1. Буулт хийсэн нь ялж байдаг.
Уур салгаж, хөндийрүүлж л чаддаг. Уур хувааж, дайсагнуулж холдуулж л чаддаг. Хайртай хүмүүсийг холдуулж, анд нөхдийг хөндийрүүлж, амраг хосыг салгадаг. Учирыг нь олохыг биш уурлахыг урьтал болгож байгаа хүн өөрийнхөө мунхагаа зарлаж байгаа хэрэг. Түрүүлж дайралт хийж байгаа нь тэнэг. Түрүүлж буулт хийж байгаа нь ухаантан байдаг. Дайралт хийж байгаа хүн хэрүүлийн хариуд хэрүүл л ирдэгийг мэддэггүй. Өөрийгөө хагаралыг галыг ноцоож байна гэдэгээ ч анзаардаггүй. Хүчирхийлэл хүчирхийлэлийг л бий болгодог. Буулт хийж байгаа хүн буултын хариуд ойлголцол ирнэ гэж мэддэг.
Буулт зөвшилцөл үгүйсэн бол энэ дэлхий аль хэдий нь сөнөчихсөн байх байлаа. Дайрч давшилж байгаа хүн хагарал зөрчлийг, буулт хийж байгаа хүн зөвшилцөл ойлголцолыг хүсч байдаг. Дайралтын хариуд ирсэн буулт ухаантнаас л гардаг. Тэнэг харин би дийлчихлээ гэж дотроо онгирч сагсуурдаг. Гэтэл дуг нойрондоо дугжирч байгаагийнх нь ачтан буулт хийсэн цаад хүн ажээ. Жинхэнэ ялалтын лоовууз ухаантаны тэргүүн дээр намбайж байхад тэнэгийг толгой дээр харин цаасан малгай шовойж байдаг. Иймээс хоёр ухаантны маргаан удаан үргэлжилдэггүй. Хоёр тэнэгийн хэрүүл салж өгдөггүй.
2. Уурыг удаан бүү тээ.
Уур бол ухамсарыг бохирдуулагч хор юм. Биедээ удаан тээвэл улам хүндэрч үзэн ядалт, өс хонзон болж гэмгүй нэгэнийг Гитлер ч болгож мэднэ. Уусан усаа жорлон орж гаргадаг шиг уурласан уураа ч бас жорлонд орж гаргаж бай. Хэнийг ч бүү хохироо. Ганцаараа л гарга. Хэн нэгэн таны уурыг өдөөсөн ч уур бол таны л бие дотор явагдаж байгаа үйл явц. Тиймээс та өөрөө л учрыг нь ол. Бусад руу бүү дайрч давшил. Гэртээ уурласан уураа ажлынхандаа, ажил дээрээ уурласан уураа гэрийхэндээ бүү гарга. Тэд ямар буруутай юм. Тэр дор нь гаргаагүйгээс л Гитлерийн зарим зан чанар таны зан аашинд илрээд байгаа хэрэг. Гарга бүү хадгал. Хорыг хурдан гаргаж байж л аврагдна. Хүчээр бүү дар. Бүү зугт. Зүгээр л гарга. Гэхдээ хэнийгч бүү хохироо. Эзгүй газар очиж хашгир, биеийн хүчний ажил хий, юм цохь нүд, ууланд авир, найздаа ярь, хөдөлгөөн дасгал хий, эсвэл уйл. Өдөрт нь л учрыг нь ол. Эс бөгөөс та унтаж ч чадахгүй өөрөө зовох болно. Таны уурыг хүргэсэн хүн дуг нойрондоо дугжирч байж ч мэднэ шүү. Та өөрийгөө сайн дураараа зовоох хэрэг юу байна. Монгол хүн муу бодол тээж хонодоггүй юм. Уур бол хор. Хорыг удаан бүү тээ.
3. Толинд нүүрээ хар.
Уурлаж орилож хашгарч байхдаа хүмүүсийн царай ямар муухай болдогыг чи сайн мэднэ. Харин уурлаж бухимдсан үедээ чиний өөрийн чинь царай ямар болдогийг чи мэдэхгүй. Бусдын царай чөтгөр мэт болдог юм чинь чиний царай ч бас тэднийхээс дутхааргүй л болсон байж таараа. Хэрүүлийг орхиод юу ч хийлгүй шууд толь руу алх. Муухай болсон царайгаа тэд нарт удаан битгий харуулж тэдны тав бахыг бүү ханга. Тольний өмнө очоод өөрийгөө ямар болсоныг хар. Энэ чи мөн үү? Хүн бүхэнд өөрийн гэсэн гоо үзэсгэлэн байдаг. Нөгөө хөөрхөн та хайчив? Нүүр чинь үрчийж, хөмсөг чинь сөрдийж, нүд чинь галзуурч, шүд чинь ярзайж аятайхан царай чинь араатан болсон байх вий. Бусдад би одоо ийм харагдаж байгаа шүү дээ гэж бод. Би ийм муухай юм гэж үү? Би уур юм гэж үү? Гэж Өөрөөсөө асуу? Та одоо бүх биеэрээ уур болоод хувирчихаж. Ууранд та ингэж дарлуулж. Уур чамайг ийм муухай болгочихож. Дахиж л ингэж ууранд дарлуулж бурханлаг царайгаа чөтгөрлөг болгохгүй юм шүү гэж өөртөө амла. Тэгээд уур хүргээд байгаа бусадтай биш уурлаад байгаа өөртөөгөө тэмц.
