Кино үзээд уйлдаг эрчүүд бий. Үерхэл, хайр дурлал нь бүтэлгүйтэхэд түүнийг хүндээр хүлээн авч цөхөрдөг эрчүүд ч бий. Эмэгтэйчүүдийг бодвол эрчүүд өөрсдийн сэтгэлзүйн дотоод ертөнцтэй тэр бүр танил биш байдаг нь амьдралын хямрал, уналт дунд түргэн хүнд байдлаасаа гарч шилжилтэд удаан байдаг нь үүнийг гэрчлэх биз ээ.
Эр эм гэлтгүй бүгд л уйлдаг, санаа алддаг, гутардаг, баярладаг. Гол ялгаа нь сэтгэл хөдлөлөө өөр өөр байдлаар илэрхийлдэгт л байгаа юм. Эрчүүд сэтгэл хөдлөлөө далд байлгадаг бол эмэгтэйчүүд ил байлгадаг. Эрчүүд өөрсдийгөө илэрхийлэхдээ нилээн уддаг бол эмэгтэйчүүдийн хувьд энэ нь төвөггүй асуудал байдаг байх жишээтэй.
Үүнд хэд хэдэн зүйл байдгийг эрдэмтэд олж тогтоожээ.
Уураг тархины холбоос эрчүүдийн эмоцид нөлөөлдөг аж. Хүний уураг тархи гэдэг гайхамшигтай ертөнц билээ. Хүний зүүн тархи логик ухааны гол төв байхад, харин баруун тархи хүний эмоц, сэтгэл хөдлөлийн төв байх жишээтэй. Эмэгтэй хүн уураг тархиныхаа баруун зүүн талд хоёуланд нь түвэггүй нэвтэрч, хурдан холбогдож чаддаг байхад эрчүүд тийм биш гэнэ. Үүнийг жишвэл, эмэгтэйчүүдийн хувьд хоёр тархины хооронд нь хурдны зам байдаг бол эрчүүдийн хувьд хөдөөгийн шороон зам байдагтай зүйрлэж болохуйц гэжээ.
Янз бүрийн улс орон, соёл иргэншлийн, эрэгтэйчүүдээс авсан 125 судалгаанаас харахад, эрчүүд хүмүүсийн нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн зэргийг хараад хүний эмоцыг таахдаа ихээхэн сул байсан байна. Харин эмэгтэйчүүд эрчүүдээс хавьгүй хурдан хүний нүүрний хувирал, хоолойн өнгөөр эмоцыг таньдаг гэнэ. Тэр ч бүү хэл, янз бүрийн эмоц бүхий зураг эмэгтэй, эрэгтэй хүмүүст зэрэг үзүүлээд хэдэн өдрийн дараа асуухад эрэгтэйчүүд нь бараг мартчихсан, харин эмэгтэйчүүд тэднийг ширхэг деталь бүрээр нь хэлж байжээ. Тийм ч учраас эмэгтэйчүүд аливаа үйл явдлын деталь бүрийг эмоцтойгоор хадгалдаг бол эрчүүд гол санааг нь тогтоогоод нарийн жижиг хэсгүүдийг амархан мартаж байх жишээтэй.
Уйлахгүй байх асуудал бас эрчүүдийн эмоцид нэг дасгал болдог байна. Хөвгүүд охидыг бодвол нилээн эрт нулимсаа харуулахгүй байхыг сурдаг гэнэ. Ихэнх тохиолдолд 1 настайгаа эхэлж хөвгүүдийн нүд хөдөлгөөнт байнд анхаардаг байна. Тухайлбал машин, тоглоом гэх мэт. Энэ нь хөвгүүдийн хувьд хүний нүүрний хувирал, эмоцтой бага холбогдох улмаар энэ нь харилцаа эмоцын хөгжилд нь нөлөөлдөг байна. Эцэг эхчүүд ихэнх тохиолдолд хөвгүүдээсээ илүү охидуудтайгаа ярилцдаг гэжээ. Ямар нэг юм болвол охидууд нулимсаа нуудаггүй бол харин хөвгүүд аль болох уйлахгүй байхыг хичээх жишээтэй.
Энэ утгаараа охидууд өөрсдийгөө илүү их нээлттэй байлгахад, харин хөвгүүдийн хувьд өөрийгөө нууцлаг байлгахад суралцдаг байна. Тэр ч бүү хэл нийгмийн тогтолцоо, эрчүүдийн хүрээлэн байгаа орчин энэ байдлыг нь улам хөгжүүлдэг байна. Эрчүүдийн хувьд эмоцоо харуулах, нулимсаа үзүүлэх нь нэр төрийн хэрэг тул аль болох үзүүлэхгүй байхыг хичээдэг. Хэрэв үзүүлвэл бусдадаа гадуурхагдах, дээрэлхүүлэх байдалд хүрдэг тул хөвгүүд аль болох “эр хүн” гэдгээ харуулахын тулд эмоцын энэ мэт дасгалуудыг өөрийн мэдэлгүй хар багаасаа хийж сурдаг байна. Энэ нь ч мөн тэдэнд аюулгүй орчныг бий болгодог нь бас үүнд нөлөөлдөг байх.
Ихэнх эрчүүд аливаад дуугүй байдаг нь гүдэсхэндээ бус “буруу зүйл яриад дооглуулчих вий” гэсэн айдсаас үүдэлтэй гэж сэтгэлзүйчид үзэж байна. Эрчүүдийн дотор нууцлаг айдас байдаг ба үнэхээрийн аюулгүй орчинд орохоос нааш түүнийгээ ил гаргадаггүй ажээ. Эрчүүд бүхнийг цээжээрээ хамгаалж, ажлын бохирыг, ачааны хүндийг үүрэх ёстойн хувьд зарим тохиолдолд өөрийн хүчин мөхөстөх тохиолдолд дуугаа хурааж өөрийгөө холдуулах байдлаар айдсаа далдалдаг байна. Энэ нь заримдаа эрчүүдийг шоолох, гутаах, тэднийг өөлөх байдалд хүргэдэг ба энэ нь тэдэнд дэмжлэг гэхээсээ илүү харин ч улам далд эмоц руу хөтөлдөг гэжээ. Учир нь ихэнх эрчүүдийн хувьд эмоцын энэ мэт дайралтад хэрхэн хандахаа мэддэггүй ба эмоцоо хэрхэн илэрхийлэхэд суралцаагүй байдагтай нь энэ бүхэн холбоотой гэнэ.
Тиймээс гэнэтийн эмоцын дэлбэрэлт болдог байна. Тэд хэрэлдэхэд үгийн сан нь дутуу, эмоцоо илэрхийлэхэд хөгжөөгүй тул чаддагаараа хүчээ гаргаж, орилдог байна. Зарим нь архи ууж, элдвийн асуудлаар стресээ тайлах гэж оролддог нь эцэстээ ямар нэг донтолт, эрүүл бус амьдралын хэв загвар луу түлхдэг гэжээ. Тийм байдалд орсон эрчүүд эмоцоо хэрхэн захирах, эрүүл саруулаар хэрхэн бодох гээд хоёр тархиа зэрэг ажиллуулах хүндхэн үүрэг ноогддог тул нэг тархинаас нөгөө тархи руугаа орох гэсээр байтал заримдаа нилээн уддаг тал бас байдаг байна.
Эрчүүд, өөрийгөө хэрхэн илэрхийлж сурах вэ?
Нулимс, айдасгүйгээр эрчүүд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломжтой.
Эмэгтэйчүүд эрчүүдэд хэрхэн тусалж болох вэ?