жижиг хар цүнхнээс хэдэн рубль, улаан өнгөтэй паспорт гаргаж ирэв. Паспортыг нээж аман дотроо уншиснаа Монгол улс гэнэ үү? хаана ч байдаг улс юм бэ? чөтгөр бүү мэд гэж мөрөө хавчсанаа паспортын эзний зургийг харж орос ч юм шиг, үгүй ч юм шиг гэхдээ царайлаг залуу байна шүү! гээд энэ паспортоор ч юугаа хийхэв дээ гай л болно гээд буланд байгаа хогийн сав уруу шидсэн нь онолгүй шалан дээр торхийн унав. Аза босч түүнийг хогийн саванд хийхээр авсанаа саваагүйтэн нээж үзвэл нүдэнд дулаахан залуугын инээвхийлсэн зураг өөдөөс нь ширтэж байв. Аза паспортыг хаях гэснээ больж өрөөндөө авч ороод дахин сайн хархад гоё залуугын зураг дахин ширтсээр байсан учир яагаад ч юм бэ хаяж зүрхэлсэнгүй дэрэн доороо хийчихлээ. Аза энэ жил 18-н нас хүрч буй хонгорхон охин ч түүний цыган гэр бүлийн тэнэмэл амьдрал түүнд олигтой боловсрол олгоогүй билээ. Эгч Элова нь түүнд бүжиглэж, хүмүүсийг залилах ялангуяа халаас суйлж сургасан ажээ. Газар шүргэм эрээн даавуу даашинз намируулан гунхан алхах гоолиг бие, хөөрхөн царайг нь шохоорхсон цыган, орос эрчүүд олширч байсныг тэр яахан мэдэх билээ. Аза дахин паспортыг гарган хархад түүний сэтгэлдээ төсөөлж явдаг үлгэрийн хан хүү санаанд нь буугаад явчихав.
Яагаад ч юм бэ энэ залуутай нэг ч удаа болов уулзахгүй бол нэг л юм дутуу байх юм шиг бодогдож улмаар тэр бодол нь хуурай дэрсэнд гал орох мэт дүрэлзэн дариухан олж уулзах хүслээр солигджээ. Яаж олж уулзах вэ? Аза Эловад ойртож энэ цүнхийг хаанаас авсан бэ? гэхэд авсан захынхаа нэрийг хэллээ. Маргааш нь Аза нөгөөх зах дээр нь очиж хайсан боловч тэр өдөр олсонгүй. Дараагийн өдөр бас л нилээд хайсан боловч олсонгүй урам нь хугарсан амьтан явж байтал урд талд нь явж байгаа залуугын куртканы халааснаас түрийвчний булан цухуйж харагдах нь тэр. Хоёр өдөр халаас суйлаагүй Эловад загнуулахад бэлэн болоод байсан учираас тэр залууд ойртон хүмүүсийн нүд хариулж байгаад суйлав. Түрийвчийг алчуурандаа нуунгуут хажуугаар нь хурдхан алхаад гарахдаа нүдний булангаар хартал нэг л танил царай харагдав. Ахиулаад хартал эрж яваа залуу нь дүрээрээ мөн байлаа. Өөрийн эрхгүй явдал нь удаашран зэрэгцэж алхлаа.
Өнөөх залуу гартаа савтай цай, хэдэн пирожки барьсан харагдана. Хэсэг явсанаа нэг лангуун дээр ирээд нөгөө зүйлээ татар ч юмуу буриад царайтай залууд өгөөд огт сонсож байгаагүй хэлээр хоорондоо ярьцгаав. Аза хэсэг харж байснаа ойртон энэ таны түрийвч мөн үү? тэнд унагаачихлаа гээд сарвайхад Володя яаран халаасаа дарж үзсэнээ нүд нь том болж баярлалаа, их баярлалаа гээд түрийвчээ авав. Аза түүнийг сайн тогтоож харлаа, зурган дээр байснаас ч гоё залуу байна гэж дотроо бодов.
