Эрчүүдийн нас ахих тусам бэлгийн даавар буурдагтай холбоотойгоор цэвэршилт эхэлдэг. Энэ дааврын тусламжтайгаар эрэгтэй хүн бүдүүн хоолойтой, бадриун, хүч чадалтай байхын зэрэгцээ насанд хүрсэн хүний бэлгийн хэвийн үйл ажиллагааг зохицуулагддаг. Нэг үгээр хэлбэл бэлгийн дааврын ялгаруулалт багассанаар цэвэршилт эхэлдэг байна.
Биеийн ерөнхий байдал суларч, даралт ихсэж, зүрх судасны системийн өвчлөл нэмэгдэх, цус харвалт, зүрхний шигдээс болох эрсдэл ихсэх, таргалах зэрэг өөрчлөлт биед гардаг. Эрэгтэй хүний бэлгийн хэвийн үйл ажиллaагаанд өөрчлөлт орсноор сэтгэл санаа ч хямардаг.
Хэзээ эхэлж, хэр удаан үргэлжилдэг вэ?
Анагаах ухааны судалгаа, ажиглалтаар эрчүүдийн цэвэршилт 50-60 насанд эхэлдэг. Сүүлийн үед цэвэршилтийн нас харьцангуй залуужих болжээ. Нийгмийн байдал, цаг агаар, хоол ундны чанар, амьдралын хэмнэл өөрчлөгдөж байгаа нь эрт цэвэршихэд нөлөөлж байгаа аж. Цэвэршилтийн үргэлжлэх хугацаа тухайн хүний эрүүл мэнддээ хэр анхаардгаас хамааран янз бүр байдаг. Зарим хүнд 3-5 жилд явагдаад дуусдаг бол заримд нь түүнээс ч олон жил үргэлжлэх нь бий. Хугацаанаасаа эрт эхэлж, удаан үргэлжлэх нь сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулдаг.
Цэвэршилт эхэлж байгааг мэдэж болох уу?
Биеийн байдал суларч, оюуны чадвар доройтох, нойр хөнгөрөх, бэлгийн үйл ажиллагаа хямрах, ууц нуруугаар хөших зэрэг шинжүүд нийтлэг илэрдэг. Гэхдээ ийм шинж тэмдэг нь ажлын ачаалал, стресс, ядаргаа зэргээс шалтгаалаад түр зуур илэрч болно. Харин урт хугацаанд үргэлжилбэл эрэгтэйчүүдийн эмчид хандаж, эмчийн хяналтанд орох хэрэгтэй. Мэдээж байгалийн жам ёсоор цэвэршилт эхэлж байгаа бол санаа зовох шаардлагагүй. Харин энэ шинжүүд харьцангуй эрт эхэлбэл андрологийн эмчид яаралтай хандаарай.
Яагаад эрт цэвэршдэг вэ?
Цэвэршилт эрт эхлэхэд хүргэдэг хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн нийтлэг нь түрүү булчирхайн үрэвсэл болон дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой юм. Цэвэршилт эрт эхэлж буйгийн дохио нь шөнө олон шээх, бэлгийн дур хүсэл буурах, ядрах, зүрх өвдөх, тамирдах, нүүр ам бадайрах зэрэг болно.
Эрт цэвэршихээс сэргийлж болно
Цэвэршилт эхлэх насыг хойшлуулахын тулд архи тамхинаас хол байх, хоолны дэглэм баримтлах, өөрийгөө залуу эрч, хүчтэй байлгаж баяр баясгалантай амьдрах, спортоор хичээллэх, агаар салхинд гарч байх хэрэгтэй. Ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг эрчүүд өөртөө илүү анхаарал тавих хэрэгтэй.
1 Comment
Tiin erchuud ch bas tsewershine shd