Монгол Улсад тулгамдаж байгаа өчнөөн асуудал байна. Тэдний нэг бол яах аргагүй эрүүл мэндийн асуудал. Улс эх орны минь эрүүл энх саруул сайхан байх нь нэг хүний эд эс, дархлаанаас шууд хамаарна. Нэг иргэн эв эрүүл байна гэхэд цаана нь 10 иргэн эрүүл байх бүрэн боломжтой. Учир нь хүн ам цөөтөй Монгол Улс хүнээ өсгөх бодлого барьж баримталж байгаа болохоос удмаа тасалж, улсаа мөхөөх бодлого бариагүй гэдэгтэй хэн ч санал нийлэх байх.
Сүүлийн жилүүдэд Монголд бэлгийн замын халдварт өвчин гаарч байна. Цөөрч болохгүй цөөхөн монголчууд халдварт өвчинд идэгдэж дуусах вий гэсэн эмзэглэл төрж эхэллээ. Манай улсын нийт БЗДХ-ын өвчлөлийн 29,8 хувийг заг хүйтэн, 45 хувийг тэмбүү, 25 хувийг трихомониаз, 0,2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна гэсэн тоон мэдээ бий.
Хамгийн сүүлд гэхэд хэдхэн сарын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ерөнхий боловсролын сурагч ДОХ-ын халдвар тээжээ. Бүр 15 настай хүүхэд байна” гэсэн мэдээлэл нийгэмд сенсааци тарив. Энэ мэдээллээр сенсааци тарихдаа гол нь биш хамгийн гол нь энэ айхтар аюулт эдгэршгүй өвчний талаарх мэдлэг мэдээллийг бүр тодорхой үе шаттайгаар нийгэмд тэр дундаа ард иргэдэд мэдлэг, сэрэмжлүүлэг, мэдээлэл хэлбэрээр өгвөл илүү үр дүнд хүрнэ. Учир нь өнөөдөр амьдралд хөл тавьж байгаа хүүхэд багачууд, цаашлаад мэдээлэл муутай, мэдлэг багатай иргэд бэлгийн замын халдварт өвчний талаар мэдээлэлгүй байна.
Дөжирсөн Монголын даварсан ДОХ 238-үүлээ болжээ
Монголчууд бид ДОХ-той “танилцаад” аль хэдийнэ 25 жил өнгөрчээ. Манай улсад анх 1991 онд “Дархлалын олдмол хомсдол” гэх өвчний анхны тохиолдол бүртгэгдлээ гэх мэдээг сонсоод зарим нэг нь айдаст автаж, зарим нь огтоос мэдэхгүй явсан үе. Гэтэл эмчилгээ байхгүй, амьдралыг тэр чигээр нь “залгидаг” энэхүү халдвар өнөөдрийн байдлаар 229 тохиолдол албан ёсоор бүртгэгджээ. Бүртгэгдээгүй хэд байгаа ч хэлж мэдэхгүй юм гэж ХӨСҮТ-ийн эмч нар ярьжээ.
Өнөөдөр 238 байгаа ч энэ онд гэхэд 484 тохиолдол бүртгэгдэж магадгүй гэсэн тооцооллыг дээрх эмнэлгийн судалгааны албанаас гаргажээ. Энэ айдас биш гэжүү, нийгэмд тулгамдаж байгаа “аймшигтай” асуудал. Тэгэхээр “ДОХ тэд хүрлээ, эд боллоо” гэж тоолоод суухдаа гол нь биш. Энэ аюулт халдвартай тэмцэхэд төрийн бодлого, цаашлаад ард иргэдийг мэдлэг мэдээллээр хангах ажил чухал байна. Хамгийн гол нь иргэд өөрсдийгөө хамгаалах, дархлаатай байх хэрэгтэй. Бид энэ өвчинд дөжирч уусаж болохгүй юм аа. Наад зах нь гадаадаас Монголд ирж байгаа гадны орны иргэдээс цусны шинжилгээ авдаг байх. Хилээр орж ирэхэд нь шинжилдэг лобарторитай болчихооч дээ.