4. Уур бол асуудлыг олж харахын нэр.
Уур бол асуудлыг олж харахын нэр юм. Болохгүй бүтэхгүй зүйлсийг олж харчихаад байгаа болохоор л та уурлаад байгаа хэрэг. Тэгээд юу ч хэлэхгүй тэнэг хүн шиг дуугай байх хэрэг үү? Дутагдалын хажуугаар дуугай гарч болдоггүй юм гэж та хэлэх байх л даа. Гэхдээ хэт их шүүмжлээд, өө сэвийг анзаараад, болохгүй бүтэхгүйг олж харсаар байгаад хүний дургүйг хүргэдэг, ул шагайж явдаг нэгэн болчихвий дээ. Мууг олж харсанаар та юу хожих юм? Заримдаа алдааг тоохгүй өнгөрөөснөөр та юу алдах юм? Биеийг тань сөрөг энерги эзлэж дандаа л уурлаж бухимдаж явдаг болчихвол та өөрөө л зовно шүү дээ. Заримдаа асуудлыг олж харалгүй тоохгүй өнгөрч уур бухимдалаас өөрийгөө аварч байх нь зөв байж ч болно шүү дээ. Таньтай таньгүй дутагдлыг таниас ч илүү хэлээд өгчих хүмүүс хаа сайгүй л байгаа хэлж ч байгаа. Шүүмжлэгч нар хэзээ ч дутагдаж байгаагүй юм.
5. Ид шидийн долоон амьсгал.
Хэрүүлийн орчинг хүчээр орхиод ганцаараа байж болох газар луу шууд оч. Хэрүүлийг орхиж явах гэхээр таны эго чинь бууж өгч байгаа юм биш үү гэж дотроос чинь таныг ятгах болно. Үүнийг тоолгүй хүчээр маргалдааныг зогсоогоод ганцаараа байж болох тэр газар очих хэрэгтэй. Уур луу чиглэсэн анхаарлыг шууд амьсгал руугаа чиглүүл. Амьсгал чинь ойр ойрхон бөгөөд өндөр хүчтэй болсон байгаа. Тэгээд нэг гэж хэлээд шууд хамраараа уушгаа дүүртэл гүнзгий амьсгал аваад буцаагаад хамраараа бүгдийг нь гарга. Одоо хоёр гэж хэлээд дахиад нэг хий. Ингээд долоо хүртэл хийгээд амьсгалаа буцаад нэг чагнаад үз. Анхныхаасаа арай намдуу болсон байх болно. Дахиад 7 амьсгал. Ийм байдлаар улам тайвширан тайвширсаар хэвийн байдалдаа ор. Тэгээд анхаарлаа уур хүрэгсэн тэр шалтгаан руу дахиж бүү хандуул. Уурлах танд хэцүү байгаа биз дээ. Тийм бол дахиж түүн рүү анхаарч өөрийгөө зовоох хэрэг юу байна?
6.Та уур биш.
Тухайн нөхцөл байдалд таны өгсөн дүгнэлтээс болж та уурладаг. Галзуу л биш бол та зүв зүгээр байж байгаад уурлаад байдаггүй. Хүний сэтгэлийн угийн өөрийнх нь мөн чанар бол амгалан тайван төлөв байдаг. Тийм л болохоор хичнээн удаан уурласан ч та буцаад л тайвшигч амгалан болдог. Яг татах хүчний хуулиар та удаан зогсвол ядардаг шиг удаан уурлавал та ядардаг. Хэрвээ уур таны сэтгэлийн мөн чанар байсан бол та хааяа нэг амгалан тайван болчихоод л буцаад ууртай догшин дүрдээ байнга байх байсан юм. Өглөө босч ирэхдээ ууртай босч ирээд, өдөржин уурлаж, шөнө зүүдэндээ хүртэл уурлаад унтаж ч чадахгүй байх байсан биз. Тиймээс уур уцаар бол төрмөл биш олдмол чанар. Та гэдсэндээ байхдаа ууртай байгаагүй гэсэн үг. Олдмол юм чинь орхиж хаяж салах боломжтой. Гэхдээ уур хар нялхаас л сэтгэлийн чинь нэг муу зуршилт зан чанар болж удаан хугцаанд хоногшин дагтаршсан болохоор тийм ч амархан бууж өгөхгүй ээ. Түүнээс салахыг хүсвэл түүний гар хөлийг нь хүртэл сайтар танин мэдэж яаж салах арга замыг байнга эрэлхийлж зохих алхам хийж эхлэхгүйгээр зүгээр нэг бодсон төдийгөөр түүнийг ялна гэж горьдсоны чинь гарз. Бүү шантар тэр таныг хангалтай зовоосон одоо чи түүнийг зовоо. Та уур биш тэр олдмол. Түүнийг ялах зэвсэг нь чиний ухаан тэвчээр хоёр юм.
