Ямар ч гэр бүл хичээл зүтгэл гаргахгүйгээр амар тайван, аз жаргалтай сайхан гэр бүл болчихдоггүй. Үүнд хүрэхэд чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Тиймээс сайхан гэр бүлийн мөрдөх 10 дүрмийг Гэр бүл судлаач доктор Т.Намжилын зөвлөснөөр онцлон хүргэж байна.
1. Гэр бүлийг юу ч орлохгүй гэдгийг байнга санаж яв
Гэр бүлийг юу ч орлохгүй. Энэ дүрмийг эрчүүд сайн ойлгох хэрэгтэй. Мэргэжил, албан тушаал, нийгмийн байр суурь нь гэр бүл, үр хүүхдийг орлоно гэж байхгүй. Яаж ч хэцүү байсан энэ хоёрыг хослуулан амьдарч сурах хэрэгтэй. Албан тушаал дэвшиж, нийгэмд өөрийн байр суурьтай байхын тулд таныг хайрладаг гэр бүл байх хэрэгтэй шүү дээ.
2. Бие биедээ хүлээцтэй ханд
Сайхан гэр бүл тэнгэрээс унаад ирдэггүй, бас зүгээр өөрөө бий болчихдоггүй гэдгийг эхнэр нөхрийн хэн хэн нь анхаарах хэрэгтэй. Энэ нь бүх уран бүтээлийн адил асар их хүч чадал, сэтгэл, хөдөлмөр, ур ухаан шаарддаг. Ялангуяа бүсгүй хүнээс бүр ч илүү шаарддаг.
3. Маргаан үүсвэл бүсгүй та эхлээд буулт хийгээд үзээрэй
Санал зөрөх, маргаан гарахад бурууг нь эхлээд өөрөөсөө эрж хайгаарай. Гэр бүлийн хоёр маргалдахад нэг нь буулт хийж сурах хэрэгтэй байдаг. Харин хосууд хэн нь ч буруутай болохыг хүсдэггүй тул өөрийн зөвийг нотлох гэж оролддог. Үүнд мөн л бүсгүй хүний ухаан илүү чухал. Нөхрийнхөө хийсэн ажил, хэлсэн үгэнд яаж ч уурлаж, гомдож байсан бухимдлаа бүгдийг гаргах гэсний хэрэггүй. Эхлээд тайвшрахыг оролдох нь чухал юм. Дараа нь зохих арга хэмжээ авч болно.
4. Ханийнхаа сайхан зан чанар, төрхийг олж харахыг хичээ
Ханийнхаа зан төрхөөс сайныг олж харахыг хичээ. Ямар ч хүн магтуулах дуртай. Нөхрийнхөө сайн талыг олж харж, бололцооны хэрээр ил гарган хэлж байх хэрэгтэй. Өөрийн сайн талыг сонсож, олж мэдсэн хүн түүнийгээ тордож сайжруулахыг хичээдэг. Түүнтэй хамт байхад ямар сайхан байдгийг бололцоо гарах үед хэлж байгаарай. Эр хүний танд хайртай сэтгэлийг магтсанаар өөртөө улам ойртуулах болно.
5. Бүх зүйлд сэтгэл дундуур байдгаа боль
Бүх зүйлд битгий сэтгэл дундуур загнаж бай. Энэ нь эзэгтэй хүнд ихээхэн хамаатай. Бүх зүйлд сэтгэл дундуур, хямсгануур эмэгтэйд эрчүүд ихээхэн дургүй. Зарим эмэгтэй ихэмсэг загнах гээд ямар ч шалтгаангүй үед бүх зүйлд сэтгэл дундуур загнаж, үглэж дуулж байдаг. Энэ бол гэр бүлээ “сөнөөх” нэг шалтгаан юм шүү. Зөвхөн бүсгүйчүүдэд гэр орны болон бусад асуудал байдаггүй. Эрчүүдэд ч гэр бүл, ажил хэргийн түм буман асуудал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
6. Замын дундаас гарч ирсэн хүнээс гэр бүлээ хамгаал
Гэр бүл үймүүлэх хөндлөнгийн асуудлаас өөрийгөө хамгаал. Мэдээж та өөр хэн нэгэн хүнд таалагдаж болно. Гэхдээ бусадтай сээтэгнэж, гэр бүлээ үймүүлэх хэмжээнд хүргэж яагаад ч болохгүй. Шинэ хуучин түлхүүрийн тухай үлгэр байдаг даа. Замын дундаас гарч ирсэн хүн ханиас чинь илүү байна гэдэг юу л бол. Тиймээс харьцангуй бага цагийг хамт өнгөрөөдөг хүнээ эхнэр, нөхрөөсөө илүү сайн гэж бодохоо түр азнаарай. Хэрвээ та түүнтэй харьцангуй удаан хамт байвал эхнэр, нөхөрт чинь байдаг, танил болсон муу зуршлаас хавьгүй олон муу зүйл байхыг харж болох юм.
7. Хадмуудынхаа сайн талыг олж хар
Хүүхдүүдээ зөв сурга. Хүүхдүүдэд аав, ээжийгээ хүндэлж, хайрлахыг сурга. Хүүхдийнхээ хайрыг татахын тулд эхнэр, нөхөртэйгээ тэмцэж хэрэггүй. Хадмуудынхаа ч сайн муу талыг тэвчиж, хүндэлж, сайнаар хандаж сурахыг оролд.
8. Асуудлыг ганцаараа битгий шийд
Чухал асуудлыг ганцаараа битгий шийд. Гэр бүлтэй шууд холбоотой томоохон чухал асуудлыг ганцаараа толгой мэдэн шийдвэрлэх гэсний хэрэггүй. Ярилцаж, тохиролцох хэрэгтэй шүү дээ. Хэдийгээр эцэст нь таныхаар шийдсэн ч гэсэн эхнэр, нөхөр тань энэ асуудлыг хамтдаа хэлэлцэж, та түүний санал бодлыг хүндэтгэн үзэж байгааг ойлгох нь чухал юм. Өөрийгөө хүндэлдэг ямар ч нөхөр, эхнэр гэр бүлийн чухал асуудлыг өөрөөс нь хамааралгүйгээр шийдвэрлэхэд дургүй.
9. Харгүй эхнэр, нөхөр гэж байдаггүй. Гагцхүү хэтрүүлж болохгүй
Хандлагаа битгий хэтрүүл. Харгүй нөхөр, тэр тусмаа харгүй эхнэр гэж байдаггүй гэдэг. Хардсанаас болоод гэр бүлээ бутраахад хүрдэг тохиолдол цөөнгүй боловч бас хардаггүй хүн болох гээд огт хамаагүй мэт загнах нь ижил үр дагавар авчирна.
10. Бүх зүйл хэмжээтэй гэдгийг сана
Ямар ч зүйлд хязгаар гэж байдаг. Та өөрөө анхаар, бас эхнэр, нөхрөөсөө үүнийг ижилхэн хүс. Эцсийн эцэст таны хийж байгаа зүйл ханиа, гэр бүлээ гэсэн хайранд үндэслэсэн байх ёстой.
SOURCE: itoim.mn