Гэр бүлийн нандин харилцаагаа хадгалан авч үлдэх нь

Хайр, гэр бүл, аз жаргал гэдэг эдгээр үгс зөвхөн ГЭР БҮЛ -д агуулагддаг нь гайхалтай зүйл юм. Бүх хүн ямарваа нэг гэр бүлд өсөн хүмүүжиж, өөрсдөө мөн шинэ гэр бүлийг бий болгон амьдарч энэ хорвоог элээдэг жамтай. Гэр бүлийн амьдарлыг бий болгон, өрнүүлэн, үржүүлэн, хөгжүүлэн авч явах хугацаанд эр эм хоёрын хооронд олон бэрхшээлтэй асуудал тулгардагийн нэг нь эхнэр нөхрийн хэн нэг нь хоёрдагч хүнтэй болох, зарим тохиолдолд тэрхүү асуудал даамжиран гэр бүл салах, хүүхэд өнчрөх, хамтдаа амьдарлаа гэхэд хэрүүл маргаан, үл ойлголцол, цөхрөл гээд олон сөрөг үр дагаварыг бий болгодог байна.

Хэрвээ та эхнэр/нөхрөө хуураагүй, тийм бодол ч төрдөггүй үнэнч яваа бол:

Өөрийн энэхүү үзэл бодол, байр сууриндаа үнэнч явахыг хичээгээрэй. Эргэн тойрны чинь хүмүүсийн дунд хууралт, нууц амраг гэх мэт олон л зүйлүүд яригдаж, сонсогдож, харагдаж, ажиглагдаж байгаа байх. Гэхдээ тэр танд огт хамаагүй. Та өөрийн амьдралын эзэн, та гэр бүлийн харилцаандаа сэтгэл хангалуун байгаа, хангалуун бус хэдий ч цаашдаа хангалуун болгохын төлөө зүтгэж, санаачилж яваа. Нэгнээсээ үргэлж сайхан чанарыг нь харж, биширч, хүртэн, нээлттэй харилцаатай амьдрахад аяндаа алдаа дутагдал, сэтгэл гонсойлгосон асуудлууд түүнд дарагддаг жамтай.

Хэрвээ та эхнэр/нөхрөөсөө өөр хүнтэй дотно харилцаатай, тэр харилцаагаа таслахыг хүсэхгүй байгаа бол:

Мэдээж хэрэг олон олон шалтгаантай. Хэн нэгэндээ гомдсон, өсөрхсөн, эсвэл зүгээр л жаахан уйдаж өөр харилцааг хүссэн, сэтгэл татагдсан, зуршил болсон гээд шалтгаан, шалтаг тоймгүй байж болно. Таны ханилсан хань хамт амьдрахад үхмээр, хүн тэсэхийн аргагүй, аймшигтай, солиотой, та түүндээ, тэр таньд хэзээ ч хайртай байгаагүй, хүнээс гаж л биш бол таны хувьд хамгийн эхний сонголт тань гэр бүл чинь гэдгийг хэзээд бүү март, үүнд мэдээж хүүхдийн асуудал хамгийн их байр суурийг эзэлнэ. Эрчүүд ихэнхдээ хайр, секс хоёрыг ялгавартайгаар хүлээн авдаг бол эмэгтэйчүүд хайр, сексийг хамтад нь ойлгох гээд байдаг. Хэн хэнтэй хэрхэн холбогдож явах нь хувь хүний асуудал хэдий ч аливаа зүйлд хэм хэмжээ гэж байдаг бөгөөд тэрхүү хэм хэмжээний тэнцвэрт байдал алдагдаад ирэхээр асуудлууд ар араасаа гарч ирдгийг бодож эргэцүүлэх хэрэгтэй. Одоо та аль цэгт хүрчихсэн явж байна?. Та анх аль цэгт хүрээд болино гэж бодсон талаараа эргэн нэг сана. Эхнэртээ/нөхөртөө баригдалгүй ахуй, амьдралаа болгоод өөрийгөө мөн зугаацуулж чадаж байна гэж зарим нэг нь хэлэх байх л даа. Гэхдээ та бол тэр хүн биш, тэр хүн бол та биш. Хүссэнээ амталсан, авсан бол одоо бодит байдлаа нэг хар. Хүн өөртэйгээ бусдыг ихэнхдээ харьцуулдаг шүү дээ. Одоо таны амьдарлын дүр хэн бэ? Хүн сонголтондоо хэзээч харамсаж болохгүй, шийдвэр таны гарт байгаа учир харамсахгүй сонголтыг л хийх нь чухал.

Хэрвээ та эхнэр/нөхрөөсөө өөр хүнтэй дотно харилцаатай, тэр харилцаагаа таслахыг хүсээд чадахгүй байгаа бол:

Иймэрхүү асуудлыг түрүүчийн нийтлэл дээр нэлээдгүй хүмүүс хөндсөн байсан. Хүн чадахгүй нь ээ гэж бодох бүрт тиймээ чадахгүй нь гэсэн бодол нь үргэлж баталгааждаг. Түүнээс авдаг мэдрэмж, таашаал, жаргалыг эхнэр/нөхрөөсөө яагаад авч болохгүй гэж. Эхнэр/нөхрийн хувьд сексийн асуудал хамгийн нээлттэй байх ёстой сэдэв юм. Гэхдээ энэ нь мэдээж урьдийн сексийн амьдарлын түүхийг оролцуулахгүйгээр шүү дээ. Та өөрийнхөө эхнэр/нөхөртөө хайртай гэдгээ мэднэ, одоо ч мэдэж байгаа. Энэ чинь хангалттай шүү дээ. Одоо ганц, сүүлийн удаа, нэг л амьдрана шүү дээ гэх зэргээр өөрийгөө сэдэлжүүлээд байвал энэ асуудал хэзээ ч дуусахгүй, магадгүй бүр дордож ч мэднэ. Бүтээсэн амьдралаа нураах шиг хялбар зүйл энэ дэлхий дээр хаа ч байхгүй. ХҮН ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ, ТААШААЛ, ХАЙРЫГ ГЭР БҮЛЭЭСЭЭ Л ОЛЖ АВАХЫГ НАСАН ТУРШДАА ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ БӨГӨӨД ҮҮНД СУРАЛЦАХ ЁСТОЙ. Тэгэхлээр таны амьдарлын гол цөм хаана байгааг та мэдэж байгаа шүү дээ.

Та өөрийн үзэл бодлоо бидэнтэй хуваалцана гэдэгт итгэлтэй байна.

Ц.Наранцацрал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.