Сүүлчийн уулзалт

Бүсгүй дөчин минут хүлээсний эцэст үзмэн хүрэн хослолтой залуу ирж ширээнд нь суулаа.
– Би хоцорчихлоо. Хүлээлгэсэнд уучлаарай гэж тэрбээр хэлэв.
– Өө, зүгээр ээ. Би ч бас дөнгөж сая ирлээ. Цай уух гэж яараад, чамайг хүлээлгүй захиалга өгчихлөө. Би ч бас хоцорсон. Ирээд минут ч болоогүй байна хэмээн бүсгүй дуржигнуулав.
– За, яамай даа. Хөөе, хөөе. Тийм олон ёотон хийж яах нь вэ? Нэг л байхад хангалттай шүү дээ. Бас наад бялуугаа цааш нь ав. Би идэж чадахааргүй байна!
– Яасан? Юу болсон вэ?
– Миний бие базаахгүй байна аа.

– Одоо яана аа. Бие чинь муу байна уу? Ийм байж надтай уулзах гээд энд ирж л байдаг. Ингэх хэрэггүй байсан юм. Би ойлгох л байсан шүү дээ. Биеэ өвдөж байхад энэ хүртэл явж ирэх ямар хэцүү байсан бол оо!
– За, зүгээр дээ. Би энд ирээгүй, өөр газар байсан ч ийм л байх байсан шүү дээ. Хаана ч байсан ялгаагүй. Ёох, дотор гэж авах юм алга.
– Ямар аймаар юм бэ! Яагаад өвдчихөв дөө? Хүүе ээ, наадах чинь гадуур тархаад байгаа томуу биш байх л гэж найдъя.

– Томуу?! Тэрийг чинь тусчихсан бол дээр байх байлаа. Би хордлого авчихжээ. Бүр үхэх нь ээ. Одоо л архи уухаа больё. Миний хэдэн цагт орондоо орсныг мэдэж байна уу? Үүрийн 05:20-д шүү дээ. Өчигдөр орой — урьд шөнө ямар байсан гэж санана аа.
– Би чамайг ажил дээрээ хонуутаар ажиллана гэж бодсон. Энэ долоо хоногт чи шөнөөр сууж ажиллана гэсэн биз дээ?
– Харин тийм ээ. Гэхдээ шөнө сууж ажиллана гэж бодохоор л халшраад байсан юм аа. Би Мэйн зохиосон үдэшлэгт очсон. Хүүш ээ, чамайг таньдаг нэг хүн тэнд байна лээ.

– Нээрэн үү? Эрэгтэй юү, эмэгтэй юү?
– Эмэгтэй. Нэр нь Кэрол МкКал гэсэн байх аа. Чи урьд нь яагаад түүний тухай надад ярьж байгаагүй юм бэ? Түүнийг л ёстой согоо гэдэг байх даа. Тэр ямар царайлаг гээч!
– Тийм гэж үү? Инээдтэй юм аа. Хүмүүсийн тэгж ярихыг би хэзээ ч сонсоогүй. Харин тэр тэгж ихээр нүүрээ буддаггүйсэн бол аятайхан харагдах байсан гэлцэхийг л сонссон юм байна. Хэн нэгэн түүнийг хөөрхөн гэж бодож байсан талаар би огт дуулаагүй шүү.
– Яг үнэн. Хөөрхөн гэвэл тохирох юм байна. Тэр ямар гоё нүдтэй гэж санана!
– Тийм үү? Би нүдийг нь ёстой анзаарч байсангүй. Гэхдээ би түүнтэй уулзаагүй уджээ. Хүмүүс өөрчлөгдөх нь ч бий л дээ.

– Тэр чамтай нэг сургуульд сурдаг байсан гэсэн.
– Яахав, бид нэг сургуульд явдаг байсан л даа. Ээж маань намайг олон гудамж хөндлөн гарна гэхээс халширдаг байсан учраас гэрийн ойролцоох улсын сургуульд явуулдаг болсон юм. Гэхдээ МкКал надаас гурав, дөрвөн насаар эгч болохоор хэдэн жилийн өмнө төгссөн.
– Тэр бүсгүй тэднээс ч мөн гурав, дөрвөн насаар эгч юм байна лээ. Бүжиглэхийг ч тэр ёстой үзүүлж өгнө шүү дээ. Урьд шөнө би нэлээд согтчихсон байсан.