Намайг Аза гэдэг чамайг хэн гэдэг вэ? гэхэд намайг Володя гэдэг би холоос яваа хүн л дээ гэж тэр залуу өөрийгөө танилцуулав. Аза дуугүй инээмсэглэж хэсэг харж зогсноо баяртай гээд эргэв. Түүний сэтгэл нэг л хөнгөрөөд ямар нэг үл мэдэгдэх баяр хөөр сэтгэлийг нь бүчин авлаа. Володя пирожкигаа Жигжидэд өгөөд өөрөө ч нэгийг идэв. Гараа арчихаар алчуураа хайтал хатуу хавтастай зүйл гарт нь баригдахад гаргаад иртэл паспорт нь гараад ирэв.
Хоёулаа мэл гайхаж цэл хөхөрчээ. Аза түрийвчийг нь буцааж өгөхөөс өмнө паспортыг нь халаасанд нь хийснийг тэд яаж мэдхэв дээ. Маргааш нь Володя, Жигжид 2 тусдаа лангуун дээр бараагаа дэлгэж зогсоцгоолоо. Үд болход өчигдөрийн цыган охин дуулж бүжиглэж хүмүүс цугларч алга таших нь сонсогдоно. Володя ямар цовоо охин вэ? гэж хааяа харж байлаа.
Орой болж буух болход Володягийн бараа олигтой зарагдсангүй бараагаа хурааж байтал бүжиглэдэг цыган охин ирсэнээ, царай чинь баргар байх чинь наймаа чинь өөдтэй болсонгүй дээ гэж асуухад Володя, за энэнд миний наймаа л дутаж гэнэ гэж бодсоноо чи өөрийнхөөрөө би өөрийнхөөрөө явбал сайнсан гэхэд охин тачигнатал хөхөрсөнөө, ганган залуу минь маргааш би нэг юм бодъё доо, наймаа чинь сайн байх болно гээд дэрэвгэр сормуусаа хөдөлгөн нүдээрээ инээвхийлсэнээ эргээд явчихав. Хажуугийн лангууны бүдүүн орос авгай энэ охиныг бид Кармен гэж дууддаг юм, яг Кармен дуурь дээр гардаг шиг гоё бүсгүй болно доо гэхэд Володя аман дотроо Кармен, Кармен гэж давтлаа.
Маргааш нь Володя, Жигжид 2 бараагаа дэлгэн мөн л зогслоо. Энд тэнд хэдэн Монголчууд хятад бараа дэлгэсэн байх ажээ.
Нар гарч дулаарах үед цыган охин ирж дуулж бүжиглэж гарлаа. Хажууд нь хөгшин цыган өвгөн баян хуур хөгжим дарна.
Таборууд талаар аялна
Таборууд тэнгэрээр аялна гэж дуулан бүжиглэнэ. Гартаа жигжиг шагшуур хөгжим барин бүжигтэйгээ хослуулан шажигнуулна. Хүмүүс нэмэгдсээр л… алга ташсаар л…
Хэдэн залуус зөвхөн Азагийн туяхан бэлхүүс, уяхан хөдөлгөөнийг харж зогсоно. Аза дуулж байснаа Володягийн лангууруу зааж хүмүүсээ тэр залуугын зарж байгаа хүүхдийн хувцас хамгийн хямд, чанартай нь шүү гэж хашгирч байлаа.
