Өөдгүй эрийн занга

Дурлал бол мөнхийн сэдэв, тайлагдашгүй оньсого. Дурлалаас болж амьдралдаа алдах тохиолдол их байдаг ч хамгийн их хохирдог нь бүсгүйчүүд. Гэхдээ та өөрөө бүтэлгүй алхам хийж, “өөдгүй эрийг” сонгодог байж болох юм хэмээн Америкийн нэрт сэтгэлзүйч Трейси Кэбот “Эр хүнийг яаж байлдан дагуулах вэ” нэртэй номдоо бичжээ. Ингээд нэрт сэтгэлзүйчийн зөвлөгөөг танд хүргэе.

Өөдгүй эрийн занга

Хэрвээ та хэд хэдэн эртэй холбоо тогтоож үзсэн ч бүтэлгүйтсэн бол өөрөө л ирээдүйгүй харилцаа үүсэхэд нөлөөлсөн байж болох талтай. Гэвч энэ нь та хүнд эрүүл саруулаар дурлах чадваргүй гэсэн үг бас биш ээ. Та зөвхөн “өөдгүй эрчүүдийн занганд” ороод байсан хэрэг. “Өөдгүй эр” духандаа шошготой явдаггүй ч түүнийг цаг алдалгүй таньж мэдэж авах нь таны эрх ашигт нийцнэ. Тиймээс доорхи “өөдгүй эрсийг” бүсгүй та марталгүйгээр санаж явах нь чухал.

Зүтгэлтэн

“Зүтгэлтэн нь” өөрийгөө ямар нэгэн том үйл хэрэгт буюу нийгэмд, эсвэл анагаах ухааны ашиг тусын тулд зориулсан байдаг. Тэр нийгмийн бахархмаар гишүүн боловч хайр дурлал, гэрлэлтэд тун ч муу хамтрагч. Та хоёрын дурлал түүний хувьд их үйл хэргийнх нь хажууд хумхийн тоос л гэсэн үг. Түүнд байдаг ганц давуу тал нь итгэл хүлээх чадвар. Тэр цаг хугацааны мэдрэмжээ алддаггүй, болзоондоо хэзээ ч хоцордоггүй. Ямар нэгэн ажил гарвал заавал хэлж, уучлал гуйна. Хүүхнүүд ийм хүнд амархан татагддаг.

Таныг эдийн засгийн хувьд хангалуун байлгаж чадмаар санагдах тул түүнтэй гэрлэх тухай мөрөөдөж болно. Гэвч “зүтгэлтэнд” хүлээн авалт дээр дуугүй сууж чадах, царайлаг эхнэр л хэрэгтэй. Хэрвээ та түүнийг ажил хэргээс нь хөндийрүүлэхийг оролдвол тэр таныг өчүүхэн, залхмаар эмэгтэй гэж үзэх болно. “Зүтгэлтэн”-ээр бүгд бахархдаг ч таны хайрыг даахгүй хүн. Та гэр бүлтэй атлаа насан туршийн ганцаардал эдлэхийг хүсээгүй л бол “зүтгэлтэн”-тэй гэрлээд хэрэггүй.

Багш

“Багш” нь ямар нэгэн үзэл санаанд үнэнч байдаг. Ихэнх тохиолдолд гэрлээд салсан эрчүүд байх нь элбэг. Түүний илэн далангүй, ухаалаг зан танд үнэхээр таалагдана. Тэр таны дотоод мөн чанарыг гайхалтай ойлгоно. “Багш” нь эмэгтэйчүүдийн сэтгэлийг маш амархан байлдан дагуулдаг. Учир нь тэдэнд хүний сэтгэлийн хоосон орон зайг бөглөх авьяас бий. Тэд олон тооны дагалдагч шавьтай байх нь элбэг. Та түүний тусгай статусыг хүлээн зөвшөөрч, ажил төрлийг нь хүндэтгэх шаардлагатай болно. “Багш” юу ч хийж байлаа гэсэн таны дэмжлэгт найдаж, та түүний төлөө бүхнээ золиослон, өөрийн өмч хөрөнгө болон үнэт цагаа зориулахыг шаардана.