7. Бид яагаад эсрэг болчихвоо?
Баярлаж талархаад сайхан үгс хэлэх гэхээр олддогүй түгдэчдэг шилээ маажин зогсдог байж уурласан үед харин хэзээ хаанаас сурсаныг нь мэдэхгүй хараалын бэлэн үгс аман доторх шүд шиг ар араасаа цувран оочирлоно. Хараал зүхэл хэлэхдээ итгэлтэй чанга дуугаар хашгиран орилдог атлаа хайрын үгс хэлэх болохоор ичиж санаа зовон аман дотроо бувтанаж шилээ маажин зогсоно. Уг нь бол хараалын үг хэлэхдээ бусдаас болон үр хүүхэд ахмад настнаасаа айж ичих байтал хайрын үгнээс ичиж хараалын үгнээс ичихгүй. Өнгөрсөн бүхий л хугацаанд таныг хайрлан хамгаалж туслан дэмжиж байсан тэр хүмүүсийн хэдхэн удаа хийсэн муу үйлдэл, хэлсэн эндүү үг нь ер санаанаас салахгүй. Ам зөрөх болгондоо олон жилийн өмнөх жаахан зөрчлийг нэг бүрчилэн санаж чи над тэгж хэлж байсан гэж дарамтлах атлаа хайр халамжийг нь харин усанд хаясан чулуу мэт мартчихна. Бид яагаад ийм эсрэг болчихдог байна аа?
8. Үг сөрсөнөөр хэрүүл үүсдэг.
Үг сөрөхгүй бол та дотроо ялагдсан мэдрэмж мэдэрдэг. Цаад хүн чинь ихэнх үгийг хэлж таны үг цөөдөж цаад хүний үгээр үйл явц дуусах гээд байвал та буруутан болж тэрний хэлсэн үг бүр нь үнэн болж, та тэр үгсийг нь хүлээн зөвшөөрч байгаа юм шиг санагдана. Та ялагдчих гээд байдаг. Тиймээс та өөрийгөө аврахын тулд чам руу хандаж хэлсэн үгийг нь няцааж, өөрийгөө хамгаалан буруугүйгээ батлахын тулд үг сөрдөг. Буцаад нөгөө хүн рүүгээ давшиж түүнийг ч бас буруутган чи ч бас буруутгах гэж оролдоно. Ингээд л хэн нь их хорон үг мэддэгээрээ, хэн нь олон хараалын үг цээжилснээрээ өрсөлдөж чанга чанга хашигчина. Ийнхүү хэрүүл маргааны дайн дэгдэж дэлбэрэлтээр дуусна. Анхнаасаа үг сөрөөгүй бол ийм байдал үүсэхгүй байлаа. Нэг нь эсэргүүцэхгүй бол хэрүүл хүчээ авч чаддаггүй. Таныг дуугай байхаар уурлуулах гэж цаад хүн чинь эхлээд дайрч давшилна. Уурлаач уурлаач гэж улам ятгана. Та хариу хийхгүй болохоор тэр хүнд улам хэцүү болно. Эцэсдээ туйлдаж эрч нь буурч уурлачих л даа өөдгүй шүү дээ гэсээр намжина. Уурын их гал бөхсөний дараа чи яах гэж ингэдэг юм бэ дээ хөө. Хоёулаа муудалцаад яах юм бэ. Намайг уучлаарай гэж хэлбэл байдал нөхцөл байдал эсрэгээрээ эргэнэ шүү. Хэрүүлд заавал хоёр хүн хэрэг болдог юм нэг нь л чи биш байгаач.
9. Хэтрүүлсэн дүгнэлт.