Орой зах тарахад Володя ашиг ихтэй харин Жигжид базаасангүй буулаа. Аза энэ мэтээр хэдэн өдөр Володягийн лангууны өмнө хүн бужигнуулсан учир бараа нь хурдан зарагджээ. Тэр хоёр ахиад л Монгол уруу бараанд явлаа. Аза хэд хоног зах дээр ирсэн боловч Володя харагдсангүйд сэтгэл нь нэг л хоосон оргиод явчихав. Арга ядаад дэргэдэх лангуун дээр зогсдог байсан орос авгайгаас асуухад Монгол уруу бараанд явчихсан удахгүй ирнээ гэв. Аза тэвчээртэй хүлээхээр шийдлээ. Нэг өдөр Аза сэтгэл нь гэгэлзсээр захын хаалгаар орход захаасаа хоёр дахь лангуун дээр зогсож буй Володяг олж хараад дотор нь уужрах шиг болов. Аза ойртон очисноо за ганган залуу минь үндсэн ажилаа хийхгүй яасан удав аа гээд инээмсэглэхэд Володя сая түүнийг харж бүжигчин жаахан охин минь сайн сууж байна уу! гээд хариу мэндэлхэд Аза дургүй янзтай бас жаахан гэчихжээ чи тэгвэл өвөө гээд хэлээ гаргахад нь Володя элгээ хөштөл инээвэл Аза улам хөмсгөө зангидахаар нь Володя инээхээ больж чамайг надад их тусалсан болохоор чамд бэлэг авчирсан, манай Дарханы үйлдвэрийн дулаан нэхий бээлий гээд хүрэн өнгөтэй үстэй бээлий өглөө. Аза баярлан үсэрч би яг золушка шиг болох нь ээ гээд бээлийг өмсөж дээр өргөн Володяд харууллаа. Энэ орой Аза Эловад салам загнуулав. Ойрдоо халаас суйлж мөнгө олоогүй нэг орос залуутай хэд хэд уулзсан гээд л толгой тархигүй авч гарав.
Чи зөвхөн цыган хүнтэй л суух ёстой, новшийн Оросуудтай санахын гарз шүү гэж харцаа ширүүсгэн харав. Үдэш болж шавар байшингийн том пийшинг налан Аза суух бөгөөд түүний дэрэвгэр сормуус үл хөдлөнө. Түүний оюун бодол тэртээ зах дээр Володягийн дэргэд оччихсон дуулж бүжиглэж байлаа.
Хонгор зүрх нь анх удаа зовиуртайгаар лугшин эзнээ зовоох ажээ. Хэдэн өдөр гэрийн хорионд орсон нь галзуурхад ганц хуруу дутуу гэгч л болж байлаа. 3 хоног гэртээ хоригдсоны дараа нэг сиймхийгээр Володягийн байдаг зах уруу гүйхээрээ очжээ. Гэвч Володя бас л алга байлаа. Тэр бодолд орон зогсож байтал Кармен гэж дуудхад эргэж харвал Володятай ойр лангуунд зогдсог орос авгай дуудаж байв.
Володя бас бараанд явчихсан харин чамд үүнийг өгсөн гээд хайрцагтай зүйлийг сарвайв. Хайрцагыг нээвэл Монгол хатны хувцастай модол хүүхэлдэй гарч ирхэд Аза дуу алдсанаа гараараа зөөлхөн илж царай нь гэрэлтээд явчихав. Авгай инээмсэглэн Азаг харсанаа даанч цыган айлд төрчихсөн юм даа гэж амандаа бувтнав. Хаалга цэлсхийн онгойж Аза багтаж ядсан баяр хөөртэй орж ирхэд Элова Качива хоёр түүнийг аль хэдийн хүлээж байлаа. Аза тэднийг харангуут хайрцагтайгаа ар талдаа нуухад Элова ухасхийн хайрцагтайг шүүрч авсанаа дотроос нь гоёмсог хувцастай хүүхэлдэйг гаргаж ирсэнээ, чи нөгөөх орос залуутайгаа уулзаад ирэв уу? гэж хашгирхад Аза үгүй тэр чинь Монгол залуу гэвэл Элова улам уур нь шатан Монголчуудыг ямар зэрлэг хүмүүс гэдгийг чи сонссон уу? гээд хүүхэлдэйг хоёр хувааж шалан дээр шидэв. Аза дуу алдан хүүхэлдэйг шүүрэн авахад Элова түүнийг үсдэн татлаа. Хэзээ ч эгчийнхээ үгнээс гарч байгаагүй Аза нүд нь хилэнт чоных шиг болж эргэж Эловагын үснээс нь зууран шалан дээр дарсанаа, Володяг ахиж доромжилвол би чамайг ална шүү гэж шүд зуун хэлэв. Энэ өдрөөс хойш Элова тэр гайтай залууг үзэн ядаж эхэллээ. Аав нь Одесст байдаг Размекийн хүүтэй Азаг гэрлүүлнэ гэж ярьж байгаа энэ үед Азаг тэрнээс нь хурдан салгах хэрэгтэй гэж бодсоноо нээрээ хүргэн ах Будулайгийн нийлдэг гудамжны атамануудаар түүнийг үхтэл нь зодуулж ахиж Азатай уулзахаас айдаг болгох хэрэгтэй гэж амандаа үглэж байлаа.
