Хүүхдээ “шинэ” аавтай нь хэрхэн дотносуулах вэ?

Монголд хүүхэдтэй гэр бүлийн салалт ихсэх тусам хүүхэдтэй хүмүүс гэрлэх нь нэмэгдэж байна. Хоёрдахь амьдралаа зохиож байгаа эмэгтэйчүүдэд хүүхдээ шинэ аавтай нь сайхан харилцаатай болгох нь тун бэрх хэргийн нэг байдаг. Иймд шууд гэртээ шинэ эр дагуулан ирж болохгүй. Эхлээд тэднийг таницуулж бие биенээ мэддэг болтол нь 2-3 сар дасгаж байгаад гэртээ авчирах хэрэгтэй.

Гэхдээ шинэ аав хүүхэд хоёр хэр зэрэг дотносох нь хүүхдийн нас сэтгэлзүйн онцлогоос ихээхэн шалтгаалдаг. Хэл амаа олоход хамгийн хэцүү нь 4-12 насныхан гэнэ. 2-4 насныхан шинэ аавтайгаа маш амархан найзалдаг бол бүхнийг ойлгож мэддэг болсон өсвөр насныхан ихээхэн ярвигтай зан байдал гаргадаг. Тэдний илэрхийлдэг гол санаа нь гэр бүлд нь шинэ эр ирсэнээр өөрийнх нь эрх ашиг хэрхэн хөндөгдөх эсвэл хязгаарлагдах уу гэдэгт ихэд эмзэглэдэг.

Иймд хүүхдээ шууд шинэ ааваа хүлээн ав гэж тулгаж хэрхэвч болохгүй. Шинэ аав ч гэсэн эхэндээ хүүхдийн найз нь ах нь болно гэсэн санаагаа эвтэйхэнээр ойлгуулах нь зөв гэнэ. Аав гэж дуудна хэмээн найдах хэрэггүй. Тэртэй тэргүй хэдий салсан ч гэсэн өөрийнх нь эцэг нь байгаа гэдгийг мартаж болохгүй. Гэр бүл судлаачид гурвантаа нөхөрт гарсан эмэгтэй тухай бүрд шинэ хүнийг аав гэж дууд хэмээн хүүхдүүддээ тулгаж байсан гашуун түүхийг сануулдаг.

Энэ нөхцөлд хүүхдүүдийн сэтгэлзүй ямар байсныг төсөөлөхөд ч бэрх гэнэ. Хүүхэд өөрөө хүссэн тохиолдолд л аав гэж дуудах боломж бас цаг хугацааг олгох хэрэгтэй. Ээжийн хувьд шинэ хүнийг хуучин аавтай нь харьцуулан магтах үйлдлийг ерөөсөө гаргаж болохгүй. Ингэснээрээ хүүхдийг шинэ нөхөртэйгөө улам л дайсагнуулна гэсэн үг юм.

Учир нь ээж нь хүүхдэдээ төрсөн эцгийг нь муу муухай мэтээр хүчээр тулгах ойлгуулах гэсэн маш бүдүүлэг бодлогогүй алдаа гаргадаг. Түүнээс гадна шинэ аав гэрт ирэнгүүтээ шууд гэрийн эзэн шиг загнаж болохгүй гэнэ. Түүний оронд хуучин нөхрийнх нь тогтоосон дүрэм журмыг дагаж түүнд нийцэн явах нь хамаагүй ухаалаг алхам болно. Шууд гэрт нь ирэнгүүтээ захирах тушаах гэдэг шинэ дүрэм журам гаргадаг хүнийг хүүхэд хэзээ ч хүлээн авахгүй.

NUUTS.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.