Эмч М.Тунгалаг: Жирэмсний эхний 1-4 сард эмчилбэл хүүхэд эрүүл төрнө

Сүүлийн хоёр жилийн эхний хоёр сарын байдлаар төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол өссөөр байгаа судалгааг ХӨСҮТ-өөс гаргажээ. Тухайлбал улсын хэмжээнд 2017 оны эхний хоёрдугаар сард арван тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Тэгвэл яагаад энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо буурахгүй байна вэ?

Иргэд энэ өвчний тухай хэр зэрэг мэдээлэлтэй байдаг талаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн ДОХ, БЗДХ-ын их эмч С.Минжин дараах тайлбарыг өгсөн юм.

С.Минжин “Тэмбүү өвчин маш их анхаарал татах болсон. Дүүргүүдэд бэлгийн замаар дамжих халдварт өвчний ганц хоёр л эмч байдаг. Шинжилгээ өгч байгаа хүн их байна. Түүний дотор өмнө өвдсөн болон шинэ халдварууд өссөөр байгаа. Бэлгийн замаар дамжих энэ өвчин нь шинжилгээ өгөхгүй бол ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Жирэмсэн эмэгтэйчүүд хяналтандаа орохдоо шинжилгээ өгснөөр л илэрч байна. Өвчилсөн хүмүүс энэ өвчний талаар ямар ч мэдлэггүй ирдэг. Тохиолдлын бэлгийн харьцаанд орох нь их. Заримдаа бэлгийн харьцаанд орсон хүнээ танихгүй тохиолдол байдаг” хэмээн ярилаа.

Эхээс урагт цусаар дамжих халдварт өвчний тоонд тэмбүү ордог. Тиймээс хүүхдээ тэмбүүгээс хамгаалахын тулд жирэмсэн эмэгтэйчүүд заасан хугацаандаа шинжилгээ өгөх, шаарлагатай бол баталгаажуулах шинжилгээ дахин өгөх ёстой байдаг. Гэвч ээжүүд хяналтад ордоггүй, орсон ч шаардлагатай эмчилгээ хийлгэдэггүй байна.

Төрөлхийн тэмбүү гэж ямар өвчин болох, ямар замаар урагт халдварладаг талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Дархлалын олдмол хомсдол, Бэлгийн замаар дамжих халдвар Тандалт судалгааны албаны их эмч М.Тунгалаг “Төрөлхийн тэмбүү гэдэг бол ээж өвчтэй байх үедээ жирэмсэлсэн, тэр өвчин нь эмчлэгдээгүй тохиолдолд урагт халдахыг хэлнэ. Өвчтэй ээжээс өвчтэй хүүхэд л төрнө гэж ойлгох хэрэгтэй. Жирэмсний эхний 1-4 сар дотор ээж эмчлэгдвэл хүүхэд эрүүл төрнө.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дөрөв юмуу таван сараас ихэс үүсээд ээж ураг хоёр цусны нэг эргэлттэй болдог. Энэ үед ээж өвчтэй байвал ураг цусаар дамжин халдвар авна гэсэн үг. Мөн ээж хэзээ халдвар авснаас шалтгаалдаг. Магадгүй жирэмслэхэд эрүүл байж байгаад жирэмсний явцад яг төрөхийн өмнө халдвар аваад хүүхэд халдвартай төрж болно. Тиймээс жирэмсний хяналтандаа гүйцэд хамрагдаж байж л эрүүл хүүхэдтэй болох нь чухал” гэж ярилаа.

2016 онд төрөлхийн тэмбүүтэй 42 тохиолдлыг улсын хэмжээнд бүртгэснээс 15 нь нас баржээ. Тэмбүүгийн халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүд болон урагт дараах сөрөг үр дагавар илэрнэ.

Үүнд:

· Жирэмсэн болохоосоо өмнө халдвартай байсан бол ураг зулбах
· Хүүхэд эхийн хэвлий дотроо амьгүй болох
· Цагаасаа эрт буюу дутуу төрөх зэрэг хүндрэлүүд гардаг.