Заримдаа уур гэдэг нь тухайн нөхцөл байдалыг хэтрүүлэн дүгнэсэн таны өөрийн үнэлэлт байдаг. Нэг ёсондоо таны уурыг хүргэж байгаа тэр нөхцөл байдалтай яг адилхан тохиолдолд уурлахгүй ойлгож хүлээн авах хүмүүс байж л байдаг гэсэн үг. Тухайн нөхцөл байдалд та уурлахгүй яах юм бэ? Арай дэндүү байгаа биз дээ, энийг хар л даа гэж дүгнэж байхад өөр хэн нэгэн за яахав дээ дэлхий сөнөх гэж байгаа биш гэж дүгнэх хүн байдаг. Яг адил тохиолдолд бүх хүн таньтай адил сүржгэнэдэггүй гэсэн үг. Уурлахгүй байж болох тийм ч айхтар сүртэй зүйл биш. За яахав дээ, арга ч үгүй юм байна даа, хэцүү л дээ гэж бодож болох бүр “харин өдий зэрэгтэй байгаа нь овоо доо” гэж ч дүгнэх боломжтой зүйлийг та хэт өндөр шаардлага тавьж ингэчихгүй дээ, “Юу ч чадахгүй бүтэлгүй шүү дээ”гэж төгс болгох гэж хэтрүүлэн дүгнээд өөрийн таалалд нийцүүлэх гээд байгаа юм биш биз?
10. Уурлах үйл явц.
Уур бол сэтгэл хөдлөлийн хүчтэй хэлбэр юм. Гаднаас ирж буй мэдээлэлд өгч буй таны үнэлэлт дүгнэлтийн бодлууд бие махбодьтой нөхцөлдөн сэтгэл хөдлөл болдог. Уурласан үеийн сэтгэл хөдлөл нь биеийн булчингууд зангирч, гэдэс чангаран, шүд хөмхий зууж, харц ширүүсэн нулимс гарч, толгойд цус хуралдан, зүрхний цохилт түргэсч, биеэр халуу дүүгэн, амьсгал түргэсэх гэх мэт мэдрэмжүүд бие дээр илэрч хүчтэй энерги хуримтлагддаг. Үүний дараа тэр хүчэй энерги гадагш гарахыг тэмүүлж дуу хоолой тань өндөрсөн ширүүсч, элдэв хорон үг хараал зүхэл хэлж, хашгирч орилон, хөдөлгөөн үйлдэл тань огцом хурдан болж юм авч шидэх, хагалаж хэмхлэх, түлхэх цохих, зодох гэх мэт үйлдэл гаргах нь ч бий. Уурыг өдөөж буй зүйлтэй улам харилцан тэмцэлдэж устгах, хүссэндээ хүрэх, хариугаа авах, үгүй хийхийг хүсч байж ядсан мэдрэмж төрдөг ба болих залхах, орхих хаяхыг хүснэ. Зарим хүмүүс үүнийг гаргалгүй хүчээр барьж дотроо хураан дэлбэрэх шахан тээж явдаг. Бид шууд уурладаг гэж боддог ч яг тийм биш юм. Хүн бүрийн сэтгэл зүйн байдал харилцан адилгүй хурдан удаан уурлах нь байдаг ч сайн ажиглавал түргэн уурлаж байгаа нь ч нарийн дараалалтай байдаг. Бидний анхаарлын төвлөрөл маш муу байдаг болохоор тэр богино хугцаанд болсон үйл явцыг анзаарч чадалгүй бүх зүйл болоод өнгөрсний дараа л сэхээрдэг.
11. Хайрыг сонго.
Та уурлаж байхдаа чин сэтгэлээсээ инээж чадахгүй. Сэтгэлийн эсрэг тэсрэг хоёр өөр чанар нэг дор байх боломжгүй. Уур уцаарын догшин хатуу чанар таны сэтгэлд зонхилох байр сууриа эзлэхэд хайр энэрэл нигүүлсэлийн дулаан зөөлөн чанар аяндаа багасаж түлхэгдэн хөөгдөж байдаг. Эсрэгээрээ хайр нигүүлслийн зөөлөн чанар таны сэтгэлийн тайзан дээр байхад уур уцаарын хатуу чанар гадуурхагдан жийгдэж байдаг. Алийг нь сэтгэлийнхээ төв гол дүрд түлхүү байлгана нөгөөх нь багасах боломжтой гэсэн үг. Уурыг хүчээр дарах гэж бүү оролд. Өөрөө унасан хүүхдийг анзаарахгүй бол уйлдаггүй шиг уурыг бүү анзаар. Уурыг дэмжих, үзэн ядах хоёр ялгаагүй л ууртай хамааралтай байдаг. Түүнийг зүгээр тоохоо больчих тийм зүйл байдаг гэдгийг мартачих. Түүний оронд сэтгэлийнхээ зүүний сөвөгчийг хайр энэрэлийн цагаан утсаар сүвэлчих нигүүлсэл талархалыг л аль болох сонгочих. Зүгээр л хар утсыг орох сүвгүй болгочих.