Үд дунд гэхэд Володя үлдсэн хэдэн бараагаа зарчихсан учир сэтгэл амар зах дундуур алхаж явтал өөдөөс нь инээмсэглэсээр ирж яваа Азаг олж харлаа. Сайн уу Володя чи хайчих нь вэ? гэхэд Володя, би явж л байгаа биз дээ гэвэл Аза, явж байгааг чинь харж л байна хаашаа явж байгааг чинь асууж байна гэж үг сөргөхөд Володя инээмсэглэснээ хоёулаа явж кино үзэх үү? гэвэл Азагийн нүд баяраар гийж тэгье явцгаая гээд алгаа ташив.
Аза зогсоо чөлөөгүй шулганан юм асууна. Танай Монголд цыган байдаг уу? л гэнэ, халаасны хулгайчид бас бий юу? гэхчилэн төгсгөлгүй асуултаар түүнийг булна. Кино зааланд үзэгчид дүүрэн сууцгаажээ. Володя Аза хоёр дунд хавиар сууцгаалаа. Володя хааяа Азаг хархад дэрэвгэр сормуус нь хөдлөх ч үгүй бараг кинон дотор орчихсон юм шиг харагдана.
Киноны гол баатар залуу нэг эмэгтэйг өмөөрч өөр залуутай барилцаад авхад Аза чангаар дэлсээд өг, сайн цохь гэж хашгирхад хүмүүс гайхан эргэж хархад Володя зовж тохойгоороо Азаг ёвров. Аза анхаарах сөгөөгүй өндөлзөнө. Володя гарыг нь атгаж боль гэж дохио өгхөд Аза сая л Володя руу хархад гар нь Володягийн гарт атгуулсан байхыг харав.
Гар нь халуу төөнөж улмаар бүх биеэр нь цахилгаан гүйх шиг болов . Азагийн харц өөрийг нь ширтэж байгаа Володягийн дулаахан харцтай тулгаран хэсэг хугацаанд салж чадахгүй ширтэхэд хоёр сэтгэлийн гүнд нэгэн сайхан аялгуу сонсогдох шиг болжээ.
Аза өөрийн мэдэлгүй ширтэж байсан харцаа хүчээр буцааж кино дэлгэц уруу хархад нүдэнд нь киноны үйл явдал бус Володягийн зөөлөн харц харагдсаар л…
Володя анх удаа сэтгэлийн нь гүн уруу нь өнгийсөн гоё хоёр нүдийг олж харсандаа сандарч бас, баярлаж байлаа. Кино тарсны дараа тэр 2 цэцэрлэгт хүрээлэн дундуур цас шажигнуулан алхацгаалаа. Азад нэг их юм яримаар юм шиг мөртлөө ярих гэхлээр ямар ч үг орж ирэхгүй байлаа. Энэ хөтлөлцсөн гарыг хэзээ ч тавьж болмооргүй, алхаж яваа зам нь хэзээ ч дуусашгүй мэт хоёуланд л бодогдож байлаа.
Энэ орой Аза хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн болчихсон гэртээ гүйж орж ирхэд харин түүнийг тэс өөр зүйл хүлээж байв.