Цаашлаад төрсөн ч гэсэн амьдрах чадвар тааруухан хүүхдүүд мэндэлдэг байна. Хэрэв хожуу халдвар аваад эх нь оношлогдохгүй явбал хүүхдийн өсөлт хөгжил үеийнхнээсээ хоцрох, тархи мэдрэлийн талаас өөрчлөлттэй хүүхэд төрдөг. Энэ өвчин хүний эрхтэн системийн бүхий л эд эсийг хамарч өвчлүүлэхгүй үлдээдэг эрхтэн гэж байхгүй.

Иргэд энэ өвчний талаар мэдлэг мэдээлэл дутмаг байдаг нь өвчлөгсдийн тоо буурахгүй байгаагийн гол шалтгаан гэж эмч мэргэжилтнүүд онцоллоо.

Иргэдийг мэдээллээр хэн хангах үүрэгтэй вэ?

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад Нийслэлийн эрүүл мэндийн газар, ХӨСҮТ хариуцан ажилладаг гэв.

Харин Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан “Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн бэлгийн замаар дамжих халдварын талаарх бүхий л мэдээлэл, сургалтыг хариуцан ажилладаг. Улсаас энэ чиглэлийн төсөв мөнгийг 100 хувь энэ байгууллага руу шилжүүлдэг” гэсэн тайлбар өгсөн.

Харин ХӨСҮТ дүүргийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын эмч нарт цаг тухай бүрт нь шаардлагатай мэдээлэл болон сургалт хийдэг. Харин иргэдэд чиглэсэн сургалт, мэдээллийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хариуцаж ажилладаг байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн А.Оюунзул дараах тайлбарыг өглөө.

А.Оюунзул: “ХӨСҮТ-ийн тандалт судалгааны алба бэлгийн замаар дамжих халдварын тоон мэдээг гаргадаг. Манай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв тухайн тоон мэдээнд тулгуурлан иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээдэг. Одоогийн байдлаар 100 хувь мэдээлэл, сургалтаа хариуцаагүй байгаа. Яваандаа эрүүл мэндийг дэмжих сантай болохоор мэдээлэл түгээх ажил илүү өргөжих байх” гэсэн тайлбарыг өгч байна.

Төрөлхийн тэмбүү өвчнийг таслан зогсоох, ийм өвчтэй хүүхэд цаашид төрөхгүй байх ямар гарц шийдэл байна вэ?

ХӨСҮТ, Дархлалын олдмол хомсдол, Бэлгийн замаар дамжих халдвар Тандалт судалгааны албаны их эмч М.Тунгалаг “Миний эрх нэг хүний эрхээр хязгаарлагдана гэдгийг л ойлгох нь чухал. Дор бүртээ хүн бүр би эмнэлэгт үзүүлэх , урьдчилан сэргийлэх үзлэгт орох ёстой гэдгийг л ойлгох хэрэгтэй. Мөн байгууллагынхаа дотоод журманд заагаад өгөх хэрэгтэй. Ажилтан шинжилгээнд орно, эрүүл мэнддээ анхаарна гээд. Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, эмч нар хэн хэзээ жирэмсэн болж байгааг мэдэхгүй. Хувь хүн л өөрөө эмнэлэгт хандаж өөрөө өөрийнхөө төлөө явахгүй бол хувь хүний хариуцлагын асуудал. Бэлгийн замын халдварт өвчнөөр хүн өвдөхгүй байх 100 хувь боломжтой. Ирээдүйн эх болох гэж буй эмэгтэйчүүд минь өөрсдийнхөө эрүүл мэндэд эхэлж анхаарч байж хүүхэдтэй болох хэрэгтэй” гэж зөвлөлөө.

Үүнээс гадна жирэмсэн эхчүүдэд зориулсан нэг цэгийн үйлчилгээ манай улсад хэрэгжиж байгаа аж.

Монгол улсад Мянганы хөгжлийн зорилтод БЗДХ, ДОХ сүрьеэтэй тэмцэх тодорхой хөтөлбөрүүд тусгасны дотор эхээс урагт дамжих тэмбүү, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “Нэг цэгийн үйлчилгээ” төсөл хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд түргэвчилсэн оношлуур сорилын арга нэвтрүүлж, өвчин илэрсэн даруйд бэлгийн хамтрагчтай нь эмчилдэг болсон байна. Эмэгтэйчүүд өвчин туссан ч эмчийн хяналтанд байж эмчлүүлбэл эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой юм.

Л.Булганчимэг
SOURCE: times.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.