Энэ аюулт халдвар эх орны ирээдүй болсон хүүхдүүдийг минь “онилж” байгаа нь аюултай юм. 15-хан настай хүүхэд бэлгийн замаар халдвар авсан байна. Бүр цаашлаад өсвөр насны 10 гаруй хүүхэд ч ДОХ-ын вирус тээсэн байгаа гэх албаны мэдээлэл байгаа юм. Тодруулбал, үхлийн эрлэгийн элч болсон “ноён” ДОХ-ын “найзуудаар” 15-19, 20-24, 25-29 30-40, 50-ааш дээш насны хүн хүртэл оношлогдсон байна. Халдвар тээгчдийн нас залуужиж байгаа нь хамгийн аймшигтай. Монголын залуусаар хүрээгээ тэлж, эгнээгээ өргөсгөж аюулын харанга дэлдэж байна. Тэгэхээр өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн хичээлийг сайн зааж, эрүүл мэндийнх нь талаар мэдлэгийг зузаатгая. Үүнд эцэг эхчүүд болон ах эгч, сургуулийн багш нар мөн найз нөхдүүд маш их хамааралтай үүрэгтэй байх ёстой. Зөв мэдээлэл, зөв мэдлэг таныг эрсдэлээс хамгаална гэдгийг л сайтар ойлгуулах нь чухал.
Хүн ам цөөтөй, хоёр том гүрний дунд аж төрдөг манай улс ДОХ-т “идэгдэх” нь амархан шүү. Яагаад гэвэл сүүлийн үед монголчуудын гадаад дотоодыг зорих шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Дээр нь БНХАУ болон ОХУ-аас Монголд орж ирж ажиллаж амьдарч суурьших иргэдийн тоо ч нэмэгдсэн. Тэдгээр хүмүүсийн дунд халдвар тээсэн хэчнээн хүн байгааг ч бид мэдэхгүй шүү дээ. Халдвартай гэдгээ мэдэхгүй 10 жил явсан хүн өнөөдөр оношлогдож өвчин нь хүнд шатандаа орж нас барсан гэх мэдээллийг ч мэргэжлийн эмч ярьсан.
ДЭМБ-аас гаргасан тоон мэдээллээс харахад урд хөршид 780 мянган хүн ХДХВ халдвартай амьдарч байгаа бөгөөд 28 мянган хүн ДОХ-ын улмаас хорвоог орхисон байна. Мөн манай улсын баруун хязгаартай хиллэдэг Шинжаан Уйгарт халдварын тархалт хамгийн өндөр байна гэсэн мэдээтэй. Эрхүү муж 2-3 сая гаруй хүнтэй халдвартай хүмүүсийн тоо хэдэн мянгаар нэмэгдсэн. Буриадад гэхэд халдвартай 4000 гаруй хүн бий. ДОХ-ыг ингээд орхигдуулж болохгүй. Анхаар, төрийн бодлого, иргэдийн ухамсар…
Тэмбүү өвчин нялхаст заналхийлсээр байна
1921 оны буюу хувьсгал ялсан эхний жилээс Монгол Улс тэмбүү өвчинтэй тэмцсээр ирсэн ч өдгөөг хүртэл ор мөргүй устгаж чадаагүй бөгөөд харин ч өвчлөл нэмэгдэж хүрээгээ тэлсээр байна. “Улаан тарианы үедээ эргэн очлоо, улаан тариа ч дарж чадахгүйд хүрнэ, улс орон сүйдлээ” зэрэг сөрөг мэдээлэл олонтаа цацагдах юм. Сөрөг мэдээлэл их байх тусам сөрөг үйлдэл олон гардаг гэдгийг иргэд мэдэхэд илүүдэхгүй болов уу.