Одесад байдаг баян Размекынх бэр гуйж бэлэг сэлт явуулсан байлаа. Гэрийхэн нь бөөн баяр хөөр… Ээжээ би хүнтэй суухгүй ээ… Одеса явахгүй гэхэд Лора авгай уурлан чи баян Размекын хүн болж байж бид сайхан амьдрах болно, бид нарыг хог дээр гаргах гэж бодож байгаа бол өөрөө мэд гэж хашгирхад Аза чихээ таглан зогсов.
Азаг маргааш нь гэрээс гаргасангүй учир нь дараагийн өдөр нь Элова, Качива хоёр түүнийг авч Одеса явах байв. Яаж ч уйлж хашгираад Азаг гадагш гаргасангүй явах өглөө боллоо. Одесад айл гэр болж төвхнөхөөр чинь бид ч гэсэн нүүж очино гээд ээж нь Азаг үнслээ. Галт тэрэг таг таг дуугаран хурдална. Цонхоор жирэлзэн өнгөрөх талыг гөлрөн яваа Азагийн нүдэнд Володягийн дөлгөөн харц харагдана – Чи намайг орхиод явчихаж байгаа юм уу? гэх шиг . Урсах нулимсаа сэм арчиснаа би заавал оргоно доо гэж бодов. Толгойд нь зөвхөн оргох тухай л бодогдож эхэллээ. Шөнө дунд бүгд нойрон дундаа дугжирч байхад Аза хоёр эгчийгээ бөх унтаж байгаа эсэхийг шалгасны дараа сэмээрхэн гарлаа. Галт тэрэг нэг тосгонд орж ирэх үед галт тэрэгнээс үсрэн буув. Аза буцаж галт тэргэнд сууж 1 өдрийн дараа Карасноярект буулаа. Яаран явсаар захын хаалгаар орж ирэх үед тэртээ лангуун дээр зогсож байгаа Володяг хараад 2 нүдийг нь нулимс өөрийн эрхгүй бүрхээд явчихав.
Володя уруу алхтал хоёр гарнаас нь 2 хүн бариад авах нь тэр. Эргэж хархад хүргэн ах Будулайгын нийлдэг гудамжны хулигаанууд байхыг харлаа. За бяцхан оргодол минь гэртээ харинаа гээд тэр залуус Жигули машинд Азаг хийж аваад давхилаа. Азагийн хашгирахыг хэн ч тоосон ч үгүй сонссон ч үгүй. Хэдэн минутын дараа Аза гэртээ салам загнуулчихсан зогсож байв. Лора авгай Азагийн хацар дээр ором гартал алгадаад заяа муутай амьтан өөрийнхөө аз жаргалаас зугатаана гэнээ чи гээд хашгирна. Удалгүй хүргэн ах Будулай ирж Азаг авч явлаа. Одесаас хүргэний талынхныг иртэл найдвартай хорьж байх газар олсон нь найз Пашагийн нэг өрөө ажээ. 3-н давхарт учираас хаалга нь найдвартай түгжээтэй бол болох нь тэр гэж тэр бодно.
Орой болж зах хааж байгаа учир Володя бараагаа хурааж том цүнхэнд хийж үүрээд тролейбусанд суухаар явлаа. Нарийн гудамжаар ортол хэдэн залуус түүний замыг хөндөлдөн зогсохыг харав. Мөн ард талд нь ч гэсэн замыг нь хаан зогсчээ.Дөшин толгойтой, аймаар харцтай залуу Муу гөлөг минь ахиж Азатай уулзсан байгаад үзээрэй гэж хэлэнгүүт Володягийн нүүрэнд нударгалав. Володяг унангуут мод, трубагаар тал талаас нь балбаж түүнийг ямар ч хөдөлгөөнгүй болохоор орхиж булан тойрон гүйлдлээ. Гудамжны гэрэлд цасан дээр Володягийн доор цус харлан харагдана.