Түүний санааг үг дуугүй биелүүлэх хүмүүсийн дунд та орно. Тэд танаас “багш”-ийн хүсэл бүрийг биелүүлэхийг бас шаардана. Та түүний дагалдагчдыг дайлж, цайлах төдийгүй хайрлах шаардлагатай болдог. “Багш” таныг өөрийн итгэл үнэмшилдээ элсүүлж, гайхалтай сайн амраг болж чадна. Гэвч өөрийнх нь төлөө бүхнээ зориулахыг зөвшөөрмөгц тэр таны хэр үнэнч болохыг шалгаж эхэлнэ. “Багш”-аас салахын тулд өөрийнхөө гэрт элдэв уулзалт, цуглаан зохион байгуулахыг хориход л хангалттай.

Тэсрэх бөмбөг

“Тэсрэх бөмбөг” нь энгийн дүр төрхийн цаана сэтгэхүйн гажигаа нуугсдын сонгодог жишээ. Энд олон янзын хүмүүс багтана. Боловсон архичин, мөрийтэй тоглоомчин, эсвэл “Дон Жуан”, мансуурагч, “хүчирхийлэгч”. Хэрвээ та энэ хүний нууцлагдмал мөн чанарыг харж чаддагсан бол түүнээс зугтан явах байсан биз. Анхандаа тэр дэндүү дур булаам байх тул та түүний “ид шидэд” амархан автана. Та хоёр бие биедээ харилцан дурлажээ гэж танд бодогдмогц “дэлбэрэлт” болно. Энэ бол зөвхөн эхлэл гэдгийг та мэдээж ойлгохгүй. Хэрэлдэхдээ уурлаад зогсохгүй таны эрүүг хуга цохиж ч мэднэ. Тэр таныг жирэмсэн болсныг мэдсэн хэрнээ өөр хүүхэнд дурлаж, гэрт нь очоод хэвтчих нь юу ч биш. Тэр мөрийтэй тоглоомд таны байдаг мөнгийг тавиад туухдаа ч сийхгүй.

Дараа нь засарна гэж ам өчгөө өгнө. Та бас л дассан сэтгэлээ татаж авч дийлэхгүй түүнийг засарна гэдэгт найдна. Ийм хүнтэй амьдрах нь удирдлагагүй онгоцоор нисэхтэй адил. Та дурлалдаа хөтлөгдөн амь насаараа дэнчин тавьж байна гэсэн үг. Ийм эрчүүд сэтгэхүйн өвчтэй байдаг бөгөөд өөрийгөө хөнөөдөг төдийгүй амрагийнхаа хувьд ч аюултай хос болдог. Хэрвээ та ийм хүнтэй орооцолдсон бол түүнийг эмчлэх арга байхгүй гэдгийг ойлго. Танд түүнээс салах, эсвэл өөрөө түүнтэй адил болох зам байна. Гэхдээ ийм хүнийг танихад амархан. Түүнийг анхааралтай сонсож чадвал ослоор дүүрэн амьдралынхаа тухай бахархалтайгаар ярих болно. Та анхны шинж тэмдэг илэрч “дэлбэрэхээс нь” өмнө зугтаарай.

Бөөрөнхий, туйлбаргүй хүн

“Бөөрөнхий” хүн шийдвэр гаргаж чаддаггүй. Тэр бас юунд ч итгэлтэй байж чаддаггүй. Түүний бөөрөнхий, шийдмэг бус зангийнх нь гол шалтгаан шунал. Тэр бүхнийг авахыг хүсдэг. Та түүнтэй хамт байхад өөр сайхан хүүхнийг хажуугаараа зүгээр өнгөрөөх вий гэхээс үргэлж санаа зовдог. “Бөөрөнхий” болзоогоо товлож чаддаггүй. Учир нь эцсийн мөчид илүү дур булаам бүсгүй тааралдвал тантай болзсоноосоо болж уулзаж, учирч чадсангүй хэмээн өөртөө гомдох вий гэхээс эмээдэг. Тэр болзоогоо хойшлуулах нь элбэг.

Ялангуяа сонирхол нь буурсан үед. “Бөөрөнхий” байнга хөөрхөн царай, гоёмсог урт хөлтэй хүүхнийг дүрслэн боддог. Нэг ч эмэгтэй түүний мөрөөдөлд нийцэхгүй. Урт хугацааны туршид түүний хүсэл мөрөөдлийг хангах зүйл байдаггүй. Тэр шинэ дурлал болгон нь аз жаргал авчирна гэж боддог. Гэтэл түүнд та биш харин сэтгэл заслын эрчимт эмчилгээ хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.