Тэмбүүг ДОХ-ын дүү гэж нэрлэдэг аж. Гэхдээ энэ өвчин бэлгийн замаар буюу цусаар дамждаг халдвар ч бүрэн эдгэрдэг өвчин. 2016 оны байдлаар бэлгийн замын халдварт өвчин 14964 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 41,1 хувийг нь тэмбүү тэргүүлж, 29 хувийг нь заг хүйтэн, 29 трихомонимз өвчин эзэлж байна. Сүүлийн гурван жил тэмбүү өвчний халдвар өссөн. Үүнийг дагаад төрөлхийн тэмбүүтэй хүүхдийн тоо ч өссөн үзүүлэлттэй байгаа нь санааг ихэд зовоож байна. Уг нь энэхүү өвчнийг эрүүл мэндийн салбарынхан эмчлэх, устгах бүрэн боломжтой гэдгийг хэлдэг ч иргэдийн эрүүл мэндийн боловсрол, бэлгийн замбараагүй харилцаанаас шалтгаалан оршин тогтносоор өдгөө аюулын хэмжээнд хүрлээ. Түүнээс гадна манайхан дунд “Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг” гэсэн буруу өрөөсгөл ойлголт байгаад байгаа юм. Бэлгийн замын халдварт өвчин хэлж ирдэг хэрэг үү, үгүй шүү дээ, бэлгийн замбараагүй явдлаас болж хувь хүн та бие эрхтэн, эрүүл мэнд цаашлаад хорвоод мэндлэх эрүүл саруул үрсийнхээ ирээдүйд том хорын үндэсийг тавьж, үрийг цацаж яваадаа харамсдаг бас халагладаг байгаасай.
Энэ улс оронд эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд л төрөх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх нь эрс нэмэгдсэн эмч нарын сэтгэлийг зовоож байна. Тэмбүүгийн халдвартай эхээс тэмбүүтэй хүүхэд л төрнө гэдгийг энэ цагийн эмэгтэйчүүд тэр дундаа ирээдүйд эх болох охид бүсгүйчүүд сайн ойлгодог байгаасай. Тэмбүү өвчин агаар дусал, амьсгалаар халдварладаг өвчин биш. Зөвхөн бэлгийн замын халдвар, мөн зүү тариур, цус цусан бүтээгдэхүүнээр халдварладаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар ийм замаар халдвар авсан ганц ч хүн байхгүй гэдгийг албаныхан баттай хэлж байна.
Тэмбүү өвчнөөр одоогоос гурван жилийн өмнө жилд 700-800 хүн оношлогддог байсан бол сүүлийн хоёр жилд 5000 хүн болтлоо тоо нь огцом өсчээ. Эдгээр хүмүүсийн цаана мөн тооны, түүнээс ч олон хүн бэлгийн хавьталд орж, далд хэлбэрээр тэмбүү өвчнийг тээдэг байна. Тэгэхээр тэмбүү нь Монгол Улсын хүн амын аюулгүй байдалд заналхийлж байгааг харуулж байгаа юм. Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгдсийн 99 хувь нь насанд хүрсэн хүмүүс байдаг аж. Тэдгээрийг насны хувьд ангилвал 15-50 насныхан байдаг бол нэг орчим хувийг эхээс төрж буй нярай хүүхэд эзэлж байна. Тухайлбал, өнгөрсөн 2014 онд 32 тохиолдол, 2015 онд 52 хүүхэд эхээс мэндлэхдээ төрөлхийн тэмбүү өвчтэй төржээ. Үүний 30 нь Улаанбаатарт, 22 хүүхэд нь хөдөө, орон нутагт мэндэлсэн байна. Харин тэмбүү өвчнийг тээж төрсөн 13 хүүхэд нь төрснийхөө дараа нас барсан гэх харамсалтай тоо баримт бий. Тэгвэл өнгөрсөн 2016 онд төрөлхийн тэмбүүгийн 42 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс төрөлхийн тэмбүүгийн халдвартай 15 нярай амьдарч чадалгүй нас баржээ. Улаанбаатарт 25 тохиолдол, орон нутагт 17 тохиолдол бүртгэгджээ.