Володя эмнэлгийн орон дээр сая л ухаан орлоо. Тэртээ цаана хүмүүс ярилцах бөгөөд залуу хүн болохоороо л тэслээ шүү! гэх нь сонсогдов. Хамаг бие нь хөндүүр галаар төөнөж байгаа юм шиг биенээс нь халуу шатна. Толгой нь битүү бодолтой байх ажээ. Толгой нь янгинан өвдөж бөөлжис нь цутгана. Ухаан алдахын өмнөх явдалуудаа санахыг хичээлээ. Азатай ахиж уулзвал хохь чинь шүү! гэдэг үг чихэнд нь сонсогдоно. За ямар ч гэсэн амьд л үлдсэн юм байна гэж бодоод өвдсөндөө ярвайлаа. Хэсэг дуг хийсний дараа духанд нь хүний гар хүрхэд сэрвэл Жигжидын сандарсан айсан 2 нүд харагдлаа. Володягийн хацрыг дагаж урсах нулимсийг арчсанаа Жигжид тайван бай, одоо зүгээр гэсэн харин сайн санаатай хүмүүс дайралдаж авчирсан байна шүү! гэж сүүрс алдав. Толгойд чинь оёдол тавьсан, зүүн гарны чинь яс цууралттай шохоодоод боочихсон одоо айлтгүй гэв.
-Азаг өрөөнд орход ард талд нь хаалга тор хийн түгжигдлээ. Размекынханыг ирж автал энд намайг хорих гэж байгаа юм биз дээ, заавал оргоно доо гэж бодов. Хааяа Паша хоол оруулж өгнө. Энэ мэтээр 3-н хоног өнгөрлөө. Маргааш Размекынхан Красноярскт ирнэ гэж бодохоор сэтгэл нь шанална. Шөнө дунд болход 5-н давхар байрны 3-н давхарын ганц өөрөө гэрэлтэй байх нь Азагийн байгаа өрөө юм. Тэр цонхоор ширтэн зогсосноо шийдсэн бололтой оргох хэрэгтэй гэж амандаа үглэснээ цонхыг дулаалж наасан наалтуудыг хуулж цонхийг онгойлгоход хүйтэн салхи өөдөөс нь сэнхийв. Аза харж байгаад арай цас ихтэй газар уруу нүдээ аниад үсэрлээ.
Володя тариагаа тариулчихаад дээшээ харан тааз ширтэн хэвтэнэ. Бодолд нь Азагийн хөөрөхн нүд солбин харагдана. Хажуу талын орны Миша өвөө гаднаас орж ирсэнээ нэг охин байшин дээрээс үсрээд хөлөө хугалчихсан ирж байна, хажуу өрөөнд орлоо гэж сонин болгож ярьсанаа одооны залуус гэж яасан амь наснаасаа уйдсан хүмүүс вэ? гэж үглэх нь сонсогдов. Володя Жигжидээс бүжиглэдэг цыган охиныг харсан уу? гэхэд ердөө харагдаагүй гэж хэлхэд Володя урамгүй янзтай цонх уруу харав. Жигжид энэ чинь арай цыган охинд дурлачихсан юм биш биз гэж боджээ. Жигжид өдөр болгон Володяг эргэж ирнэ. Нэг удаа Володягийн өрөөнд очихоор явж байхдаа онгорхой өрөөний урдуур гархад нэг л танил царай харагдсанд зог туссанаа за арай ч үгүй байлгүй хаа нэгтэй дуулж бүжиглээд л явж байгаа биз гэж бодоод Володягийн өрөөнд оров.
-Азагийн хөлийг шохойдон дээш нь сойж татжээ. Хөдөлгөөнгүй тааз ширтсээр л хацрыг нь дагаж халуухан нулимс дэрэн дээр нь дусна. Гэвч бодож мөрөөдөж байгаа хүн нь хананы цаана хэдхэн сантиметр зайнд байгааг яаж ч мэдхэв дээ. Азаг тарихаар 2 сувилагч бүсгүй орж ирэв. Нэг нь хажуу өрөөний залуу аятайхан залуу байна шүү! чи танилцахгүй юм уу? гэж нэгнээ нудран жиг жуг инээлдэцгээв.
