Эрэгтэйчүүдийн “нандин шүтээн” нь түрүү булчирхай

Түрүү булчирхайн үрэвсэл буюу простатит нь эрэгтэйчүүдийн дунд хамгийн өргөн тархсан бөөр, шээсний замын өвчнүүдийн нэг юм.

Тэгвэл түрүү булчирхай яагаад чухал талаар Сонгдо эмнэлгийн бөөрний мэс засал, эрэгтэйчүүдийн эмч М.Мөнхжаргал хэлэхдээ,

-Түрүү булчирхай бол эрэгтэй хүнд байдаг гадаад шүүрлийн булчирхай. Энд түрүү булчирхайн шүүрэл хэмээх тусгай шүүрэл боловсрогдож, бэлгийн хавьтал, хурьцлын үед үрийн шингэнтэй хамт гадагшилдаг. Үүнийг түрүү булчирхай үйлдвэрлэж, боловсруулаад шахаж гаргах, шахуургын үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн гол үүрэг нь энэ.

Хоёр дахь үүрэг нь түрүү булчирхай өөрөө хамгаалах эрхтэн болдог. Нэг ёсондоо эрэгтэй хүний шээсний сүвэн дотор түрүү булчирхайн төгсгөл буюу эхэн хэсэг байрладаг. Гадна болон дотно хуниас гэж хоёр юм байдаг. Энэ хоёр хуниас байна гэдэг нь доороосоо ч дээрээсээ ч хоёр талдаа хоёр том хаалгатай байна гэсэн үг. Тэгэхээр давсагнаас доош халдвар орж ирэхгүй, гаднаасаа дээшээ шээдэг сүв рүүгээ халдвар оруулахгүй байх хамгаалалтын том үүрэг гүйцэтгэдэг.

Гуравдугаарт түрүү булчирхай өөрийн гаргаж буй шүүрлээрээ тодорхой хэмжээний хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Мөн шүүрэл биед боловсруулагдан гарч байгаагийнхаа хувьд эрэгтэйчүүдийн дур сонирхлыг төрүүлэх, өдөөх үүрэгтэй. Ингэснээр түрүү булчирхай хэвийн ажиллаж байгаа үед эрэгтэйчүүдийн хувьд хоёр төрлийн сэтгэл ханамжийн баталгаа гаргаж өгдөг. Нэгт нь ямар нэгэн зовиургүй шээх ажиллагаа явагдана, хоёрдугаарт бэлгийн дур хүсэл хэвийн бөгөөд бэлгийн харьцааны үед ямар нэг асуудалгүй дур тавих бололцоог олгож өгдөг. Тэгэхээр энэ булчирхай бол эрэгтэйчүүдийн хувьд чухал эрхтэнүүдийн нэг. Эмэгтэй хүний хувьд хайрын булчирхай нь бамбай булчирхай байдаг бол эрэгтэйчүүдийн хувьд гол нандин шүтээн нь түрүү булчирхай хэмээн тайлбарлаж байна.

Түрүү булчирхай яагаад үрэвсдэг вэ?

Янз бүрийн бактер, вирус, эсвэл мөөгөнцөрт өвчнөөс үүдэлтэй халдварын гаралтай түрүү булчирхайн үрэвслүүд байж болно.
Түрүү булчирхайн шүүрэл болон хураагуур судасны цусны эргэлт удааширснаас үүдсэн түрүү булчирхайн үрэвслүүд багтана. Тогтмол бус бэлгийн амьдралтай үед түрүү булчирхайн шүүрлийн эргэлт удааширдаг бол суугаа ажил хийх, бариу дотуур хувцас өмсөх, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх үед хураагуур судасны эргэлт удааширна.
Үүнээс гадна биеийн эсэргүүцэл сулрах, дааврын алдагдал, бүрэн эмчлэгдээгүй халдварын голомт зэрэг түрүү булчирхайн үрэвслийг үүсэх нөхцөлийг бүрдүүлэгч хүчин зүйл болдог.

Явц

Ихэнх тохиолдолд түрүү булчирхайн үрэвсэл нь онц таагүй мэдрэмж төрүүлэлгүйгээр олон жилийн туршид архаг хэлбэрээр өрнөдөг. Энэ үед заримдаа 37 хүртэл халуурах, үе үе хярзангийн орчим, эсвэл шээхэд өвдөх, таагүй мэдрэмж төрөх шинж тэмдэг илэрдэг. Шээх үед шээсний сүвнээс бага хэмжээний ялгадас гарах нь түрүү булчирхайн архаг үрэвслийн хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг юм.
Түрүү булчирхайн архаг үрэвсэл нь давсагны үрэвсэл, бөөрний үрэвсэл үүсгэх аюултай. Ингээд ч зогсохгүй түрүү булчирхайн үрэвсэл нь хүндэрч үрийн цулцангийн үрэвсэл, төмсөг болон түүнийг даавруудын үрэвсэлд хүргэн үргүйдлийг үүсгэх аюултай.
Түрүү булчирхайн үрэвсэл үүссэнээс хэсэг хугацааны дараа эрчүүд нь эрхтэний хөвчрөл алдагдах асуудалтай тулгардаг.

Оношилгоо

Дээр дурдагдсан шинж тэмдгүүдээс нэг нь л илэрвэл цаг алдалгүйгээр бөөр, шээсний замын эмч, эрэгтэйчүүдийн эмчид хандаж үзүүлэх шаардлагатай. Эмч үзлэг хийгээд БЗХӨ шинжилгээ, бага аарцгийн эрхтнүүд болон түрүү булчирхайн хэт авианы шинжилгээ, түрүү булчирхайн дотуур үзлэг хийнэ.

Түрүү булчирхайн дотуур үзлэгийг шулуун гэдсээр хийдэг. Эмч түрүү булчирхайг гараар тэмтэрч үзлэг хийх явцдаа өвчний явцыг тодорхойлоод зогсохгүй түрүү булчирхайн шүүрлээс дээж авдаг. Үүний дараа эмчилгээг эхлэхээс өмнө таны бичил орчин бактерийн эсрэг эм, бэлдмэлд хэр мэдрэмтгий байгааг тогтоох зорилгоор түрүү булчирхайн шүүрлээс бактерийн дээж авдаг. Ингэж тодорхойлолгүйгээр эмчилгээ хийвэл өвчнийг улам хүнд хэлбэрт оруулах эрсдэлтэй.

Эмчилгээ

Түрүү булчирхайд үрэвслийн эсрэг эмийн эмчилгээ хийхийн дээр цус хангамж, шүүрлийн эргэлтийг сайжруулахын тулд түрүү булчирхайн иллэг хийдэг.

Урьдчилан сэргийлэлт

Хэт бариу дотуур өмд өмсөхөөс зайлсхий. Чөлөөтэй хөвөн даавуун дотуур өмд нь эрүүл ахуйн олон ач холбогдолтойгоос гадна түрүү булчирхайн хэвийн цусан хангамжид саад болдоггүй.
Мөн доороосоо даарахгүй байж аль болох хөдөлгөөнтэй идэвхтэй байхаас гадна тогтмол бэлгийн харьцаанд байх боломжгүй бол гар хангалга хийх хэрэгтэй. Гар хангалга нь түрүү булчирхайг цэвэрлэн, иллэг хийж үрэвслээс сэргийлж өгдөг байна.

1 Comment

  1. иргэн says:

    саун массажид түрүү булчирхайн эмчилгээ хийдэг гэсэн. Зөв л юм бна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.