Хүмүүс нас барахынхаа өмнө ЮУНД ХАМГИЙН ИХ ХАРАМСДАГ вэ?

Хөнгөвчлөх эмчилгээний асрагч Бронни эдгэх найдваргүй, эцсийн шатандаа орсон өвчтөнүүдийг асарч байхдаа ухаарч ойлгосон зүйлсээ энэхүү номд дурсан бичжээ. Түүний ажигласнаар эцсийн мөчид хүмүүс амьдралаа эргэн хараад дараах таван зүйлд хамгийн их харамсдаг гэнэ.

1. Бусдын санаанд нийцүүлж биш, өөрийнхөө хүссэнээр амьдрах минь яалаа

…Энэ амьдрал таных, өөр хэнийх ч биш. Аз жаргалгүй байгаагаа мэдсээр байж, амьдралаа өөрчлөхөөс хойш суувал хувь заяаны хосгүй үнэт бэлэг болсон цаг хугацааг дэмий гарздаж буй хэрэг. Ялихгүй шийдвэр, өчүүхэн алхам ч томоохон өөрчлөлтийг эхлүүлж болно. Амьдралаа гартаа авах эхний алхмаа зориглон хийгээрэй. Ингэхдээ заавал байшингаа томруулах мэтээр ахуйн томоохон өөрчлөлт хийх шаардлагагүй. Харин амьдралыг харах өнцгөө өөрчилж, хүслээ биелүүлбэл аз жаргалтай байна. Таны зөвшөөрөлгүйгээр хэн ч таны аз жаргалыг булааж чадахгүй, бас танд аз жаргал бэлэглэж чадахгүйг санаарай.

2. Юунд тэгтлээ их ажиллав даа

…Мэргэн ухаан, амьдралын туршлагаар баян Чарли энгийн даруу амьдралын сайхныг үргэлж ярьдаг сан. Амьдралын үнэ цэнэ гэдэг танд юу байгаадаа биш, та хэн бэ гэдэгт оршдог. Хүмүүс үүнийг ихэвчлэн хорвоогоос явах хоног нь тулаад, хөрөнгө хогшил тэдэнд огт хэрэггүй болсон үед ухаардаг байна. Амьдралын аян өндөрлөх үед хүн эд баялаг, нийгмийн үнэлэмж бол ердөө хоосон зэрэглээ байсныг ухаардаг.

Эцсийн мөчид хүнд хайртай дотны хүмүүстээ хэр их аз жаргал бэлэглэсэн, дуртай зүйлдээ хэр их цаг зарцуулсан нь л чухал байдаг. Харамсал тээсээр хорвоог орхиж буй хүмүүс үр хойчоо өөрийнх нь алдааг бүү давтаасай гэж хүсдэг. Би олон хүний амьсгал хураахыг харсан. Тэдний хэн нь ч үхэхдээ ийм тийм эд баялагтай байсан болоосой гэж харамсаагүй юм шүү. Бүх л хүн амьдралаа хэрхэн өнгөрүүлсэн, юу хийсэн, сайн сайхан зүйл юу үлдээснээ эргэцүүлсээр нөгөө ертөнцөд одсон.

3. Сэтгэлээ зориглон нээхгүй яав даа

…Сэтгэлээ дэлгэж, өөрийгөө илэрхийлж сураагүй хүн олон байдаг. Нөгөө ертөнц рүү явах цаг нь дөхсөн олон хүн Жозеф шиг энэ байдалдаа бухимдан харууссаныг дурсах хэрэгтэй. Жозеф гэрийнхэндээ өөрийгөө ойлгуулахыг хүссэн ч, энэ тал дээр ямар ч туршлагагүй тул эвээ олохгүй байсаар хорвоог орхисон. Амьдралынхаа туршид гэр бүлийнхэндээ өөрийгөө таниулж чадаагүйдээ тэр маш их шаналсан даа. Миний үйлчлүүлэгчид дунд сэтгэлээ нээлгүй, гомдол шаналлаа дотроо тээж явсаар өвдсөн хүмүүс ч байсан.

Аливааг сурахад дадлага чухал нөлөөтэй. Та зориглон өөрийгөө бага багаар нээж эхэлбэл яваандаа ам нээхэд амархан болно. Сүүлдээ бүр амтшаад, урамшаад ирдэг. Мэдээж бусад хүн таны үгийг яаж хүлээж авахыг та тохируулж, удирдаж чадахгүй. Анхандаа хүмүүс таны илэн далангүй ярианд цочирдох л байх. Тэгсэн ч эцсийн дүндээ нээлттэй байдал аливаа харилцааг эрүүл болгож, шинэ түвшинд гаргадаг жамтай. Эсвэл тухайн харилцаа эрүүл бус байсан бол нээлттэй байдлыг тэсч чадалгүй нуран унах болно. Аль нь ч байсан танд хэрэгтэй.

4. Найзуудтайгаа холбоотой байх минь яалаа

…Элизабет олон жил архинд донтсоны эцэст үхлийн ирмэгт ирээд найз нөхдийнхөө ууч сэтгэлийн ачаар амар амгаланг олж чадсан. Эцсийн дүндээ амьдралд сайхан харилцаа, хайр хамгаас чухал юм. Харамсалтай нь зарим үйлчлүүлэгч минь хичнээн хүсээд ч найз нараа олж холбогдож чадалгүй өнгөрсөн. Тиймээс анхнаасаа найзуудаасаа холбоо тасрахгүй байхыг хичээ. Маргааш биднийг юу хүлээж байгааг, найз нөхөд чинь танд хэдийд хэрэг болохыг хэн ч тааж мэдэхгүй тул тэдэнтэйгээ үргэлж холбоотой бай.

5. Аз жаргалтай байхыг өөртөө зөвшөөрдөг байж дээ

…Аз жаргалд хүрэх нэг түлхүүр нь үр дүнгээс гадна үйл явцад сэтгэл хангалуун байх явдал юм. Кейт ажлын үр дүнд хамаг анхаарлаа тавиад одоо цагт амьдрахын баяр жаргалыг мэдрээгүйдээ харамссан. Хэзээ нэгэн цагт бүх зүйл тэгшрэхээр аз жаргал ирнэ гэж хүмүүс боддог. Гэтэл харин ч эсрэгээрээ хүн өөрөө жаргалтай байвал бүх зүйл эвээ олдог ажээ.

Үргэлжийн жаргалтай байх боломжгүй мэт санагдаж болох ч, үүний төлөө хичээж амьдрах нь зөв юм. Гуниг зовлонтой үед ч сэтгэл баясгах ямар нэг зүйл бидний эргэн тойронд заавал байдгийг хүлээн зөвшөөрөх нь үүнд хүрэх нэг алхам. Оюун санаагаа захирч сураагүй хүн элдэв дээдийн зүйл бодож, өөртөө зовлон уддаг. Харин оюун бодлоо зөв удирдаж, ашиглаж сурсан хүн жаргалтай сайхан амьдралыг цогцлоодог учиртай. Хорвоод зовж үзээгүй хүн нэг ч үгүй. Хүн бүрийн амьдралд сэтгэлээр унаж, гутрах ямар нэг шалтаг шалтгаан байгаа. Тэглээ гээд амьдрал хэнд ч ямар ч өргүй юм. Хүн өөрөө л аз жаргалаа бүтээж, сайхан амьдрах учиртай.

/“Үхлийн ирмэг дэх таван харамсал” номын хэсгээс/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.