Гэр бүл, хамтын амьдрал түвшин амгалан байна гэдэг нэг насны аз жаргал. Тиймдээ ч буянтай хүнд бурхан сайн хань заяадаг гэдэг биз. Гэр бүл салалт газар авсаар байгаа. Үүний цаад далд шалтгааныг мөнгө, секс хэмээн тодорхойлох нь олонтаа ч харилцаа гэдэг чухал зүйл байдгийг мартаж болохгүй. Хоёр хүн бие биенээ дутуу ойлгосноос, үл хүндэтгэснээс цаашилбал сонголтоо гоомой хийснээс гэр бүлийн зөрчил үүсч, эцэстээ энэ нь салах шалтгаан болох нь элбэг. Тиймээс юуны өмнө гэр бүлийн харилцааны асуудал дээр юу юунаас илүү анхаардаг бол амьдрал амттай жаргалтай зүйл. Ингээд та бүхэндээ төгс сайн хосууд байхын тулд баримталж явах хамгийн гол, үндсэн зарчмуудыг толилуулж байна.
Өөртөө дуртай бай
Өөртөө таалагддаггүй, өөртөө дургүй бол өрөөл бусад нь яаж чамд дуртай байх билээ. Хичнээн их ажилтай байсан ч өөртөө ганц цагийг зориулж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарал тавьдаг бол та өөрийгөө хайрладаг, өөртөө таалагддаг хүн гэсэн үг. Өөрийгөө хайхардаггүй бол энэ байдлаа өнөөдөр, яг одоо таслан зогсоо. Учир нь энэ нь ирээдүйд бий болох сөрөг үр дагаварын таатай хөрс болж өгдөг. Гоё сайхан зүйлд ухаангүй дурладаг нь хүн төрөлхтний төрөлх араншингуудын нэг билээ.
Сонголтоо сайн хий
Хэдийгээр өөртөө таалагддаг, сайн мэддэг хүмүүсийнхээ дунд байгаа ч яаран сонголт хийх нь тийм ч сайн зүйл биш. Хүнтэй сууна гэдэг нэг талаар сайхан ч нөгөө талаар өөртөө ачаалал нэмж байгаа хэрэг. Тиймээс тэрхүү ачааг хэмжээнээс нь илүү хүнд жинтэй байлгахгүйн тулд сонголтоо зөв хийх нь хамгаас чухал. Хуримаа хийхээсээ өмнө хангалтгай урт хугацааг хамтдаа өнгөрүүлэхийг зөвлөе. Тав биш 50-н жил нэг дээвэр доор амьдрах хүнээ сонгож байгаа гэдгээ битгий мартаарай.
Бие биедээ цаг гарга
Цаг хугацаатай өрсөж амьдрах болсон өнөөгийн нийгэмд хосууд бие биедээ цаг гаргах гэдэг төвөгтэй асуудлуудын нэг болчихоод байгаа гэж болно. Гэвч аль болох 2 биедээ, гэр бүлдээ цаг гаргаж байх нь бат бэх гэр бүлийн сайн хөрс болж өгдөг. Бие биеэ анзаарч, хайхраагүй өнгөрөөсөн тэр цаг мөч бүрээр та хоёр бие биеэсээ холдож байдаг гэдгийг санахад илүүдэхгүй Биз ээ.
Мэдрэмжтэй бай
Яг л анх дурлаж, хайрлалцаж байсан үеийн мэдрэмжээрээ бай. Хайртдаа бэлэг, сюрприз барьж, болзоонд урьж, хааяадаа лааны гэрэлд оройн хоол идэх зэргээр амьдралаа үргэлж шинэлэг байлга. Хариуд нь та хоёр үүнээс ч илүү их зүйлийг амьдралаас авах болно.
Ярилц
Илэн далангүй ярилцах нь аливаа асуудал хуримтлагдаж проблем бий болохоос урьдчилан сэргийлдэг, нэгэнт үүссэн асуудлыг ухаалагаар шийдэх боломж олгодог чухал зүйл. Юу хүсэж байгаа, яамаар байгаагаа бие биедээ илэн далангүй хэлж бай. Их энгийн юм шиг атлаа ихэнх нь өөрийн мэдэлгүй амьдрал дээр энэ алдааг гаргачихсан байдаг.
Сонс
Хүнийг сонсож чадна гэдэг бол урлаг хэмээн нэгэн ухаантан хэлсэн байдаг. Хайртыгаа хааяа ч гэсэн сонсож дотоод сэтгэлийг нь чагнаж чаддаг бол харилцаанд нэг их асуудал үүсээд байхгүй. Итгэж бас үнэнч бай Маш чухал зүйл. Бүх зүйл харилцан итгэлцэл дээр, урт хугацааны нөхөрлөл үнэнч байдалд тогтож байдаг гэвэл та эсэргүүцэхгүй биз ээ. Түр зуурын шохоорхолд хөтлөгдөн нэг насны ханиа гомдоож, үл ялих зүйлээс болж хардаж сэрдэх нь гэр бүлийн амьдралд бага багаар сэв суулгаж байдаг.
Тусалж дэмж
Хамтын амьдрал гэдэг хамтын хөдөлмөр юм. Нэг нь ажиллаж, нөгөө нь хэвтээд байвал юуных нь хамтын амьдрал байх билээ. Хэрвээ та түүний төлөө сэтгэл, хүч гаргадаг бол тэр ч гэсэн танд мөн л тийм байдлаар хандах болно. Үргэлж бие биедээ бие болоод сэтгэлийн тус дэм өгч байх нь гэр бүлд дулаан, итгэлтэй харьцааг бий болгодог.
Уйдна гэдгээ хүлээн зөвшөөр
Уйдалт бол бүх амьд амьтанд байдаг байгалийн араншин. Тиймээс хэзээ нэгэн цагт бие биенээсээ уйдна гэдгээ мэдэж, сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Нөгөө сайхан тэмүүлэл, гоо үзэмж нэг л өдөр сонин зүйл байхаа болих нь зөвхөн танайд бус бүх гэр бүлд тохиолддог асуудал. Харин энэ үеийг хэрхэн даван туулахаа бод. Хэсэг хугацаанд тусдаа байж үз. Хааяа идэр залуу насаа дурсаж ярилц. Байдлыг арай өөр, эерэг өнцгөөс нь харах гээд үз.
Хувийн орон зайгаа хадгал
Хэдийгээр эхнэр, нөхөр болно гэдэг нэг л хүн болж байгаа гэсэн үг гэдэг боловч эр, эм хоёр бие биенээ а,б-гүй мэддэг болчихвол амьдрал сонирхолгүй болчихно гэдгийг бас анхаарч байх хэрэгтэй. Бид хоёр эхнэр нөхөр гээд хамаг байдгаа хамж шимж яриад, аав ээж, ах дүүгийнхээ долоон булчирхайг тоочоод байх хэрэггүй. Эхнэр нөхөр хүмүүст ч гэсэн ярих, ярихгүй юм гэж байдаг. Балансыг нь барьж, тааруулж байх хамгаас чухал. Сонирхолтой, учир битүүлэг зүйл үргэлж хүний сэтгэлийг татаж байдаг шүү дээ.
SOURCE: choibalsan.mn