Гэр бүлд дотно харилцаа байхаа больсон үед
Гэр бүлд гарч буй асуудлыг шийдэхгүй удаснаар байнга маргалдаж муудалцах нь нэг нэгнээ гомдоох, доош нь хийх, буруутгах, өө хайх, алдаа болгон дээр нь чичлэх зэрэг нь гэр бүлийн харилцаанд таагүй уур амьсгалыг авчирдаг. Улмаар хосууд бие биентэйгээ харилцахаас цааргалах ба залхах зэрэг нь харилцаа хөндийрч нэг нэгэндээ хайр сэтгэлгүй болсон мэт мэдрэмжийг төрүүлэх талтай байдаг. Асуудлыг харилцан бие биенээ ойлгож буулт хийх байдлаар шийдэхгүй удах нь дотно байдалд нөлөөлдөг.
Хосууд нэг нэгэндээ хайртай гэдгийг ямагт мэдүүлж, мэдрүүлэх нь чухал байдаг
Хосууд болзож байх үедээ бүхий л боломжийг ашиглан хайртайгаа мэдрүүлж байгаад гэр бүл болсны дараа энэ тал дээрээ хойрго хандах нь элбэг байдаг. Ханьдаа ямар ч нөхцөлд хайрлагдсан гэдгийг мэдрэх нь харилцааг дотно болгож байдаг бол харин эсрэгээр хайрлагдаагүй мэдрэмж нь энэхүү хайрыг гэр бүлээс гадуурх харилцаанаас эрэлхийлэх талтай болдог.
Эмэгтэйчүүдийн хувьд нөхрөөсөө байнга урмын үг сонсохыг хүсдэг. Жишээ нь: Миний хань үнэхээр сайхан эмэгтэй шүү, хөөрхөн харагдаж байна, сайхан хоол хийдэг шүү, сайн ээж шүү гэх мэт. Мөн санаа тавилтыг хүсч байдаг. Жишээ нь: миний хань ядарч байна уу? Хоолоо идсэн үү? Эрэгтэйчүүдийн хувьд тэднийг хүндлэх ба халамжлах үед хайрлагдсан мэдрэмж төрдөг. Миний хань ядрав уу? Хоол цайг нь бэлдэж өгөх, хэлсэн үгэнд нь хүндлэлтэй хандах гэх мэт. Түүнчлэн бэлгийн харилцаа нь тэдэнд хайрлагдсан гэсэн мэдрэмжийг төрүүлдэг.
Хүүхэд төрөөд бага байх үед
Хосууд хүүхэд төрөөгүй байх үед бүхий л анхаарал халамжаа бие биендээ тавьдаг байсан бол хүүхэд төрсний дараа анхаарлаа хүүхэддээ илүүтэй хандуулдаг. Мэдээжийн хэрэг энэ үеийг хосууд маань хамтдаа туулж гарах хэрэгтэй үе. Хүүхэддээ дийлэнх цагийг зарцуулаад бие биендээ цаг гаргахгүйгээс болоод харилцаа дотно байхаа больж эхэлдэг.
Эхнэр нөхөр хоёулаа энэ үед маш их ядарч уур бухимдал ихтэй болдог улмаар энэ нь харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Өөрт нь өөр хэн нэгэн илүү анхаарал халамж тавьж байгаа мэт сэтгэгдэл төрөх үед гэр бүлээс гадуур харилцаанд орох талтай байдаг.
Удаан хугацаанд хол байх үед
Гэр бүлийн хосууд амьдралаа дээшлүүлье эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар удаан хугацаагаар тустаа амьдрах нь харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Хэдийгээр утас юмуу интернетээр харилцаж байгаа ч нүүр нүүрээ харилцах харилцаа байхгүйгээс болоод харилцаа холдож эхэлдэг.
Эрэгтэй болон эмэгтэйчүүдэд хоёуланд нь үргэлжид хайрлагдсан гэдгээ мэдрэх сэтгэл зүйн хэрэгцээ байдаг бөгөөд удаан хугацаанд үүнийг мэдрэхгүйгээс болоод хайр нь хөрсөн мэт мэдрэмж төрүүлдэг. Улмаар өөр хэн нэгэн хүн энэхүү хэрэгцээг нь хангах үед хайртай болсон мэт мэдрэмж төрүүлэн буруу сонголт шийдвэр гаргадаг.
Сэтгэл судлаач Т. Хонгорзул