Энэ бэрхшээл чамайг доош татах гэж буй биш, давж гарах замыг ол гэж гарч ирсэн
Энэ бүх зүйл тохиолдчихлоо, би бол хамгийн азгүй амьтан гэж бодохоо одооноос боль. Энэ асуудал ямар нэг шалтгааны улмаас гарч ирсэн. Тийм учраас гарах гарц байх учиртай. Гарцгүй асуудал гэж хаана ч байдаггүй. Чи түүнийг багахан хичээл зүтгэл гаргаад хайж олох хэрэгтэй. Чи асуудлыг шийдэж эерэгээр давж гарах уу, эсвэл эндээ шаналаад үлдэж бүх зүйлийг сөрөгөөр харах уу гэдэг нь бүгд чиний сонголт. Сана : Сөрөг бодлыг зайлуулснаар эерэг бүх зүйл хүрээд ирнэ.
Хичээл зүтгэл хэзээ ч дэмий үрэгдэггүй
Үр дүн нь урам хугармаар байсан ч гэсэн хичээл зүтгэл хэзээ ч дэмий үрэгдэггүй. Харин ч эсрэгээрээ чамайг туршлагатай, мэдлэгтэй мөн хүчтэй болгодог. Хэрвээ хэцүү болоод ирвэл тэвчээртэй байж урагшил. Энэ нь чи алдаж байна гэсэн үг биш, чи хичээж байгаагын илрэл юм. Бүхий л гайхамшигт амжилтууд, түүнд хүрэхэд тодорхой хэмжээний хичээл зүтгэл шаарддаг гэдгийг битгий мартаарай. Юу ч болвол болог, зүгээр л оролдоод үз.
Дараагийн алхам гэдэг их ач холбогдолтой
Яг үнэндээ, юу болоод өнгөрсөн нь хамаагүй, чи очих газраасаа хэр хол байгаа нь хамаагүй, үүнийг хийж чадна гэсэн итгэлээ л битгий алд. Чиний хүсч тэмүүлж буй зүйлс чинь өнөөдөр бий болохгүй ч хэзээ нэгэн цагт болно гэсэн хүчтэй бодлыг битгий март. Тэвчээрийг дадал болго. Тэвчээр гэдэг нь хүлээхийн нэр биш зүтгэн ажиллаж өдөр бүр үргэлжлүүлж, энэ урт хэцүүхэн аялал төгсгөлдөө бүтнэ гэсэн эерэг бодлыг зөв хандлагатайгаар авч явахын нэр юм.
Өөрийн чинь урам зоригийг үгүй хийх гэж оролдох хүмүүстэй цагийг өнгөрөөх хэрэггүй
Чамайг үргэлж гоочилж өө эрж байдаг найз чамд байдаг уу? Үсний өнгөнөөс авхуулаад зан аашийг чинь хүртэл голж шүүмжилдэг найзтай бол одоохон холд. Миний хэлдэгчлэн чи өөрөөрөө байхдаа хамгийн үзэсгэлэнтэй, сэтгэл татам байдаг гэдгээ марталгүй тэдгээр хүмүүст чиний урам зоригийг үгүй хийх эрхийг битгий олго. Хэрвээ чи өөрийн хүссэн амжилтанд хүрмээр байгаа бол хүмүүсийн хэлснийг тоолгүй үргэлжлүүлэн урагш ахих хэрэгтэй.
Чи ганцаархнаа энэ бүхнийг мэдрээгүй гэдгийг сана
Мэднээ. Яг энэ үед чи л ганцхан зовж шаналж байгаа мэт санагддаг. Гэхдээ үгүй. Надад ч бас ингэж санагддаг байсан, гэхдээ нэг найз маань надад мөн ямар их ганцаардаж байгаагаа хэлж сул дорой харагдахаас айдаг учраас бусдад хэлдэггүй гэж хэлсэн. Тэр үеэс хойш надад арай дээр санагдах болсон. Би ганцаараа биш гэдгээ мэдэрч мөн найздаа ч туслах гэж оролдох болсон. Үүн шиг олон мянган хүн үүнийг туулж өнгөрсөн бас яг одоо ч мэдэрж байж болно. Хүсвэл чи бусадтай хуваалцаж тэднээс зөвлөгөө авч болно. Гэхдээ дотны найзтайгаа ярилцаарай.
Яг одоо байгаа өөртөө таларха
Өдийг хүртэл явж ирсэндээ, одоо энэ бүхнийг туулж гарч байгаадаа таларха. Чи өөрөөсөө өөр хэн нэгэн байсан ч, өөр хүн болмоор байгаа ч ямар ч байлаа гэсэн өөртөө талархаж өнөөдрөөс улам илүү их хичээнэ гэдгээ амла. Толинд хараад өөрийнхөө хамгийн дуртай зүйлийг магтаж урамшуулаарай. Чамайг дотроо магтаж урамшуулмаар санагддаг олон ч хүн байдаг шүү.
Энэ цаг хугацаа өнгөрнө гэдгийг сана
Өмнөх өнгөрсөн хугацаанд чи яг иймэрхүү мэдрэмжийг авч байсан ч эргээд харахад арай амархан бас тэр үед болсон зүйлс хурдхан мартагдчихаж байгаа биз? Яг үүн шиг, өнөөдөр болсон тэр үйл явдал тун удахгүй зүгээр л дурсамж болоод үлдчихнэ. Тийм учраас яг энэ хугацааг хатуужилтай, тэвчээртэй, ухаалгаар давж гараарай, эргэж хараад чи өөрөөрөө бахархах болно.
Сонголт үргэлж чиний гарт
Сөрөг байхыш сонгосноор чи хангалттай олон зогсоод буцах, бууж өгөх шалтгаануудыг олж харах болно. Эерэг байхыг сонгосноор мөн л чи инээмсэглэж урагш алхах дахиад олон шалтгаануудыг олж харах болно. Үнэнийг хэлэхэд эдгээр муу муухай бодлыг орхиж дахиад урам зоригтой болох хүч чамд бий. Чи алийг нь сонгох вэ?
Тусламж авна гэдэг ичгэвтэр зүйл биш
Энэ хорвоо дээр ямар олон хүн чиний мэдэрч буйг мэдэрч суугаа гээч? Хэрвээ чамд үнэхээр хэцүү яахаа мэдэхгүй байгаа бол хэн нэгэнтэй ярилцаж, тусламж авахаас хэзээ ч битгий ичээрэй. Би ийм үедээ ээжтэйгээ ярилцдаг. Ээж гэдэг үргэлж чиний талд зогсох, чамайг шаналах үед илүүтэй шаналдаг хүн болохоор бүх чадлаараа туслах болно. Эсвэл дотны найз гээд чамайг хайрладаг олон хүмүүс эргэн тойронд чинь байгаа гэдгийг битгий мартаарай.
Хүний амьдралд унах, бүтэлгүйтэх, урам зоригоо алдах олон зүйлс тохиолддог. Энэ үеийг давж гарах үедээ зоригтой, өөртөө итгэлтэй байвал чи илүү гэгээлэг зүйлсийг олж харах болно.