35-аас дээш насны эмэгтэйчүүдэд даралт ихсэх, жирэмсний шижин зэрэг эмгэг илрэх магадлалтай байдаг тул төрөхийн өмнөх асаргаа, сувилгаа тун чухал ажээ. Мөн энэ насны эмэгтэйчүүдийн дунд Дауны хам шинж зэрэг генетикийн өөрчлөлттэй хүүхэд тээх эрсдэл өсдөг.
Гэхдээ 35-40 гаруй насанд олонх эмэгтэй эрүүл, хэвийн жирэмсэлж чаддаг. Учир нь өдий насанд бүсгүйчүүдийн дийлэнх нь эрүүл мэндийн хувьд сайн байдаг. Төрөхийн өмнө асаргаа сувилгаа сайн байх, элдэв гаж нөлөөгүй эрүүл зуршлууд тодорхой эрсдэлүүдийг бууруулахад танд тусална юм шүү.
Харин 35-аас дээш насныханд ямар нэг асуудал тохиолдлоо ч их төлөв элдэв хүндрэл үүсгэлгүй шийдчихдэг онцлогтой. Та 35-аас дээш настай, зургаан сар жирэмслэх гэж оролдоод чадахгүй байгаа бол эмчид хандаарай. Нас ахихын хэрээр үр тогтох чадвар буурдаг тул дунд болон хижээл насныханд жирэмслэхэд бэрхшээл тулгардаг байна. Гэхдээ ихэнх тохиолдолд үүнийг эмчилж болдог.
35-аас дээш насныханд ямар хүндрэл тохиолддог вэ?
-40 настай эмэгтэйчүүдэд үр зулбах эрсдэл 25 хувьтай байдаг.
– Төрөх үед эхэс түрүүлэн гарах нь цус алдахад хүргэдэг.
– Хэрэв энэ нь анхны жирэмслэлт бол ургийн эмгэг байдал болон төрөх явц удаашрах хандлага илэрнэ.
– Хүүхдийн төрөх үеийн жин ердийнхөөс бага байх, хугацаанаас эрт төрөх эрсдэлийг багасгая гэвэл тамхи битгий татаарай.
– Энэ насныхан Кесарево хагалгаагаар төрөх нь элбэг.
– 20 настай эхчүүдэд Дауны хамшинж илрэх магадлал 10 мянгад нэг байдаг бол 35 настай эмэгтэйчүүдэд 1000-д гурав, 40 насанд 100-д нэг болж өсдөг. Дауны хамшинжээс урьдчилан сэргийлэх боломжгүй бөгөөд эл өвчин төрөхийн өмнөх шинжилгээгээр илэрч болно.
– Цусны даралт ихсэх, чихрийн шижин, зүрх судасны өвчин жирэмслэлтийн үед илрэх магадлалтай. Эдгээр эмгэгийг эмчийн тусламжтайгаар хянах бүрэн боломжтой.
35-аас дээш насандаа ээж болох гэж байгаа бүсгүйчүүддээ эцэст нь зөвлөхөд зөвхөн шинжлэх ухааны ололт дэвшил дангаараа танд тус болохгүй. Өөрийн тань хичээл зүтгэл, зөв дадал зуршил онцгой үүрэгтэй гэдгийг бүү мартаарай. Жирэмслэлтийн үед, өмнө болон дараа нь тохирсон дасгал хийх нь ашигтай. Эрүүл хүнс хэрэглэж, төрөхийн өмнөх зохих асаргааг авч чадаж буй эсэхээ нягтлах хэрэгтэй шүү.