12. Нүүр халуун байдаг.
Дутагдлыг нүүрэн дээр нь пал хийтэл хэлчихээр хэн ч би нээрээ тийм шүү гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй. Дотроо зөвшөөрсөн ч гаднаа болж л өгвөл өөрийгөө өмөөрч таны хэлсэнийг няцаан эсрэгээрээ таны дутагдлыг хэлж хариу давшилт хийх гэж оролддог. Бүх юм дууссаны дараа би нээрээ тийм дутагдалтай шүү гэж дотроо бодсон ч гэсэн танд “Би тийм биш” гэж бардам хэлсэн үгэндээ чөдөрлөгдөөд дутагдлаа засах гэж биш нуух гэж оролддог. Та харин царай нь хачин болоод л явчихсан больж гэж дотроо таашаал авдаг. Гэхдээ та сүүлд нь тэр хүн алдаагаа таны өмнө хүлээн зөвшөөрөх орон зай үлдээсэнгүй. Засах гэж оролдох байдлыг биш нуух байдлыг та үүсгэсэн байна. Үнэхээр тэр хүн дутагдалаа засаасай гэж бодож хэлэв үү? Та бах таваа хангах гэж хэлэв үү? Дутагдалаа засаасай гэж бодож хэлсэн бол та хоёр биш нэг нүүдлийн цаадахыг л харж. Кино дээр л сөрөг дүр шалдаан бууж дуусдаг. Хүмүүс энэ хэсгийг нь үзэж “Больж муу хог ингэх гээд байсан юм” гэж дотроо хэлэх дуртай байдаг нь амьдрал дээр ийм зүйлийг мэдрэх хүсэлтэй байдагтай холбоотой юм. Кино амьдрал хоёр тэс өөр. Бусдын дутагдалыг хэлэхдээ пал хийтэл нь биш өөр эелдэг аргаар өөрийнх нь талд ороод буцаад дутагдлаа хүлээн зөвшөөрөх тэр орон зайг нь үлдээж хэлж байгаарай.
13. Гурван” Хэ”
Хэрвээ танд сонголт байвал жаргаж буй биш мандаж буй нарыг харж бай. Болохгүйг биш болж байгааг олж харж бай. Болъёог биш болоо шүү дээг хэлж бай. Сонголт байхгүй. Хэлэхгүй бол хохирчих гээд гаргахгүй бол галзуурчих гээд байвал шүүмжийн үгээ хэлэхдээ Хэзээ үг хэлэх үү? Хэдэн үг хэлэх үү? Хэрхэн үгээ хэлэх үү? Гэсэн гурван “Хэ” гийн зарчимыг мөрд. Үүний тулд Яг одоо хэлэх цаг нь мөн үү? Ямар үг оновчтэй вэ? Яаж хэлбэл дээр вэ? Гэсэн гурван “Я” г өөрөөсөө сайн асуу. Үг чинь уурагдагдахгүй ам чинь хадуураад байвал амандаа идэх юм авч хийгээд амаа завгүй болго. Түр амас хийж жорлон ор. Эсвэл 100 хүртэл дотроо тоол. Хэрэгтэй үед нь жолоогоо татаж тоормосоо гишгэж сур. Яарч бүү үг хэл. Хүмүүс түрэгдэж л үг хэлэх нь их байдгаас үг хэлэх оройтно гэж бараг байдаггүй. Ам чихнээс цөөхөн байдаг юм. Хоёр дахин илүү сонсож, сонссоноосоо хоёр дахин бага ярьж бай гэж Бурханаас чамд нэг ам хоёр чих заяасан юм.
14. Хэзээ үг хэлэх вэ?
Хэзээ үг хэлэх вэ? Яг одоо хэлэх цаг нь мөн үү? Сэрүүлэгээ өдөр сарыг нь цаг минутыг нь эндүүрэлгүй тавьж бай. Аль нэгийг нь л андуурвал дахиад баадууг нь чангалах хэрэг гардаг шиг хэлэх үгээ таныг сонсож чадах тэр мөчид нь л хэлэх хэрэгтэй. Эс бөгөөс дахиад л хэлэх хэрэг гарна. Маргааш өглөө 7 цагт уулзах хүнийхээ хаалгыг өнөөдөр өглөө 7 цагт цохивол эзгүй хаалга мөргөнө. Таны хэлэх гэж буй үг тань агуу үг байсан ч, та хашгирч орилсон ч таны үгийг сонсох эзэн нэгэнт байхгүй. Сонсох сэхээ үгүй. Та цагаа олсонгүй. Сэрүүлэг дуугарах цагаа болтол дуугардаггүй шиг та ч бас зарим үед амандаа бүлх үмхэж сур. Үгүй бол таны үг хүчгүй болно. Тохиромжгүй хугацаанд 1000 үг хэлсэнээс эгзэг нь таарсан үед ганцхан үг хэлсэн нь илүү байж ч мэднэ. Заримдаа бид үг хэлэхдээ түрэгддэг бол заримдаа үг хэлэх тэр торгон агшинг алдчихдаг. Бүх зүйлд цаг хугацаа бий. Хэлэхээргүй үед нь хэлээ хазаж хэлэхээр үед нь анзаарагтай байж сур. Цагаа олж бай. Байгаа онож бай.