Нилээд хэд хоногийн дараа Володя бие нь гайгүй болж сарын дараа ирж гарынхаа шохойг авахуулахаар болж эмнэлгээс гарлаа. Жигжид Володягийн хүрмийг гарыг нь хөндөлгүй эвтэйхэн өмсүүлэв.
Азаг өнөөдрөөс эхлээд суга таягтай өрөөн дотроо явж болохыг эмч зөвшөөрсөн учир тэр босч таягаа тулсаар цонх уруу очлоо. Ойрдоо хотын хөдөлгөөнийг хараагүй учир уртаар амьсгаа авч шуналтай гэгч нь харж байлаа. Гэтэл булан тойрч байгаа 2 хүний нэг болох гараа сойж боосон залуу Володятай туйлын адилхан харагдсан тул Аза дуу алдсанаа үгүй үгүй Володя юу хийж энд явах билээ, дээ гэж өөрийгөө тайвшруулав.
Володя эмнэлгээс гарснаас хойш 7 хоногийн дараа өрөөнийхөн болох Миша өвөө, Панкрат гуай нарыг эргэхээр бага зэрэг юм бэлдээд эмнэлэг уруу явлаа. Володяг тасагт орж ирхэд Миша өвөө ихэд баярлан, эргэлт ирлээ Панкрат гэхэд Данкрат гуай сэрж өндийлөө. Тэд инээж хөхрөлдөж нилээд ярьж суусны дараа Володя явахаар босход Миша өвөө хэсэг жимс уутанд хийж Володяд өгөөд хажуу өрөөний охинд оруулаад өгчих, намайг өгч байна гэж хэлээрэй. Өрөөнийхөн нь гарчихсан ганцаараа уйдаж л байгаа байх, охиноос минь ялгаа юу байхав гэв. Володяг хажуу өрөөний онгорхой хаалгаар шагайхад цонхны дэргэд цаашаа харж зогсоо суга таягтай охиныг олж хараад Миша ах энэ жимсийг өгүүллээ гэж хэлхэд охин эргэж харвал хэзээний эрэл сурал, хүсэл мөрөөдөл болсон хоёр гоё нүд өөдөөс нь харваа.
-Цомхон тавилгатай ганц умгар өрөө бол Володя, Жигжид хоёрын түрээслэн амьдардаг байр ажээ. Жигжид Монгол уруу бараанд явж Володя гар нь гэмтэлтэй учир байраа сахиж үлджээ. Володя Аза хоёр, бие биенээ харан дуугүй суусаар л … Володя би чамайг эмнэлгээс оргуулсан болохоор танайхан намайг ёстой алах байхдаа гэхэд Аза тэд бид 2-ыг олохгүй, тэгээд ч би ахиж гэртээ очихгүй гэж шийдмэг дуугарав. Чи тэгээд хаана байх юм бэ? гэж Володяг асуухад чамтай л байна Монгол уруу чинь хамт явсан ч яахав гэв. Володя энэ ямар хэрэг дэгдэж байгааг дүү минь нэг л ойлгохгүй байна даа гэхэд Аза ширүүн харсанаа хуруугаа гозойлгон ахиж дүү гэж хэлэх юм бол салам зодно шүү! гэвэл Володя элгээ хөштөл хөхрөв. Аза ч сүүлдээ Володяг дагаж инээлээ. Володя, би хүнд өгөөд зарагдаагүй хэдэн хүүхдийн хувцасаа аваад ирье жаахан оройтож магадгүй шүү! гээд гарав. Хариу бүрий болсон хойно Володя эргэж ирхэд өрөөгөөр дүүрэн шөлтэй хоолны үнэр хамрыг нь цоргив. Ширээн дээр тавганд хоол аягалж тависнаа за гэрийн эзэн минь хувцасаа тайлаад хоолоо ид дээ гэж Азаг инээмсэглэхэд Володя манайд мах байхгүй шүү дээ би замаараа мах авахаа мартчихаж чи яаж хоол хийгээ вэ?гэвэл Аза дуугүй хоолоо ид гээд өөрөө халбагадав. Володя чамайг хэлэхгүй бол би идэхгүй гээд тавагтайг урагш нь түлхэв. Аза халбагаа ширээн дээр тавьж хэсэг дуугүй сууснаа хажуу айлын балконыг зааж тэдний балкон дээр гар хүрэх газар мах нь ил байгаа юм чинь би яахав дээ гээд мөрөө хавчив. Володя хэлэх үг олдсонгүй, хоол нь даанч сайхан үнэртэх учир нэг халбагадсанаа за за маргааш эднийд мах авч өгөхөөс гэв. Орой болж унтах болж ганц диванаа сунгаж ор болголоо.
