Салалт

Чи бид хоёрын салалтанд хэн буруутай вэ? Энэ асуултыг би өөрөөсөө, бас дотны минь хүмүүс надаас хэдэнтээ асуулаа. Гэхдээ тоймтой хариулт надад олдсонгүй. Эргэцүүлээд байвал хэн хэн минь буруутай бололтой. Магадгүй нэгнийхээ гаргасан алдааг уучилсан мэт уучлалгүй тунирхаж явсан нь өнөөдөр ингээд таван жилийнхээ ойн өдөр дурсамжиндаа дарагдан гав ганцаараа суухад хүргэсэн биз. Буруутай буруугүйн тухай асуултыг өнгөцхөн хариулаад бурууг дан ганц чамд тохоод өөрийгөө хохирогч гэж өөртөө эсвэл чамд, аль эсвэл бүр өрөөлд ойлгуулж болох байх. Хэсэг бусад хүмүүстэй хамт чиний үнэнч бусын тухай хундага дарс шимэн, нулимс унагах зуур шүүн хэлэлцэж ч болно. Тэгэж олон хүн сэтгэлээ тайтгаруулдаг юм гэнэ лээ…

Гэхдээ надад чамайг муу хэлэх хүсэл алга. Чи бидний хамтдаа өнгөрүүлсэн хугацаанд чи миний хайртай хүн төдийгүй хамгийн сайн найз, хамгийн үнэн шүүмжлэгч байсан. Чи намайг амьдрал үзээгүй гэнэн охин байхад хорвоогийн жаргал, зовлонг тунгаасан бүсгүй болгосон. Одоо эргээд санахад олон өнгөөр сүлэлдсэн бидний дурсамжууд нүдний өмнүүр жирэлзэн өнгөрч сэтгэлд минь гэрэл сүүдэр ээлжлүүлнэ. Би чамайг надаас хэзээ ч явахгүй мэт санаад чамд зориулж гоёхоо больж, харин чи намайг хаяахан гоёход минь анзаарч урам өгөхөө мартсан байсан бололтой. Тэгж явсаар нэг л өдөр чи бид хоёр амраг хосууд биш, харин хачин сайн найзууд аль эсвэл ах дүүс мэт болсон мэт. Өөр үгээр илэрхийлбэл, чи бид хоёр харилцааныхаа төлөө хичээхээ больсон байжээ.

Үүрдийнх мэт байсан бидний харилцаа одоо өнгөрсөн цагт үлдэж, өмнө минь чамгүйгээр туулах он жилүүд зурайна. Энэ замын хаа нэгтээ би дахин хайрыг олно, хамтдаа цаашаа төгсгөл нь үл үзэгдэх ирээдүй рүү алхана. Дан ганц би биш надаас өмнө, надтай зэрэгцээд энэ орчлонгийн өнцөг булан бүрт хүмүүс ийм л жамыг туулж байсан хийгээд байна, ирээдүйд ч бас олон хүн энэ „зовлонг“ эдэлнэ…

Тохуурхсан мэт илгээсэн ойн мэндийг чинь аваад гэгэлзэн суухдаа би чиний надаас илүү харан сониучирхсан бүсгүй сайн хүн байгаасай, чамайг тэр бүсгүйтэйгээ олон сайхан он жилүүдийг хамтдаа туулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Хорвоо хяслантай хэрнээ баялаг болохоор чи бид эргэн уулзах өдөр ирэхэд, чамайг аз жаргалтай харна гэж найдая. Сэтгэлийн минь өнгө бүүдгэр саарал, бодолд минь олон асуулт эргэлдэж нойрыг минь хугаслан байгаа ч үнэн зүрхнийхээ гүнээс чамдаа аз жаргалыг дахин дахин хүсье! Таван жилийн ойн баярын мэнд хүргье, хайрт минь.

Хүндэтгэсэн: Удвал

1 Comment

  1. lol says:

    haramsaad yahiim be, zugeer l taivan yavuul, er ni tegeed horon hel amaa tataj yavahgui bol huuhnuudees hamag yum boldog shuu, hunii ohin busgui uriig avch suuchaad gej ireed charlana, goyoloo gangallaa toosobgui gene, argadsangui gene, emegtei gedgee bidh hun gedgee turuulj sanaj bai, ug helee bodoj yarij bai, hyazgaariig buu dav, er hund ch gesen tevcheeriin hyazgaar bui, hundlel, itgel ugui bol yun hair mair, demii balai yum yarih.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.