Амьдрал гэдэг далайд би ганц л сэлүүртэй сэлж байхад бас нэг бүсгүй ганц сэлүүрээр сэлж явахтай таарч хамтдаа нэгэн салан дээр гараад хоёр талаас нь зэрэг сэлүүрдээд явах нь хамтын амьдрал гэж би боддог. Гэр бүлийн хоёр хамтдаа сэтгэл нэгдэн, нэг санаа бодолтойгоор нэг зүйлд тэмүүлбэл хүрэх газартаа тэр дор нь хүрч болно.
Харин хэн нэг нь хэт хурдан эсвэл удаан байх нь барианд бус дороо эргэхээс илүү зүйлд хүргэж чадахгүй. Үүнийг бид гэр бүлийн зөрчил маргаан гэж ойлгож болно. Ямар ч асуудалгүй, байнга л аз жаргалтай байна гэдэг сайхан юм шиг боловч энэ нь нэг талаас бас хор хөнөөлтэй зүйл. Би гэр бүлд маань ямар ч асуудалгүй байгаасай, амьдрал дандаа тэгш байгаасай гэж хүсдэггүй. Харин асуудал бэрхшээл дор зөв зүйлийг харж, зөв ухаалга алхам хийхэд туслаач гэж залбирдаг, хүсдэг.
Магадггүй зарим үед гэр бүлийн болон хосуудын зөрчил маргаан нь сайн үр дүнд хүргэж болох тал бий. Нэг нэгнээ илүү их ойлгоход хүргэдэг. Мөн өөрийгөө эргэн нэг харж зөвөөр тодорхойлоход туслах сайн талтай. Гэхдээ байнгын асуудалтай байх юм бол энэ харин хүчирхийлэл болох аюултай. Би танд нэгэн түүх өгүүлье.
Хэдэн ахимаг настай хүүхнүүд хамтдаа цуглаад ярилцаж гэнэ. Гэр бүлийн амьдралын эргэн тойрны асуудлаа ил тод дэлгэн ярилцсаар ёстой нөгөө хална гэдэг болжээ. Харин нэг нь их л бардам би нөхөртэйгөө амьдарч эхэлсэн өдрөөс буюу бал сарын аялалд явж ирснээсээ хойш ерөөсөө нэг удаа ч хэрэлдэж үзээгүй гэж. Бүхэл бүтэн хорь гаран жил нэг удаа ч санал зөрж байсангүй, мөн хэрэлдэж ч байсангүй, хэлсэн болгонг нь хийдэг гэхэд бүгд л шуугилдаад гайхаж. Тэгтэл нэгэн тэгвэл чиний хүссэн болгонг тэр хийдэг үү? гэхэд нөгөө эмэгтэй уйлж эхэллээ. Аймшигтай үнэхээр аймшигтай, би нэг удаа ч ямар нэгэн зүйл хүсэж байгаагүй. Би маш их айдаг. Үгнээс нь болон санаанаас нь зөрөх л юм бол тэр намайг ална гэдгийг би баттай мэддэг. Учир нь бид хуримаа хийгээд бал сарын аялалаа морин унан аяласан. Тэгтэл манай нөхрийн морь булгихад тэр “нэг” гэж чанга хашхирахад морь зүгээр болж цааш явлаа. Удалгүй дахин нэг булгихад маш их уурлан “хоёр” гэж хашхирсан. Төд удалгүй морь дахин булгихад тэр “гурав” гэж хэлээд буугаа сугалан хөөрхий морийг буудсан. Би маш их айн яагаад гэхэд тэр над руу хараад нэрийг минь дуудаад “нэг” гэсэн өөрөөр хэлбэл би буудуулахад 2 л тоо дутуу болсонг ойлгоод тэрнээс хойш хэзээ “хоёр” “гурав” гэж хэлэх бол гэсэн айдастай болсон. Буудуулахгүйн тулд хэлснээр нь хүссэнээр нь амьдрах болсон гэж өгүүлж.
Дээр өгүүлсэн түүх бол хүчирхийлэлийн нэг хэлбэр. Яагаад би энэ түүхийг өгүүлэх болов гэвэл асуудалгүй гэр бүл гэж хаана ч байхгүй гэдгийг л хэлэх гэсэн юм. Эрүүл гэр бүл гэж ямар ч асуудалгүй байхыг хэлэх бус харин асуудлыг хамтдаа шийдэж, асуудлыг эрүүл харж биеэ биенээ хайрлаж бодол санааг нь сонсох үед л эрүүл гэр бүл болж чадна.