– Би ч бас өчигдөр орой бүжиглэсэн. Уолли Диллон намайг гадуур гаръя гээд шалаад байсан юм. Тэр үнэхээр гайхамшигтай бүжиглэнэ шүү. Ингэхэд, би хэдэн цагт харьсанаа ч мэдэхгүй байна. Яана аа, би ёстой муухай харагдаж байгаа биз?
– Чи зүгээр байна аа.
– Уолли нээрэн солиотой амьтан шүү. Тэр юу ярьдаг гэж санана! Яагаад ч юм, тэр намайг гоё нүдтэй гэж боддог гэнэ ээ. Тэгээд хаашаа харахаа мэдэхээ больтол миний нүдний тухай ярьж намайг ичээгээд. Тэнд байсан бүх хүн над руу хараад байх шиг санагдсан болохоор миний нүүр час улаан болчихсон. Гоё нүдтэй гэнэ шүү! Тэр ёстой солиотой байгаа биз?

– Юу нь солиотой байх вэ дээ. МкКалд кино найруулагчдаас янз бүрийн санал их ирдэг юм байна. Би түүнээс “Чи яагаад тэдний саналыг хүлээн авч кинонд тоглодоггүй юм бэ?” гэж асуухад тэрбээр ийм зүйлд дургүй гэсэн.
– Хоёр жилийн өмнө нуурын эрэг дээр би нэг хүнтэй танилцсан. Тэр найруулагч ч бил үү, юу ч билээ, киноны томчуудын л нэг байсан. Их нэр нөлөөтэй хүн! Намайг кинонд тоглооч гэж гуйгаад л. Би Гарбогийнх /Гарбо – 1930-аад онд нэрд гарсан швед гаралтай кино жүжигчин Грета гарбо/ шиг дүрд тоглох ёстой гэнэ л дээ. Түүний яриаг би зүгээр л инээгээд өнгөрүүлчихсэн. Бодоод үз дээ!

– МкКал тоо томшгүй олон хүсэлт авдаг гэнэ. “Үзээд алдах хэрэгтэй” гэж би түүнд зөвлөсөн. Өөрт нь тийм санал байнга ирдэг гэсэн.
– Тийм гэж үү? Өө, нээрэн, чамаас асуух нэг юм байна. Чи урьд шөнө над руу утасдсан уу?
– Би юү? Үгүй ээ, би танайх руу залгаагүй.
– Намайг эзгүй хойгуур нэг эрэгтэй хүн байнга утасдаад байсан гэж ээж хэлсэн. Би чамайг байж магадгүй гэж бодсон. Тэр хэн байж таарах вэ? Аан, хэн байсныг нь би мэдчих шиг боллоо. Тийм ээ, тэр хүн байж л дээ!
– Үгүй ээ, би чам руу залгаагүй. Урьд шөнө би утсаар ярихтай манатай байсан. Өнөө өглөө толгойгоо ч даахгүй боссон! Өглөө 10 цагийн үед Кэрол руу утасдахад тэр огтхон ч шартаагүй гэж байна билээ. Тэр бүсгүй архи сайн даадаг юм байна аа!

– Би согтуу хүүхэн харахаар л бие маань тавгүйрхээд явчихдаг. Хөгийн ч юм аа даа. Энэ нь миний багаас олсон хүмүүжилтэй холбоотой байх. Эрэгтэй хүн халамцуу байхад би тэгтлээ эвгүйцээд байдаггүй л дээ. Харин эмэгтэй хүн согтуу харагдвал надад үнэхээр таагүй санагддаг. Тийм зүйл миний ёс суртахуунд нийцэхгүй.
– Кэрол бол архийг даана аа! Уусныхаа маргааш тэр ерөөсөө шартахгүй. Айхтар хүүхэн шүү! Хөөе, чи юу хийгээд байна аа? Би дахиж цай уухгүй ээ, баярлалаа. Тийм цайсаг хүн биш шүү дээ, би. Иймэрхүү цайны газраас би бараг айх шиг болох юм. Тэр авгай нарыг хар л даа. Чи тэдэн шиг болж хөгшрөхөөс айхгүй байна уу?

