Гэр бүлээс гадуурх харилцаа нь анх санагддаг шиг “секс”тэй тэр болгон шууд холбоотой байдаггүй талтай. Учир нь өөртөө төвөг учруулахгүйгээр гэртээ сексдэх боломж хүн бүрт байдаг. Энгийнээр хэлэхэд “хууралт” бол өөрийгөө илүү үнэ цэнэтэй, онцгой хэмээн мэдрэх хүсэл юм. Өөрөөр хэлбэл гэр рүүгээ эхнэртээ очихоосоо өмнө ямар нэгэн зүйлээ дутагдсан зүйлээ нөхөж байна гэж хэлж болно.
Жинхэнэ хэрэгтээ, нууц амраг нь усанд живэх эрсдэлтэй гэр бүлийн гуравдагч тулгуур болж түүнийг хадгалахад өөрийн мэдэлгүй тус болдог байна. Гэр бүл бол тогтолцоо гэдгийг ойлгох нь чухал. Хэрэв эхнэр, нөхөр хоёрын хооронд аль алиных нь сэтгэлд нийцсэн харилцаа тогтсон бол нууц амрагийн асуудал үүсдэггүй аж. Ийм асуудал үүсч байна гэдэг нь харилцаанд доголдол гарчээ гэсэн үг. Сэтгэл зүйч, шинжээч Анастасия Мостовскаягийн гэр бүлд “хууралт” ямар шалтгаанаар үүсдэг, түүнийг хэрхэн даван туулах талаар өгсөн тайлбарыг доор хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна.
Зөрчлөөс зайлсхийх
Хэрэв хос нь хэн нэгнийгээ гомдоочих вий гэсэн болгоомжлолоосоо болоод илэн далангүй, гүн гүнзгий, хэн хэндээ итгэсэн байдлаар ярилцаж чадахгүй бол хоорондын нандин холбоос нь тасардаг. Ингэснээр аль нэг нь өөр харилцааг хайж эхэлдэг байна. Хуурч байгаа нөхөр ихэнхдээ бичсэн мессежее арилгахаа мартах эсвэл эхнэрээ нууц амрагийнхаа нэрээр дуудах зэргээр төдийлөн нууц харилцаагаа нууж хааж чаддаггүй, улмаар болж буй зүйлд эхнэрийнхээ анхаарлыг татах сэдэл бий болгодог.
Хэрүүл маргаантай байх
Гэр бүлийн хос ойр ойрхон муудалдаж буруу зөвийг хайх боловч төдийлөн буулт хийдэггүй аж. Ихэвчлэн “Миний зөв харин чиний буруу” гэсэн байр суурь зонхилж, мөнгө цаас, хэн нэгнийхээ гадаад үзэмж, захиргаадалтай холбоотой сэтгэл ханамжгүй байдал, сэтгэл зовнил үүсдэг. Ийм төрлийн хэрүүл маргаанууд бухимдах, гансарч ганцаардах, ядрах, туйлдах мэдрэмжийг төрүүлдэг. Эцсийн бүлэгт эр хүн өөр харилцааг хайж эхэлдэг байна.
Дурлалдаа хөтлөгдөх
Өөр үгээр хэлбэл эхнээсээ удаан хугацааны бат бөх харилцааг бий болгож хадгалах чадваргүй байсан гэсэн үг. Ихэнхдээ хос нь сэтгэлийн хөөрлөөр гэр бүл болж тодорхой цаг хугацаа өнгөрөхөд нөгөөх халуун хайр дурлал нь замхарч өөр харилцаа, шинэ сэтгэгдэл, урам зориг өгөх хүнийг хайж эхэлдэг аж.
Эхнэр нөхрийн хооронд хайр сэтгэл байхгүй байх
Нөхөр нь нууц амрагтаа жинхэнээсээ хайртай харин эхнэртээ хандах байдлыг нь ижилдэн дассан, хариуцлагаа ухамсарласан, хэлсэн амандаа хүрэх гэж оролдсон гэх мэтээр тайларлаж болох юм. Ийм тохилдолд нууц харилцаа удаан хугацаагаар илрэхгүй өнгөрдөг.
Сексийн хамаарал
Гэр бүлтэй болохоосоо өмнө ч зарим эрчүүд зугаацах дуртай байдаг. Ийм хүн гэр бүлээс гадуурх харилцаанд бодох санах юмгүй ордог бөгөөд ингэхдээ сүртэй асуудал биш гэж үздэг. Ийм нөхөртэй байх эсэхийг эхнэр л өөрөө шийдэхээс өөр арга байхгүй.
Салалт
Эхнэрээсээ салах шалтаг болгохын тулд нөхөр нь нууц амрагтай болдог. Ийм тохиолдолд тухайн гэр бүлийг хадгалан авч үзэх магадлал тун бага байдаг байна.
Хууралтыг хэрхэн тэвчин өнгөрүүлэх вэ
Нууц амрагтай байх нь зүгээр л нэг нь нэгнийгээ хуурах үйлдэл биш харин тухайн хосод тохиолдож буй үйл явц юм. Хуурах хууртагдах болсон шалтгаан, энэхүү хямралаас гарах боломжуудыг хоёулаа л хайх хэрэгтэй болдог. Эхнэр хүний хувьд энэ үүссэн нөхцөл байдалд хүргэсэн өөрийнхөө хариуцлагын тухай эргэцүүлэн бодох нь чухал юм.
