Хүн болгон ѳѳр ѳѳрийн гэсэн зовлонтой. Зовлон хэмээгч нь хүмүүсийг сайн муу, сайхан муухай, баян ядуу гэж огтоос ялгадаггүй. Зарим хүмүүсийн зовлон гэж бодож буй үйл нь хэн нэгэнд жаргал мэт санагдах, хэн нэгний жаргал гэж бодож буй үйл нь бусдад зовлон мэт мэдрэгдэх тохиол буй.
Ядуу зутруу амьдарч байгаа нэгнийг “зовж байна даа” гэж ѳрѳвдѳн харах атал тэр хүний дотоод сэтгэлийн амар амгаланг үл мэдрэх. Учиргүй баян нэгнийг “жаргаж байна даа” хэмээн битүүхэн атаархаж харах атал түүний дотоод сэтгэлийн айдас түгшүүрийг бид үл мэдрэх. Ингээд харах ахул бид алив зүйлийг хэрхэн үнэлж, хэрхэн ойлгож байгаагаас шалтгаалж зовлон хэмээгч оршиж буй мэт. Бүх л зүйл юмс хоёр талтай байдаг лугаа, бидний амьдралд жаргал зовлон ээлжлэн оршиж байдаг аж. Нѳгѳѳ талаас нь бодох ахул хүний дотоод сэтгэл дэх зовлон нь жаргалаа тодотгож, жаргал нь бас зовлонгоо оршоож явах аж.
Хүмүүс ѳѳрийн зовлонгоо дотно хүндээ л учирлаж, сэтгэлээ хуваалцдаг. Ингэж ярьснаараа сэтгэлийн доторхи буглаасаа гадагшлуулан тайвширдаг нэгэн байхад, сэтгэлийн гүн рүүгаа шингээж ѳѳрѳѳ ѳѳртэйгээ хүүрнэн аргадаж тайвширдаг нэгэн байна. Ѳѳрийн зовлонгоо хэнд ч хамаагүй зарлаж, бусдад түгээж явдаг хүмүүс байдаг. Бусдын зовлонгийн тухай огт эргэцүүлэхгүйгээр зѳвхѳн ѳѳрийн зовлонгоо л тоочиж, бусдаар ѳрѳвдүүлэх гэж боддогийнх байх л даа. Цахим орон зай хѳгжсѳн ѳнѳѳ цагт ѳѳрийн зовлон гэж бодсон бүхнээ олон нийтэд дэлгэн, бусдад түгээж хуваалцахыг хүсэгчид олширч байна даа. Заримдаа энэ нь цахим орон зайн хэрүүлийн шалтгаан болох нь бий. “Чи наад асуудлаа ѳѳрѳѳ шийд л дээ” хэмээн уцаарласан нэгнийг “бусдын зовлонг ойлгодоггүй, хүн чанаргүй” хэмээн ѳмнѳѳс нь харааж зүхэгсэд гарч ирнэ. Хийх ажилгүй, их л завтай хүмүүс мэт. Ийм байдал хэт даамжраад ирэхээрээ л бусдад зовлон болон хувирна, халдварт ѳвчин мэт.
Уг нь байна шүү дээ, чиний тоочиж буй зовлон хүн бүрт л байгаа. Хүн хүнд оногдсон үйл болохоор ѳѳрѳѳ л эдлэх учиртай. Бас ѳѳрийн зовлонгоо ѳѳрѳѳ л шийднэ, ѳмнѳѳс тань хэн ч шийдэхгүй. Энэ ертѳнцѳд эдгэшгүй ѳвчин, эргэж ирэхгүй үхэл хоёр л хамгийн хэцүү зовлон. Энэ үед хүмүүс бие биедээ чин сэтгэлээсээ тусалж дэмжин, сэтгэлийг нь түшдэг. Бусад нь тийм ч хэцүү биш ээ. Зовлон заримдаа хэн нэгнийг шалгах гэж ирдэг байж болох. Зовлон бас хэн нэгнийг хатуужуулах гэж ирдэг байж болох. Зовлон хааяадаа хэн нэгнийг зоригжуулах гэж ирдэг байж болох. Зовлонг ѳѳрийн боломжоо шавхан байж давж гарсан тохиол бүр нь чамайг ухааруулж, чамайг хүчирхэг болгодог. Тэгэхээр заавал бусдад түгээж, аврал эрэх хэрэггүй дээ. Тэр хэрээрээ чи бусдад болон ѳѳртѳѳ улам л арчаагүй байдлаар үнэлэгдэнэ. Хүн болгонд ѳѳрийн гэсэн зовлон байдгийг мартаж болохгүй, тэд чам шиг ил гаргаж зарлахгүй байгаа болохоос. Ирж буй шинэ он болгон хүн бүрт жаргал зовлон аль алийг нь авч ирдэг. Жаргалаа зовлон болгох, зовлонгоо жаргал болгох нь таны л ухаан юм шүү дээ. Бас таны сонголт. Амьдрал дэндүү сайхан шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
3 Comments
юм хэлэе бодсоно. Монте кристо 3 боть, сүүлийн хуудас, доороосоо 6-11 мөр. (2 дахь хэвлэлийн). Ужид зовлон гэдэгийн үзэж мэдээгүй хүн аз жаргалын амтыг хэзээ ч мэдрэхгүй. Хэмээн дуусдаг бөлгөө. язгууртан элит ойгүй баян гол дүрүүд бие сэтгэлийн зовлонгоо даалгүй амиа хорлоцгоодогыг мэдэх биз. Даанч үхдэлүүд амилан үлгэр жаргадаг
Хүнд өвчин эмгэгт баригдсан нэгнийг бие махбодийн зовлонтой, өмч хөрөнгө хулгай хийчихээд хэзээ баригдах бол гээд шөнө нь нойр нь хүрэхгүй байгаа хүнийг сэтгэл санааны зовлонтой хүн гэх болов уу. Жаргал, зовлон хоёр бол харьцангуй ойлголт гэж боддог. Гудамжны тэнэмэл архичид энгийн хүний нүдээр зовж зүдэрч байгаа мэт боловч архиа уугаад мансуурч явахдаа сэтгэл санааны хувьд жаргалтай л явж байгаа. Баян тансаг нэгэн ядуу хүний нүдэнд жаргаж цэнгэж байгаа мэт боловч үүнийгээ жаргаж байна гэж боддоггүй сэтгэл санаа нь тогтворгүй зарим нь амьдралаас уйдаж амиа хорлох тухай бодчихсон явна. Ядуу тарчиг амьдралтай ч сэтгэл санаа нь жаргалтай гэр бүлүүд зөндөө л байна.Амьдралаас илүү ихийг авах гэсэн хэт их шунал хүнийг сэтгэлийн зовлонд унагана. Өөрийг нь хэзээ ч тоохгүй хүнд дурлачихаад сэтгэл санааны зовлонд унаж амиа хорлох дээрээ тулна. Хүн ер нь байгаа байгаа зүйлдээ л сэтгэл хангалуун байхад аз жаргалтай гэж үзэх болов уу
Яг үнэн.