Тэмбүү өвчин урагт нөлөөлж, амьдрах чадварыг үгүй хийдэг төдийгүй эхээс төрөхөөсөө өмнө амьгүй болох явдал их байдаг аж. Тэмбүү өвчин нь хүний гол, гол эрхтэн системыг өвчлүүлж, аажмаар бүх эрхтэнг иддэг байна. Ийнхүү хүний биед чимээгүй оршин тогтнож чаддаг “тахал” юм. Уг өвчин нь архаг удаан явцтай, олон эрхтэнг гэмтээдэг, жирэмсэн эхээс хүүхдэд дамжиж болдог бэлгийн замаар дамжих халдвар гэдгийг тодотгож байна. Эрт үед нь оношлуулбал эмчлэх бүрэн боломжтой. Харин эмчлүүлээгүй тохиолдолд тэмбүү өвчин урагт халдварласнаас зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэл үүсдэг.
Тиймээс эмэгтэй хүн та эх хүн болохоор төлөвлөж байгаа бол шинжилгээнд заавал хамрагдаж байгаач. Өнгөрсөн онд амаржсан ээжүүд дунд жирэмсэний хяналтанд оролгүй, эмнэлэгт үзүүлэхгүй байсаар байгаад төрөх өдрөө эмнэлэгт ирж байх жишээний. Тэмбүүтэй 42 ээжийн 17 нь буюу 40 хувь нь жирэмсэний хяналтад огт ороогүй байна. Жилд 87 мянган ээж амаржиж байгаагаас 2-3 хувь тэмбүүтэйгээр оношлогдож байна гэхээр бараг л 2000-3000 мянган жирэмсэн эх тэмбүүтэй байна гэсэн үг. Гэхдээ цаг алдалгүй эмнэлэгт оношлуулж байгаа болохоор эмнэлгийн зүгээс чадах зүйлсээ сайн хийж байна. Жилд 2000-3000 тэмбүүтэй хүүхэд төрөөгүй байхгүй юу.
Одоо эмч нарын ганц хийж чадахгүй байгаа зүйл гэвэл уулын мухарт хэвтэж байгаа жирэмсэн эмэгтэйг хяналтанд оруулж чадахгүй дийлэхгүй байна. Хяналтанд оруулах бүх л арга чаргыг хэрэглэж байна. Бүр хяналтанд орвол жирэмсэний мөнгө ч өгнө гэж халамжийн байгууллага амлаж байна. Гэвч өөрийн ухамсар үүргээрээ эмнэлэгтээ ирэхгүй байгаа жирэмсэн эхчүүд л халдвартай тээсэн хамгийн аюултай байгаа юм. Түүнээс гадна төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн ээжүүдийн 70 орчим хувь нь амьдралын түвшин тааруу хүмүүс байдаг аж. Тэгэхээр хүмүүсийн сэтгэхүй хандлагыг өөрчлөх хэрэгтэй байгаа биз.
Эцсийн эцэст тэр ээж аавын ухамсарын асуудал, эрүүл хүүхэд төрүүлье гэж бодож байгаа бол эрт хяналтандаа ордог байх ёстой. Энд л иргэн хүний ухамсар, хариуцлага оршино. Нэгэнт жирэмсэн болж байгаа бол үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө эцэг эх хариуцлага үүрдэг тогтолцоотой болъё.
