Ойрын үед чи нэг л өөрчлөгдөөд байгаа юм шиг санагдаад байвал хэдэн настайгаа нэг бодоод үзээрэй. Чи яг одоо аль нэг насны “синдром”-ынхоо үе дээр ч явж байж мэднэ. Хүнийг сэтгэлийн амьтан гэж ярьдаг. Тиймдээ ч наслалт гэдэг зөвхөн биологийн асуудал биш сэтгэл зүйтэй ч бас ихээхэн хамаатай. Хүн амьдралдаа сэтгэл зүйн хэд хэдэн хямралын мөчлөгийг туулж өнгөрүүлдэг байна.
Энэ тавгүйтлийг амьдралын мөчлөгийн хямрал, нас насны синдром гэх зэрэг янз бүрээр нэрлэдэг. Сэтгэл гутралын асуудал эрэгтэй эмэгтэй хүнийн аль алинд нь ялгаагүй 20-45 насанд илүү их ажиглагддаг байна.Амьдралын мөчлөг дээрх эдгээр асуудлаас танд аль нэг нь тулгарч байгаа эсэхийг сонирхоод үзээрэй.
“Насанд хүрэх” синдром /18-27 нас/:
Дөнгөж “том хүн” болсны дараах амьдралд цаашид яах учраа олохгүй самгардсанаас өөрийгөө ойлгохоо болихыг “quarter life crisis” буюу шууд орчуулвал амьдралын ¼-ийн үеийн хямрал гэж нэрлэдэг. Энэ насны хүмүүс ихэвчлэн шалтгаангүйгээр ганцаардаж, үе үехэн амьдралын зорилгоо мэдэхээ байж, төөрөлдөж, өөртөө итгэх итгэлээ алддаг. Мөн өөрийн хийж байгаа зүйлдээ болон хамт байгаа хүндээ байн байн эргэлзэх байдлаар илэрч болно. Биеэ дааж амьдралаа авч явах шаардлага тулгарч эхэлдэг энэ насан дээрээ зарим бүсгүйчүүд өөрийгөө бүрэн таньж чадаагүйгээсээ болоод чухал сонголтуудыг яаран хийх тохиолдол байдаг.
Ажилдаа, гэр бүлдээ, харилцаандаа, санхүүгийн нөхцөл байдалдаа байр сууриа олж тогтворжиж чадархгүй байгаагаас өөрийгөө дарамтанд байгаа мэтээр мэдрэх нь энэ насныханд элбэг тохиолддог. Ихэнх хүмүүсийн хувьд энэ хямрал 18-27 насны хооронд 2 жил орчим үргэлжилдэг бол сэтгэлийн хат, тэвчээр, бэрхшээлийг даван туулах чадварыг бага, өсвөр насандаа олж чадаагүй хүмүүсийн хувьд түүнээс ч олон жил үргэлжилж болно.
Дунд насны хямрал /30-40 нас/:
60-ын талыг насалсныхаа дараах 10 жилд хүн 1-2 жилийн турш дунд насны хямралд автдаг. Монгол эрэгтэйчүүдийн хувьд энэ хямрал ихэвчлэн 35-37 насанд тохиолддог аж. Энэ үед хүмүүс өөрийнхөө амьдралыг бусдынхтай харьцуулж, өдийг хүртэл болоод л ирсэн амьдралдөө огцом өөрчлөлт хийхээр шийдэх нь элбэг байдаг. Энэ насны зарим эмэгтэйчүүдийн хувьд гэртээ удаан сууж нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарласнаас болж асуудлууд тулгардаг.
Тэд өмнөх шигээ нийгэмшиж, бусадтай энгийн харилцаанд хэрхэн орохоо мэддэггүй. Энэ үед ч нөхрүүдийнх нь хямрал ч бас давхацдаг. Эмэгтэйчүүд өөрөө өөртөө илүү их санаа зовж байдаг бол харин эрчүүд нийгэмд эзлэх байр суурь, карьерийн асуудалдаа анхаарал хандуулдаг. Энэ зөрчлөөс болж хосуудын хооронд болон гэр бүлийн харилцаанд маргаан гарах нь бий.
Дундаас дээш насны хямрал /40-50 нас/:
Энэ үед эмэгтэйчүүдийн хувьд хүндхэн үе тохиолддог. Учир нь бие физиологийн хувьд өөрчлөлт орж нас ахиж байгааг нь мэдрүүлсэн дохио олонтоо илэрдэг. Сүүлийн үед нийгмийн янз бүрийн асуудлуудаас болж эмэгтэйчүүдийн цэвэршилт эртсэх хандлага ажиглагдаж байгааг британы сэтгэлзүйч нар тодорхойлсон байна. Мөн энэ үед хүүхдийнх нь өсвөр насны үе давхцахдаг нь ихэнх гэр бүлүүдийн дунд ажиглагддаг. Эдгээр сэтгэл зүйн энэ өөрчлөлтөөс болж гэр бүлийн уур амьсгал “хүйтэрдэг” байна.
SOURCE: urlag.mn