15. Хэдэн үг хэлвэл зөв бол
Миний хэлсэн үгийг тэр минь тоохгүй юм. Уг нь би сайн л үглэх юм гэж санаа зовон ярих хүмүүс олон байдаг. Нэг санаагаа нэг үгээ байнга үглээд нохой шиг хуцаад хөхөө шиг донгодоод байвал таны үг хэтэрдэг. Түүний чих дөжирдөг. Үг чинь үнэгүй болж ухааруулах гэсэн чинь залхайруулчихдаг. Үг чинь олдож өнөөх чинь холддог. Хүний алдааг хэлэх гээд өөрийнхөө үглээг хэлчихдэг. Олон үгнээс жинтэй цөөн үг нь орой руу нь орж ч магад. Зарим үед дуугай байх нь ч ухаарал өгдөг. Дутагдалыг дуугай байж өөгшүүл гэсэн санаа биш. Урьд нь хэлээд тоогоогүй үгийг дахин дахин хэлээд ухаарах болов уу даа гэсэн санаа. Өөр өөр үгийг цөөхөн хэлээд нэг үз. Дандаа л үглэж байдагсан яагаад дуугай болчихов гээд нэг анзаарч ч магад.
16. Хэрхэн шүүмжийн үгээ хэлэх вэ?
Үнэхээр л алдааг нь хэлэхээр шийдсэн бол өнөөх л үгээ урьдны л аргаараа дахин дахин үглээд байхаар үр дүнгүй байдаг. Хэлэх арга барилаа байнга өөрчилж бай. Аль цэгээс бай руугаа онилвол дээр үү? Хурд хүч нь хир байх уу? Салхины хурд хир байна. Зүг нь хаашаа байна гээд бүгдийг тооцоолж хэлэх аргаа өөрчилж бай. Захиа бичээд үз. Мессэж бичээд үз. Хүндэлдэг хүнээр нь хэлүүлээд нэг үз. Нэг хэсэг орхиод үз. Дэргэд нь чанга дуугаар Бурханаас гуйгаад нэг үз. Хэлэх аргаа байнга сольж бай. Өөрийнх нь талд ороод нэг үз. Өөрийг нь ойлгох гээд нэг үз. Хоргилдог зүйлээ авч өгөөд нэг үз. Хэлсэн үг тань мартагдахааргүй тийм аргыг хэрэглээд нэг үз. Санаанаас нь гарахааргүй, нүднээс нь салхааргүй, санаанд оромгүй тийм аргыг хэрэглэ. Байгаа онох нь чухал болохоос буудах нь чухал биш. Битгий байнд ч үгүй банзанд ч үгүй шүршээд бай.
17. Буруутан хаана байна.
Аягатай цайг анзааралгүй хөлөөрөө татаж асгасан нэгнийг “Сохор юм уу доодох дээдэхээ харж яваач” Хивс муухай болгочихлоо гэж загнадаг мөртлөө өөрөө харалгүй аягатай цайг хөлөөрөө татаад асгачихвал “Ямар тэнэг нь энд цайгаа тавьдаг байна аа” гэж орилно. Дандаа л бусдын буруу өөрийнх нь зөв байна. Хэн нэгнийг буруутгаж байж өөрийх нь зөв болдог учраас буруутанг заавал олж өөрийгөө аврах гэж оролдоно. Өрөөлийн бурууг ярихаар нүд нь гялалзаж чих нь дэлдийдэг байж өөрийх нь бурууг ярих гэхээр за за мэдэж байгаа гээд өөр зүйл ярьж булзайруулна. Тэрнээс л боллоо эс бөгөөс би чадах байсан юм гэж хийж чадаагүй зүйлээ бусад руу бухна. Үнэхээр миний буруу уучлаарай гээд хэлчих зориг байхгүй. Буруугаа хүлээж чаддаггүй. Өндөг шиг өөгүй мэт дүрд тоглодог хүмүүс байдаг. Та арай тэдний нэг биш биз?
18. Та арай ийм биш биз?
