УМАЙД НУУГДСАН АЮУЛ

Бурхан эмэгтэй хүнийг тэсвэр хатуужилтай, ямар ч зовлон даахаар бүтээгээ юү гэлтэй. Жилдээ 12 удаа сарын тэмдэг “найз”-тайгаа нөхөрлөдөг ч залхах, түвэгшээх үе олон. Хүүхэд төрүүлнэ, тээнэ гэдэг бас л амаргүй даваа. Гэтэл зөвхөн эмэгтэйчүүдэд л тохиолддог өвчин гэж байдаг.

Ялангуяа сүүлийн жилүүдэд умайн хүзүүний үрэвсэлт өвчин, шархлаа, савны хортой, хоргүй хавдартай эмэгтэй олширч буй. Тэр дундаас умайн хүзүүний шархлаа (өмөн) буюу хорт хавдрын урьдал эмгэг эмэгтэйчүүдийн биед чимээгүй үржиж, үүрлэсээр, олон мянган хүнийг үхэл рүү дуудсаар байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс авсан статистикаас харахад 2015 онд умайн хүзүүний өмөн буюу хорт хавд рын урьдал эмгэгтэй 3631 эмэгтэй бүртгэгдсэний 2047 нь шинээр үүссэн тохиолдол байв. Харин 2016 онд шинээр 2463 хүн бүртгүүлсэн нь өмнөх оныхоос 400-гаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Гэвч олонх эмэгтэй өвчин нь хүндэрсэн, бие махбодид нь асуудал үүссэн тохиолдолд л эмнэлэгт ханддаг. Бүр умайн хүзүүний шархлаатай хэрнээ түүнийгээ мэдэхгүй, мэдсэн ч эмнэлэгт хандаж эмчлүүлэхгүй яваа хэчнээн хүн буйг таашгүй. Түүнчлэн энэ өвчний талаар тодорхой мэдлэггүй, хэрхэн эмчлүүлэх ёстойгоо ойлгодоггүй хүн ч олон. Тиймээс умайн хүзүүний шарх гэж юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой, яаж оношлох, эмчлэх талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУСЭЭС ШАРХЛАА ҮҮСДЭГ

Эмэгтэйчүүдийн биед чимээгүй үржиж, үхэл рүү сэмхэн дуудах умайн хүзүүний шарх буюу өмөн гэж ямар өвчин болохыг эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ц.Ариунтунгалаг “Умайн хүзүүний шархлаа гэдэг бол эсийн өөрчлөлт юм. Ингэж эс өөрчлөгдөх үндсэн шалтгаан нь хүний хөхөнцөр (папилома) вирусийн халдвар байдаг. Нэг үгээр хэлбэл бэлгийн замаар дамжих халдвар гэсэн үг.

Энэ вирус хүний биед үүссэнээр байх ёстой эсүүд устаж, ургах ёсгүй (бортгон) эс бий болдог. Гэтэл шархлааг эмчлүүлэхгүй удаан явснаар дээрх ургасан эсүүд томорч, хавдар үүсгэдэг. Ийм учраас умайн хүзүүний шархлааг хорт хавдрын урьдал өвчин гэж нэрлэдэг. Уг өвчнийг эсийн шинжилгээ (мазок)-гээр илрүүлдэг. Умайд толь тавьж, зориулалтын багажаар умайн хүзүүнээс арчдас авна. Энэ арга нь хорт хавдар бий, эсэхийг илрүүлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хүний биед сөрөг нөлөөгүй. Харамсалтай нь манай эмч нар мазокийн шинжилгээг буруу авдгаас шархтай эмэгтэйгээс хорт хавдрын эсийг илрүүлж чаддаггүй.

Тодруулбал, олонх эмч зөвхөн үтрээний ар хэсгээс арчдас авдаг. Уг нь толь тавьж, шинжилгээ хийж байгаа бол хоёр газраас арчдас авах нь зөв. Савны амсар, умайн хүзүүний сувгаас авах ёстой. Учир нь үтрээ, умайн хүзүүнээс авсан шинжилгээнүүд зөрүүтэй гардаг. Бүр цаашлаад шаардлагатай гэвэл шээсний сүвнээс ч эсийн шинжилгээ авахад гэмгүй. Дээрх аргуудыг ашиглан эсийн шинжилгээ хийснээр умайн хүзүүний үрэвсэлт өвчин байна уу, шарх мөн үү, хавдрын шинж тэмдэг илэрсэн үү, үгүй юү гэдгийг тогтоодог.

