Хүний амьдралын хамгийн чухал сонголт нь хань ижил гэдэг үг зүгээр ч нэг гарчихаагүй юм. Ханилж яваа нөхрөөр нь хүнийг шинжих тухай эртний монголчуудын зүйр үг бас л үнэний ихээхэн ортой. Ийм болохоор эртнээс нааш өвөг дээдэс минь амьдын диваажинд аж төрье гэвэл сайн хань ижил сонго гэсэн нь хоосон үг, эсвэл хоосон цэцэрхэл огтоос биш билээ. Харин та хэр сайн хань вэ? энэ асуултыг эрчүүд та бүхэн маань өөртөө нэг удаа ч болов тавьж үзээрэй.
Эмэгтэй хүнд хэчнээн том хаус амлаад ч, хэчнээн тансаг машин унаа тэрэг унуулсан ч сэтгэл нь хоосон, халамжгүй эрчүүдийн дэргэд бүсгүй хүн удаан тогтох нь юу л бол.
Тэвчээр, итгэл, халамж анхаарал, үнэнч сэтгэл, өөдрөг ариун оюун санаа энэ орчлонд амьдрах хүний сэтгэлийн алтан гадас нь юм. Хэчнээн ч харанхуй байсан гэсэн энэ зэвсгээр зэвсэглэсэн цагт хайрт гэргий, үр хүүхэд чинь соронз мэт танд татагдаж, хүсэл бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх болно. Сайн хань амьдын диваажин, сайн санаа амьдралын бэлэг.
Эрчүүд та бүхэн маань ханьдаа халамжтай, сайн аав, сайн хань байхын тулд дараах зөвлөгөөг нэг удаа уншаад үзээрэй.
Эхнэрийнхээ гэрийн ажилд туслаарай. Үргэлж биш юмаа гэхэд хааяа ч болов гэрийн ажлаас нь хөнгөвчилж байгаарай. Хань тань их баярлах болно.
Бүсгүй хүнийг ойлгодог уян зөөлөн сэтгэлтэй байгаарай. Таны хүү ч бас ирээдүйд учирсан бүсгүйдээ зөөлөн ханддаг болно.
Эхнэртэйгээ санал бодлоо хуваалцаж байгаарай. Нөхөр нь хүмүүстэй чөлөөтэй ярилцдаг ч гэртээ таг дуугүй болчихдог гэж зарим эмэгтэй гомдоллодог. Харин нөхөр нь санал бодлоо хуваалцахад ямар санагддагийг Ана гэдэг эмэгтэй: «Намайг хайрладаг юм байна, би дотных нь хүн юм байна гэдгийг ойлгодог» гэж хэлжээ. Эхнэрээ хашраах гэж дуугаа битгий хураагаарай. Нэг эмэгтэй: «Нөхөр маань надад гомдохоороо хэдэн өдрөөр дуугаа хураачихдаг юм. Ингэж байгаа нь намайг жигшиж байгаа юм шиг санагддаг. Би ч өөрийгөө их буруутгадаг» гэжээ.
Судалгаанаас харахад ихэнх хүүхдүүд аавын хийсэн хоол хамгийн амттай байдаг гэж хариулдаг аж. Нөхөр хүүхдүүдтэйгээ ширээ тойроод халуун яриа өрнүүлсэн орой, хамаатнуудаа гэртээ урьж дайлж цайлсан өдөр эхнэрүүдэд хамгийн их аз жаргалыг өгдөг ажээ.
Ихэнх эрчүүд эхнэртэйгээ хамтдаа дэлгүүр хэсэх сонирхолгүй байдаг. Хааяа ч болов хамтдаа явж өмсөх хувцас, хоол хүнсийг нь сонголцож байгаарай. Эхнэр чинь их баярлана.
Цагаа сайн барьж байгаарай. Ихэнх эрчүүд эхнэрээ эргүүлж байхдаа цаг барьдаг байсан ч, гэрлэлтээ батлуулсан хойноо тэднийг хүлээлгэх нь бий. Энэ бол нөхрүүдийн гаргадаг түгээмэл алдаа.
Гэнэтийн бэлэг. Хүн бүр гэнэтийн бэлэгт дуртай байдаг. Хэрэв таны эхнэр гэртээ хүүхдээ хараад суудаг бол энэ маш чухал шүү. Тэд өдөржин хүүхэд, гэр орны ажилтай зууралдсаар байгаад сэтгэлзүйн хувьд эмзэг болсон байдаг. Тийм үед тэднийг баярлуулах шилдэг арга бол гэнэтийн бэлэг.
Хүүхэдтэйгээ тоглох зав гаргаарай. Эцэг эхийн түгээмэл гаргадаг алдаа бол хүүхэдтэйгээ тоглодоггүй. Тэдэндээ тоглох цаг зав гаргах нь хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлдөгийг эрдэмтэд тогтоожээ.
Эхнэрээ болзоонд урь. Яг л урьдынх шиг ээ цэцэг… болзоо… кино… оройн зоог… халуухан үдэш.