Володя Жигжидийн хөнжилийг Азад өгхөд үгүй ээ би өөр хүний хөнжил нөмрөхгүй чиний хөнжилыг л нөмрөнө гэвэл Володя өөрийнхийгөө өгөөд Жигээгийнхээ хөнжилийг өөрөө нөмрөв. Аза, хөөе Володя хоёулаа дундуураа хил татая хэн нь ч нэвтрэхгүй шүү гэхэд Володя баахан инээснээ тэгье тэгье харин чи хилээ хамгаалж байгаад хөлөө хөндөв дөө гэхэд хоёул хөгжилдөцгөөлөө. Володя хөнжлөөр өөрийгөө ороож буруу хараад унтаж буй дүр эсгэн худал хурхирхад Аза хэсэг чимээгүй байснаа хүүш Володя би айгаад байна манай ээж намайг дандаа тэвэрч бүүвэйлж унтуулдаг байсан юм чи намайг тэгж унтуулалдаа гэхэд Володя эргэснээ нойрмогоор нөгөөх улсын хил маань яах билээ гэвэл Аза инээснээ хилээ түр нээхээс гээд үүрэндээ шурган орж буй шувуу шиг Володягийн цээжинд наалдахад хамаг бие нь халуу дүүгэн бяцхан зүрх нь цээжинд нь багтаж ядан цохилж байлаа.
Володя бид 2-ын яриа ч өндөрлөх тийшээ хандаж галт тэрэг Красноярск хотод орж ирлээ. Хотын гэрэл гэгээ, уур манан савсуулсан Енисей мөрөн бүгд л Володягийн ярианаас тархинд минь буусан танил дүр зургууд . Володя, Азагийн ээж нь нас барж гэрийхэн нь Донецк нүүсэн юм. Ингэж бид хоёр айл гэр болсон юм даа, эндээ хэдэн жил наймаа хийж байгаад Азагаа аваад Монгол уруугаа буцна даа гэснээр бид 2-ын яриа өндөрлөсөн юм.
Галт тэрэг зогсоход Володя хэдэн цүнхтэй юмаа барьсаар буулаа. Би түүнийг үдэхээр цонхоор харж суутал галт тэрэгний цонх болгоныг нүдээрээ нэгжин харж яваа бүсгүйг олж харлаа. Мөн дөө Аза мөн байна гэсэн бодол зурсхийв. Богино нэхий дээл өмсч, ноолууран алчуур зүүж буржгар хар үс дух уруу нь унжсан үзэсгэлэнтэй гэж хэлж болохоор бүсгүй харагдлаа. Удалгүй Володя цүнхтэйгээ чирсээр буухад миний таамагласан бүсгүй гүйж ирсэнээ хүзээнээс нь зүүгдлээ. Цонхны цаанаас сонсогдохгүй ч гэсэн баяр хөөрөөр бялхсан царайнуудыг би харж байлаа. Володя Азад тэврүүлж байхдаа харцаараа намайг хайж олоод Миний Аза чинь энэ шүү дээ гэх шиг харж билээ. Галт тэрэгний зогсоол дээр цас бударсаар л…
Хэдэн цүнхтэй юмаа дамжлан цаашаа явж байгаа эрэгтэй, эмэгтэй 2 хүний дүрс гудамжний гэрэлд улам холдсоор л.. Миний дотор нэг л сайхан уянгалаг аяс эгшиглэх шиг санагдаж билээ.