Хэрвээ тэмбүүгийн халдвартайгаа мэдсэн бол үнэ төлбөргүй эмчилгээнд даруй сайн хийлгэх хэрэгтэй. Манай улсын эмнэлгүүд эмчилгээг үнэгүй хийдэг. Эрт үед оношлогдож эмчлүүлсэн тохиолдолд хүүхэд эрүүл төрөх боломжтой гэдгийг ХӨСҮТ-ийн ДОХ, БЗХӨ тандалт судалгааны албаны их эмч М.Тунгалаг ярьсан. Хамгийн гол нь жирэмсэн ээж ганцаараа эмчлүүлэхдээ биш гэрт байгаа аав ч давхар эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эмчилгээний хувьд 20 хувь нь эмнэлгээс шалтгаалж үлдсэн 80 хувь өөрөөс нь шалтгаална гэж үздэг аж.
Тэмбүүгийн халдвар авсан жирэмсэн биш эмэгтэй байлаа гэж бодъя. Тэр хэнээс халдвар авснаа эмчид зайлшгүй хэлнэ. Харин халдвар авсан хүндээ хэлэх боломжгүй, чадахгүй, дахин харилцах шаардлагагүй гэж үзэж байгаа бол эмчид тэр хүнээ хэлж утасны дугаар, ажил, гэрийн хаягийг нь зааж өгөх ёстой. Тэгж байж гинжин холбоо үүсгээд халдвар тараагаад явж байгаа цаад нөхрийг илрүүлэх, эмчлэх бүрэн боломжтой болж байгаа юм. Иргэд ингэж өөрт тулгамдсан асуудлыг тууштай шийдэх ёстой. Иргэний үүрэг хариуцлагаа үүнд бий.
Сайн мэдлэг, мэдээлэл таныг хамгаалах вакцин болно
Өнөөдөр ХДХВ/ДОХ-ыг бүрэн төгс эмчлэх эм тариа, вакцин хараахан гараагүй байна. Гэхдээ гаргахын төлөө дэлхийд туршилт судалгаа хийж байгаа олон эрдэмтэн, эмч мэргэжилтнүүд бий. Хэзээ нэгэн өдөр ДОХ бүрэн эдгэрдэг боллоо гэсэн сайн мэдээ дуулдах байх гэдэгт итгэдэг. Харин Тэмбүү өвчин бол төгс эдгэрдэг өвчин юм шүү.
Хамгийн гол нь эмчийн заавраар эмчилгээгээ хийлгэх, тодорхой дэглэм барих шаардлагатай. Дахин хэлэхэд, эрүүл байна гэдэг хувь хүний хариуцлагын асуудал гэдгийг хаа хаанаа сайн анхаарах хэрэгтэй. Эдгээр өвчнөөс сэргийлэх вакцин бол иргэдийн зөв мэдлэг мэдээлэл. Бэлгийн замын халдварт өвчний талаар сайн мэдлэгтэй хүн өөрийгөө хамгаалах боломжтой. Дээр нь гэр бүлдээ үнэнч, гэр бүлээс гадуурх харилцаанаас татгалзах, архи уусан үедээ бэлгийн харилцаанд орохгүй байх, тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих, бэлгэвч тогтмол хэрэглэх ёстой гэдгийг бүү мартаарай. Залуу гэр бүлүүд замбааргүй байдлыг тэвчдэг байх. Хэрвээ гэр бүл болох гэж байгаа бол бүх төрлийн шинжилгээ өгч, эрүүл мэндийн үзүүлэлтээ сайн хангах хэрэгтэй. Хүүхдүүдэд багаас нь зөв ойлголт суулгаж өгье.
ЕБС-иудын хүүхдийн дунд хийсэн шинжилгээний дүнгээр бэлгийн харьцаанд орох нас залуужиж байна гэсэн дүгнэлт гарсан. Ийм эрсдэл байгаа учир хүүхдүүд халдвар аваад байгаа юм. 15 настай хүүхэд ДОХ-ын халдвар авч байгаа нь хэнийг ч ялгахгүй гэдгийг илтгэж байна. Тухайн хүүхэд бэлгийн хавьталд орсон нь үүгээр нотлогдож буй юм.
Манай боловсролын системд эрүүл мэндийн хичээлийг сургалтаас хасчихсан нь маш буруу зүйл юм. Гэхдээ хэл ам хийж байгаад нэг улиралд цөөхөн цаг оруулж байхаа болсон.