Шинжилгээгээр хавдрын эс байхгүй гэж тогтоогдсон бол шархыг нэн даруй эмчлэх шаардлагатай. Гэтэл зарим тохиолдолд хүмүүс “Хавдрын эс байхгүй юм чинь зүгээр байх” гэж ташаа боддог. Эмч нар ч гэсэн 30-аас дээш насны эмэгтэйчүүд гурван жилд нэг, шархтай бол жилд нэг удаа эсийн шинжилгээ өгөөд байхад хүндрэл үүсэхгүй гэж зөвлөдөг.

Гэвч миний хувьд эсрэгээрээ. Хавдрын эс илрээгүй ч умайн хүзүү шархтай үед олон давхраат хучуур эдэд үүссэн бортгон эсүүдийг устгах хэрэгтэй. Энэ нь умайн хүзүүг дахин өвчлүүлэхгүй байх, шинэ эд бий болоход ач тустайгаас гадна хавдар үүсэх магадлалыг багасгадаг” хэмээн тайлбарлав.

Түүнчлэн умайн хүзүүний шархлаа бэлгийн амьдралд хэт эрт орсноос, төрөлт, үр хөндөлт зэргээс үүдэн умайд гэмтэл үүссэнээс, удаан хугацаагаар дааврын эмчилгээ (жирэмснээс хамгаалах эм, аргууд) хийснээс, биеийн дархлаа суларснаас ч үүсэх боломжтой.

УМАЙ ДҮЛИЙ ЭРХТЭН УЧРААС ӨВДСӨН Ч ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГГҮЙ

Умай нь булчинлаг, олон хучуур эдээс тогтсон эрхтэн учраас дотроо хөндий байдаг. Энэ эрхтэн их бие, хүзүү гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Умайн хүзүү нь хөндийдөө нэг давхар хучуур эдээс бүтсэн байдаг бол гадна амсар нь олон эдээс тогтдог. Тиймээс бусад эрхтнээс хамгийн мэдрэмжгүй (дүлий) нь бөгөөд өвчилсөн үед ямар ч зовиур илрэхгүй байсаар, даамжирдаг байна.

Тэр тусмаа хавдрын урьдал өвчний үед болон шархтай болсон ч шинж тэмдэг мэдрэгдэхгүй. Шарх хүндэрч, хорт хавдар үүссэн анхны шинж тэмдэг цус алдах байдлаар илэрдэг. Харин бусад эрхтэндээ нөлөөлж эхлэхээр биед мэдрэгдэхүйц зовиур үүсдэг байна. Умайн хүзүүний шарх хөнгөн, дунд, хүнд хэлбэрээр илэрч болно.

Эсийн шинжилгээг тогтмол өгснөөр умайн хүзүүний хорт хавдраас хамгаалах боломжтой. Ийм шинжилгээнд сарын тэмдгийн яг дунд үед орох нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Харин цэвэршсэн эмэгтэй хэзээ ч орж болдог байна. Хэрэв сарын тэмдгийн бус үед цус алдах, бэлгийн харилцаанд ороход өвдөх, бор хүрэн өнгийн болон эмгэг ялгадас үтрээнээс гарах, хэвлийн доогуур базлах шинж тэмдэг илэрвэл сүүлийн шинжилгээний хариу эрүүл гарсныг үл харгалзан, эсийн шинжилгээнд орох хугацаагаа хүлээлгүй, эмчид яаралтай хандах шаардлагатай. Учир нь умайн хүзүүний шарх хүндэрсэн тохиолдолд энгийн үед ч цус алддаг аж.

ХҮНД, ХӨНГӨНӨӨСӨӨ ШАЛТГААЛЖ ЭМЧИЛГЭЭ НЬ ӨӨР

Эмэгтэй та “мэдрэмжгүй” эрхтэнээ өвчилснийг мэдсэн бол юуны түрүүнд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмч эхний ээлжинд үтрээнд толь тавьж үзлэг хийхдээ таны умайн хүзүү хэвийн, эсвэл улайсан байна уу, үрэвсэл болон эмгэг, ялгадас, цус, идээ гарч буй, эсэхийг харна. Харин шархтай байвал эсийн шинжилгээ авна. Энэ шинжилгээгээр хавдрын эс илрээгүй ч цаг алдалгүй эмчилгээ хийх ёстой. Эмчилгээ нь өвчний хүнд, хөнгөнөөс шалтгаалан өөр байна. Умайн хүзүүний шархлаа үүссэн бол ихэнхдээ химийн бодисоор шархыг түлэх арга ашигладаг.