Сэтгэл зүйчид хандан зөвлөгөө авч байгаа хосуудыг ажиглахад эхнэр нь нөхрөө буруутган өөрийгөө зөвлөгөө өгч буй хүнээр өмгөөлүүлж хамгаалуулахыг эрмэлзэх нь олонтаа. Хохирогчийн дүрд тоглох биш харин нөхөртэйгээ нээлттэй яриа өрнүүлж санаачлагыг гартаа авч сэжиглэхээ больж дахиад хуурах вий гэсэн айдсаасаа салах хэрэгтэй.
Хууртагдсан эмэгтэйд “Ингээд бүх юм өнгөрлөө гэж үү?”, “Би үлдсэн амьдралаа ингэж амьдрах болж байна уу” гэсэн бодол орж ирэх нь элбэг байдаг. Хэрэв хосын харилцаа аль хэдийнээ хүйтэн хөндий болсон бол хууралт нь гэр бүл салалтын хамгийн түгээмэл шалтгаануудын нэг болдог боловч зарим тохиолдолд энэ нь ойр дотно харилцаагаа сэргээх, шинэ шатанд гаргахад тусалж эхнэр нөхрийн хоорондын харилцааг илүү бат бэх болгодог. Хайр сэтгэлийн эсрэг тэсрэг мэдрэмж бол үл тоомсорлох явдал. Хэрэв өчүүхэн төдий л хайрын оч байгаа бол сэтгэл зүйч бие биендээ татагдах тэр нарийн нандин зүйлийг нь хөндөн амилуулж хэдэн арван жилийн туршид өрнөж байгаагүй яриа хөөрөөг нь дэмжих боломжтой байдаг.
Хууралтыг даван туулахын тулд энэхүү хямралаас хамтдаа гарах боломжийг аль аль нь ухамсарлах шаардлагатай байдаг бөгөөд ингэхийн тулд нөхөр өөрийн зүгээс далд харилцаанаасаа татгалзаж эхнэрээ эргэлзэхээс ангижруулах хариуцлагыг үүрэн урьдын итгэлцлийг сэргээх хэрэгтэй болдог.
Эхнэрийн хувьд өөрийнхөө үнэ цэнийг дахин мэдрэх, аль эрт төлөвлөж байсан сонирхолтой зүйлсээ хийх, өөртөө илүү олон баяр баясгалантай мөчийг бий болгох, ойр дотныхоо хүмүүстэй уулзаж ярилцах гэх мэт зүйлийг хийх нь чухал юм.
Хууртагдсан эхнэр яах ёстой вэ
Энэ тохиолдолд эхнэр хүн нөхрөө сэжиглэх, хянах хүслээ тэвчиж, илүүтэйгээр “Би энэнд ямар буруутай вэ?”, “Хөрсөн харилцаагаа сэргээхэд энэ явдал хэрхэн туслах вэ”, “Хуурах болсон шалтгаанаа ойлгох эсвэл тайлбарлахад нь нөхөртөө хэрхэн туслах вэ?” гэх мэт зүйлд анхаарлаа хандуулах нь илүү зохилтой.
Мэдээжийн хэрэг хууралт бол маш хүнд сорил. Хууртагдсан хүн зэвүүцэл, гомдол, айдас, үл итгэх байдал, хоосорсон мэт сэтгэгдэл, уйтгар гуниг зэргийг мэдэрдэг. Гэсэн хэдий ч энэхүү хямрал нь урт удаан хугацаанд ам нээгээгүй сэдвээр ярилцах, хоёр биенийхээ жинхэнэ хүслийг ойлгох, түүнчлэн хөндийрч хөрсөн харилцааныхаа төлөө хариуцлага ухамсарлан хүлээх, дээшлүүлэх боломжийг олгодог. Эхнэрийн хувьд нөхрөө дурласан хүнээсээ татгалзан гэр бүлдээ үлдэхээр шийдсэн шийдвэрийг нь хүндэтгэн хүлээн авах, гэр бүлийн харилцаанд нь юу дутагдаж байсан тухайг нь сонсоход бэлэн байх нь чухал. Харин нөхрийн хувьд эхнэрийнхээ сэтгэлийн шаналалыг ойлгох, чин сэтгэлээсээ уучлалт гуйх, хуучийн байсан халуун дотно харилцаагаа сэргээхэд нь шаардлагатай байгаа хугацааг нь олгох явдал юм.
Хууралтын үед үүссэн хайрын гурвалжин нь “эцэг, эх, хүүхэд” гэсэн хүүхэд насны харилцааны бэлэг тэмдгийг нэг талаар санагдуулдаг. Хууртагдсаныхаа дараа нөхөртэйгөө хэвийн харилцаагаа үргэлжлүүлэх эсэх талаар шийдвэр гаргахдаа нөхрийнхөө нууц харилцааг үргэлжилсэн хугацаа, хир их энэхүү харилцаанд автагдсан байсан гэх мэт хүчин зүйлийг анхааралтай авч үзэх хэрэгтэй. Өөр эмэгтэй хүнтэй удаан хугацааны, мэдрэмжээр баялаг харилцаатай байх нь хүүхэд насандаа эцэг эхийнхээ зүгээс эдлээгүй тэр хайрыг мэдрэх, урьд өмнөх харилцаанд үүсэж байсан асуудлуудыг шийдвэрлэх далд оролдлоготой холбоотой байж болох талтай.
/Орос хэлнээс хөрвүүлсэн Б.Туяа/