Хажууд байгаа хүмүүсээ гэртээ байхаар нь гадуур гараач гэрийн Буг боллоо гэнэ. Гадуур гарахаар нь хаагуур дэмий тэнээд байгаа юм гэрээ мартсан Гэсэр үү гэнэ. Ажил хийхгүй болохоор гэртээ ялхайж суулаа гэнэ. Ажил хийхээр онцгүй ажил байна гар гар гэнэ. Санаа тавиад байгаа юм шиг санааг нь зовоох гээд байгаа юм шиг. Ярихаар ангалзлаа гэнэ. Ярихгүй болохоор дүмбийлээ гэнэ. Инээвэл гавъяа байгуулсан биш юундаа малилзав гэнэ. Уурлавал аашны тулам гэнэ. Хийхгүй бол залхуу заваанаар нь дуудна. Хийхээр юу ч хийж чадахгүйгээр нь дуудна. Хийсэн зүйлийг заавал өөлнө. Заах гээд байгаа юм шиг залхаах гээд байгаа юм шиг. Ойр хавийнхаа хүмүүсийг зовоож таашаал авдаг. Таашаал юм уу гэхээр биш өөрийгөө тарчлаагаад байгаа ч юм шиг. Бусдыг зүгээр суулгадаггүй. Өөрийгөө дуугай байлгадаггүй. Та арай ийм биш биз?
19. Сайн ба муу хүн
Хэнийг яаж харахаас л бүх зүйл хамаарна. Бид анд найзынхаа алдааг олж харж чаддаггүй. Өст дайснийхаа оноог олж харж чаддаггүй. Сайн хүн гэж бодсон хүнийхээ хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн нь зөв байх ёстой. Тэр хүн тэгэх ёсгүй гээд дотроо бат бодчихдог болохоор магтаалын нүдээр л түүн рүү хардаг. Болж бүтэхгүй үйлдэлийг нь хүртэл өмгөөж хамгаалдаг. Муу гэж бодсон нэгнээ харин шүүлтийн нүдээр л харна. Болж бүтэж байгаа ажлыг нь хүртэл гоочлох гэж л оролдоно. Ямар хүн гэдгийг нь та урьднаас шийдчихсэн байдаг болохоор өөрийгөө жинхэнэ үнэнг дүгнэж цэгнэх боломжгүй болгочихдог. Хүндэлдэг хүн чинь таны алдааг хэлбэл нээрээ тийм шүү гэж хүлээж авдаг байж. Хорсдог нэгэн чинь яг адилхан таны алдааг хэлбэл би тийм биш өөрийгөө л хичээ гэж уурладаг. 100 хувь сайн хүн, 100 хувь муу хүн гэж үгүй. Та яаж харахаас л хамаарна. Муу гэж бодсон хүн чинь хэн нэгний хувьд маш сайн хүн. Сайн гэж бодсон хүн чинь өөр нэгний хувьд маш муу хүн байж ч болно. Хир халдаадгүй нэгэнийхээ муу чанарыг бүү өмөөр. Нүд хорсдог хүнийхээ сайн чанарыг нь олж харах гэж хичээ. Тэр ч бас ар гэр бүл, үр хүүхэд хэн нэгний аз жаргалын төлөө л зүтгэж яваа юм шүү.
20. Алдаж байж онодог
Бид ойр дотныхоо хүмүүсийг нэг ч алдаа гаргахгүй төгс төгөлдөр байлгахыг хүснэ. Тэднийг магтуулж шагнуулж болж л өгвөл дарга босс эсвэл алдар нэр хүндийн эзэн болоосой гэж мөрөөднө. Өөрийнхөө хяналтанд байнга байлгаж бүх зүйлсэд нь оролцож хянаж цагдана. Өөрөө хүүхэд байгаагүй юм шиг, өөрөө залуу байгаагүй юм шиг, өөрөө алдаж байгаагүй юм шиг алдаа эндэлийг нь буруутгаж өөгүй цэвэрхэн байлгахыг хүснэ. Эс бөгөөс уурлаж бухимдана. Энэ нь сайн сайхан яваасай амжилтанд хүрээсэй буруудчих вий гэсэн сайхан сэтгэл мөн ч хэт их цагдсанаар ямар ч саад бэрхшээлтэй тулж үзээгүй, асуудалыг давах чадваргүй, биеэ даах чадамж багатай, байнга таны шүхэр доор хорогдон явдаг эмзэг нэгэн болгочих вий дээ. Та мөнх биш шүү дээ нэг л өдөр түүнийг орхин одно. Тэр үед цаад хүн чинь өөрийгөө авч явах чадваргүй бол яах болж байна? Алдаанаас нь бүү ай. Бүү ад үз. Эс бөгөөс тэр алдаагаа таниас нуудаг болж та хоёрын хооронд зай үүснэ. Гол нь нэг алдаагаа давтаад байгаа эсэхийг нь л анзаар. Алдаж байж онодог юм. Нэг бүдэрсэн чулуундаа дахиж бүү бүдэр гэж л зөвлөж бай. Алдаа бол өөрийгөө таних хөгжин дэвших сайхан боломж юм шүү.