– Мэдээж хэрэг, чи өөр газар хэнтэй ч юм бэ архи дарс ууж суухыг илүүд үзэж байгаа бол би яах ч билээ дээ. Тэгээд ч надтай хамт цайны газар орж, ярьж хөөрөхийг хүсдэг олон хүн байдаг юм шүү. Над руу байнга утасдаж, намайг цайны газар урьдаг хичнээн ч хүн байдаг юм бэ дээ, бүү мэд. Зөндөө л хүн байна!
– За, за. Би энд байгаа л биз дээ? Тайвшир.
– Би өдөржин тэдний нэрийг дурдсан ч чадна.
– За, за. Муухай аашлах хэрэг юу байна аа?
– Ингэхэд чиний юу хийх нь надад хамаагүй л дээ. Гэхдээ би чамайг өөрт чинь тохирохгүй хүмүүстэй цагаа үрж байгааг зүгээр харж чадахгүй. Тэгээд л тэр.

– Надад санаа зовох хэрэггүй. Би зүгээр ээ. Дуулав уу? Битгий санаа зов.
– Чамайг шөнөжин нойргүй хоноод, маргааш нь бие чинь дийлэхгүй, цаг хугацаагаа дэмий үрэхийг хармааргүй байгаа болоод л би ингэж байна. Ишш, чиний бие сайнгүй байгааг бүр мартчихаж. Бие чинь базаахгүй байхад би их муухай аашилчихлаа. Ишш, чи минь. Одоо бие чинь яаж байна?
– Өө, би зүгээр ээ. Бие давгүй. Чи өөр юм захиалах уу? Тооцоогоо хийе дээ. Би зургаан цагаас өмнө утсаар ярих ёстой.
– Өө, тийм үү? Кэролтой ярих гэж үү?
– Тэр өдийд гэртээ байж магадгүй гэж өөрөө хэлсэн.

– Чи өнөө орой түүнтэй уулзах гэж байгаа юм уу?
– Уулзаж чадах эсэхээ намайг утасдахаар хэлнэ гэсэн. Түүнтэй уулзахаар цаг товлосон хүн олон байгаа л даа. Юу гэж?
– Аа, зүгээр л гайхаад асуусан юм. Өө, яана аа. Би яарахгүй бол горьгүй нь! Би Уоллитой оройн хоол идэх ёстой. Тэр галзуу амьтан аль хэдийнэ тэнд оччихсон намайг хүлээж байгаа байх. Өнөөдөр тэр над руу бараг зуун удаа утасдсан.
– Байзаарай, би тооцоогоо хийгээдхэе. Тэгээд чамайг автобусанд суулгаад өгье.
– Өө, санаа зоволтгүй. Энүүхэн буланд шүү дээ. За, би явлаа. Чи найзтайгаа эндээс утсаар ярьчих юм байгаа биз дээ?

– Нээрэн, санадаг санаа шүү. Харин чи үнэхээр ганцаараа явчихаж чадах уу?
– Өө, тэгэлгүй яахав гэж хэлээд бүсгүй цүнх, бээлийгээ түргэхэн хамж аваад суудлаасаа ховхров.
Бүсгүйг хажууд нь ирж зогсох үед залуу сандлаасаа дөнгөж өндийлөө.
– Би чамтай дахиад хэзээ уулзах вэ? гэж бүсгүй асуув.
– Чам руу утасдана аа. Би ойрд ажил ихтэй байгаа шүү дээ. Яахаа чамд хэлнэ ээ. За, утсаар яримз.
– Үнэнийг хэлэхэд, би ойрд хүмүүстэй их уулзаж байгаа л даа. Хэзээ цаг зав гарахыг мэдэхгүй, хэцүү юм аа. Гэхдээ чи утас цохиорой, за юу?
– За, тэгнэ ээ. Биеэ бодоорой.

– Чи ч бас биеэ бодоорой. Бие чинь гайгүй болно гэж найдъя.
– Өө, би зүгээр ээ. Одоо буцаад хэвэндээ орж байна.
– Нээрэн үү? Биеэ ямар байгааг надад хэлээрэй, мэдэв үү? За, баяртай. Өнөө орой цагийг сайхан өнгөрүүлээрэй!
– Баярлалаа. Чамайг ч бас цагаа сайхан өнгөрөөнө гэж найдъя.
– Өө, тэгнэ, тэгнэ. Лавтайяа. За, би явлаа! Хүүе, мартах шахлаа! Цайгаар дайлсанд маш их баярлалаа. Сайхан байсан шүү.

– Юунд албархана вэ? Бид найзууд биз дээ?
– Нээрэн, сайхан байсан шүү. За, утас цохихоо битгий мартаарай. Ойлгоо биз? За, баяртай.
– Баяртай гэж залуу бувтнав.
Бүсгүй цэнхэр будагтай ширээнүүдийн хоорондуур орон явж одлоо.

Дороти Паркер
Zaluu.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.