Өнөөдөр сурагчдад эрүүл мэндийн хичээллийг нээлттэй заах багш, арга зүйч алга. Байгаа нь өөр мэргэжилтэй, эрүүл мэндийн огт мэдлэггүй багш хичээлийг халтуурдаж байна. Хөдөө орон нутгийн хүүхдүүд мэдлэг мэдээлэл дулимагаас болж эцэг эхээсээ хол хотод орж ирээд замбараагүй бэлгийн харьцаанд орж байна. Хамгийн гол нь бэлгэвч таны хамгаалалт болно шүү гэдгийг сайн ойлгуулж сэтгэхүйд нь суулгаж өгөх. Илүү нээлттэй болсон ийм үед илүү сайн мэдлэгийг хичээл хэлбэрээр түлхүү оруулж өгөх шаардлагатай. Тиймээс Эрүүл мэндийн хичээлийг оруулдаг байя.
Бэлгийн замаар дамжих халдвар бол хоолны хордлого биш, амьсгалын замын халдварт өвчин биш. Нэг өрөөнд агаар амьсгалснаараа, санамсаргүй хоол идээд халдвар авах биш, цэвэр ухамсарын үйл гэдгийг хүмүүс ойлгомоор байна. Таны эрүүл мэнд таны гарт. Бид өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж чадна.
Сайн дурын шинжилгээнд хамрагдаж суръя
Хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө л хянадаг байх ёстой. ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ үйлчилгээ тодорхой заавар журмын дагуу явагддаг аж. Бид ямар ч насны хүнийг албадан шинжилгээнд оруулах хууль эрхзүйн үндэслэл байхгүй. Насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй шинжилгээнд хамруулах боломжгүй. ЕБС-ийн хүүхдүүд, өсвөр үеийнхэнд бэлгийн хавьталд эрт орохгүй байхыг хэлдэг. Хэрэв орсон тохиолдолд бэлгэвч хэрэглэхийг зөвлөе. Шинжилгээнд заавал хамрах шаардлагатай хүмүүс бол жирэмсэн эмэгтэйчүүд юм. Жирэмсний эхний гурван сар болон 28 долоо хоногтойд заавал ХДХВ-ын халдвар, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөх ёстой. Мөн цэцэрлэг, сургууль, үйлчилгээний байгууллага, ресторан бар, хоолны газруудад ажиллаж буй тодорхой ажил мэргэжлийн хүрээнд зайлшгүй шинжилгээ өгөхийг шаарддаг. Учир нь баар цэнгээний газрууд олширсон. Бааранд архидаж байгаад нэгнийгээ дагуулаад буудалд ордог. Ер нь сүүлийн үед өсвөр насны охидууд баар цэнгээний газраар их эргүүлддэг болсныг тандалт хийсэн эмч нар ярьж байна. Уг нь ард түмний хамгийн эрүүл байх ёстой толь хэсэг нь үр хүүхэд, жирэмсэн эхчүүд эрүүл байх юм бол тухайн улс, ард түмэн эрүүл байна гэсэн үг.
Нийгэм стресстэй эдийн засаг ядуурлаа гээд өөрийнхөө эрүүл мэндийг золионд гаргах ухамсаргүй байх хэрэгтэй. Хүн болгон дор бүрнээ хариуцлагатай болчихвол халдварт өвчин гаарахгүй. Тиймээс иргэн та өөрийгөө хамгаалж хариуцлагатай байх. Улсын хэмжээнд ХДХВ-ын халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний 40 төв ажиллаж байна. Тиймээс иргэд дээрх төвүүдэд хандаж шинжилгээ өгөх бүрэн боломжтой юм.
ХӨСҮТ-ийн ДОХ, БЗХӨ-ний тандалт судалгааны албанаас гаргасан тооцоолол
О.Сайхан