Шархны талбай бага, гүн биш бол эмээр түлж болдог. Дараа нь эмийн буюу антибиотик эмчилгээг 7-14 хоног хийнэ. Хэрэв өгсөх замаар дээшилж, умай болон умайн гуурсан хоолойг үрэвсүүлж, сорви үүсгэн, үргүйдэлд хүргэсэн тохиолдолд мэс заслын эмчилгээ хийдэг байна. Умайн хүзүүний шархлаа хүнд, хөнгөн аль нь байсан ч эмчилгээ хийгээд бүрэн эдгэрэхгүй байхаас гадна дахих магадлалтай. Учир нь хүн төрөлхтөн вирусийг төгс эмчлэх арга одоогоор олоогүй байгаа билээ. Тиймээс хүний хөхөнцөр вирус нэгэнт илэрч, умайн хүзүүнд шархлаа үүссэн бол бэлгийн хавьтагчтайгаа вирусийн идэвхжил бууруулах эмчилгээ хийлгэн, дархлаагаа сайжруулах хэрэгтэй гэдгийг эмч нар зөвлөж байна.

Умайн хүзүүний шархлааг түлэх, хөлдөөх аргаар эмчлэх нь үр дүнтэй. Түлэх эмчилгээг ХСҮТ, ЭХЭМҮТ-д хамгийн сайн хийдэг. ЭХЭМҮТ-ийнхөн БНСУ-тай хамтран умайн хүзүүний өмөн (шархлаа)-г эрт илрүүлэх, эмчлэх арга ашиглаж эхлээд хоёр жил гаруй болж буй.

Энэ талаар тус эмнэлгийн Эмэгтэйчүүийн эмгэг судлалын тасгийн их эмч Д.Дондогдорж “Умайн хүзүүний шархлааг дурандаж, оношлох, эмчлэх аргыг манай эмнэлэг үр дүнтэй ашиглаж байна. Өөрөөр хэлбэл орчин үеийн дэвшилт технологиор умайн хүзүүнд өргөтгөсөн дурангийн үзлэг хийнэ гэсэн үг юм. Ингэснээр үүссэн өөрчлөлтийг компьютерын дэлгэцэн дээр харж, хүнд, хөнгөнийг нь тогтоодог. Түүнчлэн бусад эмнэлгүүдтэй холбогдон, умайн хүзүүний шархыг зайнаас оношилдог. Ийм аргыг мөн Дархан-Уул, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв (БОЭТ)-д ашиглаж байна. Цаашлаад Ховд аймгийн БОЭТ-тэй холбохоор төлөвлөсөн” гэж ярив.

Умайн хүзүүний шархлааг эмийн ургамлаар эмчилж болдгийг ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн хавдар судлаач, анагаах ухааны доктор, профессор М.Ариунболд зөвлөсөн байдаг. Түүний хэлснээр сарын тэмдгийн мөчлөг алдагдах, умайн хүзүүний шархлаа болоод эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний үед Алтан товч цэцгийг хэрэглэхэд үр дүнтэй аж. Энэ цэцэг нарийхан, голлосон үндэстэй, 50 см хүртэл өндөр, олон салаалсан иштэй, нийлмэл цэцэгтний овгийн нэг наст ургамал юм. Алтан товч маш өвөрмөц, анхилуун үнэртэй төдийгүй зургадугаар сараас цэцэглэж эхэлдэг байна.

Энэ үед нь гараар түүж, байшингийн дээвэр, хонгил зэрэг сэрүүн газарт байлгахаас гадна нэмэх 40 градуст хатааж, хоёр жил хадгалах боломжтой. Уг цэцгэнд эфирийн тос, флавнойдууд, никотин изовалерион, терпен, сексвитерпен, камедь, гликозидууд, уургийн бодис, салст гурван циклт спирт, холин, өөх тос, салицилын болон аскорбины хүчил, линолин зэрэг бодис агуулагддаг байна.

ВИРУСИЙГ “СЭРЭЭХГҮЙ” БАЙХ НЬ ЧУХАЛ

Вирусийн эсрэг дэлхий нийтээрээ тэмцээд ч нэмэргүй гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэвч тухайн вирусийг идэвхтэй болгохгүйн тулд урьдчилан сэргийлэх боломжтой. Ингэхдээ тохиолдлын бэлгийн харилцаанд бэлгэвчтэй орж хэвших шаардлагатай. Бэлгэвч зөвхөн жирэмслэлтээс хамгаалдаггүй. Түүнчлэн олон бэлгийн хавьтагчтай байхаас үргэлж зайлсхийх нь чухал. Мэдээж дааврын эм, бэлдмэл удаан хугацаагаар хэрэглэхгүй байж, үр хөндөлт хийлгэхээс татгалзах нь зүйтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.