21. Өөрийгөө засч байж бусдад зөвлө.
Өөрийн дутагдалаа засч чаддаггүй хүн бусдын дутагдалыг засч чадахгүй. Өөрөө бахь байдаг хэвээрээ дутагдалтайгаа зууралдаад л байдаг байж бусдыг залхуу заваан юу ч хийж чаддаггүй бүтэлгүйгээр нь дуудах хэрэггүй. Өөрийнхөө нэг алдааг засчихаад бусдад нэг алдаагаа зас гэж хэлж бай. Өөрийнхөө ямар ч алдааг засаагүй байж бусдын бүх алдааг засах гэж оролдох чинь мунхаглал. Харин бусдын алдааг хараад өөрийнхөө алдааг таниж сурах нь ухаарал. Та алдаагаа засахад ийм хүнд байгаа юм чинь тэр хүнд ч гэсэн алдаагаа засах нь маш хүнд л байгаа. Үнэхээр дутагдалыг нь хэлмээр байгаа бол алдаагаар нь дарамтлах биш эелдэгээр зөвлөх хэрэгтэй. Та нэг чадвараараа түүнээс илүү байж болно. Өөр ямар нэг чадвараараа тэр таниас илүү байдаг. Энэ утгаараа та хоёр адилхан байж нэгийгээ дээрэлхэх хэрэггүй.
21. Бусдыг ойлго.
Бусдыг ойлгох гэж оролдож бай. Бид бусдыг ойлгох гэж оролдохын оронд өөрийгөө тулгах гэж л оролддог. Тэр намайг сонсох ёстой, минийх л зөв байх ёстой, би л ярих ёстой гэсэн юм шиг л бусдад дандаа зааварлана. Таны хувьд зөв гарц тэрний хувьд ч бас зөв байх албагүй. Яг адилхан нөхцөл байдалд өөр өөр шийдэл гаргах нь хүмүүст элбэг байдаг. Бид өөрийн чихэнд л нийцсэн хариуг тэрнээс сонсохыг хүсдэг мөртлөө бусдын чихийг хайрмаар үгнүүдийг тэрэнд хэлдэг. Өөрөө бусдыг ойлгохыг хүсдэггүй байж өөрийгөө л тэрэнд ойлгуулах гэж бүү мунгина. Та үзэл бодлоо хэт их түүнд тулгаад байгаа юм биш биз? Чи өөрөө бусдыг ойлгохыг хичээхгүй бол хэн ч чамайг ойлгохыг хүсэхгүй. Ямар ч нөхцөл байдал шалтгаан цаад хүнд чинь үүссэн байж болно. Тиймээс түүнийг ойлгох гээд нэг үз. Бид бусдыг ойлгохыг биш шүүмжлэхийг л урьтал болгодог. Чиний тайлбарыг ч сонсохгүй шууд л чам руу дайрч давшилаад байх чамд ямар хэцүү байдаг билээ дээ? Бусдийг ойлгохыг хичээх нь хамгийн сайн чанар юм шүү.
22.Таных үнэхээр зөв болов уу?
Таны зөв гэж бодож байгаа зүйл чинь буруу байх тохиолдол маш олон байдаг. Өдийг хүртэл зөв гэж итгэж дагаж мөрдөж байсан үзэл тань буруу байсан гэдэгт та итгэхийг ч хүсдэггүй. Итгэвээс өнгөрсөн бүх үйл хэрэг тань салхинд замхарчих гээд та хэн ч биш болчих гээд байдаг тул түүнийгээ ямар нэг байдлаар хамгаалж буруу биш зөвийн сэжүүр ч болтугай байсан гэж өөртөө итгүүлж өөрийгөө аварч тайвшруулахыг хичээдэг. Заримдаа буруу байж гэж мэдсэн ч буруугаараа дуусахыг хүсдэг. Яг л Хойд Солонгос шиг. Яагаад гэвэл нөгөө нэг бусдын өмнө итгэлтэй байдал ихэмсэг зан хичээл зүтгэлээ хаяад хэн ч биш болохоос ичдэг. Гаднаа дүр эсгэн дотроо шаналан явдаг. Миний буруу байжээ уучлаарай гэж хэлээд өөрчлөгдөх зориг ухаантануудад л байдаг. Зөв гэж бодсон буруу хамгийн аюултай байдаг тул өөрийн зөв гэж бодож байгаа зүйлээ дахин нэг тунгаан бусдын нүдээр нэг хараад үзэхэд илүүдэхгүй шүү.
SOURCE: unuudur.mn